Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 17

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Сугар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Уянга сумын 8 дугаар баг Онги жаргалант хороолол 32 дугаар гудамж 2 тоотод оршин суух иргэн З.Дагвасүрэн /регистрийн дугаар: ЦГ67112407/-гийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг даргад холбогдох

     “Уянга сумын Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн Б/02 тоот захирамжийг хүчингүй болгуулах, ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий 121/2017/0007/з дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Дагвасүрэн, түүний өмгөөлөгч Ш.Жаргалсайхан, хариуцагч Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нарангарав, түүний өмгөөлөгч П.Амгаланбаатар, гэрч Л.Хатанбаатар, гэрч Б.Чанцалдулам, гэрч М.Эрдэнэчулуун, Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг сахин хамгаалах, шүүх хуралдааны дэг сахиулагч, ахлах ахлагч Г.Эрдэнэбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дорждулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.Дагвасүрэн шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

“Миний бие Уянга сумын ЗДТГ ын даргаар 2005 оноос эхлэн ажиллаж байгаад 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр сумын Засаг даргын Б/02 moom захирамжаар ажлаасаа халагдсан. Xaлax болсон шалтгаандаа манай байгууллагад хийгдсэн санхүүгийн хяналт шалгалтын дүнг үндэслэж байгаа тухай дурьдсан хэдий ч намайг удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн,   албан  тушаалын  эрх  мэдэлээ  хэтрүүлсэн  гэж  үзсэн  нь үндэслэлгүй, тогтоогдоогүй тул хууль эрхзүйн үндэсгүй, буруу шийдвэр гэж үзэж байна. Учир нь:

  • 2015, 2016 оны үйл ажиллагаа мэргэшлийн түвшингийн үнэлгээр A буюу маш сайн үнэлгээтэй үнэлэгдсэн. Тэр ч бүү хэл 2015 онд тухайн үеийн төсвийн шууд захирагч миний ажлын үр дүнг үнэлэн аймгийн тэргүүний төрийн захиргааны ажилтанд тодорхойлж ирсэн.
  • Аймгийн ЗДТГ-ын 2015, 2016 оны хяналт шинжилгээ-үнэлгээгээр сумын ЗДТГ нь В буюу сайн үнэлгээтэй дүгнэгдсэн.
  • Санхүүгийн хяналт шалгалтаар гарсан зөрчлийг үндэслэн ажлаас халсан нь намайг гаргасан зөрчил гэж үзэж байгаа зөрчлийн шинж байдалд тохироогүй гэж үзэж байгаа бөгөөд тухайн шалгалтаар тогтоогдсон актад миний бие хувьдаа завшсан, хувийн ашиг сонирхолоор хандсан зүйл нэгээхэн ч байхгүй ээ.
  • Ажлаас халсан захирамж нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлйин 25.1.1 д зааснаар төрийн албанаас халсан нь буруу болохыг Аймгийн төрийн албаны салбар зөвлөлийн дүгнэлтээр тогтоосон боловч уг дүгнэлтийн 2 д заасан Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлйин 26.1.3 д зааснаар сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй гэж үзсүгэй гэснийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь: Уянга сумын Засаг дарга нь надад сахилгын шийтгэл бус ажлаас халсан болно.
  • Мөн уг шийдвэр нь аймгийн Засаг даргын баталсан удирдамжийг удирдлага болгосон гэх зэргээр утга агуулгын хувьд илэрхий алдаатай.
  • Мөн байгууллагын дотоод журмын 2.7, 2.8 дахь заалтуудтай нийцээгүй.
  • Арга хэмжээ тооцох тухай албан тоотод нь хариу тайлбар өгсөн атал уг тайлбартай танилцсан эсэх нь тодорхойгүй.
  • Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч Б.Минжбадгар бид хоёрт Төсвийн тухай хуулийн ижил арга хэмжээ тооцох заалт бүхий албан тоот өгсөн хэрнээ төрийн албан хаагчдыг ялгаварлан гадуурхан ялгаатай арга хэмжээ тооцсон.  
  • Арга хэмжээ тооцох нь ажил сайжруулахын тулд л байдаг гэж би ойлгож байгаа гэтэл ажлаас халсан шийдвэрийг дагалдан гарсан түр орлон гүйцэтгүүлэгч томилсон захирамж нь Засгийн газрын тогтоолоор батлагдсан журмыг үндэслээгүй төдийгүй, 2016 онд үр дүнгийн гэрээгээ дүгнүүлээгүй 2 сарын хугацаанд цалин бууруулах сахилгын арга хэмжээ тооцсон хүнд хавсран гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн.
  • Ажлаа хүлээлгэн өгөхөд тухайн ажилтан согтуу хүлээн авсан/ аймгийн тагнуулын албаны ажилтан согтуу хүнд нууцын бичиг баримт хүлээлгэн өгөх боломжгүй гээд буцсан, одоогоор надаас хүлээн аваагүй байна/

Иймд миний бие бүхий л залуу нас, ур чадвар, мэргэжил боловсролоо эориулж ирсэн албанаасаа ямар ч хууль эрхзүйн үндэсгүйгээр халагдаж ажил, амьдралаараа хохирч байгаа төдийгүй Аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн шийдвэрийн 2 дахь заалтыг хүлээн зөвшөөрөөгүй тул нэхэмжлэл гаргаж байна”[1] гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Жаргалсайхан шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

“Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийг баримталж Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг даргад холбогдох Уянга сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн б/02 тоот захирамжийг гаргасан байснаа өөрчилж захирамжийн үндэслэлээ Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 болгож өөрчилсөн. Гэвч Төрийн албаны тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд зааснаар Уянга сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн б/02 тоот захирамжаар З.Дагвасүрэн ажлаасаа халагдсан. Энэ захирамжийг хүчингүй болгуулахаар хандсан үйл баримт энэ захирамжтай холбоотой. Нэхэмжлэл нь Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг даргад холбогдох Уянга сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн б/02 тоот захирамжтай холбоотой маргаан байгаа. Түүнээс Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх санхүүгийн хяналт, аудитын албаны Улсын байцаагчийн акттай холбоотой маргаан биш. Тиймээс шүүх нэхэмжлэлийн хүрээнд асуудлыг шийдэх ёстой. Дагвасүрэн нэг ч төгрөгийг өөрийнхөө гарын үсгийг зурж авах эрх байхгүй гэдэг нь ойлгомжтой гэрчүүдийн тайлбараар ч энэ нь нотлогдож байна. Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх санхүүгийн хяналт, аудитын алба улсын байцаагчийн тавьсан актыг Дагвасүрэн хүлээн зөвшөөрч энэ зөрчлийг арилгана гэж гарын үсэг зурсан байдаг. Өмгөөлөгчийн  хувьд ч гэсэн буруу ойлголт байдаг. Холбогдох арга хэмжээ авах гэхээр хариуцлага, шийтгэлийг ярьдаг. Холбогдох арга хэмжээ гэдэг нь хяналт, эзэн холбогдогчтой, цаг хуагцаатай төлөвлөлт түүний нээлт, хангалт эргэн тайлалтыг хэлнэ. Тэгэхээр холбогдох арга хэмжээний асуудлыг зөвхөн хариуцлага дээр тооцож болохгүй. Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг даргад холбогдох Уянга сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн б/02 тоот захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн  24, 27, 40 дүгээр зүйлүүдийг зөрчсөн. Засаг дарга захирамжиндаа хууль зүйн үндэслэлийг заасан гэхдээ энд ямар ч хамааралгүй үндэслэлийг заасан. Төрийн албаны тухай хуулийн 25, 26 дугаар зүйлийг заасан. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийг зааж байгаа юм бол утга хэсэг буюу эхлэлийн хэсэг дээрээ сахилгын шийтгэл оногдуулах тухай гэх ёстой. Ингээд бичиг хэрэг хөтлөлтийн стандартийг зөрчсөн. Ийм учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.3, 106.3.12, удирдлага болгоод Дагвасүрэнг Уянга сумын Засаг даргын тамгын газрын даргын үүрэгт ажилд нь эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалингийн нөхөн олговрыг Засаг даргын тамгын газраас Дагвасүрэнд олгож, Засаг даргын тамгын газраас нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэж өгөхийг даалгаж өгнө үү. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, 11.6 дахь зүйлийг баримталж гаргаж байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтыг үндэслэлгүйгээр ажлаас халсан. Мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1Энэ хуулийн 36.1. 2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэсэн байдаг. Иймд ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн төлүүлж өгнө үү. Уянга сумын Засаг даргын захирамж өөрөө хууль зөрчсөн”[2] гэв.

Хариуцагч Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг дарга Б.Доржтогоо 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 01/238 тоот албан бичгээр шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

“Өвөрхангай аймгийн захиргааны хэргийн шүүхэд иргэн З.Дагвасүрэнгээс сумын Засаг даргад холбогдох 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн тоот захирамжийг хүчингүй болгуулах, ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан   хугацааны   цалин,   нийгмийн  даатгалын  шимтгэл  төлүүлэх"  тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна. Өвөрхангай   аймгийн   Уянга   сумын   ЗДТГазрын   2015-2016   онуудын санхүүгийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын дэргэдэх санхүүгийн хяналт, аудитын албанаас хяналт, шалгалтын ажлыг удирдамжийн хүрээнд зохион байгуулж явуулсан. Тус хяналт, шалгалтаар Тамгын газрын дарга З.Дагвасүрэнд холбогдох 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн улсын байцаагчийн актад “Зориулалт бус зарцуулсан хөрөнгийг нөхөн төлүүлэх тухай", "Илүү олгосон цалинг төлүүлэх тухай" болон хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил, дутагдлыг танилцуусан баримтуудыг гардуулж өгсөн бөгөөд З.Дагвасүрэн нь хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурж баталгаажуулан хүлээн авсан. Санхүүгийн хяналт шалгалтын талаархи баримт бүхий актыг З.Дагвасүрэн хүлээн авч энэ талаар ямар нэг гомдол гаргаагүй бөгөөд Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх санхүүгийн хяналт, аудитын алба хяналт шалгалтын үр дүнг аймгийн Засаг даргад зохих журмын хүрээнд танилцуулж, илэрсэн зөрчил, дутагдлын талаар тайлагнасан байна. Үүний дагуу аймгийн Засаг даргаас 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1/21 тоот албан бичгээр "Хариуцлага тооцож, зөрчлийг арилгуулах тухай" албан бичгийг тус сумын Засаг даргад ирүүлсэн ба тус актад Төсвийн тухай хууль, нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай засгийн газрын 2011 оны 134 дүгээр тогтоол болон 2010 оны 197 дугаар аймгийн ИТХурлын 2012 оны 31 дүгээр тогтоол болон бусад хууль тогтоомжуудыг зөрчсөн үйлдэлд хариуцлага хүлээлгэж хариу мэдэгдэх тухай албан тоотыг ирүүлсэн. Үүнтэй холбогдуулан "Аудитаас илэрсэн зөрчилд хариуцлага хүлээлгэх тохирох хууль журмын хүрээнд З.Дагвасүрэнд сахилгын шийтгэлийн хүлээлгэх талаар мэдэгдэл буюу саналыг нь сонсох ажиллагаа явуулж зохих журмын хүрээнд ажлаас халах сахилгын шийтгэлийг оногдуулсан болно. Иймд З.Дагвасүрэнгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй өнгөрсөн цаг хугацаанд болж өнгөрсөн үйл явдалд бодит үнэлэлт дүгнэлт өгөхийг хүсэхгүй байгаа зэрэг нь нэхэмжлэлийн шаардлага нь бодит нөхцөлтэй нийцэхгүй гэж дүгнэж болохоор байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү”[3] гэжээ.   

Хариуцагч Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нарангарав шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

“Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг даргад холбогдох Уянга сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн б/02 тоот захирамжийг З.Дагвасүрэн эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд гомдол гаргасан.  Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл хэлэлцээд Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн байхыг шаарддаг. Харин Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх санхүүгийн хяналт, аудитын улсын байцаагч Дагвасүрэнд холбогдох зөрчил Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн нь үндэслэлтэй байна гэж үзсэн дүгнэлт гаргасан.  Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг даргад холбогдох Уянга сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн б/02 тоот захирамжийг засварлахыг дүгнэлтийн тогтоох хэсэгт зааж өгсөн. Ингээд Уянга сумын Засаг дарга захирамжаа зөвтгөсөн гэж хэлэх нь зүйтэй. Нэхэмжлэгч талаас нотлох баримтыг цуглуулах талаар Захиргааны ерөнхий хуульд заасан хэм хэмжээг зөрчиж энэ захирамжийг гаргасан гэж байна. Уянга сумын Засаг дарга Доржтогоогийн хувьд хүсэл зориг, өөрийн итгэл үнэмшлээрээ энэ захирамж гаргах асуудалд хандаагүй гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримт шүүх хуралдаанаар хэлцэгдсэн нотлох баримтаар хангалттай тогтоогдсон гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх санхүүгийн хяналт, аудитын улсын байцаагчийн дүгнэлт, хяналт шалгалт хийсэн актыг үндэслэж захирамжаа гаргасан энэ нь шүүх хуралдаанаар хэлцэгдсэн нотлох баримтаар хангалттай тогтоогдсон. Иймд Дагвасүрэнд холбогдох хуулийн хүрээнд хариуцлага хүлээлгэх ёстой байсан хариуцлага гарцаагүй байсан. Уянга сумын Засаг дарга Доржтогоо З.Дагвасүрэнд Төрийн албаны тухай хуулийн  26 дугаар зүйлийн 26.1.3-д зааснаар ажлаас халах сахилгын шийтгэлийг оногдуулсан. Захирамжиндаа хуулийн зүйл заалтыг дурдаж өгсөн учраас энэ захирамж нь хууль ёсны үндэслэлтэй гэж үзэж байна. Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг даргад холбогдох Уянга сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн б/02 тоот захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү”[4] гэв.

Хариуцагч Уянга сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч П.Амгаланбаатар шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

“Нэхэмжлэгчийн ярьж байгаагаар яагаад халах болсон талаараа нотлох баримтгүйгээр зөвхөн таамаг дэвшүүлсэн хэлбэрээр тайлбартаа хэлж байна. Ингэж болохгүй. Хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд л хэргийг хянан шийдвэрлэх ёстой. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт мөн нэхэмжлэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн шатанд зөрчил гаргасан гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн энэ талаарх тайлбараа ч хэлсэн. Зөрчил гаргасан гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрч байна. Харин нэхэмжлэгч гаргасан зөрчил нь халагдах хариуцлага хүлээлгэх хэмжээний зөрчил биш гэж тайлбарлаж байна. Төсвийн хөрөнгөнөөс 7 сая гаруй төгрөг зүй бусаар зарцуулж зөрчил гаргачихаад хариуцлага хүлээх зөрчил биш гэж ярьж байгаа нь 10 гаруй жил дарга хийсэн хүний хувьд хариуцлагагүй тайлбарыг хэлж байна гэж ойлгож байна. Өнөөдрийн шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Л.Хатанбаатар санхүүгийн зөрчил гаргасан хүн Уянга сумын Засаг даргын тамгын газрын дарга байсан З.Давгасүрэн гэж хэлж байна. Мөн хариуцлага хүлээх албан тушаалтан нь Уянга сумын Засаг даргын тамгын газрын дарга байсан З.Дагвасүрэн гэж хэлсэн. Хэн зөрчил гаргасан бэ? гэдгийг шалгалт хийсэн эрх бүхий албан тушаалтан бол тодорхой хэлж байна. Нэхэмжлэгч нягтлан бодогч Минжбадгар гэдэг хүнтэйгээ барьцсан. Минжбадгарт цалингийн 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулчихаад яагаад намайг ажлаас халж байгаа юм бэ? бид хоёр адилхан зөрчил гаргасан шүү гэж хэлсэн өөрийнх нь мэдүүлэг, тайлбараар нотлогдож байгаа. Хэлж байгаа зүйлээ хоёр талаас нь эсрэг зүйл яриад байна. Нотлох баримт шинжлэн судлуулахад аймгийн Засаг даргын тоотын ард хавсралтад дурдсан хууль тогтоомж зөрчсөн харьяалал, тайлбар дээрх зөрчил дээр дийлэнх нь Дагвасүрэн гуайн нэр орсон байгаа. Зөрчил гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа нь үүгээр харагдаж байгаа. Мөн ажлын байрны тодорхойлтон дээр тамгын газрын даргын чиг үүргийг тодорхой заагаад өгчихсөн байхад нягтлан бодогч надад хамааралгүй гэж хариулж байгааг ойлгосонгүй. Мөн тамгын газрын төсөв санхүүг хэрэгжүүлэхгүй гэж хэлснийг бас ойлгосонгүй. Уянга сумын Засаг дарга Доржтогоод өргөдөл гаргасан Минжбадгарын өргөдлийг шинжлэн судлуулсан. Дагвасүрэн гэдэг хүн ямар хүн бэ? гэдгийг маш тодорхой бичсэн байсан. Үүнийг нэхэмжлэгч З.Дагвасүрэн худлаа ярьж байгаа гэж үзсэн бол хууль хяналтын байгууллагад өгч шалгуулж болох байсан. Тэгэхээр Минжбадгарыг үнэ зөв зүйл ярьсан байна гэдгийг нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрч байгаа юм шиг байгаа юм. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч энэ акт энэ хэрэгт хамааралгүй гээд яриад байна. Шалгалт хийж акт гараад буруутай байна гэж үзээд Засаг дарга арга хэмжээ авангуут нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүй гээд Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөд хандсан. Уянга сумын Засаг даргын захирамж нь үндэслэлтэй байна гэж хариу өгсөн. Дагвасүрэнгийн гаргасан зөрчилд акт тавьж түүнийг өөрөө хүлээн зөвшөөрч сумын Засаг дарга захирамжаа гаргаж ажлаас нь халсан. Ямар ч үндэслэлгүйгээр шийдвэр захирамж гарна гэж байхгүй. Нэхэмжлэгчээс та зөрчлөө арилгасан уу? гэж асуухад би арилгаагүй, зөрчил гаргаагүй гэж хариулчихаад, дараа нь 7 сая төгрөгнөөс хөнгөлөлт өгөөч хүсэлт өгсөн гэж ярьсан нь зөрчлөө арилгах гээд байгаа нь харагдаж байгаа. Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн хурлын тэмдэглэл байгаа. Хурлын тэмдэглэл дээр гаргасан зөрчлийн маш тодорхой дурдагдсан байгаа. Дагвасүрэнгийн Доржтогоод хандаж тайлбар хүргүүлсэн байгаа. Энэ тайлбартаа ахмадаа дээдлэх зорилтот жилтэй уялдуулан илүү шилжүүлсэн, урамшуулал, цалин олгохоор шилжүүлсэн, ажиллагсдын шагналын зардалд мөнгө зарцуулсан, мал хамгаалах сангаас Сумын Засаг даргын эрх хэмжээний хүрээнд илүү мөнгө гаргасан гэсэн байсан. Өөрөө төсвийн мөнгөнөөс хэтрүүлж захиран зарцуулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байгаа. Хууль зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэх нь хуулинд заасан зарчим юм. Тэгэхээр энэ зарчмыг баримтлах ёстой. Харин хүлээлгэсэн хариуцлага хуульд нийцэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд Ц.Лхагвадорж шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа[5]:

“Цэрэнтүндэвийн Лхагвадорж би Уянга сумын ЗДТГ-т төрийн захиргааны ажилтнаар ажиллаж байгаад 2017 оны 2-р сарын 03-ны өдрөөс сумын ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчэээр томилогдон ажиллаж байна. З.Дагвасүрэнгийн нэхэмжлэлтэй миний хувийн эрх ашиг хөндөгдөөгүй гэж үзэж байна. Цаашид төрийн захиргааны ажилтнаар хэвээрээ ажиллах болно” гэжээ.

Гэрч Л.Хатанбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“... Засаг даргын удирдамжийн хүрээнд бид 2015, 2016 оны санхүүгийн баримтан дээр үндэслэж санхүүгийн хяналт шалгалт хийж тодорхой зөрчил дутагдал илэрсэн тул улсын байцаагчийн акт гаргасан... Бид шалгалтынхаа дүнгийн талаар аймгийн Засаг даргад дүгнэлт гаргаж өгсөн. Уянга сумын Засаг даргын тамгын газар болон орон нутгийн сан, сум хөгжүүлэх санг шалгахад ийм ийм зөрчил илэрлээ. Энэ зөрчлүүд холбогдох хуулиудыг зөрчсөн байна. Тийм учраас холбогдох албан тушаалтанд арга хэмжээ тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг өгсөн. Нэг хувийг Уянга сумын Засаг даргад өгсөн. Актын дагуу нэг, хоёрдугаар гарын үсэг зурсан хүн хариуцлага хүлээх ёстой. Тухайн албан тушаалтандаа ямар арга хэмжээ авах нь Сумын засаг даргын эрх хэмжээний асуудал... ”[6] гэв.

Гэрч М.Эрдэнэчулуун шүүх хуралдааны явцад өгсөн тайлбартаа:

“... Уянга суманд манай алба 2017 оны 01 дүгээр сард шалгалт хийсэн. Тэр багт нийтдээ Орон нутгийн хөгжлийн сан дээр улсын байцаагч Чанцалдулам, Сум хөгжүүлэх сан дээр улсын байцаагч М.Эрдэнэчулуун миний бие, Засаг даргын тамгын газарт албаны дарга Л.Хатанбаатар нар өөрсдийн чиглэлийн шалгалтуудыг хийлгэхээр удирдамж батлагдсаны дагуу шалгалт хийсэн... Би Сум хөгжүүлэх сангийн санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн. Энэ зөрчил Уянга сумын Засаг даргын тамгын газартай хамааралгүй ...”[7] гэв.

Гэрч Б.Чанцалдулам шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:

“... Орон нутгийн хөгжлийн сан дээр гарсан зөрчил юм. Тухайн үед хариуцаж байсан Уянга сумын Засаг дарга Баатар, Минжбадгар нартай холбоотой зөрчил гарсан. Энэ зөрчил Уянга сумын Засаг даргын тамгын газартай хамааралгүй ...”[8] гэв.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч З.Дагвасүрэн нь Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг даргад холбогдуулан “1.Уянга сумын Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн Б/02 тоот захирамжийг хүчингүй болгуулах,

2. Уянга сумын Засаг даргын Тамгын газрын ажил албан тушаалд эргүүлэн тогтоолгох,  

3. Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах,

4. Ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх”-ийг хүссэн 4 шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүх хавтас хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтад тулгуурлан доорх хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

1. “Уянга сумын Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн Б/02 тоот захирамжийг хүчингүй болгуулах” буюу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн эхний шаардлагын тухайд:  

Нэхэмжлэгч З.Дагвасүрэн нь Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг даргын Тамгын газрын даргаар 2005 оноос хойш тасралтгүй ажиллаж байсан байна.

Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны 2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн “Уянга сумын Засаг даргын тамгын газрын 2015, 2016 онуудын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх тухай” 29/01 дугаартай Өвөрхангай аймгийн Засаг даргын баталсан хяналт шалгалтын удирдамжийн дагуу Уянга сумын Засаг даргын тамгын газрын 2015, 2016 онуудын санхүүгийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж, мэргэжлийн туслалцаа үзүүлэхэд шалгалтын зорилго чиглэгджээ[9].

Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын Улсын ахлах байцаагч Л.Хатанбаатар дээрх удирдамжийн дагуу 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн ажлын      5 хоногийн хугацаанд хяналт шалгалт хийж гүйцэтгээд 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр “Зориулалт бус зарцуулсан хөрөнгийг нөхөн төлүүлэх тухай” 03 дугаартай Улсын байцаагчийн акт үйлдэж “... 1. Зориулалт бусаар зарцуулсан 7813,3 мянган төгрөгийг ЗДТГазрын дарга З.Дагвасүрэнгээр төлүүлж аймгийн орон нутгийн орлогын 100000952 тоот дансанд төвлөрүүлэхийг ЗДТГазрын дарга З.Дагвасүрэн, нягтлан бодогч А.Должинсүрэн нарт ...” тус тус хариуцуулсан байна.

Дээрх 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр “Зориулалт бус зарцуулсан хөрөнгийг нөхөн төлүүлэх тухай” 03 дугаартай Улсын байцаагчийн актыг Уянга сумын Засаг даргын Тамгын газрын дарга З.Дагвасүрэн, нягтлан бодогч А.Должинсүрэн хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж уг акт хуулийн хүчин төгөлдөр үйлчлэлтэй болсон байх бөгөөд актыг хариуцуулсан Засаг даргын Тамгын газрын дарга дарга, нягтлан бодогч нарын хэн аль нь тус актын талаар маргаагүй ажээ[10].

Хариуцагч Уянга сумын Засаг дарга нь Өвөрхангай аймгийн Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн “Хариуцлага тооцож, зөрчлийг арилгуулах тухай” 1/21 тоот албан бичгийг[11] хүлээн авч, Уянга сумын Засаг дарга 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 01/88 тоот албан бичгийг Засаг даргын Тамгын газрын дарга З.Дагвасүрэнд хүргүүлснээр 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 03/97 тоот албан бичгээр тайлбар өгчээ.

Хариуцагч Уянга сумын Засаг дарга 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн “З.Дагвасүрэнг ажлаас халах тухай” Б/02 дугаар захирамжаар “Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн ... улсын байцаагчийн 217 оны 29/01 тоот удирдамж, 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03 тоот акт, дүгнэлтийг удирдлага болгон ...” сумын Засаг даргын Тамгын газрын дарга Зундуйн Дагвасүрэнг “... албан үүргээ хангалтгүй биелүүлж, албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн” гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь халжээ[12].

Өвөрхангай аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн “Дүгнэлт гаргах тухай” 02 дугаар тогтоол[13] гарч, улмаар Уянга сумын Засаг дарга 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн А/38 дугаар тушаалаар маргаан бүхий захиргааны акт болох Б/02 дугаар захирамж гаргах болсон хууль зүйн үндэслэлээс Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсгийг хасч шийдвэрлэсэн байна[14].

Маргаан бүхий захиргааны акт болох Уянга сумын Засаг даргын 2017 оны Б/02 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэлийг хянавал:

1-рт Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1,

2-рт Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3,

3-рт 2017 оны 29/01 тоот удирдамж,

4-рт 03 тоот акт, дүгнэлт

5-рт албан үүргээ хангалтгүй биелүүлсэн

6-рт албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн гэх үндэслэлүүдийг хариуцагч Засаг дарга гаргаж тавьжээ. Эдгээр үндэслэл нэг бүрийг хянан үзэхэд:

1-рт Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалтыг үндэслэсэн буюу албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэл нь хууль зүйн үндэслэлгүй байсан болох нь хариуцагчийн 2017 оны А/38 дугаар захирамж[15] гарснаар нотлогдож байна.

Тухайлбал Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” бол сая төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах хууль зүйн үндэслэл бий болохоор хуульчлан заасан байх бөгөөд Өвөрхангай аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн 2017 оны     3 дугаар сарын 20-ны өдрийн “Дүгнэлт гаргах тухай” 02 дугаар тогтоолд Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалтыг үндэслэсэн нь буруу болохыг тогтоосон төдийгүй хариуцагч Засаг дарга 2017 оны А/38 дугаартай захирамж гаргаж зөрчлөө хүлээн зөвшөөрч дээрх зүйл заалтыг хассанаар[16] хууль зүйн уг үндэслэл буруу байсан болох нь нотлогдож байна.

2-рт Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь заалтыг шууд үндэслэл болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна” гэж уг 26 дугаар зүйлийн 26.1.1, 26.1.2, 26.1.3 дахь заалтуудыг яг ямар тохиолдолд хэрхэн хэрэглэх ёстой болохыг нарийвчлан хуульчлан зааж өгч зохицуулжээ.

Тодруулбал Төрийн албаны тухай хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ хангалтгүй биелүүлсэн тохиолдолд зөрчлийн шинж байдал, анх болон давтан үйлдсэнийг харгалзан үзэх ёстой болохыг хуульчлан заасан байна. Хуульд ийн нарийвчлан зааж зохицуулсаар атал 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь заалтыг үндэслэсэн нь буруу байна.

Зүйн Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэг буюу төрийн жинхэнэ албан хаагчид ногдуулах хамгийн хүнд хэлбэрийн сахилгын шийтгэлийг ногдуулахдаа зайлшгүй 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалтыг эхэлж үндэслэж, уг зүйлд заасан нөхцөл байдал бий болсон эсэхийг нарийн тодруулж хуулийг ягштал баримталж яг ямар зөрчил гаргасан, түүний шинж байдал, анх болон давтан үйлдсэн байдал болон холбогдох хуулийн зүйл заалтууд болох 13, 15, 40 дүгээр зүйл хэрхэн зөрчигдсөн талаар тодорхой зааж үндэслэлээ дурьдах ёстой байжээ.

Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийг үндэслэж байж сая 26.1.1-26.1.3 дахь заалтыг сонгон хэрэглэх хууль зүйн боломж бүрдэхээр тус хуульд нарийвчлан зааж өгч зохицуулсан байгаа болно[17].

Мөн энэ талаар буюу сахилгын шийтгэлийг ямар үед хэрхэн ногдуулах талаар Уянга сумын Засаг даргын Тамгын газрын дотоод журмын 2.9, 2.13[18] дахь хэсэгт тодорхой ойлгомжтой зааж зохицуулж өгсөн байна[19].

 Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэг болон Уянга сумын Засаг даргын Тамгын газрын дотоод журмын 2.9-ийн 3 дахь хэсэгт “төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” сахилгын шийтгэлийг хуульчлан журамлан заасан атал маргаан бүхий захиргааны акт болох Б/02 дугаар захирамжийн 1 дэх заалтад энэ талаар дурьдаагүй байна. Өөрөөр хэлбэл төрийн жинхэнэ албан хаагчид халах сахилгын шийтгэл ногдуулж байгаа бол Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэг заасны дагуу 1 жил гэсэн хугацааны асуудал зайлшгүй хэрэглэгдэх ёстой. Энэ 1 жил гэсэн хугацааны асуудал маргаан бүхий захиргааны актад огт тусгагдаагүй нь хууль зөрчсөн зөрчил мөн болно.

Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахтай холбоотой харилцааг өдгөө Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 97 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-аар зохицуулж байна. Уг журамд Хоёрт сахилгын шийтгэлийг хэрхэн ногдуулах талаар нарийвчлан тодорхойлж журамлаж өгсөн байх бөгөөд уг журмыг хариуцагч Б/02 дугаар захирамжийг гаргахдаа хэрэглээгүй, баримтлаагүй байна. Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах бол зайлшгүй уг журмыг баримтлах, уг журамд заасан шаардлагыг хангах үүргийг томилох эрх бүхий албан тушаалтанд хүлээлгэжээ.

3-рт 2017 оны 29/01 тоот удирдамжийг удирдлага болгосон нь үндэслэл муутай байна. Уг удирдамж нь Уянга сумын Засаг даргын Тамгын газрын 2015, 2016 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хэзээнээс хэрхэн хийх тухай чиглэл өгсөн утга агуулгатай байх ба хяналт шалгалт хийх Санхүүгийн хяналт шалгалтын Улсын ахлах байцаагч Л.Хатанбаатарын үйл ажиллагаанд хамааралтай ажээ[20].

4-рт 03 тоот акт, дүгнэлтийн тухайд. Санхүүгийн хяналт шалгалтын Улсын ахлах байцаагч Л.Хатанбаатарын 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн “Зориулалт бусаар зарцуулсан хөрөнгийг нөхөн төлүүлэх тухай” 03 тоот актын утга агуулга нь зориулалт бусаар зарцуулсан 7813,3 мянган төгрөгийг Уянга сумын Засаг даргын Тамгын газрын дарга З.Дагвасүрэнгээр төлүүлж, дансанд төвлөрүүлэхийг Уянга сумын Засаг даргын Тамгын газрын дарга З.Дагвасүрэн, нягтлан бодогч А.Должинсүрэн нарт хариуцуулжээ[21].

Уянга сумын Засаг даргын Тамгын газрын дарга З.Дагвасүрэн, нягтлан бодогч А.Должинсүрэн нар уг 03 тоот актыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж уг акт хуулийн хүчин төгөлдөр үйлчлэлтэй болсон байх бөгөөд актыг хариуцуулсан Засаг даргын Тамгын газрын дарга дарга, нягтлан бодогч нар тус актын талаар маргаагүй[22] болохыг дахин дурьдах нь зүйтэй байна.

2015, 2016 оны санхүүгийн хяналт шалгалт хийсэн удирдамжийн зорилгоос үзэхэд Уянга сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгахад чиглэсэн байна[23].

Удирдамжийн дагуу 03 тоот акт гарч шалгалтаар илэрсэн зориулалт бусаар зарцуулсан хөрөнгийг нөхөн төлүүлэх зорилготой байсан байх бөгөөд нөхөн төлөх үүрэг хүлээсэн эрх бүхий албан тушаалтан болох Тамгын газрын дарга актыг хүлээн зөвшөөрчээ.

Гэхдээ энэ нь Уянга сумын  Засаг даргын Тамгын газрын даргад арга хэмжээ авч хариуцлага тооцох тухай биш харин санхүүгийн хяналт шалгалтын явцад илэрсэн зориулалт бусаар зарцуулсан хөрөнгийг л Засаг даргын Тамгын газрын даргаар нөхөн төлүүлэх утга агуулгатай акт байна.

Улсын байцаагчийн 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн “Уянга сумын Орон нутгийн хөгжлийн сан, Сум хөгжүүлэх сангийн 2014-2015 оны, Малжуулах төслийн    2010-2015 оны, ЗДТГ-ийн 2015-2016 оны санхүүгийн үйл ажиллагаанд дүгнэлт өгөх тухай” 29/01 дугаартай дүгнэлт[24] нь санхүүгийн хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлуудын талаар дэлгэрэнгүй тоочих байдлаар бичигдэж, уг алдаа зөрчлийг арилгуулахаар албан шаардлага өгч, алдаа зөрчлүүд ямар шалтгаан нөхцлийн улмаас гарч байсан талаар тайлбар дүгнэлт өгч, цаашид ажлын хариуцлага алдсан албан тушаалтнуудад холбогдох хуулийн дагуу арга хэмжээ тооцон ажиллах нь зүйтэй болох талаар тодорхой дурьдсан байна.[25]

Хариуцагч Уянга сумын Засаг дарга Б/02 дугаар захирамж гаргах болсон үндэслэлдээ Улсын байцаагчийн акт, дүгнэлтийг дурьдсан нь үндэслэлтэй буюу Тамгын газрын дарга зөрчил дутагдал гаргасан болох нь Улсын байцаагч акт болон уг актыг хүлээн зөвшөөрч буй үйл баримтаар нотлогдож байна.

5-рт албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлийн тухайд Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” тохиолдлыг  хуульчлан заасан байх бөгөөд Өвөрхангай аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн “Дүгнэлт гаргах тухай” 02 дугаар тогтоолд Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалтыг үндэслэсэн нь буруу болохыг тогтоосон төдийгүй хариуцагч Засаг дарга 2017 оны А/37 дугаартай захирамж гаргаж зөрчлөө хүлээн зөвшөөрч дээрх зүйл заалтыг хассан[26] болохыг мөн дээр дурьдсан болохыг дахин тодотгоё.

Хуулийн дээрх заалтаас үзэхэд албан үүргээ хангалтгүй биелүүлсэн бол гэдэгт эхлээд хэдэн удаа хангалтгүй биелүүлсэн эсэхийг анхаарах, авч үзэх хууль эрх зүйн зохицуулалт үйлчилж байгааг заавал харгалзан үзэх ёстой байна.  

Өвөрхангай аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн “Дүгнэлт гаргах тухай” 02 дугаар тогтоолд “... 1. З.Дагвасүрэнд албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэж урьд нь холбогдох хуулийн дагуу сахилгын шийтгэл ногдуулсан эрх зүйн акт гараагүй байх тул...”[27] гэж дурьдсан байх төдийгүй хариуцагч Засаг дарга уг тогтоолыг хүлээн зөвшөөрч захирамждаа өөрчлөлт оруулсан байна.

Иймд албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэл үгүйсгэгдэж байна.

6-рт албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн гэх үндэслэлийн тухайд хэрхэн албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн болох нь тогтоогдохгүй байна. Учир нь Уянга сумын  Засаг даргын Тамгын газрын дарга З.Дагвасүрэнгийн ажлыг Засаг дарга дүгнэж 2015 онд байгуулсан үр дүнгийн гэрээг Засаг дарга 94.4 оноо буюу “А” маш сайн, 2016 онд 93.29 оноо буюу “А” маш сайн үнэлгээ тус тус өгч дүгнэж байжээ. Мөн зориулалт бусаар зарцуулсан хөрөнгийн тухай асуудал яригдаж байна. Энд албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлж ашиглан шамшигдуулсан, хувьдаа завшсан шинж байхгүй байгаа төдийгүй хариуцагч 03 тоот Улсын ахлах байцаагчийн актыг хүлээн зөвшөөрч санхүүгийн хяналт шалгалт зохих журмын дагуу явагдсан ямар нэгэн маргаан байхгүй, би тус актыг зөвшөөрч гарын үсгээ зурсан байгаа гэсэн тайлбар шүүхэд өгч байгаа болно.

Маргаан бүхий захиргааны акт болох Уянга сумын Засаг даргын 2017 оны Б/02 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуульд нийцэж буй эсэхийг хянавал:

Захиргааны аливаа шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлд заасны дагуу хувийн хэрэг, хяналтын дагалдах хуудастай байх ёстой атал Уянга сумын Засаг даргын 2017 оны Б/02 дугаар захирамж нь ямар нэгэн хувийн хэрэг, хяналтын дагалдах хуудасгүй гарсан байна.

Гэтэл бичгийн хэлбэрээр гаргах захиргааны шийдвэрт зайлшгүй хувийн хэрэг хөтөлж, шийдвэр гаргах үйл ажиллагааны үндэслэл, үе шат, оролцогчийн санал, холбогдох баримт, сонсох ажиллагаа, уулзалт, хуралдааны тэмдэглэл, шийдэл, хүргүүлсэн, мэдэгдсэн баримт зэргийг бүрдүүлэн, архивт хадгалах ёстой төдийгүй захиргааны шийдвэр бүрд хяналтын дагалдах хуудас хавсаргах бөгөөд дагалдах хуудсанд захиргааны шийдвэр боловсруулахад оролцсон албан хаагч бүрийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, албан тушаал, оролцоо, гүйцэтгэлийн тухай дэлгэрэнгүй тэмдэглэсэн байна. Дагалдах хуудсанд албан хаагчийн захиргааны шийдвэр боловсруулахад оролцсон оролцоо, гүйцэтгэлийг тэмдэглэнэ. Дагалдах хуудсыг албан хаагчид шагнал олгох, үр дүнгийн урамшуулал тооцох, сахилгын шийтгэл хүлээлгэх, эсхүл хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгоход харгалзана гэж Захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 29.3 дахь хэсэгт салаа утгагүйгээр тодорхой хуульчлан зааж өгсөн байна.

Маргаан бүхий Б/02 дугаар захирамж нь мөн Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан захиргааны актын шаардлагыг хангаагүй байна. Тухайлбал 40 дүгээр зүйлийн 40.2.3 “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах”, 40 дүгээр зүйлийн 40.2.5 “захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах” гэсэн зүйл заалтуудыг зөрчжээ. Захиргааны актад гомдол гаргах, түүнийг шийдвэрлэх журмыг тус хуулийн 9 дүгээр бүлэгт маш нарийвчлан заажээ.

Иймд дээрх дурьдагдсан бүхий л нөхцөл байдлуудыг дүгнэж үзээд шүүхээс нэхэмжлэгчийн Уянга сумын Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн Б/02 тоот захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага буюу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн эхний шаардлагыг хангаж, Уянга сумын Засаг дарга 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн “З.Дагвасүрэнг ажлаас халах тухай” Б/02 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.  

2. “Уянга сумын Засаг даргын Тамгын газрын ажил албан тушаалд эргүүлэн тогтоолгох”-ыг хүссэн 2 дахь шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч З.Дагвасүрэнг Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалаас халсан захирамж буюу “Уянга сумын Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн Б/02 тоот захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн эхний шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч З.Дагвасүрэнг Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.  Иймд нэхэмжлэлийн энэ 2 дахь шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

  3. “Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх”-ийг хүссэн нэхэмжлэлийн 3, 4 дэх шаардлагын тухайд:

Хэдий шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн эхний 1, 2 дахь шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн боловч нэхэмжлэлийн 3 дахь шаардлагыг хангах үндэслэлгүй байна гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь:

Санхүүгийн хяналт шалгалтын Улсын ахлах байцаагч Л.Хатанбаатарын 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн “Зориулалт бусаар зарцуулсан хөрөнгийг нөхөн төлүүлэх тухай” 03 тоот актаар зориулалт бусаар зарцуулсан 7813,3 мянган төгрөгийг Уянга сумын Засаг даргын Тамгын газрын дарга З.Дагвасүрэнгээр төрүүлж дансанд төвлөрүүлэхийг Уянга сумын Засаг даргын Тамгын газрын дарга З.Дагвасүрэн, нягтлан бодогч А.Должинсүрэн нарт хариуцуулжээ[28].

Уянга сумын Засаг даргын Тамгын газрын дарга З.Дагвасүрэн уг 03 тоот актыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, өдгөө акт хуулийн хүчин төгөлдөр үйлчлэлтэй болсон байх бөгөөд актыг хариуцуулсан Засаг даргын Тамгын газрын дарга дарга, нягтлан бодогч нар тус актын талаар маргаагүй байна[29].

Удирдамжийн дагуу хийгдсэн санхүүгийн хяналт шалгалтаар тодорхой зөрчил дутагдал илэрч 03 тоот акт гарч шалгалтаар илэрсэн зориулалт бусаар зарцуулсан хөрөнгийг нөхөн төлүүлэх зорилготой байсан байх бөгөөд нөхөн төлөх үүрэг хүлээсэн эрх бүхий албан тушаалтан болох Тамгын газрын дарга актыг хүлээн зөвшөөрч, одоо 03 тоот акт хуулийн хүчин төгөлдөр үйлчлэлтэй болжээ.

Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-т “эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах” нь төрийн жинхэнэ албан хаагчийн хүлээх нийтлэг үүрэг байхаар хуульчлан заажээ. Хуулийн уг зүйл заалт буюу 13.1.3-т заасан үүргээ нэхэмжлэгч зөрчсөн, алдаа дутагдал гаргасан байна гэж шүүхээс дүгнэлээ.

Иймд шүүхээс нэхэмжлэгч З.Дагвасүрэн нь Санхүүгийн хяналт шалгалтын Улсын ахлах байцаагчийн 03 тоот актыг хүлээн зөвшөөрч байгаа төдийгүй уг акт өдгөө хүчин төгөлдөр үйлчлэлтэй байгаа тул нэхэмжлэгчийг огт алдаа дутагдал гаргаагүй гэж үзэх боломжгүй, ямарч алдаа зөрчил гаргаагүй байхад нь хариуцагч Уянга сумын Засаг даргын Б/02 дугаар захирамжаа гарсан гэж үзэх, дүгнэх боломжгүй байх тул нэхэмжлэлийн 3, 4 дэх шаардлагыг шүүх хүлээн авч хангаж шийдвэрлэх үндэслэлгүй, тийм хууль эрх зүйн үндэслэл байхгүй байна гэж үзэж уг 2 шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.13 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, Захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 29.3, 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.2.5 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч З.Дагвасүрэнгийн “Уянга сумын Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн “З.Дагвасүрэнг ажлаас халах тухай” Б/02 тоот захирамжийг хүчингүй болгуулах, ажилд эргүүлэн тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн “З.Дагвасүрэнг ажлаас халах тухай” Б/02 тоот захирамжийг хүчингүй болгож, Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд З.Дагвасүрэнг эгүүлэн тогтоосугай.  

2. Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч З.Дагвасүрэнгийн “ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардагыг хэрэгсэхгүй болгосугай.  

3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Б.СУГАР

 


[1] Хавтаст хэргийн 1-2 дахь тал.

[2] Шүүх хуралдааны тэмдэглэлээс.

[3] Хавтаст хэргийн 16-17 дахь тал. 

[4] Шүүх хуралдааны тэмдэглэлээс.

[5] Хавтаст хэргийн 98 дахь тал.

[6] Шүүх хуралдааны тэмдэглэлээс.

[7] [7] Шүүх хуралдааны тэмдэглэлээс.

[8] [8] Шүүх хуралдааны тэмдэглэлээс.

[9] Хавтаст хэргийн 21-22 дахь талд тус удирдамж авагдсан болно.

[10] Хавтаст хэргийн 7, 28 дахь тал.

[11] Хавтаст хэргийн 34 дэх тал. Хууль тогтоомж зөрчсөн харьяалал, тайлбар 35-36 дахь тал.

[12] Хавтаст хэргийн 9, 38 дахь тал.

[13] Хавтаст хэргийн 5,  39 дэх тал.

[14] Хавтаст хэргийн 40 дэх тал.

[15] Хавтаст хэргийн 40 дэх тал.

[16] Хавтаст мөн тал.

[17] Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг нь урьдчилсан нөхцөл зааж байгаа бол мөн 26 дугаар зүйлийн 26.1.1-26.1.3 дахь хэсэг нь хүлээлгэх хариуцлага буюу ногдуулах сахилгын шийтгэлийг заажээ. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийг хэрэглэж байж мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсгийг хэрэглэх хуулийн боломж бий болно.

[18] Тус 2.13 дахь хэсэгт ямар тохиолдолд ажлаас халж болох үндэслэлийг нарийвчлан тоочиж зааж өгсөн байна. 

[19] Хавтаст хэргийн 72-74 дэх тал.

[20] Хавтаст хэргийн 21-22 дахь тал.

[21] Хавтаст хэргийн 7, 28 дахь тал.

[22] Хавтаст хэргийн 7, 28 дахь тал.

[23] Хавтаст хэргийн 21 -22 дахь тал.

[24] Хавтаст хэргийн 30-33, 109-112, 150-153 дахь тал.

[25] Энэ дүгнэлт нь бүхэлдээ Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаатай хамааралтай биш харин холбогдох хэсэг нь хамаарч байна.

[26] Хавтаст хэргийн 40 дэх тал.

[27] Хавтаст хэргийн 5, 39 дэх тал.

[28] Хавтаст хэргийн 7, 28 дахь тал.

[29] Хавтаст хэргийн 7, 28 дахь тал.