Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2025/01355

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 191/ШШ2025/04486 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч*******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 35,964,980 төгрөг, алдангид 17,982,490 төгрөг, нийт 53,947,470 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

1.1. *******-тай 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ******* тоот ******* орон сууцны барилгын зураг төсөл боловсруулах ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гүйцэтгэгч нь захиалагчийн ******* аймгийн *******сумын ******* дугаар багт баригдах ******* орон сууцны барилгын загвар зураг, дэвсгэр зураг хийлгэх, ерөнхий төлөвлөгөө, өндөржилт катограмм, барилга архитектур, барилга бүтээц, дотор халаалт, агаар сэлгэлт, цэвэр, бохир ус, холбоо дохиолол, хүчит төхөөрөмж, дотор 2 гэрэлтүүлэг зэрэг ажлын зураг төсөл боловсруулах, зураг төслийн магадлалын дүгнэлт гаргуулах, зураг төслийг хийж гүйцэтгэх, захиалагч тал нь 96,000,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн.

Мөн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ******* тоот ******* орон сууцны барилгын гадна инженерийн шугамын зураг төсөл боловсруулах гэрээгээр манай компани тус барилгын гадна цэвэр усан хангамжийн ажлын зураг, гадна ариутгах татуургын ажлын зураг, гадна цахилгаан, гадна гэрэлтүүлгийн ажлын зураг, гадна холбооны шугамын ажлын зураг төслийг боловсруулах, захиалагч талаас 20,000,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээн хамтран ажилласан.

1.2. ******* гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж, Мэргэжлийн хяналтын байцаагчийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ******* тоот барилгын эх загвар зураг хянасан тухай дүгнэлт, ******* аймгийн Онцгой байдлын газрын 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн ******* тоот барилгын зураг төсөлд хяналт хийсэн тухай дүгнэлт, 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ******* тоот ******* аймгийн Эрүүл мэндийн газрын улсын байцаагчийн барилгын ажлын зураг хянасан тухай дүгнэлт, 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ******* тоот Барилгын хөгжлийн төвийн барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэл зэргийг гаргуулан 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр зураг хүлээлцсэн акт үйлдэн захиалагч тал бүрэн хүлээн авсан.

1.3. Хариуцагч тал гэрээнд заасан төлбөрөө төлөөгүй өнөөдрийг хүртэл манай компанийг хохироож байна. Манай компанийн зүгээс гэрээнүүдийн дагуу төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан бөгөөд төлөөгүй байна. Иймд талуудын хооронд байгуулсан 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн гэрээний үүрэгт 15,964,980 төгрөг, алданги 7,982,490 төгрөг, нийт 23,947,470 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг, алданги 10,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нэхэмжлэгч тал нь бодит байдал дээр магадлалын нэгдсэн дүгнэлтийг хариуцагч талд хүлээлгэж өгөөгүй. Мөн нэхэмжлэгч талтай байгуулсан ******* тоот гэрээний 3.2 дахь хэсэгт "...зураг төсөл, түүнтэй холбоотой баримт бичгийг гэрээт хугацаанд нь боловсруулж захиалагчид хүлээлгэж өгнө..." гэж заасан. Нэхэмжлэгч тал нь өөрөө гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй ба энэ тухай манай зүгээс зураг төслөө бүрэн хүлээлгэж өгөхийг удаа дараа шаардаж байсан боловч манай талд магадлалын нэгдсэн дүгнэлтийг одоог хүртэл хүлээлгэж өгөөгүй. Хэрэв нэхэмжлэгч нь зураг төслөө тухайн цаг үед нь бүрэн хүлээлгэж өгсөн бол манайх төлбөрөө цаг тухайд нь төлөх байсан. Гэтэл нэхэмжлэгч нь өөрөө гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй байж манайхаас алданги нэхэмжлэх боломжгүй. Иймд алдангийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна.

2.2. Нэхэмжлэгч талын гаргасан барилга бүтээцийн зургийн А блокийн 1-8 дугаар давхрын хучилтын хэвний байгуулалт гэх хэсэгт гаргасан шаахтны гурван нүхний зургийг буруу гаргасан буюу үүнээс үүдэн 1-9 дүгээр давхрын нийт 27 шаахтны нүхний хэмжээг зургийн дагуу гүйцэтгэсэн боловч цэвэр бохир, дулааны сангийн шугам болон агааржуулах салхивчны босоо шугамуудыг зургийн дагуу хийхэд нүхэнд багтахгүй нөхцөл байдал үүссэн. Дээрх алдааг манай байгууллагын зүгээс өөрсдийн хөрөнгөөр дахин засаж сэтлэх, нүхний хэмжээг томсгох ажлыг нийт 2,700,000 төгрөгөөр хийлгэсэн. Үүнийг үндсэн гэрээний төлбөрт төлөх 35,946,980 төгрөгөөс хасаж тооцуулах хүсэлтэй байна.

2.3. Мөн барилгын явцад манай компанийн зүгээс зургийн зарим хэсэгт өөрчлөлт оруулах захиалга, хүсэлтийг нэхэмжлэгч талд гаргасан боловч одоог хүртэл бидэнд өөрчлөлтийн зургийг гаргаж хүлээлгэж өгөөгүй. Цаашид барилга бүрэн дуусах хүртэл хугацаанд зурагт нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага гарсан тохиолдолд нэхэмжлэгч дээрх үйлдэл, эс үйлдлийг гаргавал бидний ажилд цаг хугацааны хувьд хүндрэлтэй нөхцөл байдал үүснэ. Энэ нь бидний тавьсан зургийн өөрчлөлтийг гаргаж өгөөгүй зургийн үндсэн баталгаажуулалт болох барилгын зургийн магадлалын нэгдсэн дүгнэлтийг хүлээлгэж өгөөгүйгээс харагдаж байна.

2.4. Манай байгууллагын зүгээс эвлэрэх, төлбөр барагдуулах талаар уулзаж харилцан тохиролцох тухай санал тавьсан боловч нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөөгүй. Иймд нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагаас ******* тоот ажил гүйцэтгэх гэрээ болон ******* тоот ******* орон сууцны барилгын гадна инженерийн шугамын ажил гүйцэтгэх гэрээний алдангийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч ******* гэрээний үндсэн үүрэгт 35,964,980 төгрөг, алданги 17,982,490 төгрөг, нийт 53,947,470 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 427,688 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* улсын тэмдэгтийн хураамжид 427,688 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: ******* нь гэрээнд заасан үүргээ бүрэн гүйцэтгээгүй. Тодруулбал, зураг төслийг бүрэн хүлээлгэж өгөөгүй, гэрээнд заасан үүргийн дагуу НӨАТ баримтыг шивээгүй байж үлдэгдэл мөнгөө нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх уг гэрээний хэрэгжилт, хүлээлцсэн үүрэг, харилцан хохирол, зөрчилтэй баримтуудыг бүрэн дүгнэлгүйгээр, зөвхөн нэхэмжлэгчийн гаргасан мэдүүлэг, акт, баримтад тулгуурлан нийт 17,982,490 төгрөгийг манай компанид ногдуулсан нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг бүрэн хангаагүй байхад хэтэрхий нэг талыг баримтлан дүгнэж шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Хариуцагч тал ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсаныг хүлээн зөвшөөрдөг боловч гэрээний нэмэлт үүрэг буюу алдангийн асуудлаар маргадаг. Хариуцагчийн анхан шатны шүүхэд гаргасан тайлбар болон давж заалдах гомдолд дурдсанчлан хариуцагч тал гэрээний үлдэгдэл төлбөрийн асуудлаар маргадаггүй. Талуудын хооронд 2 удаа ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан бөгөөд гэрээгээр алдангийн асуудлыг зохицуулсан. Гэрээгээр харилцан тохиролцсоны дагуу хариуцагч тал 35,964,980 төгрөгийн алданги төлөх үүрэгтэй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ болон гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлыг хүлээлгэж өгсөн актыг тус тус хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Гэрээ болон хуульд заасны дагуу алданги шаардсан нь үндэслэлтэй бөгөөд уг маргаанд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 35,964,980 төгрөг, алдангид 17,982,490 төгрөг, нийт 53,947,470 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч алдангид холбогдох хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

3. Талуудын хооронд дор дурдсан нөхцөлүүд бүхий 2 гэрээ байгуулагджээ.

3.1. 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн ******* тоот ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч ******* нь ******* аймгийн *******сумын ******* дугаар багт баригдах ******* орон сууцны барилгын загвар зураг, дэвсгэр зураг хийлгэх, ерөнхий төлөвлөгөө, өндөржилт катограмм, барилга архитектур, барилга бүтээц, дотор халаалт, агаар сэлгэлт, цэвэр, бохир ус, холбоо дохиолол, хүчит төхөөрөмж, дотор гэрэлтүүлэг зэрэг ажлын зураг төсөл боловсруулах, зураг төслийн магадлалын дүгнэлт гаргуулах, зураг төслийн ажлыг хугацаанд нь чанартай сайн гүйцэтгэж, захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч ******* нь ажлын хөлсөнд 96,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон./хх8-14/

3.2. Мөн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ******* тоот ******* орон сууцны барилгын гадна инженерийн шугамын ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь ******* аймгийн *******сумын ******* дугаар багт баригдах ******* орон сууцны барилгын гадна цэвэр усан хангамжийн ажлын зураг, гадна ариутгах татуургын ажлын зураг, гадна цахилгаан, гадна гэрэлтүүлгийн ажлын зураг, гадна холбооны шугамын зураг төслийг тус тус боловсруулах, зураг төслийн магадлалын дүгнэлт гаргуулах, зураг төслийн ажлыг хугацаанд нь чанартай сайн гүйцэтгэж, захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч нь ажлын хөлсөнд 20,000,000 төгрөгийг төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ./хх15-20/

3.3. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь зөв болжээ.

4. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

4.1. Дээрх гэрээнүүдийн дагуу нэхэмжлэгч нь ажлыг зохих ёсоор гүйцэтгэсэн гэж тайлбарлаж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны дүгнэлтүүд, тооцоо нийлсэн акт, зураг төсөл хүлээлцсэн акт баримтуудыг шүүхэд гаргасан байх ба хариуцагч нь нэхэмжлэгчийг магадлалын нэгдсэн дүгнэлтийг хүлээлгэж өгөөгүй, барилга бүтээцийн зургийн А блокийн 1-8 дугаар давхрын хучилтын хэвний байгуулалт гэх хэсэгт шаахтны гурван нүхний зургийг буруу гаргасан, мөн өөрчлөлтийн зургийг гаргаж хүлээлгэж өгөөгүй гэж маргасан ч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй, мөн нэхэмжлэгчийн нотлох баримтуудыг баримтаар үгүйсгээгүй байна.

4.2. Түүнчлэн ажлын хөлсний тооцооны хувьд ******* тоот гэрээний үүрэгт 96,000,000 төгрөг төлөхөөс 15,964,980 төгрөг, ******* тоот гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг тус тус төлөөгүйг хариуцагч маргаагүй.

4.3. Иймээс анхан шатны шүүх хариуцагч ******* ажил гүйцэтгэх гэрээгээр тохирсон хөлсний үлдэгдэл 35,964,980 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

5. Талуудын байгуулсан гэрээний 4.4-т төлбөр төлөх хугацааг хожимдуулсан тохиолдолд гүйцэтгээгүй үнийн дүнгээс хоног тутам 0.3 хувийн алданги тооцно. гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн зохицуулалтад нийцсэн талаар шүүх зөв дүгнэжээ.

Талууд акт үйлдсэнээс хойш төлбөр төлөгдөөгүй, гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ хугацаа хэтрүүлсэн нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар хязгаарлавал нэхэмжлэгч нь ******* тоот гэрээний гүйцэтгээгүй үүрэг болох 15,964,980 төгрөгөөс алданги 7,982,490 төгрөг, мөн ******* тоот гэрээний гүйцэтгээгүй үүрэг болох 20,000,000 төгрөгөөс алданги 10,000,000 төгрөг, нийт 17,982,490 төгрөг төлөхийг хариуцагчаас шаардах эрхтэй.

Иймд хариуцагчийн давж заалдах гомдолд дурдагдсан нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгчийн тооцсон алданги нь хууль болон гэрээнд заасан хувь, хэмжээнд нийцсэн учир алдангийг бууруулах үндэслэлгүй, энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 191/ШШ2025/04486 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,863 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

Д.ЦОГТСАЙХАН