Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 0011

 

                            Б.Нямбаярын нэхэмжлэлтэй

                      иргэний хэргийн тухай

         Хэргийн индекс 132/2016/00390/И

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ё.Бямбацэрэн даргалж, Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчийг түр орлон гүйцэтгэгч Б.Баттөр, шүүгч М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 490 дугаартай шийдвэртэй,

Б.Нямбаярын нэхэмжлэлтэй Бугат сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох 467000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэллийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагч Ц.Жаргалсайханы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

           Нэхэмжлэгч Б.Нямбаяр

Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Мөнхжаргал

Хариуцагчийн төлөөлөгч Ш.Энх-Амгалан

Нарийн бичгийн дарга Э.Цэнгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Нямбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдөр хэрэглээний мод бэлтгэх зөвшөөрлийн эрхийн бичгийн үнэ 667000 төгрөгийг сумын холбогдох дансанд хийсэн боловч цаг хугацааны хүнд хэцүү бэрхшээлтэй байдал, амьдралын хүнд байдлаас шалтгаалан модоо бэлтгэж авч чадаагүй. Ингээд мод бэлтгэх зөвшөөрлийн эрхийн бичгийг дахин сунгуулсан боловч байгаль орчны газраас худал үнэн шаардлага тавьж байсны улмаас мод бэлтгэж авч чадаагүй.  Иймд миний бие гомдолтой тул эрхийн бичгийн үнэ  667000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Энх-Амгалан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Иргэнд хэрэглээний болоод түлшний мод бэлтгэх эрхийн бичгийг олгохдоо бэлтгэх, тээвэрлэх хугацаа зааж олгодог. Заасан хугацаанд модоо бэлтгэж аваагүй бол эрхийн бичиг хүчингүй болдог. Нямбаярынх мод бэлтгэх эрхийн бичгийн хугацаагаа хэтрүүлсэн байсныг Засаг дарга сунгаж өгсөн боловч энэ хугацаандаа модоо бэлтгэж аваагүй. Хэрэглээний модыг тусгай эрх бүхий компаниар, тусгаарлалт хийсэн газраас бэлтгэж авах эрхтэй. Гэтэл Б.Нямбаяр нь ийм арга хэмжээ аваагүй явсаар байгаад хугацаагаа хэтрүүлсэн байна. Эрхийн бичгийн төлбөр нь байгаль хамгаалах сан болон нөхөн сэргээлтийн төлбөр гэж 2 хуваагдаж Төрийн санд ордог. Дээрх төлбөр нь 2 жилийн өмнө Төрийн санд орсон, эрхийн бичигт заасан хугацаанд модоо бэлтгэж аваагүй  иргэний өөрийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн байгаа учраас бид эрхийн бичгийн төлбөрийг хариуцахгүй гэв. 

 

Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 492 дугаар шийдвэрээр

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1-д заасныг баримтлан хариуцагч Бугат сумын Засаг даргаас эрхийн бичгийн үнэ 467000 /дөрвөн зуун жаран долоон мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Нямбаярын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Нямбаярын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 20558 /хорин мянга таван зуун тавин найман/  төгргөгийг Төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Мөнхжаргал давж заалдах гомдолдоо: “...Ойн тухай хууль болон Байгаль орчны сайдын 2009 оны 127 дугаар тушаалаар батлагдсан журам зэрэгт мод бэлтгэх эрхийн бичгийг ганц удаа сунгана, тэгээд бэлтгэж чадаагүй бол орлогыг улсын орлогод хэвээр үлдээнэ гэж заагаагүй байна.

Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Ойн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7, 20 дугаар зүйлийн 20.1.4 нь дурьдсан хэсэгт хамааралгүй байна.

Шүүх зөвхөн Үндсэн хуульд нийцсэн хуульд заасан үндэслэлийг л баримтлан шийдвэрлэх учиртай гэтэл хуулинд яг таг тодорхой заагаагүй асуудлыг төсөөтэй хэрэглэх байдлаар хэрэглэсэн нь буруу гэж бодож байна. Учир нь мод бэлтгэх эрхийн бичгийн үнийг төлсөн тохиолдолд хичнээн ч удаа сунгаж, хэдийд ч модоо бэлтгэж болно гэж одоогийн хуулиар үзэж байна. Эрхийн бичиг дагалдах бичиг олгох журман дээр энэ талаар зохицуулалт байхгүй байгааг харгалзан үзэж, Булган аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

                                                           ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үгдэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Б.Нямбаяр нь Бугат сумын засаг даргад холбогдуулан мод бэлтгэх эрхийн бичгийн үнэ 467000 гаргуулах нэхэмжлэл бүхий шаардлагыг анхан шатны шүүхэд гаргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд Б.Нямбаяр нь 30м3 хэрэглээний мод бэлтгэх зөвшөөрөл бүхий эрхийн бичгийг Бугат сумын засаг даргаас худалдан авч 467000 төгрөг тушааж тэдний хооронд худалдах худалдан авах гэрээ хийгдсэн байна.

Нэхэмжлэгч өөрийн буруугаас тухайн хугацаандаа модоо бэлтгэж чадаагүйн улмаас эрхийн бичгийн хугацаа хэтэрсэн нь зохигчдын тайлбар бусад нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон, анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

Харин давж заалдах шатны шүүх хуралдааны явцад зохигчид нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчигүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол улсын тэмдэгтийн хураамжинд төлсөг 20558 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 -т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын  Иргэний хэргийн анхан шатны 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 492 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Энэ магадлал шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх учиртайг дурьдсугай.

3. Нэхэмжлэгч  давж заалдах журмаар гомдол гаргахдаа 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 20558 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-т  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ё.БЯМБАЦЭРЭН

ШҮҮГЧ                                                           Б.БАТТӨР

                                                                    М.ХҮРЭЛБААТАР