| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
| Хэргийн индекс | 197/2025/00242/И |
| Дугаар | 210/МА2025/01356 |
| Огноо | 2025-08-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 210/МА2025/01356
*******-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 197/ШШ2025/07016 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 5,554,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,554,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:
4. Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаар ******* нь 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 2,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй, 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 1,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлдүүлэх, ******* нь зээлийн төлбөр болон хүүг сар бүр төлөхөөр тус тус зээлж авсан үйл баримт тогтоогдсон байна. /хх-8/ 5. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зөв дүгнэсэн.
5.1. Дээрх гэрээний дагуу ******* нь 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 2,000,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 1,000,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөгийг *******ийн эзэмшлийн ХААН банкин дахь 5039032136 тоот дансанд шилжүүлсэн, ******* нь 1,500,000 төгрөг төлсөн, энэ талаар зохигч маргаагүй.
Хариуцагч ******* нь зээлсэн мөнгөн хөрөнгийг төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч ******* нь зээлийн үүргээ гүйцэтгэхийг хариуцагчаас шаардах эрхтэй.
5.2. Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн бөгөөд нэхэмжлэгч хариуцагчид 2 удаа олгосон зээл нь энэхүү хуулийн үйлчлэлд хамрагдана.
Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол иргэнээс олгох нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн харилцаанд энэ хууль үйлчлэхгүй гэж зохицуулсан.
Нэхэмжлэгч нь хариуцагчид 2 удаа зээл олгохдоо хүү тохиролцож ашиг олох шинжтэй зээл олгосон үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсон.
Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт Байнга, ашиг олох зорилгоор олгох мөнгөн зээлийн үйл ажиллагааг энэ хуульд заасны дагуу эрх бүхий этгээдэд бүртгүүлсний үндсэн дээр Монгол Улсын иргэн эрхэлж болно гэж заасан. Нэхэмжлэгч нь мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээр бүртгүүлээгүй тул дээрх хуульд заасан журмаар хүү шаардах эрхгүй.
5.3. Харин Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэжээ. Нэхэмжлэгчийн анх олгосон зээлийн хүүг нэг удаагийнх гэж тооцож, 2 дахь зээлд хүү шаардах эрхгүй гэж дүгнэлээ.
6. Иймд нэхэмжлэгч хуулийн дээрх зохицуулалтаар 2 дахь зээлийн хүү шаардах эрхгүй боловч шүүх талуудын гэрээгээр тогтоосон зээлийн төлбөр төлөх хэмжээ, хугацааг үндэслэн гэрээний хугацаанд үндсэн зээл 3,000,000 төгрөг, хүүгийн төлбөрт 1,300,000 төгрөг нийт 4,300,000 төгрөг хариуцагч төлөх үүрэгтэй, үүнээс түүний төлсөн 1,500,000 төгрөгийг хасаж, зээлийн гэрээний үүрэгт 2,800,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнд хариуцагч гомдол гаргаагүй тул талуудын зарчмыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээв.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 197/ШШ2025/07016 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******оос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 59,014 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Д.ЦОГТСАЙХАН