Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2025/01340

 

 

******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 192/ШШ2025/02713 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******-т холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэх, ээлжийн амралтын цалин 3,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

1.1. ******* нь 2021 оны 07 дугаар сараас *******төслийн аж үйлдвэр хариуцсан шинжээч албан тушаалд ажилласан бөгөөд ажиллах хугацаандаа, сахилгын шийтгэл авч байгаагүй.

1.2. ******* Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар тушаалаар надтай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгож, тушаалыг 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр гардаж авсан. Уг тушаал нь хуульд нийцээгүй, намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан тушаал гэж үзэж байна. Иймд тус хөлсөөр ажиллах гэрээг хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцох тул ажлаас үндэслэлгүйгээр халсан гэж үзнэ. Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.6-д санхүүжилт хийгдэх ажлын цар хүрээтэй холбоотой цаг хугацаагаар хязгаарлагдсан ажил үүрэг гүйцэтгүүлэх гэж заасан бөгөөд Төсөл, хөтөлбөр дээр ажиллаж байгаа нөхцөлд хөдөлмөрийн гэрээг хугацаатайгаар байгуулахаар заасан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3, 50.4 дэх хэсэгт хугацаа зааснаар хугацаагүй байгуулсан гэж үзнэ. Иймд намайг хугацаа дуусгавар болсон үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцэхгүй. Тушаал эрх зүйн акт болохын хувьд хэлбэрийн болон хууль зүйн шаардлагыг хангасан байхыг шаардана. Иймд үндэслэлгүй ажлаас халагдсан гэж үзэж байна.

1.3. 2024 оны 01 дүгээр сараас 05 дугаар сарын цалин хөлс, ээлжийн амралтын цалин хөлс олгоогүй, гэрээнд заасан ээлжийн амралтын цалинг олгоогүй. ******* нь нэг сарын 3,500,000 төгрөгийн цалин хөлстэй ажил үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 17,500,000 төгрөг, ээлжийн амралтын цалин 3,500,000 төгрөгийг нэхэмжилж байна.

1.4. ******* нь Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй тул Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргааныг зохицуулах гурван талт хороонд гомдлоо гаргаж, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр тэмдэглэлийг хүлээн авсан. Тус маргаан нь гомдлоор үүсэх маргаан тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/37 тоот тушаалаар ******* төсөл хэрэгжүүлэх чиг үүргийг ******* ТӨААТҮГ-д шилжүүлсэн. ******* төсөл 2021 онд манай төвд шилжиж ирснээс хойш буюу 2021-2022 оны 09 дүгээр сар хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нь төвтэй ямар нэгэн гэрээ байгуулаагүй байна. Харин 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр төвийн захирлаар ажиллаж байсан******* нь *******тоот тушаал гаргаж нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан байдаг. Энэхүү тушаал нь Гадаадын тусламж авах, зарцуулах, удирдах, бүртгэх, тайлагнах журам, Төрийн өмчийн 2021 оны 147 дугаар тогтоол, Байгууллагын дүрмийн 6.5.8-д заасныг зөрчсөн хууль зүйн үндэслэлгүй тушаал байсан.

******* ТӨААТҮГ-ын бүтэц, орон тоог Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 147 тоот тогтоолоор баталсан бөгөөд уг тогтоолд төслийн хүлэмжийн хийн үндэсний тооллогын хөдөө аж ахуйн, хог хаягдлын салбар хариуцсан шинжээч гэсэн албан тушаал байхгүй. Төвийн захирлын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн *******тоот тушаалын дагуу хийгдсэн ******* тоот хөдөлмөрийн гэрээ 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаагаар хийгдсэн байсан. Гэрээний хугацаа дуусахад ******* төслийн хугацаа болон санхүүжилт дууссан учир төвийн зүгээс нэхэмжлэгчтэй шинээр хөлсөөр ажиллах гэрээ хийх боломжгүй байсан. ******* төслийн захирал, *******нь 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр *******-тэй 2019 онд байгуулсан төсөл хэрэгжүүлэх гэрээний хугацааг нэмэлт санхүүжилтгүйгээр сунгасан. Төслийн зохицуулагчийн зүгээс төслийн бүх ажилчдын и-мэйл хаяг руу хөлсөөр ажиллах гэрээний төслийг илгээсэн. Иймээс төв нь төслийн зохицуулагч болон ажилчдаас ирүүлсэн гэрээний төслөөр нэхэмжлэгчтэй 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хөлсөөр ажиллах гэрээг 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаагаар байгуулсан.

 

2.2. Нэхэмжлэгч нь энэ гэрээний хугацаанд захиалагчийн тавьсан шаардлагыг биелүүлдэггүй, гүйцэтгэсэн судалгааны ажлынхаа 4 жилийн турш цуглуулсан суурь дата, тайлан мэдээ өгөөгүй, гэрээний хэрэгжилтээ дүгнүүлээгүй, гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй.

2.3. Нэхэмжлэгч хэдий гэрээний үүргээ биелүүлээгүй ч захиалагчийн зүгээс гэрээний үргээ биелүүлж 2023-2024 онд хариуцагчийн цалинд 56,500,000 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 13,560,000 төгрөг, хүн амын орлогын албан татрварт 4,830,250 төгрөг, албан тасалгааны түрээсийн байрны төлбөрт 59,860,700 төгрөг, нийт 134,750,950 төгрөгийн татвар, хураамж, төлбөрийг төлсөн. Нэхэмжлэгч түүнтэй хамт ажиллаж байсан төслийн багийн бусад ажилчид төвийн захирлын талаар элдэв хэлбэрээр гомдол гаргаж, түүгээр тогтохгүй дээд шатны албан тушаалтнуудаар дарамт шахалт үзүүлэх байдлыг байнга үзүүлж байна. Захиалагчийн зүгээс нэхэмжлэгчийг ажлаас халаагүй, гэрээг цуцлаагүй бөгөөд гагцхүү гэрээ болон төслийн хугацаа, санхүүжилт дууссанаар гэрээ дуусгавар болсон. Харин нэхэмжлэгч гэрээний үүргээ гүйцэтгээгүй учраас түүнтэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний 10.2-т заасны дагуу 2024 оны 1-5 дугаар саруудын ажлын хөлсийг төлөх үндэслэлгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******-ийн хариуцагч *******холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70,950 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдааныг товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт заасны дагуу мэдэгдээгүй, мөн Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн 52 дугаар тогтоолоор батлагдсан Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалын 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар мэдэгдээгүй болно. Надад утсаар, цахимаар, цаасаар гээд аливаа хэлбэрээр шүүх хуралдааны тов мэдэгдээгүйгээс гадна, шүүх хуралдаан эхэлж байгаа талаар нарийн бичгийн дарга мэдэгдэхэд шүүх хуралдааны тов мэдэгдээгүй талаар хүсэлтийг яаралтай хүргүүлсэн боловч хавтаст хэрэгт хавсаргаагүй байна. Анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 192/ТМ2025/04659 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлийн 2 дугаар талд Шүүх хуралдаан даргалагчаас нэхэмжлэгч шүүх хуралдаанд ирээгүйтэй холбоотой тайлбар байна уу гэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч байхгүй гэжээ. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасан хэргийн оролцогчийн биечлэн оролцох эрхийг хязгаарласан гэж үзнэ.

4.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн. Нэхэмжпэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой 6 нотлох баримтыг хариуцагчаас гаргуулах хүсэлт, гэрч асуулгах 1 хүсэлтийг тус тус гаргасан.

Мөн хариуцагч талаас гэрчээр *******-ыг асуулгах, хариуцагчийн цахим шууданд үзлэг хийлгэх хүсэлт, мөн нэхэмжлэгчтэй адилхан нотлох баримт гаргуулах хүсэлтэй байна гэсэн. Гэтэл шүүх хүсэлтүүдийг ямар үндэслэлээр татгалзсан нь тодорхойгүй хүсэлтийг хугацаанд гаргаагүй гэх шалтгаанаар шийдвэрлэсэн.

4.3. Хавтаст хэргийн 85 дугаар талд тус анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 192/ЕШ2025/01021 дугаар захирамжаар шүүх хуралдаан даргалагчийг албажуулжээ. Дээрх албажуулсан захирамжаас хойш шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гаргаагүй байна. Өөрөөр хэлбэл, өмнө нь ******* шүүгч хэргийг шийдвэрлэж байгаад дээрх захирамжаар шүүх хуралдаан даргалагчаар ******* шүүгч томилогджээ. Хэргийн материалд талууд анх 2025 оны 03 дугаар сарын 18, 21, 25-ны өдрүүдэд танилцсан байх бөгөөд түүнээс өмнө танилцаагүй байна. Иймд дээрх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт заасан хугацаандаа гаргаагүй гэж үзэх нь үндэслэлгүй. Нөгөө талаар шүүх хуралдаанд хүсэлт шийдвэрлэсэн захирамж шүүхийн шийдвэртэй танилцах үед байгаагүй байсан болно. 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гаргасан хүсэлтээ дахин гаргасан байна. Шүүхээс дээрх хүсэлтийг хүлээн авахаас татгалзжээ.

Мөн хариуцагчаас 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй, энэ талаар захирамж гаргаагүй. Шүүх нь хөндлөнгийн байх зарчим алдагдаж талуудын гаргасан бүх хүсэлтүүдийг хүлээн авалгүй хэргийг хянан шийдвзрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан суурь зарчим нийцэхгүй.

4.4. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангаагүй дараах нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн. Хавтаст хэргийн 43-46-р тал, 74, 78, 79, 111-р талд авагдсан нотлох баримтуудад үндэслэн шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангахгүй. Албан бус орчуулга нь 60-71-р тал, 72-73-р талд авагдсан баримтуудад үндэслэн шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангахгүй. Цахим баримтуудад үзлэг хийж бэхжүүлээгүй. Хавтаст хэргийн 75-77, 108, 109, 110 дугаар талд авагдсан баримтууд байна. Дээрх баримтуудаар тушаал танилцуулсан эсэх, мөн нөгөө талаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжийг агуулсан эсэхтэй холбоотой баримтууд байгаа. Гэтэл шүүх нэхэмжлэгчид мэдэгдсэн болох нь тогтоогдож байна гэж үзжээ. Хавтаст хэрэгт авагдсан баримтууд бүхэлдээ нотлох баримтын шаардлага хангаагүй байхад шүүхээс иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гаргажээ. Улмаар шинээр томилогдсон шүүх нь өмнөх шүүгчийн бүрдүүлсэн хавтаст хэрэг нь нотлох баримтын шаардлага хангасан эсэх, шүүх хуралдаан зарлах эсэхийг дүгнэлгүйгээр шууд шүүх хуралдаан зарлаж, нотлох баримтаа нотлох баримтын шаардлага хангуулах гэсэн нэхэмжлэгч болон хариуцагчийн хүсэлтүүдийг мөн адил татгалзсан нь мэтгэлцэх зарчимд нийцэхгүй. Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримт бүрийн талаар шүүх үнэлгээ өгсөн байх шаардлагатай. Энэхүү үнэлгээ нь тухайн нотлох баримтын хамаарал, ач холбогдол, эөвшөөрөгдсөн байдлаас шалтгаалан өөр, өөр байх боловч үнэлэгдэхгүй орхигдох ямар ч нотлох баримт байх учиргүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларч буй аливаа нотлох баримтыг шүүх үнэлэх учиртай. Шүүх аливаа этгээдийн гаргаж ирсэн баримтад эргэлзэхгүйгээр итгэх, түүнийг үнэлэхгүйгээр шийдвэрийн үндэслэл болгох нь нэг талын ашиг сонирхолд хөтлөгдөх, шүүхийн хөндлөнгийн байр суурийг алдах ноцтой үр дагаварт хүргэдэг. Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. Нотлох баримтын нотолгооны чадвар түүгээр нотлогдож байгаа үйл баримтын тал дээр нэхэмжлэгч маргаагүй гэж үзэх үндэслэлтэй. Учир нь нэхэмжлэгч шүүх хуралдаанд оролцоогүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй гэдэгт тайлбарт нь 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд******* нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинээр оролцож байгаа тул хэргийн материалтай танилцах хүсэлт гаргаж хойшилсон. Хойшилсон шүүх хуралдаанаар дараагийн шүүх хуралдааныг 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл товлоод товыг нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчид мэдэгдсэн учраас итгэмжлэгдсэн төлөөлөгчид дахин тов мэдэгдэх шаардлага байхгүй. Шүүх хуралдаанаас өмнө шүүх хуралдааны товыг мэдэгдээд мэдэгдсэн даруйд нь шүүх хуралдааны тов мэдэгдээгүй гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулъя гэх хүсэлтээ цахим шуудангаар илгээсэн гэж тайлбарлаж байгаа боловч үүний талаар хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд тогтоогдохгүй байгаа учраас хүсэлт гаргаагүй гэх үндэслэлтэй байна. Хавтаст хэргийн 40 дүгээр талд 7 шаардлага хүсэлт гаргаснаас 5, 6, 2 дахь шаардлага нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамааралтай ач холбогдолтой эсэх нь эргэлзээтэй. Хариуцагч тал 1, 3, 4 дэх шаардлагатай огт маргадаггүй учраас нотлох баримт бүрдүүлэх шаардлагагүй. Ач холбогдолтой гэж үзэж байвал нотолгооны ямар ач холбогдолтой гэдгээ тайлбартаа хэлэх ёстой. Гэтэл үүнийг шийдээгүй учраас анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэлгүй.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд хүсэлт байгаа эсэх талаараа хэлэлцүүлэгт хүсэлтээ тайлбарлаж шийдвэрлүүлэх боломжтой. Гэтэл ийм санал гаргаагүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага бол ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлөхийг даалгах агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ хүрээнд хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй. Учир нь нэхэмжлэгчийн шаардаад байгаа нотлох баримтуудыг нэхэмжлэгч өөрөө гаргаад өгөх бүрэн боломжтой нотлох баримтууд юм. Хэрэв хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, тушаал гэх зэрэг баримтууд нь байхгүй бол шүүхэд нотлоод шүүхээр гаргуулахаар хүсэлтээ гаргах ёстой. Анхан шатны шүүх нотлох баримтыг цуглуулах үндэслэл бүрдээгүй учраас цуглуулаагүйг буруутгах үндэслэл болохгүй.

Хөдөлмөрийн гэрээ байгуулсантай хариуцагч тал маргаагүй. Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болоод хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан үүнийг тайлбарынхаа үндэслэлээ нийтэд илэрхий үйл баримт буюу Засгийн газрын тогтоолд гадаадын зээл, тусламжаар санхүүжсэн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх түүнд хяналт тавих тухай тогтоол гарч байгаа Засгийн газрын бусад шийдвэрийг үндэслэж гаргасан. Бүтцэд нэхэмжлэгчийн ажлын байр байхгүй учраас хариуцагч тал ажилд авах боломжгүй. Хэргийг эргэлзээгүй бодит, үнэн зөв нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, хамааралтай бол түүнийг үнэлнэ. Нэхэмжлэгч тал хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан учраас үүний хүрээнд нотлох баримтаа гаргаж өгч хэргийг шийдвэрлүүлсэн. Хариуцагчийн тайлбарт шүүх өөрийн санаачилгаар нотлох баримт цуглуулах ёсгүй. Харин талуудын хүсэлтээр нотлох баримт цуглуулах боломжтой боловч хариуцагчийн гаргасан хүсэлтийг шүүх шийдвэрлэхдээ татгалзаж шийдвэрлэснийг хариуцагч гомдлын үндэслэл болгож болохгүй учраас анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий учраас шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэх, ээлжийн амралтын цалин 3,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2.1. Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаа ...хариуцагчтай 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс төслийн хүлэмжийн хийн тооллогын мэргэжилтний албан тушаалд хөлсөөр ажиллах хөдөлмөрийн гэрээ байгуулсан.

*******ийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн мэдэгдлээр хөлсөөр ажиллах гэрээ дуусгавар болохыг мэдэгдэж, төвийн захирлын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн тушаалаар надтай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгосон. ...Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэгт зааснаар надтай хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой атал хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан нь хуульд нийцэхгүй. Иймд уг хөлсөөр ажиллах гэрээг хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцох тул ажлаас үндэслэлгүй халсан гэж тодорхойлсон байна./хх1-4, 136, 137/

2.2. Хариуцагч *******ийн ТӨААТҮГ нь хариу тайлбар, татгалзлын үндэслэлээ ...НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн санхүүжилтээр ...Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн хэрэгжилтийн талаар үндэсний дөрөвдүгээр тайлан илтгэл болон хүлэмжийн хийх ялгарал, шинэтгэлийн нэмэлт хоёрдугаар тайлан боловсруулах арга хэмжээг хэрэгжүүлэх *******дугаар төслийг хэрэгжүүлэгчээр Монгол Улсын Засгийн газар, түүнийг төлөөлж Байгаль орчин аялал жуучлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр *******-тэй гарын үсэг зурж, төслийн нэгж Байгаль орчин аялал жуучлалын яам дээр байгуулагдаж ажилласан.

Уг төсөл нь 4 жил хэрэгжих хугацаатай байсан. Уг ажлын байр төсөл хэрэгжих хугацаанд гүйцэтгүүлэх ажил үүрэг тул хөдөлмөрийн гэрээ байгуулах үндэслэлгүй бөгөөд хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан. Иймд төслийн хугацаа болон санхүүжилт дууссан тул хөлсөөр ажиллах гэрээ дуусгавар болсон гэж тайлбарлажээ./хх36-39, 137-138/

3. ******* ТӨААТҮГ нь *******тай 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 23/48, 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 24/7 дугаар хөлсөөр ажиллах гэрээг тус тус байгуулж, уг гэрээнүүдээр ажиллагч нь гэрээний 1 дүгээр хавсралтад заасан ажлыг гүйцэтгүүлэх, ажиллуулагч нь гэрээний 4.1, 4.2-т зааснаар ажилтны ажлын хөлсөнд сард 3,500,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байна./хх14-18, 22-263. Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Байгаль орчин хөтөлбөрийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээнд заасны дагуу төслийг хэрэгжүүлэх цар хүрээ бодит хэрэгцээ шаардлагад тулгуурлан зохигчдын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан байх ба анхан шатны шүүх гэрээний эрх зүйн харилцааг зөв тодорхойлжээ.

3.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт Ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээ байгуулна гэж, мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлүүдийн талаар заасан ба хэрэгт авагдсан баримтаар төслийн санхүүжилтийн хугацаа дууссантай холбоотойгоор талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүсээгүй, хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн гэрээ нь байнгын ажлын байранд тогтвортой үргэлжлэх үүрэг үүсгэдгээс гадна цалин хөлс, ажиллах цаг харьцангуй тодорхой байдаг бол хөлсөөр ажиллах гэрээ нь гэрээгээр тохиролцсон үндсэн үүргийн хүрээнд холбогдохоос бусад харилцан хамааралтай шинж байдаггүй буюу өдөр тутамд байнгын хэрэгцээ үүсдэггүй, тодорхой хэрэгцээт ур чадварыг шаарддагаараа хөдөлмөрийн гэрээнээс ялгаатай.

4. Дээрх гэрээний 3.1-д 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хүчин төгөлдөр байна гэж тохиролцсоноос үзвэл талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болжээ.

4.1. Үүнтэй холбоотойгоор ******* ТӨААТҮГ-ын захирлын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар тушаалаар Нэгдсэн Үндэсний байгууллагын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн хэрэгжилтийн талаар үндэсний дөрөвдүгээр тайлан, илтгэл болон хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн нэмэлт хоёр дугаар тайлан боловсруулах арга хэмжээг хэрэгжүүлэх төслийн аж үйлдвэр хариуцсан шинжээч *******-ийн хөлсөөр ажиллах гэрээг 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон дуусгавар болсонд тооцож... гэсэн тушаал гарсан байна./хх-6, 22/

4.2. Зохигчдын хооронд байгуулагдсан хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дууссанаар уг гэрээ дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас ажлын хөлс шаардах эрхгүй. Өөрөөр хэлбэл,талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүсээгүй, хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байх тул нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээтэй холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчаас шаардах эрхгүй. Энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

4.3. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, үр дагаврыг арилгуулахтай холбоотой нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх журамд нийцсэн байна.

5. Харин анхан шатны шүүх Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний зохицуулалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан нь буруу байх тул хөдөлмөрийн эрхийн маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасан зохицуулалтыг баримтлах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

6. Нэхэмжлэгч тал ...итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын эзгүйд шүүх хуралдааныг хуралдуулж эрхээ хамгаалах, мэтгэлцэх боломж олгоогүй. гэх агуулгаар гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна. Хэргийн баримтаас үзвэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч******* нь 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 11 цаг 00 минутад болох шүүх хуралдааны товыг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр мэдсэн гэж шүүх хуралдааны тов мэдэгдэх баримтад гарын үсэг зурсан тул нэхэмжлэгч талд шүүх хуралдааны тов мэдэгдсэн гэж үзнэ.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эрх, тэгш байх зарчимд үндэслэн явагддаг бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрөө шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй. Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэх агуулгаар давж заалдах гомдол гаргажээ. Анхан шатны шүүх нэхэмжлэгч талын хүсэлтийг хангахаас татгалзсан нь шүүх эрх хэмжээний хүрээнд хүсэлтийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Учир нь эдгээр баримтууд хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй баримтууд байх тул анхан шатны шүүхээс өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт нийцсэн. Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

8. Мөн нэхэмжлэгчийн ...шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй баримтуудыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. Хэрэгт нотлох баримтын шаардлага хангахгүй баримтууд авагдсан байх боловч шүүх уг баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй байх тул уг гомдлыг хангахгүй.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтыг эх хувиар буюу нотариатчаар гэрчлүүлсэн байх шаардлагыг хангасан байна. Иймд шүүх тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журамд нийцүүлэн дүгнэсэн байх тул давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 192/ШШ2025/02713 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т заасныг баримтлан гэснийг Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасан үндэслэлгүй тул гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч ******* давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Д.ЦОГТСАЙХАН