Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 165

 

  К.Хабдиланд холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Бат-Эрдэнэ, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ц.Бурмаа,

нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулан,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 07 дугаар цагаатгах тогтоол, Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 17 дугаар магадлалтай, К.Хабдиланд холбогдох 201504000116 дугаартай хэргийг иргэний нэхэмжлэгч Х.Шарив, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын гомдлоор хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1971 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Түкибай овогт Какешагийн Хабдилан нь Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт заасан “Хээл хахууль авах” гэмт хэрэгт холбогджээ.     

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасныг журамлан прокурорын газраас шүүгдэгч К.Хабдиланд Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.2.2 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч Х.Шаривын 601.868 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэжээ.

Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, иргэний нэхэмжлэгч Х.Шарив түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. 

Илтгэгч шүүгч Ч.Хосбаярын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Бурмаагийн саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Иргэний нэхэмжлэгч Х.Шарив түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нар хамтран хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн. Нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр үнэлэх тухай Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийн 95.3-т заасныг зөрчсөн. Давж заалдах шатны шүүхийн “К.Хабдиланы 8,5 тонн нүүрсийг үнэ төлбөргүйгээр хээл хахуульд авсан гэх үйл баримт үгүйсгэгдэж байна” гэсэн дүгнэлт нь хэрэгт авагдсан нотлох баримтаар үгүйсгэгдэж байна, Х.Шаривыг К.Хабдиланд 8,5 тонн нүүрсийг үнэ төлбөргүйгээр шилжүүлж, хээл хахууль өгсөн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж Өршөөл үзүүлэх тухай хуулиар прокурорын тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон. Шүүх яллах, цагаатгах талын баримтуудыг адилхан үнэлэх ёстой байсан. Мөн гэрч З.Бахыт, Ш.Айбек, М.Мухамед, Т.Алипхан Х.Хуандаг Ш.Берденбек, М.Халихан нарын мэдүүлгийг үнэн зөв биш гэж шүүх үнэлэхдээ зөвхөн Х.Шаривтай төрөл садан, ажил хэргийн холбоотой гэж үзсэн нь учир дутагдалтай байна. Харин гэрч К.Гайнигүль, А.Асылбек, К.Аманкельд, Й.Тойбек нарын мэдүүлгийг үнэн зөв, нотлох баримт гэж үзсэн үндэслэлээ тогтоол, магадлалдаа заагаагүй нь нэг талыг барьсан.

Баян-Өлгий аймгийн Засаг дарга Х.Дармены 2013 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 103 дугаар захирамжаар тус аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг ерөнхий боловсролын сургуулийн халаалт, дотуур байр хоолны газрын түрээсийн болон эзэмшигчийн гэрээг түр хугацаагаар цуцлахыг захирал К.Хабдиланд үүрэг болгосон байхад “Бомбалай” ХХК-тай 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр түрээсийн гэрээ байгуулсан нь Эрүүгийн хуулийн 264 дүгээр зүйлд заасан албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн байгааг анхаарч үзээгүй. Иймээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, хэргийн зүйлчлэлийг зөвтгүүлэх шаардлагатай байна. Х.Шаривыг К.Хабдиланд 8,5 тонн нүүрсийг үнэ төлбөргүйгээр шилжүүлж, хээл хахууль өгсөн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан эрүүгийн хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулан хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол хуулийн хүчин төгөлдөр байгаа. Иймд байхад К.Хабдиланыг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул цагаатгах тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэжээ.

Иргэний нэхэмжлэгч Х.Шарив хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...К.Хабдилан надаас түрээсийн гэрээг сунгаж өгөхөөр амлалт өгч хясан боогдуулах замаар 3 удаагийн үйлдлээр 8.5 тонн нүүрс авсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн нотлогдсон байхад түүнийг цагаатгасан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар намайг яллагдагчаар татаж Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийг журамлан хэргийг хэрэгсэхгүй болгосон байхад надаас хээл хахууль авсан К.Хабдиланы хэргийг цагаатгаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. К.Хабдиланы үйлдсэн гэмт хэрэг нь үнэхээр нотлогдоогүй, түүнийг цагаатгах хууль зүйн үндэстэй байсан бол надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолыг хүчингүй болгож намайг адилхан цагаатгах ёстой. Адилхан нэг хэрэгт холбогдсон хоёр хүний нэгийнх нь хэргийг өршөөлийн хуульд хамааруулж хэрэгсэхгүй болоод нөгөөгийнх нь хэргийг цагаатгасан нь үндэслэлгүй байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн цагаатгах тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү…” гэжээ.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...К.Хабдиланд холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн гүйцэд хийсэн. К.Хабдилан нь гэм буруугүй болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй тул цагаатгах тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй байна...” гэв.

Шүүгдэгч К.Хабдиланд холбогдох хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгасан боловч хээл хахууль авах гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож, тогтоогдоогүй байх бөгөөд шүүх энэ талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна гэж үзэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 353 дугаар зүйлийн 353.4 дэх хэсэгт зааснаар хяналтын шатны шүүх анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалаар тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн баримтыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэгэн нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрхгүй.

Иймээс хяналтын журмаар хэргийг хянан хэлэлцэх явцад зарим гэрч нарын мэдүүлгийг бусдаас илүү ач холбогдолтойд тооцох, К.Хабдиланы “Бомбалай” ХХК-тай байгуулсан гэрээг бусад нотлох баримтаас чухалчлан үзэх, улмаар К.Хабдилан нь 3 удаагийн үйлдлээр 8.5 тонн нүүрс хахуульд авсан үйл баримт тогтоогдоогүй тухай анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх, өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд иргэний нэхэмжлэгч Х.Шарив, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын хэргийн үйл баримтын талаар гаргасан гомдлыг хяналтын шатны шүүхээс хянавал зохих байдалд хамаарахгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Харин анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч К.Хабдиланд Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт дурдсан нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон болох нь нотлогдоогүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа талаар цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт тайлбарласан атлаа цагаатгах тогтоолын удирдлага болгох хэсэгт мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1 дахь хэсгийг баримталсан, тогтоох хэсэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсгийг заасан нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх өөр үндэслэлд хамаарч байх тул  цагаатгах тогтоол, магадлалд зохих өөрчлөлтийг оруулах байдлаар зөвтгөх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 07 дугаар цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн удирдлага болгосон заалтаас Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт...” гэснийг хасаж,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 07 дугаар цагаатгах тогтоол Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 17 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт...” гэснийг “...Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт...” гэж өөрчлөн шийтгэх тогтоол, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, иргэний нэхэмжлэгч Х.Шарив, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                          ДАРГАЛАГЧ

     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                        Т.УРАНЦЭЦЭГ  

ШҮҮГЧ                                                                  Ч.ХОСБАЯР