Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 2019/ШЦТ/225

 

 

 

 

 

 

 

 

 2019             08              02                                                   2019/ШЦТ/225                               

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхболд,

Хохирогч Л.Т, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.С,

Иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М,

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн,

Шүүгдэгч Ж.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж.Эт холбогдох эрүүгийн 1934000700150 дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Ж.Э, 1957 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Мөнгөнморьт суманд төрсөн, 62 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч Ж.Э-ийн өгсөн: 2019 оны 01 дүгээр сарын 19-ний шөнө 22 цагийн үед Баяндэлгэр сумын урд Улаанбаатар хот руу явж байсан. Надтай мөргөлдсөн машины жолооч өөдөөс ирж явахдаа гэрлээ шилжүүлэхгүй байсан. Тэгээд намайг ирээд мөргөсөн. Миний машины өндгөн тулгуурын суурь гэдгийг хуга мөргөсөн. Би мөргүүлэхдээ шугам давсан юм байна лээ. Тэгээд намайг шинжээчийн дүгнэлтээр эсрэг урсгалд орсон гэж буруутгасан юм байна лээ гэх мэдүүлэг,

 

Хохирогч Л.Т-ийн өгсөн: 2019 оны 01 дүгээр сарын 19-ний орой 20 цаг өнгөрөөгөөд хүүхдүүдээ ажлаас ирэхээр нь нөхрийнхөө ээжийг эргэх гээд хагас бүтэн сайн өдрийг тааруулаад Улаанбаатар хотоос гарсан. Манай ээж 80 настай хөгшин, бие нь муу байна гэсэн. Тэгээд Төв аймгийн Баяндэлгэр сумын урд осол болсон. Тухайн үед зөндөө олон машин зөрж байсан. Манай нөхөр насаараа жолооч хийж байгаа, гэрлээ шилжүүлдгээрээ шилжүүлээд явж байсан. Ядмаг гэрэлтэй машин гарч ирээд миний машины урд талын хажуугаас мөргөчихсөн. Тэгээд би босож чадахгүй бархираад байж байсан. Манай нөхөр бид хоёр хоёулаа хамгаалах бүсээ зүүсэн байсан. Шүүгдэгчийн машинаас 3-н хүн гарч ирсэн. Би тухайн үед орилоод байж байсан. Тэгээд нэг эмэгтэй хүн ирээд энэ жирэмсэн юм уу гэж хэлсэн. Тэгээд эргэж ирээд бүсээ хийсэн юм уу гэж хэлсэн. Тэгээд би нөхрийгөө цагдаа дууд гэсэн. Шүүгдэгчийн талаас цагдаа дуудсан, манай нөхөр ч гэсэн цагдаа дуудсан. Тэгээд Баяндэлгэр сумын эмнэлэгт ирээд надад анхны тусламж үзүүлээд өвчин намдаах тариа хийж өгсөн. Замын цагдаа ирээд Багануурт ордог зам байна гээд Багануурын түргэн дуудаад түргэн маш хурдан ирсэн. Тэгээд Багануурын эмнэлэгт ирээд эмч нар нь түргэн шуурхай үйлчилсэн. Би тэр шөнө нойргүй хоносон. Маргааш нь намайг Багануурын эмнэлэг гэмтэл рүү хүргэж өгнө, түргэний бензиний мөнгө 100 000 төгрөг өгөөрэй гэсэн. Тэгээд 100 000 төгрөг өгөөд гэмтэл рүү хүргүүлсэн. Би гэмтэлд ирээд хүний гарт хөдөлж чадахгүй бүтэн өдөржин үзүүлсэн. Тэгээд эмч намайг маргааш ирээрэй гэж байсан. Би зөндөө шинжилгээ хийлгэсэн, эмч намайг хагалгаа хийлгүй ингээд бороолуулъя гэсэн. Тэгээд намайг 1 сар хөдөлгөөнгүй байж 3 сар нуруу сээрний бус үргэлж зүүнэ гэсэн. Би 3 сар хүний гарт байсан. Шүүгдэгч 6 сар болж байхад миний биеийг ганц ч удаа асуугаагүй. Монгол хүн байж ганц ч удаа бие асуугаагүй болохоор би их гомдсон. Гэмтлийн эмнэлэг тусгай хүргэлттэй. Би тэр тусгай хүргэлтээр нь мөнгийг нь өгч гэрээсээ авахуулаад үзүүлдэг байсан. Манай нөхөр насаараа жолооч хийж байгаа. Гэрэл, дохио өгөхгүй явна гэж байхгүй. Би шүүгдэгчийг хол замд нойр нь хүрээд манай машиныг дайрлаа даа гэж бодож байсан. Би одоо бие сэтгэлээр хохирч байна. Жаахан удаан зогсоход нуруу өвддөг. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэхгүй, хавтаст хэрэгт авагдсанаар хохирлоо нэхэмжилнэ. Манай нөхөр тухайн осол болох үед тийм хурдтай яваагүй гэх мэдүүлэг,

 

Иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мэнд-Очирын өгсөн: Шүүгдэгч Ж.Э-аас 3 942 800 төгрөг нэхэмжилнэ. Хохирогчийн хүү нь манай байгууллагатай зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд осолд орсон приус маркийн машиныг өмчлөх, захиран зарцуулах эрхийг банк бус байгууллагын нэр дээр шилжүүлээд эзэмших, ашиглах эрх нь зээлдэгчийн нэр дээр байсан. Ослын улмаас приус машины эвдэрсэн эд ангийг солих зардалд нь 2 920 000 төгрөг, засварлах зардалд 545 000 төгрөг, эд анги будах, эд анги солих зардалд будгийн үнэ нэмэгдээд 477 800 төгрөг нийт 3 942 800 төгрөг болсон. Эдгээр зардал хавтаст хэрэг авагдсан үнэлгээний тайланд дурдагдсан гэх мэдүүлэг,

 

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.С өгсөн: Манай ээж Л.Т, аав Н.Ганпүрэв нар нь 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр осолд орсон ба би яг ямар асуудал болсон талаар нарийн сайн хэлж мэдэхгүй байна. Манай ээж Л.Тийн биеийн байдал хүнд байгаа учир миний бие итгэмжлэл хийлгэн ирсэн. Би гомдолтой байна. Манай ээж хэвтэрт байгаа ба нөгөө талаас ирж уулзсан холбоо барьсан асуудал нэг ч гараагүй ба одоогоор эмчилгээний зардал мөнгө их гарсан байгаа ба даатгалын компанид баримтуудаа өгсөн байгаа гэх мэдүүлэг /хх 19/,

 

Иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энх-Амгалангаас өгсөн: Тухай тээврийн хэрэгслийг 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Монгол улсад орж ирсэн. 73-32 УНА улсын дугаартай Т.Приус20 маркийн тээврийн хэрэгслийг Дөлгөөн гэх хүнээс худалдан авахдаа урьдчилгааг нь өгөөд үлдэгдэл мөнгийг нь манай байгууллагатай Фидүкцийн гэрээ хийж 8 680 000 төгрөг зээл авч тус тээврийн хэрэгслийг манай байгууллагын нэр шилжүүлэн барьцаанд тавьсан байсан. Одоогоор дээрх тээврийн хэрэгсэл нь Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт зам тээврийн осол болсны улмаас эвдрэл учирсан байсан ба үнэлгээ нь 3 942 800 төгрөг болсон байна Одоо манай байгууллагад дээрхи тээврийн хэрэгслийн үлдэгдэл 6 882 154 төгрөг байгаа ба зах зээлийн ханшаар үнэлвэл 11 000 000 төгрөгөөр үнэлж байна. Үнэлгээний хувьд арай бага үнэлэгдсэн байна гэж бодож байна гэх мэдүүлэг /хх 32/,

 

Гэрч Н.Ганпүрэвийн өгсөн: Би 2019 оны 01 дүгээр сарын өдөр өөрийн гэр бүлийн хүн Л.Тийн хамт Хэнтий аймгийн Жаргалтхаан сум орж өөрийн ээж болох Шагдаржавыг эргэх гэж Улаанбаатар хотоос Приус-20 маркийн 73-32 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй 20 цагийн үед гарсан. Тэгээд Төв аймгийн Баяндэлгэр сумын урд зам дээр явж байгаад урдаас гэнэт машин орж ирээд мөргөсөн. Миний машин мөргөснөөс хойш гэнэт жолоодлогогүй болоод замын зүүн гар тал руу яваад хажуугийн шуудууруу орсон. Би машинаасаа буугаад миний машиныг мөргөсөн гэх машин луу явж очоод юу болов яагаад мөргөчив гэтэл нөгөө жолооч  нь чи өөрөө харин намайг яагаад мөргөчив гэсэн. Тэгээд өөрийн машин дээрээ очтол манай эхнэр ёолоод байсан юу нь өвдөж байгаа талаар асуухад нуруу өвдөөд хөдөлж болохгүй толгой бас өвдөөд байна гэсэн. Тэгээд цагдаа болон эмнэлгийн хүмүүс  ирээд манай эхнэрийг Багануур дүүргийн эмнэлэгт хүргэж өгсөн. Бид хоёр хамгаалах бүсээ хэрэглэсэн байсан. 50-60 километр цагийн хурдтай явж байсан. Миний биеийн цээж хэсэг рүү хөндүүрлээд байна. Эмнэлэгт үзүүлсэн чинь зургаа авахуул гэсэн. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Манай хүү Сүхбаатарын нэр дээр байдаг эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм. Даатгалтай. Манай хүү мэдэж байгаа би сайн мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх 41/,

 

Гэрч Д.Дэнсмаагийн өгсөн. Би 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр өөрийн нөхөр Ж.Э, дүү Чулуунбаатар, зээ охин Баяртуяа нарын хамт Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт явж байгаад осолд орсон. Тэгээд манай нөхөр жолооны рүүл мөргөж хамраа халцалсан байсан. Би жолоочийн хажуу талд сууж явсан ард сууж явсан хүмүүс гэмтэж бэртээгүй, тээврийн хэрэгсэл муу гэрэлтэй болохоор их л удаан явж байсан. Тээврийн хэрэгсэл муу гэрэлтэй байсан өөдөөс шууд гэрэл гялбаад л мөргөлдчих болсон манай машин их л удаан явж байсан. Хамгаалах бүс хэрэглэж явж байсан. Гэмтэж бэртсэн зүйл байхгүй. Шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлага байхгүй гэх мэдүүлэг /хх 43/,

 

Гэрч Б.Баяртуяагийн өгсөн: Би 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Хэнтий аймгаас Улаанбаатар хот руу Санни маркийн 3571 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй эмээ Дэнсмаа, өвөө Ж.Э ах Чулуунбаатар нарын хамт явж байсан Тэгээд би зүүн хойд арын суудал дээр унтаж байсан осолд орсныг сэрээд мэдсэн. Өвөө архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Намайг босож ирээд харахад осол болсон замын нөхцөл байдал хэвийн байсан. Цаг агаар хэвийн байсан. Осол юунаас болж гарсныг би мэдээгүй. Арын  суудалд бүр хэрэглэж байсан. Гэмтэж бэртсэн зүйл байхгүй. Шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй гэх мэдүүлэг /хх 45/,

                                            

            Гэрч Д.Чулуунбаатарын өгсөн: Би 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Хэнтий аймгаас Улаанбаатар хот руу Санни маркийн 3571 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй хүргэн ах Ж.Э, эгч Дэнсмаа, дүү Баяртуяа нарын хамт явж байгаад Төв аймгийн Баяндэлгэр сум урд замд явж байтал гэрэл гялбасан. Тэгээд эгч Дэнсмаа ёолох шиг болсон. Би баруун хойд арын суудлын захад сууж явсан. Хүргэн ах Ж.Э согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Осол болсон зам хэвийн байсан. Цаг агаар хэвийн байсан. Өөдөөс ирж мөргөлдсөн машин гэрэл шилжүүлээгүйгээс мөргөлдсөн. Арын суудалд бүс хэрэглээгүй байсан. Гэмтэж бэртсэн зүйл байхгүй. Шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлага байхгүй гэх мэдүүлэг /хх 47/,

 

            Гэрч М.Золцэцэгийн өгсөн: Би Ж.Э гэх хүний төрсөн хүү Э.Ганбатын эхнэр нь буюу Ж.Э гэх хүний бэр нь байгаа юм. 35 71 УНЗ улсын дугаартай Ниссан Санни маркийн тээврийн хэрэгсэл нь манай хадам аав Ж.Эын эзэмшлийн хэрэгсэл байгаа юм. Өнгөрсөн зун буюу 2018 оны 7-8 дугаар сарын үед манай аав нөхөр бид хоёрт мөнгө шилжүүлэн өгч машин авахуулсан ба тухайн үед ээж аав хоёр хөдөө байсан учир би нэр дээрээ тээврийн хэрэгслийн гэрчилгээг авч байсан учиртай юм. Тэрнээс миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл биш байгаа юм гэх мэдүүлэг /хх 50/,

 

            Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч албан тушаалтай цагдаагийн дэслэгч Х.Батболдын 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаартай дүгнэлт: 1.Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Toyota prius маркийн 7332 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.Ганпүрэв нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчөөгүй байна гэж үзэв. 2.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Nissan Sunny маркийн 3571 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ж.Э  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11. Тээврийн хэрэгсэл байрлан явах. 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. 18.3 Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасаж буюу зогсоно гэсэн заалтыг зөрчсөн байна гэж үзэв. 3.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд дээрх тээврийн хэрэгслүүдийн осол болох үед ямар хурдтай явж байсан талаар тодорхойлох боломжгүй гэж үзэв. 4.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Nissan Sunny маркийн 3571 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ж.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11. Тээврийн хэрэгсэл байрлан явах. 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. 18.3 Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасаж буюу зогсоно гэсэн заалтыг зөрчсөнөөс зам тээврийг осол гарсан байна. 5.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд осол хэрэг болоход зам нөхцөл байдал нөлөөлөөгүй байна гэж үзэв гэх дүгнэлт /хх 52/,

 

            Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн №80 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1.Л.Т-ийн биед сээрний 1-р нугаламын их биеийн шахагдсан хугарал, тархины эдийн гүнд жижиг цус харвалт, зүүн зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтэл нь хэрэг учрал гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулахгүй тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх 57/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 2379 дугаартай дүгнэлт: 1.Н.Г-н биед гэмтэл тогтоогдсонгүй гэх дүгнэлт /хх 72/,

 

            Зам тээврийн ослын газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх 05/, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх 06/, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 07-10/, Вендо хөрөнгийн үнэлгээний компанийн авто машин техникийн үнэлгээний тайлан /хх 61/,шүүгдэгч Ж.Эийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 110/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 118/, авто тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 119/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх 120/, Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Дуурлиг багийн засаг даргын тодорхойлолт /хх 123/ зэрэг болно.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:   

 

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл нь хууль зүйн хувьд шүүгдэгч Ж.Э нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Л.Тийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ж.Э нь “Төв аймгийн Баяндэлгэр сумын Байдлаг 1 дүгээр багийн нутагт 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 3571 УНЗ улсын дугаартай ниссан санни маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад “Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11 дэх заалтад заасан Тээврийн хэрэгсэл байрлан явах. 11.3 дахь заалтад заасан Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. 18.3 дахь заалтад заасан хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно.” гэсэн заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргаж 7332 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Л.Тийн эрүүл мэндэд нь "сээрний 1-р нугаламын их биеийн шахагдсан хугарал, тархины эдийн гүнд жижиг цус харвалт, зүүн зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал "бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Т, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.С, иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энх-Амгалан, гэрч Н.Ганпүрэв, Д.Дэнсмаа, Б.Баяртуяа, Д.Чулуунбаатар, Н.Золцэцэг нарын мэдүүлэг, Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн №80 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогджээ. 

 

Шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Л.Т нь баримтаар 1 648 200 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд нотлох баримтын шаардлага хангасан 710 700 төгрөгийг шүүгдэгч Ж.Эаас гаргуулж хохирогч Л.Тид олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Сүхбаатарын эзэмшлийн Toyota Prius20 маркийн 7332 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэлийн үнэ болох 3 942 800 төгрөгийг Капитал Континент Инвестмент ББСБ нь иргэний нэхэмжлэгчээр тогтоогдон нэхэмжилсэн нь үндэслэлгүй байх хэлэлцэхгүй орхиж, Капитал Континент Инвестмент ББСБ нь зээлийн гэрээтэй холбоотой нэхэмжлэлээ, Г.Сүхбаатар нь машины эвдрэлтэй холбоотой нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанаас хохирогч Л.Тийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас 710 700 төгрөгийн хохирлыг хангаж шийдвэрлэснийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч хохирол төлөх 5 хоногийн завсарлага авч, ял эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд төлж барагдуулсан болохыг дурдав.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Ж.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлд нь 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэнгээс шүүгдэгч Ж.Э нь хохирол төлөх хугацаа авч хохирогчид 710 700 төгрөг төлсөн. Шүүгдэгч Ж.Э нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн, хохирлоо төлсөн, 62 настай, тэтгэвэрт байдаг. Энэ хэрэг болгоомжгүйгээр үйлдэгдсэн. Иймд улсын яллагчийн оногдуулсан торгох ялыг шүүгдэгчийн ар гэрт ахуй амьдралыг нь харгалзан үзэж багасгаж өгнө үү гэх санал тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ж.Эт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Ж.Эт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэргийн шинж, чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан улсын яллагчийн санал оруулсан торгох ялын хэмжээг багасгаж хуульд заасан торгох ялын доод хэмжээгээр оногдуулах, түүний хөрөнгө орлогын байдлыг харгалзан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч нь оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй. 

 

Эрүүгийн 1934000700150 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ж.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ж.Эийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ж.Эт оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 150 000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Ж.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5.Эрүүгийн 1934000700150 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

6.Капитал Континент Инвестментт банк бус санхүүгийн байгууллагын нэхэмжилсэн 3 942 800 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхисныг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ