Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 2019/ШЦТ/209

 

 

 

 

 

 

 

 

 

 2019              07              16                                                    2019/ШЦТ/209

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Дуламжав,

Улсын яллагч Б.Эрхэмбаяр,

Хохирогч Я.А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн,

Шүүгдэгч Ш.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймаг дахь Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Бууч Ш.Э-од холбогдох эрүүгийн 1934004550247 дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Ш.Э, 1986 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 1-р багийн Хэрлэнбаян улаан гэх газар оршин суух засаг захиргааны бүртгэлтэй, одоо Төв аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр багийн “Баянгийн бүрд, уртын гол” гэх газар нутаглах, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ОС86100316 регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ш.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч Ш.Эын өгсөн: 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдөр найз  Я.А, Есөн-Эрдэнэ нартай Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг "Босго толгой" гэх газар Бямбадалай гэх айлд 1 шил архи хувааж уусан. Уг нь хоёр шил архи авсан байсан нэг архиа бараагүй байсан. Тэгээд согтуудаа найз Я.Атэй муудалцсан. Я.А хавар 4 сарын үед манай гэрт согтуу ирээд намайг ална гээд хайч бариад дайраад агсам тавиад тэр асуудалд нь би гомдсон байсан. Тэгээд би таны хаврын үйлдэлд их гомдсон шүү гэж хэлсэн чинь Я.А ах чи хайч, хутга аваад ир алаад өгье гэсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд чулуугаар толгойн тус газар нь цохисон. Би бусдын эрх чөлөөнд халдаж гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

 

Хохирогч Я.Аийн өгсөн: Манайх Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд 1-р багийн нутаг “Босго толгой" гэх газар мал маллан амьдардаг. 2019 оны 6 дугаар сарын 01-ний өглөө манайд Э манайд ирээд хоол цай идэж уугаад явсан. Тэгээд өдөр нь намайг Эрдэний хамт худаг дээр мал услаад байж байсан чинь Э машинтай ганцаараа ирээд Есөн-Эрдэнэ бид хоёрыг цуг Өвөржанчивлан ороод ирье гээд тэгэхээр нь би Есөн-Эрдэнэ та хоёр цуг яваад ир би малаа услаад байж байя гэсэн чинь Э цуг яваад ирье гээд байхаар нь цуг явсан. Өвөржанчивлан ороод  тэндээс хоёр шил архи аваад бид гурав замдаа нэг шил архийг нь хувааж уусан. Тэгээд Төв аймгийн Сэргэлэн сумын Босго толгой гэх газар Бямбасүрэнгийнд ирээд нэг шил архиа ууж байгаад Э бид хоёр маргалдсан. Гэрээс гараад Э намайг өмсөж байсан хувцсаар боогоод тэгээд чулуугаар толгой руу цохиод хэсэг зуур юу болсныг мэдэхгүй нэг мэдсэн манай эхнэр намайг ирж авч эмнэлэгт үзүүлсэн. Намайг цохиж хаячхаад өөрөө гэртээ хариад унтаад өгсөн байсан. Бямбасүрэнгийн гэрийн гадаа намайг Э цохиж зодож биед гэмтэл учруулахад Есөн-Эрдэнэ, Бямбасүрэн, эхнэр нь байсан. Намайг зүгээр байхад Э нь үгээр өдөж байгаад цохиж зодож биед гэмтэл учруулсанд гомдолтой байна. Миний толгой хоёр газар хагарч оёдол тавиулсан. Дух шалбарсан. Эмчилгээ хийлгэсэн эмчилгээний зардал нэхэмжилж байна гэх мэдүүлэг,

 

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

 

Гэрч Р.Баярхүүгийн өгсөн: Би 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 11 цагийн үед гэртээ нөхөр хүүхдүүдийн хамт байж байтал манай гэрт Я.А, Э, Есөн-Эрдэнэ нар халамцуухан 0.75 литрийн Хараа архитай ирсэн. Архиа уугаад дундаа ороогүй байхад хоорондоо маргалдаад байсан. Э Я.Аийг чи намайг хавар ална гээд хайч бариад байсан би чамд гомдсон гээд уйлаад байсан. Тэгсэн Я.А дуугүй сууж байгаад тэгвэл одоо чамайг ална гээд Э руу дайраад намайг хайч, хутга аваад ир гэж хэлсэн. Тэр үед эд нар чинь болохоо байлаа гээд гэрээсээ хөөж гаргасан. Тэгээд гадаа гараад Э, Я.А нар ноцолдоод байсан гэрээ цэвэрлээд гэртээ байж байгаад гэрээс харсан чинь Я.А толгой нь хагарчихсан цус гарчихсан, Эыг Есөн-Эрдэнэ салгасан байдалтай байж байсан. Би Я.Аийн толгойг хэн цохисон талаар хараагүй намайг гэрээс гарч ирээд харсан чинь толгой нь хагарчихсан байдалтай байсан. Манай гэр бүлийн гишүүдэд болон миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Надад гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /хх 17/,

 

            Гэрч Д.Есөн-Эрдэнэнийн өгсөн: ...Төв аймгийн Сэргэлэн сумын Босго толгой гэх газар Бямбасүрэнгийнд ирээд нэг шил архи гаргаад Я.А, Э, Бямбасүрэн нар юм яриад ууж байсан. Би хажууд нь хэвтэж байгаад хэсэг зуур унтчихсан байсан чинь Я.А, Э хоёр маргалдаад барьцалдаад авсан. Тэгэхээр нь би салгаад Эыг аваад гэрээс гаргаад хажуудаа байлгаж байсан. Бямбасүрэн Я.Аийг аваад хажуудаа байж байсан. Тэгээд би тамхи асаагаад эргээд харахад хажууд байсан Э гүйж очоод Я.Аийн толгой тус газар чулуугаар цохиж Я.Аийн толгой хагараад тэгээд би салгаад тэнд Я.А цусаа угаагаад байж байсан. Тэгээд би малдаа явчихсан гэх мэдүүлэг /хх 18/,

 

            Гэрч Ц.Гэрэлмаагийн өгсөн: Би хүүхдүүдийн хамт Улаанбаатар хотын Багахангай дүүрэгт байдаг. Манай нөхөр Я.А малтай Төв аймгийн Сэргэлэн суманд байдаг. Тэгээд 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр би Сэргэлэн сумын нутаг Босго толгой гэх газар гэртээ ирж хоноод 2019 оны 6 дугаар сарын 01-ний өглөө Э согтуу манайд ирээд манайд хоол цай идэж уугаад эрүүл болоод явсан. Тэгээд би Багахангай дүүрэг яваад манай нөхөр Я.А, Есөн-Эрдэнэ хоёр худаг дээр малаа услаад үлдсэн. Тэгээд өдөр нь Бөө гэх хүний утсаар Я.А танай нөхрийн толгой тархи нь хагарчихсан цус болчихсон ухаангүй худаг дээр байна гэсэн. Тэгээд дэлгүүрээ хаагаад дүүгийн машинтай хамт худаг дээр нь яваад очсон чинь нөхөр Я.А толгой тархи нь хагарчихсан цус болсон ухаангүй байсан. Тэгээд би Багахангай дүүргийн эмнэлэг дээр авчирч үзүүлээд толгойд нь оёо тавиулаад эмчилгээ хийлгэсэн. Намайг худаг дээр очиход Я.А нь толгой нь хагарчихсан байдалтай хажууд нь Бөө гэх хүн байсан гэх мэдүүлэг /хх 20/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн №08 шэ/304 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.Я.Аийн биед зулайн хуйханд шарх, дух, толгойн хуйханд зулгаралт, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. 5.Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой." гэжээ /хх 23/,

 

шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 34/, шүүгдэгч Ш.Эын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 36/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх 37/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 38/, согтуурал шалгасан тэмдэглэл /хх 42-43/, яаралтай тусламжийн хуудас /хх 44-45/, хохирогчоос өгсөн гэрэл зураг, хохирлын баримт /хх 48-51/ зэрэг болно.   

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

 

            Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Ш.Э нь хууль зүйн хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан “танхайн” сэдэлтээр, санаатай үйлдлээр хохирогчийн эрүүл мэндэд Гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

            Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ш.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд 1 дүгээр багийн нутаг “Босго толгой” гэх газар хохирогч Я.Аийн толгойн тус газар чулуугаар цохиж эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь " биед зулайн хуйханд шарх, дух, толгойн хуйханд зулгаралт, хүзүүнд цус хуралт" бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Я.А, гэрч Р.Баярхүү, Ц.Гэрэлмаа, Д.Есөн-Эрдэнэ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн №08 шэ/304 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогджээ. 

 

Иймд шүүгдэгч Ш.Эыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Шүүгдэгч Ш.Э нь гэм хорын хохиролд хохирогч Я.Ад 450 000 төгрөг төлсөн болох нь шүүх хуралдаанд өгсөн тэдний мэдүүлгээр тогтоогдсон, шүүхийн шатанд хохирогч Я.А нь эмчилгээний зардал гэх 403 000 төгрөгийн нотлох баримт ирүүлж мөн цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэжээ.

 

 Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019.6.07-ны өдрийн №08 шэ/304 дугаартай шинжээчийн дүгнэлтээр: Хохирогчид учирсан гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч, цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй гэжээ. Үүнээс дүгнэвэл хохирогчийн Мөнгөн гүүр эмнэлэгт Соронзон үелзүүрт томографикийн оношлогоог ямар шалтгааны улмаас, анхан шатны ямар эмчийн заавраар хийлгэсэн нь тодорхойгүй, шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас үүссэн гэмтлийн улмаас үзүүлэх зайлшгүй шаардлагатай эсэх нь тодорхойгүй, анхан шатны мэргэжлийн эмчийн урьдчилсан онош зэрэг нь хэрэгт авагдаагүй тодорхойгүй, шатахууны зардал нь ямар маркийн тээврийн хэрэгслээр хэдэн км зам туулахад 100 км-т хэдэн литрийн бензин зарцуулсан нь тодорхойгүй зэргээс дээрх хохирлыг хангах боломжгүй гэж шүүх үзлээ.     

 

Иймд хохирогч Я.Аийг гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг  нээлттэй орхих нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Ш.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650 000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн шүүгдэгч Ш.Э-ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан учраас улсын яллагчийн гаргасан торгуулийн ялын хэмжээг багасгаж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ш.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлын нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгч Ш.Э-од эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэргийн шинж, чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн улсын яллагчийн 650 000 төгрөгөөр торгох ял оногдуулах талаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруу, хохирогчид учруулсан хор уршиг зэрэгт тохирсон гэж хүлээн авах нь зүйтэй гэж үзэв.

 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т "Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно." гэж заасан бөгөөд шүүгдэгчийн хөрөнгө орлогын байдал болон хүсэлтийг харгалзан 650 000 төгрөгийн торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 216 700 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Шүүгдэгч Ш.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

 

Эрүүгийн 1934004550247 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ш.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Бууч Ш.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ш.Э-ыг 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650 000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ш.Э-од оногдуулсан 650 000 төгрөгийн торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 216 700 /хоёр зуун арван зургаан мянга долоон зуу/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Ш.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5.Эрүүгийн 1934004550247 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

6.Хохирогч Я.А-ийн 403 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ