| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
| Хэргийн индекс | 151/2016/00821/и |
| Дугаар | 151/ШШ2016/01035 |
| Огноо | 2016-10-04 |
| Маргааны төрөл | Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд буруу бичигдсэнийг тогтоох, Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 151/ШШ2016/01035
| 2016 оны 10 сарын 04 өдөр | Дугаар 151/ШШ2016/01035 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 1961 оны 04 дүгээр сарын 12 өдөр төрсөн, 55 настай, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, ҮЭ гудамжны 8 в байрны 49 тоотод оршин суудаг, Шавь овогт Намсрайн Энхтуяа РД:/НЛ61041261/-гийн нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Солонго оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Энхтуяа нь шүүх хуралдаан дээр тайлбарлахдаа:
“1984 онд Хөдөө аж ахуйн их сургуулийг төгсөөд, Төв аймгийн Дэлгэрхаан сумын “Залуучуудийн хөгжил” нэгдэлд нярав, үржлийн зоо техникч хийж байсан. 1988 оны 9 сараас 1990 оны 11 дүгээр сар хүртэл Төв аймгийн Дэлгэрхаан сумын 8 жилийн сургуульд уран зохиол, газар тариалан, мал аж ахуйн багшаар ажилласан. 1990 оноос Төв аймагт ирж ажилласан. Нийгмийн даатгалын байцаагч ажилласан жилийн лавлагаагаа архиваас аваад ир гэсэн боловч архиваас баримт гарч ирээгүй. Гэтэл Архивын ажилтан шүүхээр тогтоолгож болдог гэж хэлсэн. 2016 онд 55 нас хүрээд өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэтэл дээрх ажилласан жил дутаад байгаа учраас шүүхэд хандсан. Миний ажилласан жил бүрэн хүрч байгаа боловч нэмэгдэл жилээ тогтоолгочихвол тэтгэвэр нэмэгдэх байх гэж бодоод шүүхэд хандаж байгаа” гэв.
Шүүх хэрэгт цугларсан /хх 4-8, 17, 20-24, 28-29, 39/ бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаж үнэлээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Энхтуяа нь Төв аймгийн Дэлгэрхаан сумын 8 жилийн дунд сургуульд 1988 оны 09 дүгээр сарын 10 өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 25 өдөр хүртэл багшаар ажиллаж байсан хугацааг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Н.Энхтуяагийн ажилд орсон болон ажлаас чөлөөлсөн тушаалууд Төв аймгийн Архив, Үндэсний төв архиваас гарч ирээгүй, хөдөлмөрийн дэвтэр дээр нь ажлаас чөлөөлсөн тухай бичилт бичигдээгүйн улмаас нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор Н.Энхтуяа нь шүүхэд хүсэлт гаргах эрхтэй болно.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
-Түүний шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар /шүүх хуралдааны тэмдэглэлд/,
-1984 оны 07 дугаар сарын 01 өдөр нээлгэсэн 087911 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 4-5/,
-Төв аймгийн Архивын тасгийн 2016 оны 06 дугаар сарын 17 өдрийн 497 дугаартай албан тоот /хх 6/,
-1989 оны 09 дүгээр сарын 25 өдрийн Н.Энхтуяагийн депутатын үнэмлэхийн хуулбар /хх 7/,
-Төв аймгийн Дэлгэрхаан сумын О.Намнандоржийн нэрэмжит 9 жилийн дунд сургуулийн захирлын 2016 оны 09 дүгээр сарын 05 өдрийн 42 дугаартай тодорхойлолт /хх 17/,
-гэрч Г.Эрдэнэчимэгийн тодорхойлолт, шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг /хх 8, 19/,
-гэрч Г.Жадамбын тодорхойлолт, 1981 оны 05 дугаар сарын 23 өдөр Г.Жадамбаад олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /10, 23-24/
-Г.Эрдэнэчимэгийн хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх 20-22/,
-гэрч Л.Оюунгэрэлийн тодорхойлолт, шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг /хх 25-26/,
-1980 оны 11 дүгээр сарын 15 өдөр нээлгэсэн Л.Оюунгэрэлийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 28-29/,
-Н.Энхтуяагийн 1988 оны 09 сараас 1989 оны 12 сар хүртэлх цалингийн тодорхойлолт /хх 39/ зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэгч Н.Энхтуяа нь Төв аймгийн Дэлгэрхаан сумын 8 жилийн дунд сургуульд 1988 оны 9 дүгээр сарын 10 өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01 өдөр хүртэл багшаар ажиллаж байсан болох нь нотлогдон тогтоогдож байна.
Иймд Н.Энхтуяагийн нэхэмжлэлийг шаардлагаас Төв аймгийн Дэлгэрхаан сумын дунд сургуульд 1988 оны 9 дүгээр сарын 10 өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01 өдөр хүртэл уран зохиол, газар тариалан, мал аж ахуйн багшаар ажиллаж байсан хугацааг сэргээн тогтоож, 1990 оны 01 дүгээр сарын 01 өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 25 өдөр хүртэл ажиллаж байсан хугацааг нотлох баримтгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Шавь овогт Намсрайн Энхтуяагийн Төв аймгийн Дэлгэрхаан сумын дунд сургуульд 1988 оны 9 дүгээр сарын 10 өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01 өдөр хүртэл уран зохиол, газар тариалан, мал аж ахуйн багшаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож, 1990 оны 01 дүгээр сарын 01 өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 25 өдөр хүртэл ажиллаж байсан хугацааг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Н.Энхтуяагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг сануулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.АРИУНАА