Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 2019/ШЦТ/224

 

 

 

 

 

 

 

 

 

 2019              07              30                                                     2019/ШЦТ/224

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанчимэг,

Улсын яллагч Б.Эрхэмбаяр,

Шүүгдэгч Н.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.Мад холбогдох эрүүгийн 1934003900232 дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Н.М, 1965 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, малчин, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч Н.М-ын өгсөн: Цасан шуурга шуураад намдсан байсан. Тэгээд Налайх ороод гэртээ ирчихээд байж байхад хажуу айлын хөрш танай хонь үхчихлээ гэсэн. Тэгээд очоод харсан манай имтэй хонь биш байсан. Манай хонь зүүн талдаа имтэй байсан. Тэр хонь нь буруу талдаа имтэй байсан. Энэ манай хонь биш байна гэсэн тэгээд явах гэсэн явуулдаггүй. Машины хаалга хаах гээд цааш нь түлхээд явдаггүй. Тэгэхээр нь нэг алгадчихаад хаалгаа хаагаад явсан гэх мэдүүлэг,

 

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

 

Хохирогч Н.Г-ын өгсөн: Манайх Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд 1 дүгээр багийн нутаг “Бүрд” гэх газар мал маллан нутагладаг. Тэгээд манай саахалт айлын Н.Мынх хоёр тооны хонь тавьсан. 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр  цасан шуурга болоод Н.Мын манай хонинд тавьсан хонь нь шуурганд үхсэн. Н.Мад утсаар хэлсэн чинь Н.М эхнэр Цэцэгмаагийн хамт ирж үзээд манай хонь биш байна гэсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд та нарын хонь үхчихсэн гэхэд өөдөөс дайрсан. Тэгсэн Н.М машиндаа орж суугаад явах гээд машиных нь хаалгыг бариад хаалгыг нь хаалгахгүй байсан чинь Н.М машинаасаа бууж ирээд намайг чи яах гээд байгаа юм бэ гээд нүүр лүү гараараа 2-3 удаа цохиж зодож гэмтэл учруулсан. Тухайн үед Н.М болон би архи согтууруулах ундааны зүйл уугаагүй эрүүл байсан. Тухайн хэрүүл маргаан болох үед манай эхнэр Цэнгэлмаа, Н.М, түүний эхнэр Цэцэгмаа нар байсан. Өөр хүн байгаагүй. Миний эрүү юм идэхэд хөндүүрлэж, толгой бага зэрэг хатгаж өвдөөд байна. Намайг Н.М цохиж зодсонд гомдолтой байна. Эмнэлэгт үзүүлэх мөнгө авна.” Гэх мэдүүлэг /хх 08/,

 

Гэрч Г.Цэнгэлмаагийн өгсөн: ...манай саахалт айлын Н.Мынх хоёр тооны хонь тавиад тэгээд удалгүй нэг хонио авсан бөгөөд 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр гадаа их цасан шуурга болоод Н.Мын үлдсэн нэг хонь нь үхчихсэн. Тэгээд Н.Мад утсаар хэлсэн чинь Н.М эхнэр Цэцэгмаатай ирж үзээд манай хонь биш байна гээд байсан. Тэгээд түүнээс болоод маргалдаад манай нөхөр Н.Гыг Н.М гараараа нүүр рүү нь цохиж зодож гэмтэл учруулсан. Тухайн үед Н.М, Н.Г нар архи согтууруулах ундааны зүйл уугаагүй эрүүл байсан гэх мэдүүлэг /хх 11/,

 

Гэрч Д.Цэцэгмаагийн өгсөн: Манайх Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд 1 дүгээр багийн нутаг Бүрд гэх газар байдаг. Тэгээд Н.Г гэх айлд хоёр хонь тавиад нэгийг нь удаахгүй аваад идсэн. Нэгийг нь үлдээсэн. Тэгтэл 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Н.Гынхоос танай хонь цасан шуурганд үхсэн гэхээр нь нөхөр Н.Мын хамт очиход манай хонь биш өөр хонь үхсэн байсан. Тэгээд манай хонь биш байна гээд явах гэсэн чинь Н.Г танай хонь байхгүй хэний хонь байдаг юм гээд хашхираад байсан. Тэгээд нөхөр бид хоёр машиндаа суугаад явах гэсэн чинь Н.Г машины хаалга хаалгахгүй зууралдаад энэ зовлогоо ав гээд байсан. Тэгээд манай нөхөр хаалга хаах гээд Н.Гыг түлхсэн чинь хаалганд Н.Гын шанаа тус газар нь цохисон. Тухайн үед Н.М архи уусан байсан. Болж байгаа үйл явдлыг мэдэх чадвартай байсан. Н.Г архи уусан байсан талаар мэдэхгүй байна. Нөхөр Н.М бид хоёрыг очиж үзэхэд зөв чих нь онь эмтэй бор чихтэй бор нүдэн хонь үхсэн байсан. Зөв чих нь онь эмтэй шар хүзүүтэй эм хонь байсан гэх мэдүүлэг /хх 14-15/,

 

Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн №330 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1.Н.Гын биед уруулын дотор салстад шарх, цус хуралт, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 1-ээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй. 4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх /хх 17/,

 

ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 26/, шүүгдэгч Н.Мын захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /хх 30-31/, Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн тодорхойлолт /хх 37/,  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 38/, хохирлын баримт /хх 43/ зэрэг болно.   

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

 

            Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Н.М нь хууль зүйн хувьд согтуугаар хувийн таарамжгүй харилцааны улмаас “танхайн” сэдэлтээр, санаатай үйлдлээр хохирогчийн эрүүл мэндэд Гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

            Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.М нь 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд 1 дүгээр багийн нутаг “Бүрд” гэх газар хохирогч Н.Гын нүүрэн тус газар цохиж эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь "уруулын дотор салстад шарх, цус хуралт, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал" бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Г, гэрч Г.Цэнгэлмаа, Д.Цэцэгмаа нарын мэдүүлэг, Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн №330 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогджээ. 

 

Иймд шүүгдэгч Н.Мыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Хохирогч Н.Г эмчилгээний зардал гэх 120 000 төгрөгийн нотлох баримт ирүүлсэн байх бөгөөд энэ нотлох баримт нь хуулийн шаардлага хангасан байх тул хангаж, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг  нээлттэй орхих нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Н.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг,

Шүүгдэгч Н.М нь торгуулийн ялын хэмжээг багасгаж өгнө үү гэх саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Н.М нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгч Н.Мад эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэргийн шинж, чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн улсын яллагчийн санал оруулсан торгуулийн ялын хэмжээг багасгах нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т "Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно." гэж заасан бөгөөд шүүгдэгчийн хөрөнгө орлогын байдал болон хүсэлтийг харгалзан 450 000 төгрөгийн торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 150 000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Шүүгдэгч Н.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

 

Эрүүгийн 1934003900232 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Н.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Н.Мыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Н.Мад оногдуулсан 450 000 төгрөгийн торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 150 000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Н.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Н.М-аас хохирогч Н.Г-д 120 000 /нэг зуун хорин мянга/ төгрөг гаргуулж Төв аймгийн Эрдэнэ сумын 2 дугаар багт оршин суух хохирогч Н.Г  /-д олгосугай.

 

6.Хохирогч Н.Г гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7.Эрүүгийн 1934003900232 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.М-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ