| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дэмчигийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2015/09189/И |
| Дугаар | 00624 |
| Огноо | 2016-09-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 00624
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 71 дүгээр байр, 64 тоотод оршин суух, “Тэгш уран санаа” ХЗХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, 20 - 353 тоотод оршин суух, Монгол овогт Дагвадоржийн Эрдэнэбаатар /РД:ШБ75030210/,
Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 42 дугаар гудамж, 8 тоотод оршин суух, Зэлмэн овогт Аюурзанагийн Саруулзаяа /РД:ШГ80022305/ нарт холбогдох,
зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 43 274 380 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Тэгш уран санаа” ХЗХ-ны гүйцэтгэх захирал Ч.Хүрэлбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Тайванжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Хүрэлбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Эрдэнэбаатар, А.Саруулзаяа нар нь “Тэгш Уран Санаа” Хадгаламж Зээлийн Хоршооноос 2014 оны 08-р сарын 25-ний өдөр зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулан 36,000.000 төгрөгийг сарын 5% хувийн хүүтэй эргэлтийн хөрөнгө худалдан авах зориулалтаар зээлийн эргэн төлөлтийн график байгуулан зээлж авсан. Бид нар Зээл ба барьцааны гэрээгээ нотариатаар гэрчлүүлж, барьцааны гэрээгээ Үл хөдлөх Хөрөнгийн Бүртгэлийн Газар бүртгүүлж, барьцаалбар үйлдсэн. Зээлдэгч Д.Эрдэнэбаатар А.Саруулзаяа нар нь 2015 оны 09-р сарын 16-наас хойш зээлийн хүүгээ төлөөгүй өнөөдрийг хүрсэн. Манай ХЗХ нь зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх мэдэгдлийг 2015 оны 05 дугаар сарын 25-ны болон 2015 оны 06 дугаар сарын 18-ний өдөр зээлдэгч Д.Эрдэнэбаатарт гардуулан өгсөн болно. Зээлдэгч Д.Эрдэнэбаатар А.Саруулзаяа нар нь зээл ба зээлийн хүүгээ хэвийн төлөхгүй байгаа нь манай хадгаламж, зээлийн хоршооны зээлийн чанарыг муутгаж, манай бизнесийн ажилд сөрөг нөлөө үзүүлж байна. Манай Хадгаламж Зээлийн Хоршоо нь Д.Эрдэнэбаатар А.Саруулзаяа нараас зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг ба Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасны дагуу үндсэн зээл болох 28,020,000 төгрөг, мөн зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1 ба 2.7, Иргэний хуулийн 451 дүгээр зүйл, ба 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн хүүг, мөн болон гэрээний 2.7 ба 2.9, Иргэний хуулийн 452.2 ба 453.1 дэх хэсэгт заасны дагуу нэмэгдүүлсэн хүүг нэмж бодоод нийт 9 358 680 төгрөгөөр шаардлагаа нэмэгдүүлж, нийтдээ 43.274.380 төгрөгийг нэхэмжилж байгаа бөгөөд энэхүү төгрөгийг зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо, Залуус хороолол Толгойт 18101 Москвагиин гудамж 48Б-р байрны 399 тоог хаягг байршилтаи 20.5 м.кв талбаитаи 1 өрөө орон сууц ба Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо. Залуус хороолол Толгойт 18101 Москвагийн гудамж 48Б-р байрны 13 тоот хаягт байршилтай 12 мкв талбайтай Авто зогсоолыг дуудлага худалдаагаар албадан борлуулж. энэхүү борлуулалтын орлогоос дээрхи зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын эардал болох 43.274.380 төгрөгийг гаргуулж тус хоршоог хохиролгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Д.Эрдэнэбаатар, А.Саруулзаяа нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Бид нар “Тэгш уран санаа” ХЗХ-ны нэхэмжилж буй 43 274 380 хүлээн зөвшөөрөхгүй байна. Анх 30 373 680 төгрөг нэхэмжилж байсныг бид хүлээн зөвшөөрөөгүй, яагаад зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш төлөгдөөгүй байсан зээл болон хүү, нэмэгдүүлсэн хүүг өнөөдрийг хүртэл бодогдож байгааг мэдэхгүй байна” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Тэгш уран санаа” Хадгаламж зээлийн хоршоо нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн өр 28 020 000 төгрөг, зээлийн хүү 1 961 400 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 392 280 төгрөг, нотариатын хураамж 11 500 төгрөг нийтдээ 30 385 180 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Эрдэнэбаатар, А.Саруулзаяа нарт холбогдуулан 2015.10.28-ны өдөр шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмж тооцон 3 530 520 төгрөгөөр нэмэгдүүлэн 2015.12.30-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг 33 915 700 төгрөгөөр тодорхойлж, шаардлагыг нэмэгдүүлсэн тухайгаа шүүхэд мэдэгдсэн байна.
Мөн 2016.06.14-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг 9 358 680 төгрөгөөр нэмэгдүүлсэн байх бөгөөд үндэслэлээ 2015.12.30-ны өдрөөс 2016.06.14-нийг хүртэлх хүү 7 798 900 төгрөг, мөн хугацааны нэмэгдүүлсэн хүү 1 559 780 төгрөг нийт 9 358 680 төгрөгийг нэмж нэхэмжлэлийн шаардлагыг 43 274 380 төгрөгөөр тодорхойлж, энэ үнийн дүнгийн хэмжээгээр хариуцагч нараар төлүүлэхээр шаардсан байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Д.Эрдэнэбаатар, А.Саруулзаяа нар нь “Тэгш Уран санаа” ХЗХ-ноос 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 36 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцож, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Залуус хороолол, Толгойт 18101 Москвагийн гудамж, 48Б байрны 399 тоот, 20,5 м.кв 1 өрөө орон сууц, 48Б байрны 13 тоот 12 м.кв авто зогсоолыг барьцаалсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан №14/34 тоот барьцаат зээлийн болон ипотекийн гэрээ, барьцаалбарын хуулбар, мөнгө хүлээн авсан бэлэн мөнгөний зарлагын баримт зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Талуудын хооронд байгуулсан барьцаат зээлийн болон ипотекийн гэрээний хувьд зохигчид маргаангүй, барьцаат зээлийн гэрээ болон ипотекийн гэрээ нь Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1, 156 дугаар зүйлийн 156.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан тул “Тэгш Уран санаа” ХЗХ, Д.Эрдэнэбаатар, А.Саруулзаяа нарын хооронд байгуулагдсан 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн №14/34 тоот барьцаат зээлийн, 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн №14/34 тоот ипотекийн гэрээг хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэв.
Нэхэмжлэгч “Тэгш Уран санаа” ХЗХ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар мөнгөн хөрөнгө буюу 36 000 000 төгрөгийг Д.Эрдэнэбаатар, А.Саруулзаяа нарт шилжүүлсэн ба зээлдэгч гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тул нэхэмжлэгч үүргийн биелэлтийг шаардсан нь үндэслэлтэй байна.
Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээнд зааснаар зээлийн гэрээний хугацаа 2015 оны 2 дугаар сарын 25-ны өдөр дууссан бөгөөд Д.Эрдэнэбаатар, А.Саруулзаяа нар нь зээлийн хүүг сар бүр төлөх гэрээгээр тохиролцсон хугацааг зөрчиж, зээлийн хүүг болон үндсэн зээл, нэмэгдүүлсэн хүүг төлөөгүй байх бөгөөд хариуцагч нарт зээлээ төлөхийг амаар болон бичгээр удаа дараа мэдэгдэж байсан байна.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй“ бөгөөд талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд энэ талаар харилцан тохиролцсон байна.
Зээл төлөлтийн график, тооцооллоос үзэхэд зээлдэгч нь зээлийн хүүд 2014.10.14-нд 1 700 000 төгрөг, 2014.12.25-нд 3 000 000 төгрөг, 2015.03.25-нд 5 000 000 төгрөг, 2015.03.30-нд 1 500 000 төгрөгийг тус тус төлсөн, 2015.09.16-нд төлсөн 20 000 000 төгрөгний 12 020 000 төгрөгийг зээлийн хүүнд, үлдэх 7 980 000 төгрөгийг үндсэн зээлийн төлөлтөд тооцож хассан байх бөгөөд нийтдээ 31 200 000 төгрөгийг хариуцагч тал төлсөн байна.
Талуудын хооронд байгуулсан барьцаат зээлийн гэрээнд 2.6-д “зээлдэгч авсан зээлээ энэ гэрээний Хавсралт №1 дагуу төлөөгүй бол зээлдүүлэгч нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг бүрэн төлсний дараа үндсэн зээлийн өрийг төлүүлнэ” гэж заасан, мөн нэхэмжлэгч уг 20 000 000 төгрөгнөөс 12 020 000 төгрөгийг хүүнд тооцож, 7 980 000 төгрөгийг үндсэн зээлнээс хассан гэж тайлбарласан болно.
Зээлийн гэрээний хугацаа 2015.02.25-ны өдөр дуусгавар болсон, нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргаснаар үүргийн харилцаа үргэлжлэхгүй тул үндсэн хүү болон нэмэгдүлсэн хүүг нэмж нэхэмжлэх үндэслэлгүй болно.
Иймд хариуцагч Д.Эрдэнэбаатар, А.Саруулзаяа нараас үндсэн зээлийн үлдэгдэл 28 020 000 төгрөг, зээлийн хүү 1 961 400 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 392 280 төгрөг, нотариатын хураамж 11 500 төгрөг нийтдээ 30 385 180 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Тэгш Уран санаа” ХЗХ-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12 889 200 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Барьцаат зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр, ипотекийн гэрээнд хамтран барьцаалуулагчаар гарын үсэг зурсан байгаа тул төлбөрийг Д.Эрдэнэбаатар, А.Саруулзаяа нараас гаргуулж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар барьцаат зээлийн гэрээ болон ипотекийн гэрээгээр барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэгчийн шаардлагыг хангалаа.
Талуудын хооронд байгуулагдсан барьцаат зээлийн гэрээний 3 дугаар зүйлд, ипотекийн гэрээнд энэ талаар харилцан тохиролцсон байх тул хариуцагч үүргээ гүйцэтгэхгүй буюу зохих ёсоор гүйцэтгэхгүй бол барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч Д.Эрдэнэбаатар, А.Саруулзаяа нар шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа шүүхийг үл хүндэтгэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг тэдний эзгүйд хянан шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Эрдэнэбаатар, А.Саруулзаяа нараас 30 385 180 төгрөгийг гаргуулж “Тэгш уран санаа” ХЗХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12 889 200 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 546 006 төгрөг / 309876+71440+164690/-ийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 309 876 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Эрдэнэбаатар, А.Саруулзаяа нарын зээлийн барьцаанд барьцаалсан Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Залуус хороолол, Толгойт 18101 Москвагийн гудамж 48Б байр, 399 тоот 20.5 м.кв 1 өрөө орон сууц, уг 48Б байрны 13 тоот 12 м.кв авто зогсоолыг албадан худалдаж, түүний үнээс шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ