| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 184/2024/10572/И |
| Дугаар | 210/МА2025/01338 |
| Огноо | 2025-08-15 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 210/МА2025/01338
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч *******т холбогдох
31,834,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1.******* нь 2024 оны 07 дугаар сараас цистерн чиргүүл худалдан авахаар чиргүүлүүд үзэж сонирхож байгаад, 96009890 дугаартай ******* гэх хүнтэй холбогдож чиргүүлийг нь үзсэн. Ингээд худалдагч талтай чиргүүлийн үнийг 30,000,000 төгрөгөөр тохирч, КМBCA18APNU001772 арлын дугаартай, ногоон алаг өнгийн, *******ГЧ улсын дугаартай цистернийг худалдан авсан. ******* нь 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр эцэг *******ы Хаан банкны ******* тоот данснаас чиргүүлийн урьдчилгаа 25,000,000 төгрөгийг шилжүүлж, Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт байсан чиргүүлийг авч явсан. Үлдэгдэл 5,000,000 төгрөгийг Хаан банкны ******* тоот өөрийн данснаас 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр шилжүүлсэн.
1.2.Тус чиргүүлээр тээвэр хийхийн тулд мэргэжлийн байгууллагаас галын аюулгүй байдлын дүгнэлт гаргуулах, мөн хянан баталгаа хийлгэх шаардлагатай байдаг учраас эдгээр мэргэжлийн байгууллагаас нийт 934,000 төгрөгийн үйлчилгээ авч холбогдох баримт бичгийг авсан. Мөн чиргүүлийн хэд хэдэн хэсэг газарт шаардлагатай гагнуурыг хийлгэсэн. Гагнуурын төлбөр 1,500,000 төгрөг болсон бөгөөд талууд 50, 50 хувиар хувааж төлөхөөр болж хариуцагч талаас 750,000 төгрөгийг шилжүүлсэн. ******* нь гагнуур хийсэн *******эд 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 450,000 төгрөг тус тус шилжүүлсэн. Дахиад гагнуур хийх шаардлагатай байсан учраас 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 150,000 төгрөг шилжүүлж нэмэлт ажилбар хийлгэсэн. Нийт гагнуурт 900,000 төгрөгийг зарцуулсан.
1.3.Тухайн үед чиргүүлийн бичиг баримтыг шилжүүлж өгөхийг шаардсан бөгөөд ******* нь компанийн нэр дээр бүртгэлтэй байгаа хэд хоногоос шилжүүлж өгье гэж хэлсэн. *******ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байсан ба чиргүүлийг авч явсан 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр тус компанийн захирлын хүү гэх үл таних залуу ирж манайх 7-14 хоногийн дараа шилжүүлж өгөх боломжтой, одоо наад машин чинь шүүх дээр асуудалтай байгаа тэрийг нь зохицуулаад өгнө гэхээс өөр тайлбарыг хэлээгүй. Хариуцагч талаас удаа дараа бичиг баримт шилжүүлж өгөхийг хүссэн боловч *******ХХК-ийн хүнтэй уулзуулж өгсөн, өөрөө учраа олж аваарай, ямар арчаагүй хүн бэ гэх мэтээр доромжилж харьцсан. Тухайн өдөр ирсэн *******ХХК-ийн хүнтэй холбогдоход шүүхийн асуудалтай байгаа, мөн төлбөр мөнгөний ч асуудалтай байгаа учир шилжүүлж өгөх боломжгүй гэсэн хариу хэлсэн.
Иймд тухайн чиргүүлийг *******т буцаан хүлээлгэн өгч, чиргүүлийн үнэд шилжүүлсэн 30,000,000 төгрөг, бусад зарцуулсан хохирол холбогдох байгууллагаас зөвшөөрөл авахад зарцуулсан 934,000 төгрөг, гагнуурын хөлс 900,000 төгрөг, нийт 31,834,000 төгрөгийг *******оос гаргуулах хүсэлттэй байна гэжээ.
2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1.Би цистерн буюу чиргүүлийг зарахаар зар тавьсан нь үнэн бөгөөд гол яриа тохиролцоо нь ******* болон нөхөр *******нарын хооронд болсон. Мөн 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн мөнгө нь миний болон нөхрийн дансанд ороогүй, *******гэдэг хүний данс руу шилжүүлсэн.
2.2.Чиргүүлийг худалдахаас өмнө нөхөр *******нь *******т "энэ чиргүүлийг худалдаж аваад ашиглаагүй байгаа учраас нүх сүв, доголдол байхыг үгүйсгэх арга байхгүй шүү, хуучин чиргүүл аваад будаж, янзлаад зарж байгаа шүү" гэдгийг хэлсэн. ******* нь чиргүүлд хэд хэдэн гагнуур хийлгэсэн талаар бидэнд хэлж байгаагүй, нэг удаа над руу холбогдоод гагнуур хийлгэх шаардлагатай боллоо, хоёулаа төлбөрөө хуваагаад төлье" гэхээр нь нөхөр түүн рүү 750,000 төгрөг шилжүүлсэн.
2.3.Дээрх чиргүүлийг нөхөр *******нь *******т худалдахаас өмнө *******ХХК-аас амаар тохиролцож худалдан авсан бөгөөд тухайн үед тус компанийн нэр дээр бүртгэлтэй, нэрээ шилжүүлээгүй байсан. Мөн тэрээр төлбөр мөнгийг шилжүүлэхээс өмнө тухайн чиргүүл нь "*******" ХХК-ийн нэр дээр байдаг талаар өөрөө мэдсэн бөгөөд энэ үед тээврийн хэрэгслийн гэрчилгээг түүнд эх хувиар нь үзүүлж өгсөн. *******т чиргүүлийг хүлээлгэн өгөх үед нөхөр *******болон түүний эгч *******, "*******" ХХК-ийн захирлын хүү гэх залуу байсан гэх бөгөөд тухайн залуу *******т "манай компани энэ чиргүүлийг *******д өмнө нь худалдсан, гэрчилгээний нэрийг нь шилжүүлж амжаагүй байгаа, манайх 7-14 хоногийн дараа таны нэр дээр шилжүүлж өгөх боломжтой" гэж хэлсэн талаар нөхөр надад хэлсэн. Тухайн үед нөхөр *******нь чиргүүлийн татвар, оношилгоо гэх мэт шаардлагатай төлбөрийг төлсөн ба ******* нь чиргүүлийг чирээд аваад явсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд "*******" ХХК-ийн тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч, хариуцагч нар ямар наймаа хийгээд, хоорондоо мөнгө төгрөг нь яасан гэдгийг би сайн мэдэхгүй. *******нь манай компанитай худалдах, худалдан авах гэрээ хийгээгүй. ******* дугаарын эзэмшигч *******гэх хүнтэй наймаа хийж, чиргүүлийг 8,000,000 төгрөгөөр зарсан бөгөөд төлбөр гэж 4,000,000 төгрөг орж ирсэн, үлдэгдэл 4,000,000 төгрөгийг төлөөгүй байгаа. Надаас өмнө нь 2 техник аваад 8,000,000 төгрөгийг өгөөд нөгөө машин дээрээ 4,000,000 төгрөгийг өгөөд явсан. Мөнгөө нэр шилжүүлэх болохоороо өгнө гээд чиргүүлээ тухайн үед аваад явсан. 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш үлдэгдэл мөнгөө нэхэж байгаа асуудал байгаа. Тухайн үед шилжилт хөдөлгөөн хязгаарлагдсан гэдгийг мэдээгүй байсан учраас нэр шилжүүлэх албан бичиг хийж өгсөн. 2024 оны 08 дугаар сард цаашаа хүнд зарсан гэж сонсогдсон.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь чиргүүлийн нэрийг шилжүүлэхээр Авто тээврийн үндэсний төвд очоод нэр шилжих боломжгүй гэдгийг бүгд мэдсэн. Тухайн үед би өөрөө завгүй байсан учир хүүгээ явуулахад, тээврийн хэрэгсэл хоригтой байгаа гэх тайлбарыг өгсөн байдаг. Бидний зүгээс 7-14 хоногийн дараа шилжүүлж өгнө гэж хоног хугацаа хэлээгүй. Төлбөрийн үлдэгдлээ төлөөд чиргүүлийн нэрээ шилжүүлчих юм бол бидний зүгээс ямар нэгэн асуудал гаргахгүй. Хамгийн сүүлд 2024 оны 08 дугаар сард шүүхийн шийдвэрээр шилжүүлж болохгүй гэдгийг мэдсэн гэжээ.
4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1, 254 дүгээр зүйлийн 254.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч *******оос 30,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,834,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 317,120 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос 307,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.
5.Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:
5.1.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ нотлож чадаагүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. Харин хариуцагчийн зүгээс татгалзлын үндэслэлээ нотлох зорилгоор нэхэмжлэгчээс нотлох баримт гаргуулах, *******ХХК-ийг гуравдагч этгээдээр, иргэн *******, ******* нарыг гэрчээр асуулган оролцуулахаас гадна дансны хуулга, бичгийн нотлох баримтуудыг гарган өгсөн. Нэхэмжлэгчээс анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ худалдан авсан маргаан бүхий *******ГЧ дугаартай цистерн буюу чиргүүлийг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авах үед "*******" ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байсан, тус компанийн захирлын хүүгийн хэлснээр тухайн чиргүүл нь шүүх дээр асуудалтай байгаа, тухайн үед нэр шилжих боломжгүй байсан буюу эрхийн зөрчилтэй байсан талаар өөрөө нэхэмжлэлдээ дурдаж, энэ талаар мэдсэнээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэтэл нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд тухайн чиргүүлийг хүлээн авах үед нэр шилжих боломжгүй байсан гэдгийг мэдээгүй, дараа нь олж мэдсэн /нэхэмжлэгч үүнийгээ нотлох ёстой, нотлох үүрэгтэй/ гэх тайлбарыг гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т "Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна" гэж заасантай нийцээгүйгээс гадна нь түүний энэхүү тайлбар нь гэрчүүдийн мэдүүлэг, гуравдагч этгээдийн тайлбараар үгүйсгэгддэг.
5.2.Хариуцагч шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа "...миний хувьд дээрх цистерн буюу чиргүүлийг зарахаар зар тавьсан нь үнэн бөгөөд гол яриа тохиролцоо нь *******, манай нөхөр *******нарын хооронд болсон..." талаар буюу хэргийн жинхэнэ хариуцагч нь биш гэж маргаж байхад шүүхээс *******, ******* нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, хэн аль нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан гэсэн нь үндэслэлгүй ба шүүх уг асуудалд нотлох баримтуудад тулгуурлан бодитой дүгнэлт хийгээгүй, шүүхийн шийдвэртээ тусгаагүй.
5.3.Мөн нэхэмжлэгч тус тээврийн хэрэгслийг ашиглан замын хөдөлгөөнд оролцож, ачаа тээвэр хийх боломжгүй болсон гэсэн нь хэргийн материалд авагдсан Нийслэлийн онцгой байдлын газрын 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн галын аюулгүй байдлын дүгнэлт, Стандарт, хэмжил зүйн газрын 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн баталгаажуулалтын гэрчилгээгээр үгүйсгэгдэх ба *******ГЧ улсын дугаартай чиргүүл буюу шатахуун тээвэрлэх автоцистернд газрын тосны бүтээгдэхүүн тээвэрлэх тээврийн хэрэгслийг ашиглах дүгнэлт олгогдсон нь тухайн чиргүүл доголдолгүй, зориулалтын дагуу ашиглах боломжтой байсан гэдэг нь нотлогддог. Хэрвээ тухайн чиргүүлийг зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсан тохиолдолд төрийн эрх бүхий холбогдох мэргэжлийн байгууллагаас дүгнэлт, гэрчилгээ олгогдохгүй байсан.
5.4.Түүнчлэн анхан шатны шүүхээс шийдвэртээ нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, эд хөрөнгийг буцаан өгч, өөрийн өгсөн мөнгөө эргүүлэн авч, гарсан зардлыг нэмж нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан ... нэхэмжлэгч нь худалдан авсан эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан гэрээг цуцлаж, учирсан хохирлоо шаардаж нэхэмжлэл гаргасан гэж хууль зүйн хувьд гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах гэсэн хоёр өөр ойлголтыг нэг ойлголт байдлаар тусгасан нь хууль ёсны байх шаардлагад нийцээгүй ба нэхэмжлэгчээс шүүхэд гэрээнээс татгалзах болон гэрээг цуцлах шаардлага гараагүй, нэхэмжлэгчээс өмнө нь хариуцагч талд эдгээр шаардлагын аль нэгийг гаргаагүй байдаг. Нэхэмжлэгчээс гэрээг цуцалсан гэж үзээд үр дагаврыг шаардаж байгаа, эсхүл гэрээг цуцлаж, түүний үр дагаврыг шийдвэрлүүлэх, мөн гэрээнээс татгалзаж байгаа аль шаардлагыг гаргасан эсэх нь ойлгомжгүй, шүүх нэхэмжлэгчээс уг нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй юм. Монгол Улсын Дээд шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 3 дугаар зөвлөмжид "Хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээг хууль буюу гэрээнд заасны дагуу гэрээний нэг талын хүсэл зоригоор буцаахыг гэрээнээс татгалзах гэнэ. Харин хууль буюу гэрээнд заасны дагуу нэг тал хүсэл зоригоо илэрхийлснээр хүчин төгөлдөр гэрээний хэрэгжсэн хэсэг хэвээр үлдээж, үүргийн харилцааг цаашид дуусгавар болгохыг гэрээг цуцлах гэнэ. Гэрээнээс татгалзах тохиолдолд талууд гэрээгээр өгсөн авснаа буцаадаг бол гэрээг цуцлахад цуцлах хүртэлх гэрээний харилцаа хэвээр үлдэж, цуцалснаас хойшхи үр дагаврыг талууд шийдвэрлэдэг ялгаа байдаг" талаар хууль хэрэглээний хувьд тайлбарласан байдаг.
5.5.Анхан шатны шүүхийн шийдвэрт ...нэхэмжлэгч эд хөрөнгийг 2024.08.30-ны өдөр хүлээн авч, үлдэгдэл төлбөр 5,000,000 төгрөгийг шилжүүлэн өгөх үед эрхийн зөрчилтэй, гуравдагч этгээдийн өмчлөлд бүртгэлтэй, улмаар өмчлөх эрхийг *******т шилжүүлэн өгч зохих байгууллагад бүртгүүлэн гэрчилгээг гарган өгөх боломжгүй болохыг эд хөрөнгийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаас хойш мэдсэн ... уг тээврийн хэрэгслийг зориулалтын дагуу ашиглах боломжтой, биет байдлын доголдолгүй, эрчийн зөрчилгүй эд хөрөнгө гэж үзэх үндэслэлгүй гэдэг нь дараах байдлаар няцаагддаг. Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн үндэслэлдээ "...худалдан авсан *******ГЧ улсын дугаартай чиргүүл нь "*******" ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байсан, тухайн чиргүүлийг авч явсан 2024.08.30-ны өдөр тус компанийн захирлын хүү гэх үл таних залуу ирж манайх 7-14 хоногийн дараа шилжүүлж өгөх боломжтой гэсэн, хариуцагч талаас бичиг баримтыг шилжүүлж өгөхийг хүссэн боловч "*******" компанийн хүнтэй уулзуулж өгсөн, өөрсдөө учраа олоо гэсэн талаар дурдсан байдаг. *******нь 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр *******т маргаан бүхий чиргүүлийг, тээврийн хэрэгслийн гэрчилгээ буюу баримт бичгийн хамт хүлээлгэж өгсөн, энэ үед ******* нь тухайн чиргүүл нь "*******" компанийн өмчлөлд бүртгэлтэй байсныг мэдсэн, мөн тухайн үед тус компанийн захирлын хүү н.******* гэх хүн ирээд *******т гэрчилгээний нэрийг 7-14 хоногийн хугацаанд шилжүүлж өгөх талаар яриа тохиролцоо болсон гэх нөхцөл байдал нь 2025 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, гэрч *******, *******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******нарын мэдүүлэг болон хэргийн материалд авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар бусад бичгийн нотлох баримтаар нотлогддог.
Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т "Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно", 111.2-т Дараахь тохиолдолд эд хөрөнгийг шилжүүлсэн гэж үзнэ", 111.2.1-т "өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд шилжүүлснээр" гэж, мөн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2-т "... гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ" гэж заасан.
Мөн хуулийн 252 дугаар зүйлийн 252.1-т "Худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эрхийн доголдолгүй эд хөрөнгө гэнэ гэж заасан. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн зүгээс 2023 оны 11 дүгээр сарын сүүлээр *******т *******ГЧ улсын дугаар бүхий чиргүүлийг худалдах, худалдан авах талаар харилцан тохиролцсон, тэрээр чиргүүлийг аваад явсан, АТҮТөвд хүсэлт гарган тээврийн хэрэгслийг нэр дээр нь шилжүүлж өгөхийг хүссэн талаарх тайлбарыг өгсөн нь *******нь тухайн үед тус компаниас чиргүүлийг худалдан авсан, компаниас түүнд чиргүүлийг хүлээлгэн өгсөн буюу эд хөрөнгийг шилжүүлсэн гэдэг нь тогтоогдож байх бөгөөд 4 сая төгрөгийн үлдэгдэл төлбөр төлөгдөөгүй гэх боловч тус компаниас 2023 оны 11 дүгээр сараас тус шүүхэд тайлбар гаргасан 2025 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн хугацаанд *******гээс үлдэгдэл төлбөр шаардсан, нэхэмжилсэн зүйл байхгүй, энэ талаарх баримт байхгүй байгаа нь талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой төлбөр тооцооны асуудал, үүрэг байхгүй, эрхийн доголдолгүй эд хөрөнгө гэж үзэхээр байгаа юм.
Нэхэмжлэгч 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр худалдан авсан чиргүүлийг хүлээн авч явах үедээ худалдагч талаас тээврийн хэрэгслийн гэрчилгээг хүлээн авсан, өмчлөгч нь "*******" ХХК байсан гэдгийг өөрөө мэдсэн, түүнчлэн худалдагч талаас чиргүүлийн өмчлөгч талтай уулзуулж, өмчлөгч талаас тээврийн хэрэгслийг гэрчилгээний нэрийг 7-14 хоногийн хугацаанд *******ын нэр дээр шилжүүлж өгөх талаар тэд харилцан тохиролцсон, зөвшөөрсөн, шаардах эрхийг шилжүүлсэн нөхцөл байдал нь зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т "Хэлцэл хүчин төгөлдөр байх зайлшгүй нөхцөл болсон зөвшөөрөл олгох эрх, үүрэг бүхий гуравдагч этгээд уг зөвшөөрлийг олгосон... тухайгаа хэлцлийн талуудад нэгэн адил мэдээлнэ", 50.2-т "Зөвшөөрлийг тухайн хэлцэлд баримтлах хэлбэрээр хийхийг шаардахгүй", 123 дугаар зүйлийн 123.1-т "Шаардах эрх шилжих тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх хүртэл үүрэг гүйцэтгэгч анхны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ", 123.2-т "Хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно", 123.8-д "Хууль буюу гэрээнд заасан хэлбэрээр хийх хэлцлийн хувьд шаардах эрхийг шилжүүлэхдээ уг хэлцлийг хийсэн хэлбэрээр шилжүүлнэ" гэж заасан.
Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1-д "Дараахь тохиолдолд худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана", 255.1.1-т "эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан" гэж заасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
6.Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
6.1.Хариуцагч талаас гаргасан гомдолд маргаан бүхий чиргүүл анхнаасаа *******ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байсан талаар мэдсэн эсэхээ дурдсан. *******ГЧ улсын дугаартай чиргүүлийг хүлээн авах үед гэрчилгээг *******ХХК-ийн захирлын хүү биечлэн хүлээлгэн өгсөн тул чиргүүл уг компанийн нэр дээр бүртгэлтэй байсныг анхнаасаа мэдэж байсан.
6.2.Харин Авто тээврийн үндэсний төв болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн албан бичгээр захиран зарцуулах эрх нь хязгаарлагдсан байсныг мэдээгүй. *******ХХК-ийн захирлын хүүтэй 7-14 хоногийн дотор өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсонд үндэслэн үлдэгдэл төлбөрөө бүрэн шилжүүлсэн боловч гэрчилгээний шилжилт хийгдээгүй. Чиргүүлийг хүлээн авснаас хойш 4 сарын дараа буюу тохирсон хугацааг үлэмж хэтрүүлсний дараа бичиг баримтаа шилжүүлж өгөхийг шаардсан. Гэвч хариуцагч тал шилжүүлэх боломжгүй, *******ХХК-тай учраа ол гэх хариу өгсөн. *******ХХК-ийн зүгээс үлдэгдэл төлбөр бүрэн төлөгдөөгүй учраас шилжүүлж өгөх боломжгүй гэх тайлбар өгсөн. Мөн тус компани шүүхэд тайлбар гаргахдаа *******, ******* нартай наймаа хийгээгүй, харин *******той худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж мэдэгдсэн.
6.3.Хариуцагч тал эрхийн болон биет байдлын доголдол гэсэн хоёр асуудал ярьж байна. Биет байдлын хувьд уг чиргүүл хуучин байсныг талууд мэдсэн бөгөөд гагнуурын зардлыг хамтран төлсөн.
Нэхэмжлэгчийн хувьд зөвхөн эрхийн доголдол буюу чиргүүлийн бичиг баримтыг шилжүүлж өгөөгүй асуудлыг ярьдаг. Давж заалдах гомдлын 4 дүгээр талд ******* нь *******ХХК-тай тухайн чиргүүлийг худалдах, худалдан авах харилцаа үүссэн, улмаар *******ирж чиргүүлийг авсан бөгөөд шаардлага гаргах эрхийг *******оос *******т шилжүүлсэн гэж дурдсан. Гэвч ******* нь *******ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй чиргүүлийг бусдад худалдах, захиран зарцуулах ямар ч эрхгүй байсан бөгөөд уг компани нь маргаан бүхий чиргүүлийг хэн худалдан борлуулж байгаа гэдгийг мэдэхгүй байсан. Хариуцагч талын тайлбарт ******* өөрөө энэ харилцаанд огт оролцоогүй, надад хамааралгүй, наймааг нөхөр *******хийсэн, мөнгө нь миний дансанд ороогүй *******ын дансанд орсон гэж мэдүүлсэн байдаг. Гэтэл *******нь *******гийн эгч *******гийн нөхөр бөгөөд гэр бүлийн хоорондох 30,000,000 төгрөгийн төлбөрийг барагдуулах зорилгоор *******ын данснаас *******ын данс руу мөнгө шилжүүлсэн тул надад хамааралгүй гэх тайлбарыг өгсөн. Гэтэл анхан шатны шүүх хуралдааны үед надад хамааралгүй гэж тайлбарласан атлаа давж заалдах шатны гомдолд чиргүүлийг би авсан бөгөөд хууль ёсны өмчлөгч нь учраас шаардах эрхээ *******т шилжүүлсэн гэх зөрүүтэй мэдүүлэг өгсөн.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний дагуу цистерн чиргүүлийн үнэд шилжүүлсэн 30,000,000 төгрөг, чиргүүлтэй холбоотой гаргасан зардал 1,834,000 төгрөг, нийт 31,834,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3.******* нь зарын дагуу *******той холбогдон *******ГЧ улсын дугаартай цистерн чиргүүлийг 30,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр чиргүүлийг хүлээн авч, мөн өдөр 25,000,000 төгрөгийг, үлдэх 5,000,000 төгрөгийг 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр тус тус шилжүүлсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоож, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж зөв дүгнэсэн. Мөн тус гэрээ хүчин төгөлдөр байна.
Хариуцагч ******* нь дээрх тохиролцоог түүний нөхөр *******хийсэн гэх үндэслэлээр нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй гэж маргасан нь үндэслэлгүй. Учир нь, хариуцагч чиргүүл худалдах зарыг тавьсан, зарын дагуу түүнтэй нэхэмжлэгч холбогдсоныг маргаагүй, мөн хариуцагч нь нөхрийн хамт нэхэмжлэгчтэй уулзаж чиргүүлийг худалдах талаар тохиролцсон болох нь гэрч *******гийн мэдүүлгээр тогтоогдсон тул Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж зааснаар талуудын хүсэл зориг бодитой илэрхийлэгдсэн гэж үзнэ.
4.Тус *******ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байх ба талууд худалдах, худалдан авах гэрээг байгуулах үед *******ХХК-аас чиргүүлийг худалдан авагчийн нэр дээр 7-14 хоногийн дараа шилжүүлэх боломжтойг мэдэгдсэн болох нь талуудын тайлбараар тогтоогдсон. Улмаар талууд *******ХХК-ийн төлөөлөгчийн хамт Автотээврийн үндэсний төвд нэхэмжлэгчийн нэр дээр чиргүүлийг шилжүүлж бүртгүүлэхээр хандсан боловч уг тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас түдгэлзүүлсэн үндэслэлээр бүртгэл хийгдээгүй байна. Өөрөөр хэлбэл, тус чиргүүлийг эрх бүхий гуравдагч этгээдийн шаардлага бүхий эд хөрөнгө гэж үзэхээр байх ба худалдагч, худалдан авагчийн хэн аль нь гэрээ хийх үедээ уг нөхцөл байдлыг мэдэж байсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.
Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй бөгөөд дээр дурдсанаар гэрээний зүйл болох чиргүүлийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул нэхэмжлэгч нь хариуцагчийг худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзсэн нь үндэслэлтэй.
Харин бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******ХХК нь чиргүүлийн үнээс 4,000,000 төгрөг төлөгдөөгүй гэх тайлбар гаргасан, үүнтэй холбоотойгоор хариуцагч нь нийт 12,000,000 төгрөгийг *******гоос шилжүүлсэн төлбөрийн баримтуудыг шүүхэд гаргасан байх ба өөр этгээдүүдийн хооронд үүссэн эрх зүйн харилцаа нь маргаанд хамааралгүй, тус иргэний хэргийн хүрээнд дүгнэлт өгөхгүй тул энэ шалтгаанаар эрхийн зөрчилтэй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй болно.
5.Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт нийцжээ.
Гэрээнээс татгалзсаны үр дагаврыг зохицуулсан Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.
Анхан шатны шүүх чиргүүлийн үнэд төлсөн 30,000,000 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул шийдлийг хэвээр үлдээж, гэрээнээс татгалзсанаар үүсэх шаардах эрхийн зохицуулалтыг баримталсан хууль хэрэглээний өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй. Тодруулбал, нэхэмжлэгч нь гэрээгээр олж авсан зүйлийг харилцан буцаах үр дагаврыг хүссэн буюу гэрээнээс татгалзсан байх ба шүүх гэрээ цуцлах ойлголтыг маргаанд хамааруулж хэрэглэснээр хууль хэрэглээ оновчтой болоогүй тул дээрх байдлаар залруулна.
Харин нэхэмжлэлийн шаардлагаас чиргүүлтэй холбоотой гарсан зардал 1,834,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй учир талуудын зарчмын дагуу давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.
6.Дээр дурдсаныг нэгтгэн дүгнэхэд, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах үндэслэл тогтоогдоогүй тул гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 192/ШШ2025/03211 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...227 дугаар зүйлийн 227.1, 254 дүгээр зүйлийн 254.1... гэснийг 205 дугаар зүйлийн 205.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******оос давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 317,120 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
Д.ЗОЛЗАЯА