Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2020/0171

 

 

“У” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 685 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “У” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2018/0685 дугаар шийдвэрээр: “Эрчим хүчний  тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч “У” ХХК-иас “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төвийн зүгээс “У” ХХК-тай 2016 оны 2 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан 00 дугаартай Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг бүхэлд нь илт хууль бус гэрээ болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э давж заалдах гомдолдоо:

Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.14 дэх хэсэгт зааснаар “төлөөлөх эрхгүй этгээд гэрээ байгуулсан бол илт хууль бусад тооцдог. Хариуцагч талаас Д.Т, Ч.Н нарт гэрээ байгуулах эрх олгосон баримт өгөөгүй байхад анхан шатны шүүх шийдвэртээ бүхий л хэрэглэгчидтэйгээ хэрэглэгчид үйлчлэх төвөөрөө дамжуулж гэрээ байгуулдаг гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Шүүхээс энэ талаар нотлох баримт цуглуулах ажиллагаа хийгээгүй.

Маргаан бүхий гэрээнээс үүдэлтэйгээр нэхэмжлэгч талд хохирол учирсан /сэргээгдэх эрчим хүчний төлбөр, цахилгаан төлбөрийн алданги , торгууль/ тухай баримт болох “У” ХХК-ийг шүүхэд хариуцагчаар татсан баримтуудыг гаргаж өгсөн байхад нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны  ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдохгүй байна гэж дүгнэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 685 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төвийн зүгээс “У” ХХК-тай 2016 оны 2 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан 0 дугаартай Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-г бүхэлд нь илт хууль бус болгуулах”  гэж маргажээ.

Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.14 дэх хэсэгт зааснаар “төлөөлөх эрхгүй этгээд” гэрээ байгуулсан гэх талаар:

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл,  ...анхан шатны шүүхээс 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 0 дугаар “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-аас цахилгаан эрчим хүч хэрэглэгч болон борлуулагч нартай ямар төрлийн гэрээ байгуулдаг эсэх, тус гэрээнүүдийн загвар, уг гэрээнүүдийг баталсан тушаалууд шаардлагатай байх тул баримтуудыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т зааснаар нотлох баримтын шаардлага хангуулан шүүхэд ирүүлнэ үү” гэх нотлох баримт гаргуулах тухай албан бичгээр хүргүүлж 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 0 тоот албан бичгээр “Улаанбаатар цахилгаан сүлжээ” ТӨХК-аас “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компанийн захирлын 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/39 дугаартай “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-ний шинэчилсэн загвар батлах болон тус гэрээг цахим хэлбэрээр шинэчлэх, сунгах үйл ажиллагааны журам, дэг жаягийг батлах тухай тушаалаар хэрэглэгчдэд үйлчлэх төвийн менежерүүд хэрэглэгч нартай нэгэн адил хэрэглэгчдэд үйлчлэх харьяа төвүүдээр дамжуулан гэрээ байгуулдаг болох нь А/39 дугаар тушаалаар нотлогдож байна.

Иймд “төлөөлөх эрхгүй этгээд” гэрээ байгуулсан гэж үзэхгүй тул нэхэмжлэгчийн энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй.

Түүнчлэн нэхэмжлэгч “У” ХХК нь дулаанаар зохицуулалттай хангах, дулаан түгээх тусгай зөвшөөрлөө хангаж ажиллахдаа өөрөө “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д хүсэлт гаргаж байсан, үүссэн өр төлбөрийн талаар танилцаж байсан, хариуцагчаас гаргасан албан бичгийн хувийг нэхэмжлэгч компанид хүргүүлж байсан нь тогтоогдсон байх бөгөөд “У” ХХК нь цахилгаанаар ажилладаг ба ялтсан бойлуур ажиллуулаад 402 айл өрхөд дулаан түгээснийхээ төлбөрийг тухайн айлуудаас авдаг ингэхдээ цахилгаан хэрэглэдэг ба хэрэглээ нь тоолуураар хэмжигддэг. Тухайн тоолуур дээр гарсан цахилгаан эрчим хүчийг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-тай гэрээ байгуулсан, гэрээнд байгуулсан цахилгаан хэрэглэсэн зардал,төлбөрийг төлөх талаар тусгасан талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Харин нэхэмжлэгчээс Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.14 дэх хэсэгт зааснаар “төлөөлөх эрхгүй этгээд гэрээ байгуулсан бол илт хууль бусад тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад  анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийн холбогдох хуулийн заалтыг хэргийг шийдвэрлэхдээ баримтлахгүй орхигдуулсан байх тул шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.