Улсын дээд шүүхийн Тогтоол

2025 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2025/0100

 

 

Д.М-ын нэхэмжлэлтэй,

Татварын ерөнхий газрын даргад

 холбогдох захиргааны хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч шүүгч:       Д.Батбаатар

Шүүгчид:                     Г.Банзрагч

                  М.Батсуурь

                                         П.Соёл-Эрдэнэ 

Илтгэгч шүүгч:           Ц.Цогт

Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2025/0278 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2025/0452 дугаар магадлалтай,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 417 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, өмгөөлөгч Д.Түвшинтамир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О, Ц.Т, Х.А нарыг оролцуулан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага:

1.Татварын ерөнхий газрын даргын 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн “Д.М-ыг ажлаас чөлөөлөх тухай” Б/351 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах.

1.2.Урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх.  

Хэргийн нөхцөл байдал:                                                           

2.Татварын ерөнхий газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б/509 дүгээр тушаалаар “удирдах албан тушаалын нөөцөд байгаа” гэсэн үндэслэлээр Д.М-ыг Татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/657 дугаар тушаалаар Хуулийн хэрэгжилтийг хангах газрын даргаар томилсон байна.

2.1.Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн “Хууль хэрэгжүүлэх тухай” 04/1805 дугаар албан бичгээр “... Д.М-ыг Хуулийн хэрэгжилтийг хангах газрын даргын албан тушаалд төрийн албаны тусгай шалгалтгүйгээр Төрийн албаны тухай хууль тогтоомжийг зөрчиж томилсон байна. ... Иймд тухайн албан тушаалаас чөлөөлж, сул орон тоог хууль тогтоомжийн дагуу нөхөх арга хэмжээ авч, холбогдох шийдвэрийг 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн дотор Төрийн албаны зөвлөлд ирүүлэх”-ийг Татварын ерөнхий газрын даргад мэдэгджээ.

2.2.Татварын ерөнхий газрын даргын 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Б/351 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Төрийн албаны зөвлөлийн “Хууль хэрэгжүүлэх тухай” 04/1805 дугаар албан бичгийг үндэслэн Хуулийн хэрэгжилтийг хангах газрын дарга Д.М-ын татварын итгэмжит зөвлөх цолыг хурааж, татварын улсын байцаагчийн эрхийг хүчингүй болгон албан тушаалаас нь чөлөөлсөн байна.

3.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... Миний бие удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэлтэй байсан. ... Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан захиргааны албан тушаалын ангилал хооронд шилжих тохиолдолд тусгай шалгалт өгөхөөс бус мөн хуулийн 12.1.6-д заасан “хуульд өөрөөр заагаагүй бол Засгийн газрын агентлагийн удирдах, гүйцэтгэх албан тушаал” буюу ангилал өөрчлөгдөөгүй байхад тусгай шалгалт өгөх зохицуулалт үйлчлэхгүй. ... Төрийн албаны зөвлөлийн гишүүн хуулиар зөвлөлийн гишүүнд олгосон эрх хэмжээг хэтрүүлж, төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас чөлөөлөхийг шууд даалгаж, хууль зөрчсөн. Надад тайлбар, санал гаргах боломж олгоогүй, тайлбар аваагүй, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасан арга хэлбэрээр сонсох ажиллагааг явуулаагүй. ... Ажил, албан тушаалаас нэг мөр чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан нийтлэг баталгаа, 62 дугаар зүйлийн 62.1.1-д заасан нэмэгдэл баталгаагаар хангагдах эрхийг ноцтой зөрчсөн” гэж,

4.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ “... Төрийн албаны зөвлөлөөс Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 66 дугаар зүйлийн 66.1.3-д заасны дагуу холбогдох албан тушаалд сонгон шалгаруулж томилсон үйл ажиллагаа, хүний нөөцийн удирдлагын шийдвэрт хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтаар Д.М нь хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Төрийн албаны тухай хууль тогтоомжийг зөрчиж, сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон болохыг тогтоож, “хууль хэрэгжүүлэх тухай” шаардлага бүхий албан бичгийг ирүүлсэн. ... Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг биелүүлж нэхэмжлэгчийг албан тушаалаас чөлөөлсөн болно” гэж маргажээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр:

5.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2025/0278 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.1, 33 дугаар зүйлийн 33.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.М-аас Татварын ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан Татварын ерөнхий газрын даргын 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн “Д.М-ыг ажлаас чөлөөлөх тухай” Б/351 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.  

Давж заалдах шатны шүүхийн магадлал:

6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2025/0452 дугаар магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2025/0278 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

7.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргажээ.

7.1.Давж заалдах шатны шүүхийн магадлалын дүгнэлтүүд өөр хоорондоо зөрүүтэй, нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн ойлгомжгүй.

7.2.Улсын дээд шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 232 дугаар тогтоолын хянавал хэсгийн 16-д “Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч Д.М нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргаар томилогдон, ажиллаж байгаад, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр удаан хугацаагаар эмчилгээ хийлгэх болсон шалтгаанаар төрийн албанаас түр чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг үндэслэн, тус газрын даргын Б/192 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3.1, 23 дугаар зүйлийн 23.5-д заасныг үндэслэж, төрийн албанаас түр чөлөөлж, нөөцөд байгаад тооцож шийдвэрлэсэн” гэж дүгнэсэн нь шүүхээр нэгэнт тогтоогдсон үйл баримт бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын албан тушаал нь Төрийн албаны тухай хууль болон Засгийн газрын 2019 оны 275 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалтын “Ахлах түшмэл” хэсэгт Засгийн газрын агентлагийн хэлтсийн дарга нь ТЗ-10 буюу “Удирдах албан тушаалтан” гэх ангилалд хамаарч байна.

7.3.Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Төрийн албаны төв байгууллага төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэлийг хөтлөх бөгөөд уг бүртгэлд төрийн албан тушаал эрхэлж байгаа, эрхэлж байсан мэдээлэл болон энэ хуулийн 10.1.2, 10.1.4-т заасан удирдах албан тушаалтны нөөцийн бүртгэлийг тусгасан байна” гэж заасны дагуу бүртгэл хөтлөх үүрэг бүхий Төрийн албаны зөвлөл нь Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөхөөс өмнөх хугацаанд төрийн албаны нөөцөд бүртгэгдсэн иргэдийн бүртгэл буюу төрийн албаны нэгдсэн сангийн бүртгэлийг албан тушаалын ангиллаар нь салгаж бүртгэх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс үүдэн нэхэмжлэгчийг удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэгдээгүй байсан гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.

7.4.Тодруулбал, төрийн байгууллагын бүртгэлээ салгаж бүртгээгүй алдаатай үйл ажиллагааны үр дагаврыг зөвхөн нэхэмжлэгчид хамааруулж, давж заалдах шатны шүүхээс удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэлтэй байсан гэж үзэх боломжгүй гэсэн дүгнэлтийг хийснээр нэхэмжлэгчийг жинхлэн томилсон шийдвэрийг хүчингүй болгосон ч түр орлон гүйцэтгэгчээр томилсон шийдвэр нь хэвээр үлдэж, хуулийн хэрэгжилтийг хангах газрын даргыг томилох сонгон шалгаруулалтад оролцох эрхийг эдлэх хууль зүйн боломжийг үгүйсгэсэн нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр болжээ.

7.5.Төрийн албанаас түр эсхүл бүр мөсөн чөлөөлөгдөх эрх зүйн зохицуулалтын үр дагавар ялгаатай. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасан үндэслэлээр бүр мөсөн чөлөөлөгдсөн иргэний хувьд дахин төрийн албанд ажиллах хүсэлтэй бол төрийн албаны шалгалтыг өгч, эхнээс нь эхлэх бол, харин түр чөлөөлөгдсөн иргэний хувьд төрийн албаны нөөцөд байх хугацаанд сул орон тоо гарсан тохиолдолд өөрийн ажиллаж байсан албан тушаалын ангилал, олгогдсон зэрэг дэвийн дагуу сонгон шалгаруулалтад орох, төрийн албанд эргэн томилогдох боломжтой байдаг.

7.6.Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын 6.3-т “Нөөцөд байгаа иргэн мэргэшлийн шалгалт өгсөн төрийн жинхэнэ албан тушаалын зэрэглэлтэйгээ адил зэрэглэлийн төрийн жинхэнэ албаны өөр албан тушаалд томилогдон ажиллаж болно. Хэрэв төрийн албаны зөвлөл болон аймаг нийслэл дэх салбар зөвлөл нөөцөд байгаа иргэн тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж байна гэж үзсэн тохиолдолд мэргэшлийн шалгалт өгсөн төрийн жинхэнэ албан тушаалын зэрэглэлээсээ тухайн ангилал дотроо түүнээс дээших зэрэглэлийн төрийн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж болно” гэж заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн Татварын ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийн дарга буюу Татварын ерөнхий газрын дарга нь нэхэмжлэгч Д.М-ыг удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс нэр дэвшүүлэх зарчмаар тус газрын Хуулийн хэрэгжилтийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид нэр дэвшүүлж, томилсон үйл баримтыг хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, буруутгасан нь үндэслэлгүй байна.

7.7.Төрийн албаны маргааны хувьд дээд албан тушаалтан, доод албан тушаалтныхаа хувьд бус харин иргэний эдлэх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тухайлбал, Үндсэн хуулиар хамгаалагдсан хөдөлмөрлөх эрхийг, Төрийн албаны тухай хуулиар хамгаалагдсан “Төрийн албан хаагчийн баталгаа”-г хөндсөн байдаг учраас маргаж байгаа захиргааны актын эрх зүйн үндэслэлийн тухайд шүүх зайлшгүй үндэслэл бүхий дүгнэлтийг өгсөн байх шаардлага тавигддаг. Ийм ч учраас Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Идэрчулууны 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 04/1805 дугаартай “Хууль хэрэгжүүлэх тухай” мэдэгдлийг эрх бүхий байгууллага илгээсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй эсэхэд анхан болон давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх ёстой атал заавал нэхэмжлэгчээс албан бичигтэй холбоотой шаардлага гаргасан тохиолдолд маргасан гэж үзнэ гэдгээр хязгаарлаж байгаад гомдолтой байна. Хэрэв Төрийн албаны зөвлөлийн нэг гишүүний мэдэгдэл нь хууль зөрчсөн байсан ч энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй л бол шүүх хянан хэлэлцэхгүй гэдэг зарчмыг шүүх баримталж байгаа тохиолдолд энэ нь хууль зөрчсөн дур зоргоор хэний ч эрхийг хохироож болохыг сайшаасан, зөвтгөсөн үндэслэл болох боломжтой юм.

7.8.Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6-д “Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана ...” гэж, 66 дугаар зүйлийн 66.1-д “Зөвлөл дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 66 дугаар зүйлийн 66.1.3-т “иргэн, байгууллага, албан хаагчийн гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд шалгалт хийх, илэрсэн зөрчлийг арилгах хугацаатай шаардлага хүргүүлэх, хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох” гэж, 68 дугаар зүйлийн 68.1-д “Зөвлөл нь хамтын удирдлагын зарчмаар ажиллах ...” гэж, Төрийн албаны зөвлөлийн хуралдааны дэгийн 6.2-т “... Хэлэлцсэн асуудлын шийдвэрийг тэмдэглэл хэлбэрээр гаргаж болно” гэж тус тус заасан. Гэвч нэхэмжлэгчтэй холбоотой асуудлаар Төрийн албаны зөвлөл хуралдаагүй бөгөөд уг үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан.

7.9.“Хууль хэрэгжүүлэх тухай” мэдэгдэл нь Төрийн албаны зөвлөлөөс гаргасан ямар нэг тогтоолд үндэслээгүй, Төрийн албаны зөвлөлийн хамтын зарчмаар хэлэлцсэн шийдвэрийг мэдэгдсэн агуулгатай биш тул хамтын зарчмаар гаргасан шийдвэр гэж үзэх үндэслэлгүй байхад Татварын ерөнхий газрын дарга Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Идэрчулуунаас ирүүлсэн мэдэгдлийг “Эрх бүхий байгууллага шаардсан” гэж үзэж, төрийн албаны зөвлөлийн хурлын тэмдэглэл, тогтоолгүйгээр төрийн албан хаагчийг Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5-д заасан үндэслэлээр төрийн албанаас бүрмөсөн чөлөөлж байгааг зөвтгөсөн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй болно.

7.10.Нэхэмжлэгчээс “захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хуульд заасан эрхийнхээ хүрээнд оролцож, тайлбар гаргах боломжоор хангагдаагүй, сонсох ажиллагааны тэмдэглэлээс үзэхэд 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 15 цаг 00 минутад эхэлж, 15 цаг 00 минутад дууссан байх ба тус тэмдэглэл нь 15 цаг 03 минутад цахим шуудангаар ирсэн” гэж маргадаг боловч уг үйл баримтад ямар ч үнэлэлт дүгнэлт хийгээгүй.

7.11.Сонсох ажиллагаа нь зөвхөн оролцогчид өөрийгөө илэрхийлэх боломж олгодог гэж явцуу ойлгож болохгүй бөгөөд захиргааны байгууллага оролцогчийн захиргааны шийдвэрийн талаарх үзэл бодлыг мэдсэнээр өөрийн гаргах шийдвэрийнхээ үндэслэлийг нягтлах, өөрчлөх боломжийг ч олгож болно. 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр батлагдсан Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т заасны дагуу Төрийн албаны тухай хуулийн албан тушаалтныг сонгон шалгаруулахтай холбоотой олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулах хуулийн зохицуулалтыг түр зогсоосон. Тодруулбал, Д.М ыг Хуулийн хэрэгжилтийг хангах газрын даргаар жинхлэн томилогдох цаг хугацаанд Төрийн албаны зөвлөлөөс ямар нэг сонгон шалгаруулалт зарлаагүй учраас захиргааны байгууллага өөрийн хийвэл зохих ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжтой аргаар асуудлыг шийдвэрлэх боломж байсан.

7.12.Нөгөөтэйгүүр дээрх хуулийн үйлчлэл дуусгавар болсноор Төрийн албаны тухай хуульд заасан журмаар сонгон шалгаруулж, томилох хууль зүйн зохицуулалт үйлчлэх учраас сонгон шалгаруулалт зохион байгуулаагүй үр дагаврыг нэхэмжлэгч Д.М ыг Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5-д заасныг баримтлан төрийн албанаас нэг мөр чөлөөлөх шийдвэр гаргаж, өөрөө өөрийгөө албан тушаалд томилоогүй, гэм буруугүй төрийн жинхэнэ албан хаагч болох нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг дордуулсан, төрийн албаны нөөцөд бүртгэгдэх, цаашилбал, төрийн албаны сонгон шалгаруулалтад оролцож, өрсөлдөх эрхийг хөндөхгүйгээр асуудлыг шийдвэрлэх боломжтой байсан.

7.13.Хариуцагч нь нэхэмжлэгчийг төрийн албанаас чөлөөлсөн тушаалыг гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, хуулиар тогтоосон журмыг баримтлаагүй буюу сонсох ажиллагааг зохих ёсоор хийгээгүй зөрчлүүд нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх”, 4.2.6-д заасан “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зарчмыг зөрчсөн, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.5-д заасныг тус тус зөрчсөн байхад энэ талаар үндэслэл бүхий дүгнэлтийг анхан болон давж заалдах шатны шүүх хийлгүй орхигдуулсанд гомдолтой байна.

Дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

8.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 417 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.3, 123.2.4-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

9.Дараах үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актыг 4 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Тогтоогдсон үйл баримтын тухайд:

10.Татварын ерөнхий газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б/509 дүгээр тушаалаар “удирдах албан тушаалын нөөцөд байгаа” гэсэн үндэслэлээр Д.М-ыг Татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/657 дугаар тушаалаар Хуулийн хэрэгжилтийг хангах газрын даргаар томилсон байна.

11.Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн “Хууль хэрэгжүүлэх тухай” 04/1805 дугаар албан бичгээр “... Д.М-ыг Хуулийн хэрэгжилтийг хангах газрын даргын албан тушаалд төрийн албаны тусгай шалгалтгүйгээр Төрийн албаны тухай хууль тогтоомжийг зөрчиж томилсон байна. ... Иймд тухайн албан тушаалаас чөлөөлж, сул орон тоог хууль тогтоомжийн дагуу нөхөх арга хэмжээ авч, холбогдох шийдвэрийг 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн дотор Төрийн албаны зөвлөлд ирүүлэх”-ийг Татварын ерөнхий газрын даргад мэдэгджээ.

12.Татварын ерөнхий газрын даргын 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Б/351 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Төрийн албаны зөвлөлийн “Хууль хэрэгжүүлэх тухай” 04/1805 дугаар албан бичгийг үндэслэн Хуулийн хэрэгжилтийг хангах газрын дарга Д.М-ын татварын итгэмжит зөвлөх цолыг хурааж, татварын улсын байцаагчийн эрхийг хүчингүй болгон албан тушаалаас нь чөлөөлсөн байна.

Энэхүү хэргийн хувьд хяналтын шатны шүүхээс хариу өгөх шаардлагатай хууль зүйн асуудал нь:

-Өмнө хашиж байснаас өөр удирдах албан тушаалд томилогдох тохиолдолд тусгай шалгалт өгөх шаардлага тавигдах эсэх,

-Нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5-д заасныг үндэслэн төрийн албанаас чөлөөлсөн нь үндэслэлтэй эсэх тухай байна.

Хууль хэрэглээний хувьд:

13.Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө”, 27.1.1-д “төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс” гэж төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд хэрхэн нөхөх талаар зохицуулжээ.

14.Гэтэл удирдах албан тушаалд хамаарах Татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газрын даргын албан тушаалын сул орон тоог нөхөхдөө төрийн жинхэнэ албан тушаалд сонгон шалгаруулалтаар томилох зохицуулалтыг хэрэглэхгүйгээр “удирдах албан тушаалын нөөцөд бүртгэлтэй” гэх үндэслэлээр нэхэмжлэгч Д.М-ыг шууд томилсон нь буруу. Энэ талаарх шүүхүүдийн дүгнэлт үндэслэлтэй.

15.Ийнхүү Төрийн албаны зөвлөлийн “... Д.М-ыг Хуулийн хэрэгжилтийг хангах газрын даргын албан тушаалд төрийн албаны тусгай шалгалтгүйгээр Төрийн албаны тухай хууль тогтоомжийг зөрчиж томилсон байна. ... Иймд тухайн албан тушаалаас чөлөөлж, сул орон тоог хууль тогтоомжийн дагуу нөхөх арга хэмжээ авч, холбогдох шийдвэрийг ... ирүүлэх” мэдэгдлийн дагуу Татварын ерөнхий газрын даргын 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Б/351 дүгээр тушаалаар Хуулийн хэрэгжилтийг хангах газрын дарга Д.М-ын албан тушаалаас чөлөөлсөн нь зөв байна.

16.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хяналтын шатны шүүх хуралдаанд “нэхэмжлэгч тусгай шалгалт өгч томилогдох ёстой байсан” талаар маргахгүй гэж тайлбарласан бөгөөд харин төрийн албанаас чөлөөлөхдөө төрийн албанаас бүр чөлөөлөх зохицуулалтыг баримталж, нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж маргасан тул нэхэмжлэгчийг тусгай шалгалтгүйгээр томилсон нь хууль зөрчсөн, энэ нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй талаар дэлгэрүүлэн дүгнэлт өгөх шаардлагагүй.

17.Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлнө”, 46.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө” гэж төрийн албанаас түр чөлөөлөх, төрийн албанаас чөлөөлөх талаар ялгамжтай зохицуулсан бөгөөд үүсэх үр дагавар ч мөн ялгаатай байдлаар хуульчилжээ.

18.Тодруулбал, төрийн жинхэнэ албан хаагчийг хуулийн 46.1-д зааснаар төрийн албанаас түр чөлөөлөх тохиолдолд төрийн албан хаагчийн нөөцөд байгаад тооцохоор, харин хуулийн 46.2-т зааснаар төрийн албанаас чөлөөлөх тохиолдолд төрийн албанаас бүр чөлөөлөгдөх, эргээд төрийн албанд орох тохиолдолд төрийн албаны ерөнхий шалгалт өгөх үр дагавар үүсгэхээр байна.

19.Хариуцагчаас “тусгай шалгалтгүй томилогдсон” үндэслэлээр нэхэмжлэгчийг чөлөөлсөн нь зөв боловч төрийн жинхэнэ албанд ерөнхий шалгалт өгч томилогдон ажиллаж байсан, төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэлтэй байсан нэхэмжлэгч Д.М ыг чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасан үндэслэлийг барьж, төрийн албанаас бүр чөлөөлсөн нь нэхэмжлэгчийн энэ албан тушаалд томилогдохоос өмнө байсан эрх зүйн байдлыг дордуулсан.

20.Энэ тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д заасан үндэслэлд хамааруулан нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэх боломжтой.

21.Тиймээс хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийн төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэлтэй байсан нөхцөл байдлыг харгалзан нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр дахин шинэ акт гаргах шаардлагатай, энэхүү нөхцөл байдлыг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д зааснаар Татварын ерөнхий газрын даргын 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Б/351 дүгээр тушаалыг дахин шинэ акт гаргах хүртэл 4 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.

22.Харин урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхүүдийн шийдлийг хэвээр үлдээж, шийдвэр, магадлалын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтүүдийг орууллаа.   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2025/0278 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2025/0452 дугаар магадлалын ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.6, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.11-д заасныг баримтлан Татварын ерөнхий газрын даргын 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн “Д.М-ыг албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/351 дүгээр тушаалыг дахин шинэ акт гаргах хүртэл 4 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж өөрчилж, “2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол Татварын ерөнхий газрын даргын 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Б/351 дүгээр тушаал хүчингүй болохыг дурдсугай. 3.Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.1, 33 дугаар зүйлийн 33.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.М-аас Татварын ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “Урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн заалт нэмж, ТОГТООХ хэсгийн 2 дахь заалтын дугаарлалтыг 4 болгон өөрчилсүгэй.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                 Д.БАТБААТАР

ШҮҮГЧИД                                                                       Г.БАНЗРАГЧ

     М.БАТСУУРЬ

                                                                                                     П.СОЁЛ-ЭРДЭНЭ

     Ц.ЦОГТ