Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2025/01327

 

 

 

 *******нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 192/ШШ2025/04011 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******нэхэмжлэлтэй

Хариуцагч *******, *******нарт холбогдох

40,230,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, *******, хариуцагч нарын өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.*******нь *******ийн Япон Улсаас Тоёота сай маркийн автомашиныг захиж авах хүсэлтэй байна, мөнгө зээлүүлж туслаач гэсний дагуу түүнд 2023.04.18-ны өдөр 1,900,000 төгрөг, 2023.04.21-ний өдөр 11,500,000 төгрөг, 3,000,000 төгрөг, 2023.04.22-ны өдөр 2,000,000 төгрөг шилжүүлсэн. Мөн 2023 оны 04 дүгээр сард хүргэн *******2,100,000 төгрөг (******* ажлын данснаас авч, өөрийн хүргэн *******руу шилжүүлсэн), 2023.07.18-ны өдөр 3,130,000 төгрөг *******ХХК-д Голомт банкны ******* тоот дансанд (хүргэн *******автомашины зардал гэж авсан), 2023.07.19-ний өдөр 6,500,000 төгрөг автомашины тээвэр, гаалийн зардалд, 2023.07.20-ны өдөр 100,000 төгрөг тус тус хүргэн *******Голомт банкны ******* тоот дансанд шилжүүлсэн. Нийт 30,230,000 төгрөгийг *******т шилжүүлсэн.

*******нь *******т 20,460,000 төгрөгийг буцалтгүй тусламж гэж, 45,430,000 төгрөгийг цалин хөлс гэж өгсөн, харин нэхэмжилж буй 30,230,000 төгрөгийг зээлийн зориулалтаар шилжүүлсэн болохоос бэлэг, буцалтгүй тусламж, цалин хөлсөнд огт хамааралгүй болно.

1.2.Мөн *******ийн охин *******нь 2023 оны 10 дугаар сард Хан-уул дүүрэг, *******төвд байрлах ******* сүлжээний бүтээгдэхүүн борлуулдаг газрын захирал нь гадаад явах болоод түрээсэлж буй талбайгаа *******т шилжүүлж байгаа. Сүлжээний шинэ бизнес эхлүүлээд мөнгөний хэрэгцээ байна. Та 10,000,000 төгрөг зээлээч гэхээр 10,000,000 төгрөгийг *******ийн хамт бэлнээр 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр аваачиж өгсөн. *******зээлсэн мөнгөө сарын дараа өгнө гэхээр нь шинэ ажил эхлүүлээд багагүй бэрхшээлтэй тулгарах байх, ирэх оны цагаан сарын дараа 2024 оны 03 дугаар сард авахаар тохиролцсон. Зээлдэгч мөнгөө тухайн хугацаандаа өгөөгүй, 2024 оны 11 дүгээр сард гэмтлийн эмнэлэгт хагалгаанд орохоор төлөвлөгдөж байхдаа мөнгөө авах тухай ярихад утсаа таслан, дахин холбогдоогүй гэжээ.

Иймд *******ээс автомашин худалдан авахтай холбоотой зээлдүүлсэн 30,230,000 төгрөг, түүний охин *******аас зээлдүүлсэн 10,000,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид гаргуулж өгнө үү.

2.Хариуцагч *******ийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1.Бид хэн хэнийгээ 2016 оноос хойш таньж мэддэг байсан, 2022 оноос хойш дотно харилцаа үүсгэж, 2024 оныг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан. *******надад түшиг тулгуур болоод цаашид хамт амьдраад явах болов уу гэж итгэж найдсаны үндсэн дээр би өөрийн эрхлэн явуулдаг бизнесийн үйл ажиллагаа, өрхийн амьжиргааны эх үүсвэрээ хүртэл түүнтэй нэгтгэж, Хан-Уул дүүрэгт байрлах *******худалдааны төвд түрээсэлдэг павильондоо өөрийн болон түүний барааг тавьж зарж борлуулдаг байсан. Бодит байдал дээр зээлдүүлсэн гэх 30,230,000 төгрөгийг нэхэмжлэгч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн зүйл огтоос байхгүй бөгөөд намайг автомашин захиалах гэж байгаа талаар сонсоод хоёулаа хамт амьдарч байгаа юм чинь би захиалах мөнгийг нь өгье, чамд би машин авч өгмөөр байна гэж хэлээд 2023 оны 04-07 дугаар capд 30,230,000 төгрөгийг шилжүүлснээр Тоёота сай маркийн ******* УЕО дугаартай автомашиныг Япон Улсаас оруулж ирсэн. Би анхнаасаа дээрх мөнгийг *******зээлээч, тодорхой хугацааны дараа буцааж өгье гэх байдлаар гуйсан зүйл огт байхгүй бөгөөд *******хамт амьдрах хугацаанд чи нэг машинтай болох хэрэгтэй, би чамд авч өгнө гэж удаа дараа хэлдэг байсан учраас нэлээн бодож үзсэний үндсэн дээр тухайн автомашиныг худалдан авсан.

2.2.Мөн охин *******нь амьдралаа биднээс хамааралгүйгээр хувиараа хөдөлмөр эрхлэн авч явдаг, 2023 оны 10 дугаар сард Хан-Уул дүүрэг, *******төвд лангуу түрээслэх үед *******нь надтай хамт очиж үзээд чиний охиныг дэмжье, туслах хэрэгтэй гэж хэлээд өөрөө түүнд 10,000,000 төгрөгийг бэлнээр гаргаж өгөөд ах нь дүүдээ бэлэглэж байгаа шүү, буцааж авахгүй гэж хэлж байсан. Хэдийгээр миний охин *******түүнээс огт мөнгө гуйгаагүй боловч тухайн үед мөнгөний хэрэгцээ шаардлага байсан тул баярлалаа гэж хэлээд авсан үйл баримт болсон.

2.3.Түүнчлэн би Хан-Уул дүүрэг, 5 дугаар хороо, Наадамчдын замд байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай *******центр төвийн 2 давхрын 06 тоот 46.4 м.кв талбайтай павильоныг 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарыг хүртэл хугацаанд түрээслэн ажиллуулдаг байсан бөгөөд *******болон түүний дүү нар удаа дараа намайг дарамт шахалтанд оруулж мөнгөний оронд түрээсийн эрхээ бидэнд шилжүүлж өг гэсээр би аргагүйн эрхэнд тухайн асуудлыг эв зүйгээр шийдвэрлэх хүрээнд тус лангууг *******нэр дээр шилжүүлэн өгсөн.

*******нь маш их хардаж сэрддэг, энэ нь даамжирч агсам тавьж гар хүрч эхэлсэн, түүнээс гадна ах дүү нар нь байнга амьдралд оролцож *******өмнөөс мөнгө нэхэн дарамталж, ажлын байр болон орон гэртээ байхад удаа дараа ирж лангуугаа өг гэж шахаж шаардсанаар би түүнийг өгөөд бүх асуудалд цэг тавиад дуусгахыг зорьсон боловч шүүхэд дахин нэхэмжлэл гаргасанд гомдолтой.

2.4.Хариуцагч нар нэхэмжлэгчээс 40,230,000 төгрөгийг хүлээн авсан үйл баримт дээр маргахгүй хэдий ч нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсанаар буцаан төлөх нөхцөл бүхий зээлийн зориулалтаар хүлээн аваагүй, цалин, бэлэг, буцалтгүй тусламжийн зориулалтаар өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.Хариуцагч *******ын татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. 2023 оны 10 дугаар сард Хан-Уул дүүрэг, *******төвд лангуу түрээслэх үед *******нь надад шинэ ажлыг нь дэмжье гэж хэлээд 10,000,000 төгрөгийг бэлнээр гаргаж өгсөн. Тэрээр ах нь дүүдээ бэлэглэж байгаа шүү, буцааж авахгүй гэж хэлээд өгсөн, уг мөнгийг зээлж авсан асуудал байхгүй гэжээ.

 

4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******ээс 30,230,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******олгож, нэхэмжлэлийн шаардлагаас *******болон 10,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 484,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 309,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******олгож шийдвэрлэсэн.

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:

Анхан шатны шүүх 10,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлээ тайлбарлахдаа ...*******нь энэ мөнгийг эгүүлэн төлөх үүрэг хүлээсэн гэх үйл баримт хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдоогүй, зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд энэ талаар шаардлагыг хангах боломжгүй гэжээ.

*******нь 2023 оны 04 дүгээр сард Хаан банкнаас 50 сая төгрөгийн зээл аван, 2 жилийн хугацаанд хүүгийн хамт 64 сая төгрөг болгон эргэн төлсөн тухай зээлийн гэрээ болон зээлээ хүүгийн хамт төлсөн тухай нотлох баримтууд хавтаст хэргийн 89-91, 95-97 дугаар талуудад байх бөгөөд "өөрөө зээл авсан банкинд өндөр хүү төлөн бусдад бэлэг өгөх боломж бас шаардлага байхгүй". Тэр тусмаа ах дүү болоод ойрын холбоо харилцаа байхгүй хүнд бэлэглэх ямар ч шалтгаан байхгүй.

Хариуцагч хариу тайлбартаа ...Охин *******нь биднээс хамааралгүй амьдралаа авч явдаг хүн... гэх бөгөөд ээж *******ээр дамжуулан тухайн үед ...байрны болоод бүх төрлийн хэрэглээний зээлүүд авсан байгаа тул *******нь өөрөө зээл авах боломжгүй байна гээд мөнгө зээлсэн. Худалдагч *******ийн охин *******т "хүү шаардахгүйгээр мөнгө зээлүүлэн, залуу хүн шинэ бизнес эхлүүлээд бэрхшээлтэй үед нь туслая гэсэн сэтгэлийг ингэж урвуулна гэж санасангүй. Дурын хүнд бэлэг өгөөд явах санхүүгийн бололцоотой ч хүн биш болно.

Мөн *******нь мөнгө авсан үйл баримтыг маргахгүй байгааг шүүх үнэлж хүлээн авах мөртлөө өгөх ёстой үйлдлийг нь үнэлэхгүй байгаад маш гомдолтой. Нэхэмжлэгч нь ямар нэгэн гэрээгүйгээр зээлүүлсэн мөнгөө нэхэмжилж байхад шүүх бэлэглэсэн гэж үзэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Үүнийг би бэлэглэсэн гэж шаардаагүй, нэхэмжлэгчээс гэрээгүйгээр мөнгө авч, түүнийгээ төлөхгүй удаж, зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаад гомдолтой. Тиймээс хариуцагч нь гэрээгүйгээр, хүүгүйгээр нэхэмжлэгчээс мөнгө авчихаад үүнийгээ бэлэг гэж буцаан төлөхөөс зайлсхийж байгааг хүлээн зөвшөөрөхгүй тул 10,000,000 төгрөгийг *******аас гаргуулж, анхан шатны шүүхийн шийдвэрийн *******т холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

6.Давж заалдах гомдолд хариуцагч *******ын гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүх хариуцагч *******т холбогдох иргэний эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон. Шүүхийн шийдвэрийн энэ хэсэг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Иймд нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

7.Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:

Анхан шатны шүүх 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хэргийг нээлттэйгээр хянан хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч *******ээс 30,230,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн үндэслэлээ тайлбарлахдаа ...Дээрх гүйлгээнүүдийн утгыг хэрэгт цугларсан бусад бичгийн баримт, гэрч нарын мэдүүлэгтэй харьцуулан судлахад нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан "...би *******т 20,460,000 төгрөгийг буцалтгүй тусламж гэж, 45,430,000 төгрөгийг цалин хөлс гэж өгсөн, харин нэхэмжилж буй 30,230,000 төгрөгийг зээлийн зориулалтаар шилжүүлсэн болохоос бэлэг, буцалтгүй тусламж, цалин хөлсөнд огт хамааралгүй" гэх тайлбар үндэслэлтэй. Тодруулбал, нэхэмжлэгч мөнгийг зээлдүүлээгүй, харин буцаан авахгүйгээр, туслах журмаар өгсөн гэх хариуцагчийн тайлбар бэлэглэлийн гэрээний агуулгатай байх боловч энэ байдал нь баримтаар тогтоогдоогүй. Нэхэмжлэгч хариуцагчаас өгсөн мөнгөө буцаан шаардаж буй тохиолдолд Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д заасан бэлэглэлийн гэрээний харилцаа үүссэн гэж, нэхэмжлэгчийг хариуцагчид дээрх мөнгийг буюу 30,230,000 төгрөгийг хариу төлбөргүй шилжүүлсэн гэж үзэх үндэслэгүй байна" гэжээ.

Анхан шатны шүүхийн дээрх дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байхаас гадна хууль хэрэглээний хувьд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй болжээ. Учир нь: Нэхэмжлэгч *******нэхэмжилсэн 30,230,000 төгрөг нь Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д заасан бэлэглэлийн гэрээний шинжтэй харилцаа буюу хариу төлбөргүй шилжүүлсэн хөрөнгө байсан гэх хариуцагч *******ийн тайлбар, татгалзал нь үндэслэлтэй байсан. Тодруулбал: 30,230,00 төгрөгийн гүйлгээ нь машин захиалах зардал" гэх утгаар *******ийн данс руу орсон байх ба ийнхүү шилжүүлсэн нөхцөл байдал нь хариу төлбөртэй буюу буцаан төлөх нөхцөл бүхий зээлдүүлсэн гэх иргэний эрх зүйн шинжтэй харилцааг үгүйсгэж байгаа юм. Харин "автомашин захиалах зардалд гэх утгаар хариуцагч руу шилжүүлсэн 30,230,000 төгрөг нь Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.5-д заасан "Тодорхой хөрөнгийг тусгай зориулалтаар хандивын журмаар бэлэглэж болно" гэх эрх зүйн зохицуулалттай нийцнэ. Нөгөөтэйгүүр *******болон ******* нар 2022-2024 онд хамтын амьдралтай байсан. Мөн тэдний өрхийн амжиргааны нэг эх үүсвэр нь Хан-Уул дүүрэгт байрлах "*******худалдааны төвд байрлах түрээсийн лангууны орлогоос бүрддэг байсан бөгөөд хариуцагч ******* нь *******тай хамтын хөдөлмөрөө нэгтгэж өөрөө лангуун дээр сууж бараа бүтээгдэхүүнээ зарж орсон орлогыг нэхэмжлэгч рүү тухай бүр шилжүүлдэг үйл баримтууд хэрэгт авагдсан зохигчдын дансны хуулга, гэрчүүдийн мэдүүлэг, "Титан" барилгын материалын худалдааны төвөөс ирүүлсэн албан бичиг, түрээсийн гэрээ зэргээр нотлогддог нь талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй болохыг харуулна гэжээ.

 

8.Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. *******ээс 30,230,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болсон, шүүх хуулийг зөв хэрэглэсэн. Хариуцагч тал бэлэглэлийн гэрээ байгуулагдсан, Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.5 дахь хэсэгт зааснаар тусгай зориулалттай хандивын журмаар бэлэглэсэн гэх агуулгаар тайлбарласан. Иргэний хуулийн 279 дүгээр зүйлийн 279.4 дэх хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол тусгай зориулалттай хийсэн бэлэглэлийн гэрээг бичгээр хийх ёстой. Гэтэл талуудын хооронд бичгээр гэрээ байгуулагдаагүй учраас хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

Мөн хамтын амьдралтай байсан гэх агуулгаар тайлбарладаг боловч анхан шатны шүүх хуралдааны явцад хамтын амьдралтай байгаагүй болох нь тогтоогдсон. Хувийн харилцаатай байсан эсэх талаар талууд маргаагүй. Хариуцагч *******т буцалтгүй тусламж болгон 20,460,000 төгрөг, цалин 45,430,00 төгрөг өгсөн талаар нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч маргаагүй. Зээлээр автомашин худалдан авсан учраас 30,230,000 төгрөгийг шаардаж байгаа. Иргэний хуулийн 208 дугаар зүйлд заасан шаардлагын дагуу зээлийг эргэн төлөх үүрэгтэй учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Иймд хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад, нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч *******ийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч *******нь зээлийн гэрээний үүрэгт хариуцагч *******ээс 30,230,000 төгрөг, хариуцагч *******аас 10,000,000 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1.Нэхэмжлэгч *******нь хариуцагч *******т автомашины захиалгатай холбоотойгоор 2023.04.18-ны өдөр 1,900,000 төгрөг, 2023.04.21-ний өдөр 11,500,000 төгрөг, 3,000,000 төгрөг, 2023.04.22-ны өдөр 2,000,000 төгрөг, мөн 2024 оны 04 дүгээр сард 2,100,000 төгрөг *******(******* ажлын данснаас авч, өөрийн хүргэн *******шилжүүлсэн), 2023.07.18-ны өдөр 3,130,000 төгрөг *******ХХК-д Голомт банкны ******* тоот дансанд (хүргэн *******автомашины зардал гэж авсан), 2023.07.19-ний өдөр 6,500,000 төгрөг болон 2023.07.20-ны өдөр 100,000 төгрөг *******Голомт банкны ******* тоот дансанд (хүргэн *******тээвэр, гааль автомашины зардалд, мөн үлдэгдэл тооцоо дутсан гэж авсан), нийт 30,230,000 төгрөг шилжүүлсэн байх ба уг тооцоог хариуцагч ******* маргаагүй.

3.2.Хариуцагч ******* нь Тоёота сай маркийн ******* УЕО улсын дугаартай автомашины өмчлөгчөөр 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр бүртгэгдсэн ба уг автомашиныг эзэмшиж, ашиглаж байгаа талаар мөн маргаагүй.

3.3.Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагч *******т 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 10,000,000 төгрөгийг бэлнээр шилжүүлсэн байна.

 

4.Хариуцагч ******* 30,230,000 төгрөгийг, хариуцагч *******10,000,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэг хүлээсэн эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.

4.1.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ******* Япон Улсаас автомашин захиалах хүсэлтэй байна, мөнгө зээлүүлж туслаач гэсний дагуу мөнгө зээлдүүлсэн, уг мөнгөөр ******* автомашин худалдан авсан гэж тодорхойлсон ба хариуцагч ******* нь намайг машин захиалах гэж байгаа талаар сонсоод хоёулаа хамт амьдарч байгаа юм чинь би захиалах мөнгийг нь өгье, чамд би машин авч өгмөөр байна гэж хэлээд 30,230,000 төгрөгийг шилжүүлснээр Тоёота сай маркийн ******* УЕО улсын дугаартай автомашиныг захиалан авсан гэж тайлбарлан мэтгэлцжээ.

4.2.Нэхэмжлэгч нь хариуцагчийн татгалзлыг маргаж, түүнд буцалтгүй тусламжид 2022 оны 08 дугаар сараас 2024 оны 10 дугаар сарыг дуустал хугацаанд 38 удаагийн гүйлгээгээр 20,460,000 төгрөг, цалин хөлсөнд 2023 оны 01 дүгээр сараас 2024 оны 05 дугаар сарын хугацаанд 39 удаагийн гүйлгээгээр 45,430,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн, нэхэмжлэлд дурдсан мөнгөн хөрөнгө автомашин худалдан авахад зориулсан тусдаа зээлийн төлбөр гэж тайлбарлаж, Хаан банк ХК-ийн шилжүүлгийн мэдээлэл баримтуудыг шүүхэд гаргасан.

4.3.Хариуцагч ******* нь нэхэмжлэгчийн дээрх тооцоолол, төлбөрийн баримтуудыг нотлох баримтаар үгүйсгээгүйн зэрэгцээ өөрийн татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байна.

4.4.Иймээс анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ. Зээлийн гэрээгээр зээлдэгч нь зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээх тул нэхэмжлэгч нь хариуцагч *******ээс 30,230,000 төгрөгийг буцаан төлөхийг шаардах эрхтэй.

Энэ талаарх хариуцагч *******ийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

4.5.Хариуцагч *******нь нэхэмжлэгчийн шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг түүнд буцаан өгөх үндэслэлгүй гэх тайлбараа баримтаар нотлоогүй байгааг анхан шатны шүүх анхаараагүй нь алдаатай болсныг давж заалдах шатны шүүхээс залруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь хариуцагч *******т 10,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь тогтоогдсон ба хариуцагч *******уг мөнгөн хөрөнгийг буцааж төлөх үүрэггүй гэх татгалзлаа баримтаар нотлоогүй тохиолдолд тэрээр авсан мөнгөө буцаан өгөх үүргийг хүлээнэ.

Тодруулбал, хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд нь хөрөнгөө уг зүйлийг олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй байхаар Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зохицуулсан тул нэхэмжлэгч нь хариуцагч *******аас 10,000,000 төгрөгийг буцаан төлүүлэхээр шаардсан нь үндэслэлтэй.

 

5.Дээрх үндэслэлээр хариуцагч *******аас 10,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 192/ШШ2025/04011 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******ээс 30,230,000 төгрөг, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч *******аас 10,000,000 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******олгосугай. гэж өөрчилж,

2 дахь заалтын 309,100 төгрөг гэсний дараа хариуцагч *******аас 174,950 төгрөгийг тус тус гэж нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 174,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагч *******ээс төлсөн 309,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД   Д.ЦОГТСАЙХАН

 

Д.ЗОЛЗАЯА