Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 2019/ШЦТ/216

 

 

 

 

 

 

 

 

            2019           07                22                                                2019/ШЦТ/216

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанчимэг,

Улсын яллагч Б.Эрхэмбаяр,

Хохирогч Э.Э,

Хохирогчийн өмгөөлөгч С.Соронзонболд,

Шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймаг дахь Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Баататан Х.Бд холбогдох эрүүгийн 1805064320206 дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Баататан Х.Б, 1972 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 15 дугаар хороо, 54-19 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч Х.Бгийн өгсөн: Би өөрийн үйлдсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Э.Э нь манай дүүтэй сүүлд суусан ба манай дүү Баянхангайн урьд нь сууж байсан эхнэрийнх нь үлдээсэн дагавар хүү болох Тэмүүлэнг гадуурхаж гэр орноосоо хөөж туудаг асуудал надад хэлсэн. Энэ талаар Э.Эгаас асуухаар Тэмүүлэн үгэнд орохгүй томроод би хөөгөөд явуулсан энэ тэрээ гэж хэлж байсан. Тэгээд би өнчин дүүгээ өрөвдөөд, мөн шилжилтийн насанд яваа хүүхдийн зан аашийг нь эвдээд гудамжинд гаргачих юм биш биз дээ гэж бодож ийм дэмий хэрэг хийчихлээ. Миний хувьд ямар нэгэн байдлаар Э.Эгийн амийг бүрэлгэх, гэмтээх санаа байгаагүй, жаахан айлгах л бодолтой байсан гэх мэдүүлэг /хх 45/, 

 

Хохирогч Э.Эгийн өгсөн: 2018 оны 12 дугаар сарын 13-ны өглөө манай хадам ах Х.Б нь нөхөр бид хоёртой Бүрд худалдааны төвийн урд талд уулзаад Батсүмбэр рүү   хамт   явъя   гээд   манай  машинд  сууж  хамт  явсан.  Тэгээд  бид  гурав  Төв  аймгийн

Батсүмбэр сум орж нөхрийн эмээ, өвөө хоёрын буйрыг эргэчихээд цааш Баянгол гэх амралтын газар руу явсан. Хадам ах Х.Б уг амралтын газар тагнуулын холбоочны сургалт болж байгаа тэнд очъё гэсэн юм. Тэгээд уг амралтын газар очиход нөхөр Баянхангай машиндаа үлдээд Х.Б ах бид хоёр уг сургалт болно гэсэн газар руу явсан. Х.Б ах надад хэлэхдээ намайг тагнуулын газарт холбоочин болгоно харин нөхрийг чинь сөрөг тагнуулын ажилтан болгоно гэж хэлсэн. Ингээд уг амралтын газрын урдуур гараад цаана нь байсан уул руу хамтдаа өгсөж алхсан бөгөөд тэр уулыг давахаар нууц тагнуулын байр байгаа гэсэн. Тэгтэл уг уулыг давтал ямар ч байр байхгүй хоосон газар байхаар нь би нөгөө байр чинь байхгүй байна ш дээ гэхэд ах утсаар яръя гээд утсаа гаргаж ирж ярьснаа бид гурвуулаа ирсэн Альфард гэдэг машинтай байгаа. Бид хоёр дээш уул даваад ирлээ. Нөгөө газар маань байхгүй байна гээд ярьсанаа надад бид хоёрыг уулын зах дагаад яваад бай, өөдөөс гараад ирье, хүний мөр байгаа шүү гэсэн. Тэгээд бид хоёр уулын зах дагаад дахин хоёр дахь уулаа давтал бас л хоосон тал газар байсан. Тэгтэл Х.Б ах “за ах нь дахиад яръя” гээд утсаар ярьснаа “нөгөө хүн чинь усанд орж байна гэнээ, яг одоо гарлаа гэж байна. Хоёулаа жаахан суугаад хүлээж байя” гэсэн. Тэгээд бид хоёр жаахан амарч байгаад цааш алхъя гэхээр нь би дагаад алхсан. Тэгээд Х.Б ах нэлээд түрүүлж алхаж байснаа намайг нааш ирээ, нөгөө хүн чинь энд ирчихсэн байна гэхээр нь би ашгүй дээ гээд хурдан алхаад очтол хүн байхгүй байхаар нь хаана байна тэр хүн чинь гэтэл тэр уулны доор нааш ир гээд бид хоёрыг дуудаад байна ш дээ чи түрүүлээд алхаж бай, ах нь шээчихээд араас нь чинь очъё гэхээр нь би доош уруудаж алхаад хүн харагдахгүй байхаар нь Х.Б ахыг хүлээгээд зогсож байсан. Гэтэл ах гэнэт дээрээс гүйж ирсэнээ намайг заамдаж аваад газар унагааж дээрээс өвдөглөж суусанаа хоолойг хоёр гараараа боосон. Тэгэхээр  нь би Х.Б ахаа гээд орилтол тэр улам хоолой боож нэг хэсэгтээ ухаан балартсан. Тэгээд гэнэт сэргээд “ахаа миний хоёр хүүг бодооч дээ, тохиролцъё таны хүссэнийг хийе гэхэд чи надтай юу тохиролцох гээд байгаа юм бэ гэхээр нь би энэ болсон зүйлийг хэнд ч хэлэхгүй, өвөөгийнхөө нэрээр тангараглая гэхэд Тэмүүлэнг чи дарамталдаг, миний үр удмыг дарамталдаг. Би өмнө нь чамд сануулж байсан байхаа. Тэмүүлэнг оролдоод үзээрэй гэхээр нь та юу яриад байгаа юм бэ, би огт Тэмүүлэнг дарамталдаггүй. Бид хоёрыг хамт байхад Тэмүүлэнгээс асуугаарай гэж хэлтэл ах чи наад хоолойн дээрээсээ гараа ав гэхээр нь би гараа автал чи бос гэсэн. Тэгэхээр нь бостол намайг мод түшээд зогс гэхээр нь зогссон. Тэгээд надтай ярих юм байна гэсэн чамайг би алах байсан бол аль хэдийнээ хутгалаад алчихсан байсан. Тэрийг чинь би алдаггүй бөгөөд тусдаа алдаг хүн байдаг юм. Гадуур үл таних цогцос олдлоо гээд байгаа чинь тагнуултай холбоотой хүмүүс тэгж алуулсан байдаг. Чи тагнуултай холбоо юм ярьж болохгүй. Хэрэв яривал ингээд алуулна гэсэн. Тэгээд бид хоёр цааш явж Баянхангай дээр очсон бөгөөд очихоос өмнө чи юу ч болоогүй юм шиг байгаарай. Инээгээд л байж байгаарай. Тагнуулын дарга гэж цагаан толгойтой нүдний шилтэй өвгөн байдаг юм байна. Цай уучхаад гараад ирлээ гэж хэлээрэй гэсэн. Тэгээд машин дээр очоод бид гурав хот руу орж ирээд Х.Б ахыг Сансарын колонк дээр буулгасан бөгөөд тэнд өөрийг нь тагнуулын жолооч хүлээгээд байж байгаа гээд ярьсан. Х.Б нь Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт байрлах Баянгол амралтын газрын хойд ууланд эхлээд намайг заамдаж аваад дэгээдэж унагаагаад дээр гарч өвдөглөөд хоолой боосон. Х.Б надад уг асуудлыг хэлэх юм бол надаас өөр алдаг хүн байдаг юм шүү. Баянхангайд хэлж болохгүй шүү гэсэн. Уг асуудлаас би өнөөдрийг хүртэл маш их айдас хүйдэстэй байгаа. Нэг хэсэг гэртээ харьж чадахгүй хөдөө ээж дээрээ 2 хүүхдийн хамт амьдарсан. Энэ асуудал мөнгөний асуудлаас болсон гэж үздэг. Байраа зарна гэхээр нь би заруулахгүй гэсэн үүнээс болсон байх. Тэр үед мөнгөний асуудлаа болоод маргалдсан. Миний нөхрийн ах, миний хоёр хүүхдийн ах хэдий ч би гомдолтой байна. Өнөөдрийн байдлаар надад гаргаж өгөх баримт байхгүй байгаа хэдий ч ирэх очих унааны зардал, шинжилгээ өгсөн баримт, сэтгэл санааны хохирол гээд 420 000 төгрөгийн хохирол гарсан. Би цаашид сэтгэл заслын эмчилгээнд явах шаардлагатай байна гэх мэдүүлэг,

 

 

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

 

Гэрч Э.Энхтунгалагийн өгсөн. Би 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 17 цагийн орчим над руу залгаад дүү маань уйлаад байсан. Юу болсон гэж асуухад дүү маань уулзахаараа хэлье та хүрээд ир гэсэн. Тэгээд би дүүгийнхээ ажилладаг газрын гадна очиж дүүтэйгээ уулзсан. Тэгэхэд дүү маань надад Х.Б ах, нөхөр Баянхангай бид хоёрыг Төв аймгийн Батсүмбэр сум руу сургалтад суулгана гээд аваад явсан. Тэгсэн тэнд очоод Х.Б ах Баянхангайг машинаа хараад бай гээд дүүг маань дагуулаад уул руу явж тагнуулын ажилтантай уулзуулна гэж хэлээд аваад явсан гэсэн. ...Тэр үед дүү маань айж сандарсан, уйлчихсан, хоолой нь улаан эрээн болчихсон. Цавь хэсэг нь өвдсөн явж чадахгүй уйлаад байсан. ...уг асуудал болохоос хоёр хоногийн өмнө 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр бас тэр ах Х.Б нь миний дүү Э.Э болон нөхөр болох Баянхангай нарыг аваад Улаанбаатар хотын Шаргаморьт гэх газар уул руу дагуулаад аваад явсан гэж хэлж байсан. Тэгэхэд Х.Б гэх хүний цүнхэнд 0.75 гр-ын шилтэй архи 1 ширхэг бас 1 ширхэг хутга байсан гэсэн. Тэгэхээр нь дүү маань нөхөртэйгээ ярьж байгаад хутгыг нь аваад нуусан тэр үед ууланд очоод миний дүү Э.Эг машинд байж бай танай нөхөр бид хоёр уул руу гараад ирье гэж хэлээд цүнхнээс архиа аваад бас өөр зүйл хайгаад байсан. Тэгээд нөхрийг нь дагуулаад уул руу яваад уулан дээр гараад харагдахгүй болчихсон, орой эргэж ирэхдээ Х.Б нь согтчихсон ирсэн гэсэн. Тэрнээс хойш хоёр хоногийн дараа сургалттай та хоёр хамт яваарай гэж ах Х.Б нь хэлсэн байсан. Тэгсэн хөдөө яваад ийм зүйл болсон байсан гэх мэдүүлэг /хх 27-28/,

 

Насанд хүрээгүй гэрч Б.Тэмүүлэнгийн өгсөн: 2017 онд байхаа сайн санахгүй байна. Би аавынхаа гэрт хамт амьдардаг байсан. Э.Э надтай таарамж муутай харилцаатай, надыг орилж загнадаг бас найз нараа дагуулаад аавынд ороход Э.Э эгч уурлаж загнадаг. Аавыг байхгүй үед мөн л надыг загнаж уурлаж уцаарладаг байсан. Тэгэхээр нь би тэднийхээс яваад айлд амьдарч байгаад 2018 оны хавар ирж байсан. Тэр үед бас л дургүй байсан. Би Э.Э эгчийн том хүү Төсгбилэгтийг загнаж байтал ээж нь орж ирээд надыг загнаж уцаарласан. Тэрнээс хойш би ах Отгонсүрэнг дуудаад явсан. Одоо би Отгонсүрэн ахынд амьдарч байгаа. Цохиж зодож байгаагүй. Ер нь бол хэрэлдэж муудалцдаг. Х.Б ах ааш зан нь сайхантай. Хүнтэй хэрэлдэж муудалцдаггүй хүн байгаа юм. Э.Э эгч тогтворгүй ааш зантай байнга уурлаж уцаарлан тэрнийгээ илэрхийлдэг байсан. Тэгээд би гэрээсээ явсан. Одоо ахындаа амьдарч байгаа гэх мэдүүлэг / хх 29-30/,

 

            Гэрч Х.Баянхангайн өгсөн: 2018 оны 12 дугаар сарын дунд үед өдрийг нь санахгүй байна. Төв аймгийн Батсүмбэр сумын Баянголын Баянгол амралтын газар очсон. Уг газар нь ажиллахгүй удаж байгаа. Тэнд очоод зогсож байхад миний ах Х.Б хүмүүстэй уулзах ёстой танай эхнэр Э.Этай танилцуулна гэж хэлээд тэр хоёр хамт яваад би машинаа хараад үлдсэн. Тэр хоёр яваад 1 цаг гаруйн дараа эргэж ирсэн. Тэгснээ хүнтэйгээ уулзаж чадаагүй дараа уулзахаар боллоо гэсэн. Тэгээд буцаад бид гурав Улаанбаатар хот явсан. Бид нар цагийг нь санахгүй байна. Улаанбаатар хотод ах Х.Бг замдаа буулгаад бид хоёр харихаар явсан. Э.Э бид хоёр хэрэлдэж муудалцаагүй, хамт амьдарч байгаа гэх мэдүүлэг /хх 32-33/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №342 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1.Э.Эгийн биед хүзүү, баруун гуяанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учирсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй гэх /хх 35/,

 

шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 52/, шүүгдэгч Х.Бгийн оршин суугаа Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх 48/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 49/, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт /хх 50/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 51/ зэрэг болно.   

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:   

 

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Х.Б нь хууль зүйн хувьд хувийн таарамжгүй харилцааны улмаас “танхайн” сэдэлтээр, Э.Эгийн биед санаатай үйлдлээр, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж, өөрт нь хүч хэрэглэж заналхийлсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.  

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Х.Б нь 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар багийн нутаг “Түшээ гүн” гэх газар өөрийн төрсөн дүүгийн эхнэр Э.Эг “дагавар хүү Тэмүүлэнг дарамталдаг, миний үр удмыг дарамталлаа” гэх шалтгаанаар хоолойг нь боож хүч хэрэглэж заналхийлсэн болох нь шүүх хуралдаанд шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Э.Эгийн өгсөн мэдүүлэг, гэрч Э.Энхтунгалаг /хх 27-28/, Х.Баянхангай /хх 32-33/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №342 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогджээ. 

 

Иймд шүүгдэгч Х.Бг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.Э нь эмчилгээний зардал, хохирлын баримт нотлох баримтаар гаргаж ирүүлээгүй хэдий ч түүний нэхэмжилсэн 420 000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Х.Б төлөхөө хүлээн зөвшөөрсөн тул шүүх гэм буруугийн шүүх хуралдаанаас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар хангаж шийдвэрлэснийг шүүгдэгч Х.Б нь гэм буруугийн шүүх хуралдаанаас завсарлага авч төлж барагдуулсан болохыг дурдав.

 

Харин хохирогч Э.Э нь цаашид сэтгэл заслын эмчилгээ хийлгэх шаардлагатай тул дээрх нэхэмжлэлийн шаардлагыг нээлттэй орхиж өгнө үү гэснийг энэ талаархи эрх зүйн зохицуулалт байхгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Х.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж хохирогчид хүч хэрэглэж заналхийлсэн үйлдэлд нь 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч улсын яллагчийн гаргасан торгох ялыг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ торгох ялын доод хэмжээгээр оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Х.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгч Х.Бд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэргийн шинж, чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгох ял оногдуулах талаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн улсын яллагчийн дүгнэлтээр гаргасан эрүүгийн хариуцлагыг багасгаж хуульд заасан торгох ялын доод хэмжээгээр оногдуулж, түүний хөрөнгө орлогын байдлыг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Х.Б нь оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй. 

 

Эрүүгийн 1805064320206 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Х.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1-т заасан Бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь хүч хэрэглэж заналхийлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Х.Бг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Х.Бд оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 150 000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Х.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5.Эрүүгийн 1805064320206 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

7.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ