Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 151/ШШ2016/00974

 

2016 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 151/ШШ2016/00974

                                          Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Ариунаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороо, Сүмийн 1-13 тоотод оршин суух Жамъяан овогт Батжаргалын Ганболд /РД:МЕ68041218/-ын нэхэмжлэлтэй,

Төв аймаг, Сүмбэр сум, 2 дугаар багт оршин суух Боржигон овогт Пүрэвжавын Наранчимэг /РД:НШ86011561/-т холбогдох,

зээл, хүү 894 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Ганболд, нарийн бичгийн дарга А.Солонго нар оролцов.                                                                                                                                            

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Ганболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Үндсэн зээл 600 000, хүү 48 000 төгрөг, алданги 152 000 төгрөг нийт 800 000 төгрөг нэхэмжилж байна. Т.Наранчимэг 94,000 төгрөг хасаад өгөөч гэхээр нь хасаад 800 000 төгрөг нэхэмжилж байна. Анх 2 жилийн өмнө 2014 оны өвөл 2 100 000 төгрөг зээлж байсан. Түүнээс 1 500 000 төгрөгийг барагдуулсан байгаа. Үүнээс 600 000 төгрөгийн үлдэгдлийг хүүтэй нь нэхэмжилж байна.” гэв.

Хариуцагч П.Наранчимэг нь шүүхэд гаргасан тайлбартаа:

“Би Б.Ганболдтой утсаар ярьсан. Нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 800 000 төгрөг болгоно гэсэн болохоор би төлөхийг зөвшөөрч байгаа...” гэжээ.

 

Шүүх хуралдаан дээр хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг /хх 4, 13/  шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Ганболд нь хариуцагч Т.Наранчимэгт холбогдуулан зээл, хүү 894 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгаж 800 000 төгрөг нэхэмжилж байна.

 

Хариуцагч П.Наранчимэг нь шүүхэд тайлбарлахдаа /хх 13/ Б.Ганболдын нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж нэхэмжилж буй 800 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна... гэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь “... нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй” гэж заасан байх тул нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгах эрхтэй.

 

Иймд хариуцагч П.Наранчимэгээс 800 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 26 006 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 800 000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 23 750 төгрөгийг хариуцагч П.Наранчимэгээс гаргуулж нэхэмжлэгч Б.Ганболдод олгох нь зүйтэй байна.

Хариуцагч П.Наранчимэг нь шүүх хуралдаанд оролцож чадахгүй гэж утсаар мэдэгдсэн байх тул шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хийсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч П.Наранчимэгээс 800 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ганболдод олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 26 006 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Наранчимэгээс 23 750 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох ба энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг шүүх хуралдаанд оролцсон талд мэдэгдсүгэй.

7. Шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                   Э.АРИУНАА