Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 214/МА2025/00012

 

С.З*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Азжаргал даргалж, шүүгч Л.Хишигдэлгэр, шүүгч Л.Ариунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, Ерөнхий шүүгч О.Одончимэг, шүүгч Д.Элбэгзаяа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 304/******* дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: С.З*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Ц*******, Д.Ц*******, Н.Б******* нарт холбогдох

25,000,000 /хорин таван сая/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.Ц*******, Д.Ц******* нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Л.Ариунцэцэгийн илтгэснээр хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.З*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Д*******, хариуцагч Д.Ц*******, хариуцагчийн өмгөөлөгч Р.Н*******, хариуцагч Н.Байгалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь

1.С.З*******ын нэхэмжлэлийн шаардлагын агуулга: ...Миний бие Булган аймгийн Дашинчилэн сумын 4 дүгээр багийн иргэн Д.Ц*******тэй сүүлийн 10 гаруй жил гэр бүлийн найз нөхдийн харилцаа холбоотой байсан. 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Д.Ц*******гийн эхнэр Д.Ц******* ******* дугаараас над руу залгаад Д.Ц******* бид хоёрт 25,000,000 төгрөг хэрэг болоод байна. Чи Д.Ц******* бид хоёрт 25,000,000 төгрөг зээлээч. Удаахгүй буцаагаад өгнө гэж хэлсэн. Би тухайн үед банкнаас зээл авчихсан байсан тул Д.Ц*******д ямар дансанд шилжүүлэх талаар асуухад Д.Ц******* чи надад зээлэх 25,000,000 төгрөгөө миний данс руу шилжүүлж хоёр ажил болж байхаар данс руу шилжүүлчих гээд дугаартай дансыг өгсөн. Би 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Ц*******гийн надад өгсөн дугаартай дансанд гар утасныхаа интернэт банкнаас 2 удаагийн гүйлгээгээр нийт 25,000,000 төгрөг шилжүүлсэн. Д.Ц*******, Д.Ц******* нар надаас 25,000,000 төгрөгийг дугаарын дансаар шилжүүлэн авсанаас хойш 2023 оны 05 дугаар сар хүртэл уг мөнгийг буцааж өгөх талаар нэг ч удаа эргэж холбогдоогүй. Д.Ц*******тэй утсаар холбогдож мөнгөө авъя гэхэд ...би залилуулсан юм шиг байна. Чи анхнаасаа өөрийнхөө данснаас мөнгө шилжүүлсэн юм чинь чи өөрөө залилуулсан болоод цагдаагийн байгууллагад гомдол гаргачих гэж хэлсэн. Тухайн үед бас Д.Ц*******, Д.Ц******* нарт итгээд Б сумын хэсгийн төлөөлөгчид гомдол гаргаж хохирогчоор мэдүүлэг өгсөн боловч хэсэг хугацааны дараа гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болсон талаар цагдаагийн байгууллагаас надад мэдэгдсэн. Д.Ц*******, Д.Ц******* нарт итгэж дугаарын дансанд 2 удаагийн гүйлгээгээр нийт 25,000,000 төгрөг шилжүүлсэн. дугаарын данс эзэмшигчийг огт танихгүй. Иймд зээлүүлсэн 25,000,000 төгрөгийг Д.Ц*******, Д.Ц******* нараас нэхэмжилж байх тул миний нэхэмжлэлийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч Д.Ц******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие С.З*******той 2014 оноос хойш хамтарч хадлан,тэжээл тарьж хадах ажил хийж байсан. ЖДҮД Сангаас зээл авч үйл ажиллагаагаа өргөтгөх талаар С.З*******той ярилцаж байсан. Д.Ц*******гийн дүү Цоор дамжуулан Н.Б******* гэдэг хүнтэй холбогдож очиж уулзсан. Н.Б******* өөрөө шаардлага хангасан төсөл бичиж, зээл гаргуулж өгнө гэсэн. С.З*******той 2020 онд С аймгийн О суманд 300 га газар ногоон тэжээл тарьсан. Бидний дундын тэжээл зарж борлуулсан орлого С.З*******ын харилцах дансанд байсан. С.З******* ЖДҮД Сангийн зээлээ шуурхай авахын тулд Н.Б*******д мөнгө өгье гэхээр нь хэрэггүй, зээл авсан хойноо бол гэж сануулж хэлж байсан. С.З******* нь Улаанбаатар хотод явж байхдаа өөрийн данснаасаа Н.Байгалийн тоот харилцах дансанд 25,000,000 төгрөг шилжүүлсэн байдаг. С.З******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ бид хоёрыг 25,000,000 төгрөг зээлээч, удахгүй буцааж өгнө гэж хэлсэн гэж худлаа бичсэн байна. Иймд С.З*******ын гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

3.Хариуцагч Д.Ц******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: манай нөхөр Д.Ц******* иргэн С.З*******той 2014 оноос хойш хадлан тэжээл тарьж хамтран ажиллаж байна. 2020 онд Д.Ц*******, С.З******* хоёр С аймгийн О суманд 300 га газарт ногоон тэжээл тарьж хамтарч ажиллаж байсан. Энэ үед ЖДҮД Сангаас зээл авч үйл ажиллагаагаа өргөтгөе гэж ярилцсан. Манай бүл дүү Б.Цоор дамжуулж Н.Б******* гэдэг хүнтэй холбогдож, бид нар очиж уулзсан. Бид нар ЖДҮД Сангаас зээл авахаар төсөл бичиж очоод үзүүлсэн. Н.Б******* бидний бичсэн төслийг авахгүй гээд өөрөө шаардлага хангасан төсөл багийн хүмүүсээрээ бичүүлж, зээл гаргуулж өгнө гэсэн. Н.Б******* над руу ярьж төсөл бэлэн болсон. Зээл удахгүй шийдвэрлэгдэнэ. Надад зээлийн тодорхой хувь өгөөч гэж хэлсэн. Би нөхөр Д.Ц*******, С.З******* нарт энэ талаар хэлсэн. Д.Ц******* зээлээ аваагүй байж юун мөнгө вэ? Хэрэггүй шүү, зээл авсан хойноо бол гэж С.З*******од сануулж хэлсэн гэж байсан. Энэ үед С.З******* өөрийн харилцах данснаасаа Н.Байгалийн харилцах дансанд 2 удаагийн гүйлгээгээр 25,000,000 төгрөг шилжүүлсэн байсан. Н.Б******* бидний зээлийг хөөцөлдөж өгөхгүй өдийг хүрсэн. 2-3 удаа гэрийн хаягаар нь очсон. Очих болгонд гэртээ байгаагүй. С.З******* нэхэмжлэлдээ бид хоёрыг мөнгө хувьдаа зээлээч, удахгүй буцааж өгнө гэсэн гэж хулаа мэдүүлсэн. С.З*******ын гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

4.Хариуцагч Н.Б******* шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2020 онд хариуцагч Д.Ц******* болон Д.Ц******* нар надтай холбогдсон тухайн үед зээл авах гэж байгаа талаар хэлж байсан. Зээл авахын тулд С.З*******оос урьдчилгаа мөнгө авах шаардлагатай байна. Энэ мөнгийг чиний дансаар дамжуулан аваад чи бидэнд бэлнээр өгөх талаар ярилцсан. Нэхэмжлэгч С.З*******ыг би сайн танихгүй. Миний дансанд мөнгө хийх гэж байгаа учраас бид хоорондоо зээлийн гэрээг 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан. Үүнээс хойш дээрх хүмүүс надтай огт холбоо бариагүй. 2024 оны 01 дүгээр сард намайг эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн гэх шалтгаанаар цагдаад өгч байсныг хэргийн материалтай танилцах үедээ мэдсэн. С.З*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Үндэслэл нь: а. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлдэг. Гэтэл энэ хэргийн тухайд би нэхэмжлэгчийн эдийн засгийн хувьд хохироож түүнээс мөнгө зээлж авсан зүйл байхгүй. Зээлийн гэрээний төлбөрийг би ашигласан зүйл байхгүй. Энэхүү зээлийн гэрээний мөнгөн дүн надтай огт холбоогүй. С.З*******оос мөнгө зээлж авах санааг Д.Ц******* болон Д.Ц******* нар гаргаж мөнгийг миний дансаар дамжуулсан.

б.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.З******* болон бидний хооронд байгуулсан зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иймд энэхүү зээлийн гэрээний дагуу надтай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй гэж үзэж байна. Д.Ц******* гэх хүнтэй би зөвхөн энэхүү зээлийн гэрээг байгуулж эрх зүйн харилцаанд орсон. Өөр ямар нэгэн байдлаар нэхэмжлэгч С.З*******од хохирол учруулаагүй. Зээл гаргаж өгнө гэж амласан зүйл байхгүй, төсөл бичихэд гарах зардал болох 25,000,000 төгрөг данс руу нь орсон. Тухайн мөнгөнөөс эргүүлэн төлсөн зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 283 дугаар зүйлийн 283.1-д зааснаар хариуцагч Д.Ц*******, Д.Ц******* нараас 25,000,000 /хорин таван сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.З*******од олгож, хариуцагч Н.Б*******д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,950 /хоёр зуун наян хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ц*******, Д.Ц******* нараас 282,950 /хоёр зуун наян хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

6.Хариуцагч Д.Ц*******, Д.Ц******* нар давж заалдсан гомдолдоо болон тэдний өмгөөлөгч Р.Н******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...С.З*******ын нэхэмжлэлтэй, Д.Ц*******, Д.Ц*******, Н.Б******* нарт холбогдох 25,000,000 /хорин таван сая/ төгрөг гаргуулах шаардлага бүхий маргааныг хянан шийдвэрлэсэн Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 134/******* тоот шийдвэрийг 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр цахим хаягаар хүлээн авч танилцаад эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ нотлох баримтыг нэг талыг барин өрөөсгөл байдлаар үнэлж, хуулийг үндэслэл муутай, буруу тайлбарласнаас шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэг. Хэргийн үйл байдалд өрөөсгөл дүгнэлт хийж, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлж чадаагүйгээс үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй байна.

Үүнд: 1.1. Шүүх бид нараас төлбөр гаргуулахдаа нэхэмжлэгч С.З*******ын "Ц*******гийн хэлсэн Б******* гэж хүний дансанд мөнгийг шилжүүлэх байдлаар Ц*******, Ц******* нарт 25,000,000 төгрөг зээлдүүлсэн гэх агуулгатай нэхэмжлэл, хамтран хариуцагч Н.Байгалийн шүүхэд ирүүлсэн болон төлөөлөгчийнх нь шүүх хуралдаанд тайлбарласан Ц*******, Ц******* нар С.З*******оос мөнгө зээлэх гэж байгаа тухай ярьж байсан. Зээлийн урьдчилгааг чамаар дамжуулж авъя гэж байсан. Миний дансанд мөнгө орсны дараа 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Д.Ц*******тэй зээлийн гэрээ хийсэн. С.З*******ыг огт танихгүй, С.З*******оос авсан мөнгийг би ашиглаагүй. Энэ мөнгө надтай огт холбоогүй гэсэн тайлбаруудыг үндэслэл болгожээ.

1.2. Шүүх Д.Ц*******, Д.Ц******* нарын Хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхэд удаа дараа тайлбарлаж, мэдүүлсэн С.З*******той гэр бүлийн найзууд, хамтарч ажилладаг. С аймагт 100 га газар түрээслэн ногоон тэжээл тариалж байсан. Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас бага хүүтэй зээлийн төсөл бичиж зээл авч талбайгаа өргөтгөх, үхрийн аж ахуй эрхлэх талаар хоорондоо ярьж байсан. Ингээд энэ санаагаа хамаатны дүү Цэрэнсодномд хэлж, тэр нь Б******* гэж хүнийг хэлж өгснөөр уулзсан. Б******* нь Д.Ц*******гийн бичсэн төслийг шаардлага хангахгүй юм байна, би төсөл бичиж ЖДҮД Сан руу оруулж өгнө, энэ ажлыг хийж өгөх урьдчилгаа хөлс 25,000,000 төгрөг гэж хэлсэнд үнэмшсэн. Ингээд С.З*******од хэлж тэр мөн итгэж Н.Байгалийн данс руу мөнгө шилжүүлсэн гэсэн тайлбарын татгалзлаа өөрсдөө нотолж чадаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Үүнд: а. Н.Б******* төсөл бичиж ЖДҮД Сангийн төсөлд хамруулна гэсэн ч Д.Ц******* хүний багагүй мөнгө шилжүүлсэн юм чинь ямар ч байсан гарын үсэг авъя гэж Н.Байгалийг хайж байж уулзаад энэ шаардлагаа хэлсэн. 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Д.Ц******* миний бие Н.Б*******д 25,000,000 төгрөгийг данс руу шилжүүлэв. Зээл олгосон Д.Ц*******, зээл авсан Н.Б******* гэж Н.Б******* өөрийн гараар баримт үйлдэж өгсөн байна. Д.Ц******* нь нэгэнт ЖДҮД Сангаас төслийн зээл гаргуулна гэдэг итгэл үнэмшлээр С.З*******оос 25,000,000 төгрөгийг Н.Байгалийн данс руу шилжүүлүүлсэн. Өөрөө төрийн албан хаагч байсан тул хээл хахууль өгсөн хэрэгт орж магадгүй гэж болгоомжлон Цагдаагийн байгууллагад Н.Б*******д мөнгө зээлж залилуулсан гэсэн утгатай гомдол гаргаж байснаа тайлбарлаж байна.

б. Д.Ц*******гийн гомдолд Цагдаагийн байгууллага 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хэрэг бүртгэлтийн дугаартай хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулаад 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр 157 тоот тогтоол гарган хэргийг хаасан байна. Шүүхэд нотлох баримтаар ирсэн энэхүү хэргийн материалд авагдсан дээрх 25,000,000 төгрөгтэй холбоотой баримтуудыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т заасан Хуурамч эсхүл хууль бус гэж шүүх үзээгүй, мөн хуулийн 38.9-д зааснаар Хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй гэж үзэж нотлох баримтаас хасаагүй атлаа бусад нотлох баримттай харьцуулан үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн байна. Үүнд: Хариуцагч Н.Б******* 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр мөрдөгчид гэрчээр мэдүүлэг өгөхдөө Д.Ц******* гэдэг хүнээс 25,000,000 төгрөг зээлж авсан. Энэ 25,000,000 төгрөгийг хувийнхаа хэрэгцээнд зарцуулсан. Би түүнийг хулхидаж залилаагүй. Өрөө төлж чадаагүй нь миний буруу байх. Би энэ мөнгийг хуваагаад хэсэгчлээд төлнө гэх Би төрийн байгууллагад ажиллаж байгаагүй. 2020 онд Ц******* гэх хүнд Жижиг дунд үйлдвэрлэлээс зээл авахад шаардагдах бичиг баримтын бүрдүүлэлт, төсөл бичсэн. Миний энэ төсөл цаг үеийн байдлаас болж хэрэгжээгүй. Тэгэхээр миний бичсэн төсөл хэрэгжээгүй тул энэ 25,000,000 төгрөгийг буцаан төлөх нь зөв юм. Тухайн үөд би Ц******* гэдэг хүнд зээлэнд зориулж төсөл бичиж өгч байсан гэсэн баримт шүүхэд ирсэн байна,

Прокурорын 157 дугаартай тогтоолд "...Н.Б******* нь Жижиг дунд үйлдвэрлэлийн зээл гаргаж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг бий болгож, Ц*******гээр дамжуулан хохирогч С.З*******оос 25,000,000 төгрөг өгч авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан Залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон байна гэсэн дүгнэлтийг шүүх юу гэж үзсэн, нотлох баримтаар тооцохгүй байх, бусад нотлох баримттай харьцуулан үнэлээгүйн учир тодорхойгүй байна.

Нэхэмжлэгч С.З******* хэрэг бүртгэлтийн шатанд хохирогчоор тогтоогдон 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр мэдүүлэг өгсөн байна. Тэрээр шүүхийн шийдвэрт дурдсан хэрэг бүртгэлтийн шатанд удаа дараа мэдүүлсэн Д.Ц*******, Д.Ц******* нарын ярьж тайлбарлаж байгаатай адил агуулгатай Ц*******, Ц******* нартай хамтарч ажиллаж байсан, жижиг дунд үйлдвэрийн зээл авах талаар ярилцсан. Ц*******, Ц******* хоёрыг таньдаг, хамтарч ажилладаг болохоор тэгье гэсэн. Ц******* зээл гаргах хүн хөөцөлдөж оллоо. 300-400 сая төгрөгийн зээл аваад гурвуулаа хуваана. Зээл бараг бүтэх нь шиг байна. Урьдчилгаа мөнгө байршуул гэж Б******* гэж хүний ХААН банкны данс өгөхөөр нь 10 сая, 15 саяар хуваагаад шилжүүлсэн гэхчилэн мэдүүлсэн баримт хэрэгт ирсэн байна.

С.З*******ын шилжүүлсэн мөнгө Н.Байгалийн дансанд орж зарцуулагдсан нөхцөл байдал дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлэг зэргээр эргэлзээгүй тогтоогдсон. Уг мөнгөнөөс Н.Б******* нь Д.Ц*******, Д.Ц******* нарт олгосон, шилжүүлсэн ямар ч баримт, мэдүүлэг, тайлбар байхгүй байна. Илт худлаа тайлбар нь баримтаар няцаагдаж байхад Н.Байгалийн тайлбарыг дагаж шийдвэр гаргасан нь сонин байна.

Хоёр. Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар. 2.1 Хөөн хэлэлцэх хугацааны талаар. С.З******* нь Н.Байгалын дансанд 25,000,000 төгрөгийг 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр шилжүүлсэн. С.З*******ын гомдлоор 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээснээр хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 79.1-д зааснаар тасалдаж шинээр эхлэн тоологдоно. С.З******* нь уг мөнгөө алдаж хохирсон хууль ёсны ашиг сонирхол, эрхээ хамгаалахаар эрх хамгаалагчийг сонгож өргөдөл, гомдол, нэхэмжлэлээ гаргах нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан иргэний үндсэн эрх юм. Иймд түүний Цагдаагийн байгууллагад уул асуудлаар хандаж шалгуулсныг тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасантай адилтган үзнэ.

Нөгөө талаар Н.Б******* 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хэрэг бүртгэгчид гэрчээр тайлбар мэдүүлэг өгөхдөө ...Тэгэхээр миний бичсэн төсөл хэрэгжээгүй болсон ч үгүй ч энэ 25,000,000 төгрөгийг буцаан төлөх нь зөв юм гэж үүргийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуулийн 79.1-д заасан ...шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлд хамаарна.

С.З******* нь Н.Байгалийн үүргийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрсөн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс хойш, прокурорын 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн шийдвэрийг авснаас хойш 3 жил өнгөрөөгүй байхад буюу 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэл гаргасан байх тул хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 75.2-т зааснаар дуусах үндэслэл байхгүй байна.

2.1Зээлийн гэрээний харилцааны талаар. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд 281.1 "Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж тодорхойлжээ.

Д.Ц*******, Д.Ц******* нар ямар ч байсан багагүй мөнгөний асуудал тул Н.Байгалиас гарын үсэг авах нь зөв гэж үзэж түүн дээр очсон. 2020 оны 09 дүгээр сарын сүүлээр байх бөгөөд Н.Б******* нь өөрийн гараар 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр иргэн Д.Ц******* миний бие Н.Б*******д /ЧП/ 25,000,000 төгрөг данс руу шилжүүлэв. Зээл олгосон Д.Ц*******, зээл авсан Н.Б******* гэж бичээд гарын үсэг зуржээ. Энэ бичвэр нь Н.Байгалийг 25,000,000 төгрөг авсныг баримтжуулах агуулгаар хийгдсэн тул зээлийн гэрээ гэж үзэх боломжгүй байна. Учир нь Д.Ц*******, Д.Ц******* нар Н.Б*******д өөрийн ямар ч мөнгө зээлдүүлээгүй байна. Нөгөө талаар Д.Ц*******, Д.Ц******* нар С.З*******оос ямар ч мөнгө хүлээж аваагүй учир Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүсээгүй. Д.Ц*******, Д.Ц*******, С.З******* нарын болон С.З******* Н.Б******* нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх Иргэний хуулийн 41 дүгээр зүйлд заасан хэлцлийн агуулга нь "...хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлах хуулийн агуулгаар үгүйсгэгдэж байна.

2.3. Гэм хор учруулсан талаар. Прокурорын 157 тоот тогтоолд авагдсан С.З*******ын тайлбар, Н.Байгалын гэрчээр өгсөн мэдүүлэг, Д.Ц*******, Д.Ц******* нарын тайлбар, мөнгө шилжүүлсэн баримтаар Н.Б******* нь ЖДҮД Сангаас хөнгөлөлттэй зээл гаргуулж өгнө гэдэг утгаар 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр өөрийн дансаар С.З*******оос 25,000,000 төгрөгийг авсан болох нь тогтоогдсон байна. Прокурорын 157 тоот тогтоол, түүнд авагдаж дүгнэлт хийсэн С.З*******, Н.Б******* нарын мэдүүлгийг эдгээр хүмүүс энэ мэдүүлгээ няцаасан нотлох баримт гаргаагүй нөхцөлд прокурорын хучин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл байдлыг дахин нотлох шаардлагагүй. Н.Б******* нь Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 113 дугаар тогтоолоор баталсан ЖДҮД Сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам-д заасан шалгуур шаардлага хангасан зээлийн төсөл бичих ажил гүйцэтгэсэн, тэрхүү төслөө сангийн зөвлөлд өгч хянуулсан, хурлаар хэлэлцүүлсэн гэх ямар ч тайлбар, баримт гаргахгүй байна.

Дээрх байдлуудаас дүгнэлт хийхэд С.З******* болон хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлд заасан мөнгө зээлдүүлэх, зээлдэн авах хүсэл зориг, түүний илэрхийлэл байгаагүй. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүсээгүй. Мөн хуулийн 186.1-д заасан гэрээний үүргийн харилцаа байхгүй байна.

Талуудын хооронд 25,000,000 төгрөг шилжсэн асуудал хуульд заасан журмаар шалгагдаж прокурорын одоо хүчин төгөлдөр байгаа 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 157 тоот тогтоолоор Н.Б******* нь ЖДҮД Сангийн зээл гаргаж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг бий болгон Д.Ц*******гээр дамжуулан С.З*******оос 25,000,000 төгрөг авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 заасан гэмт хэрэг болох нь тогтоогдсон боловч 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш 3 жил өнгөрсөн ЭХЕА-ийн 1.10 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар ЭХХШТ хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан" үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаажээ.

Дээрх баримт, байдал нь Н.Б******* нь Д.Ц*******гээр дамжуулан итгэлийг олж залилан мэхлэх замаар С.З*******од 25,000,000 төгрөгийн хохирол учруулсан байх тул төлбөрийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Н.Б******* хариуцна. Д.Ц*******, Д.Ц******* болон С.З******* нар нь хамтарч бизнесийн үйл ажиллагаагаа өргөтгөх зорилгоор ЖДҮД Сангаас хөнгөлөлттэй зээл авах зорилготойгоор мөнгийг Н.Б*******д өгч алдсан. Н.Байгалийн гэмт санаа зорилгод Д.Ц*******, Д.Ц******* нар дэмжин тусалсан, уруу татсан, үр дүнг ашигласан буюу 25,000,000 төгрөгөөс авсан зүйл байхгүй тул Иргэний хуулийн 497.3-т заасан хамтран хариуцах үүрэг үүсэхгүй болно.

Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 134/******* тоот шийдвэрт өөрчлөлт оруулж зөвтгөн С.З*******ын нэхэмжилсэн 25,000,000 төгрөгийг түүнийг гэмт санаа зорилгоор авч ашигласан Н.Байгалиас гаргуулж, Д.Ц*******, Д.Ц******* нарт үндэслэлгүйгээр төлбөр хариуцуулсныг хэрэгсэхгүй болгож өгнө үү. С.З******* бид нэг санаа зорилготой яваад л ЖДҮД Сангийн зээлийг Н.Б******* гэгч амархан бүтээгээд өгнө гэсэнд хууртаад С.З*******ын мөнгийг залилуулчихсан хүмүүс юм. Бид хоорондоо мөнгө зээлдүүлэх, зээлдэх бол хаа хамаагүй хөндлөнгийн хүнээр дамжуулах ямар ч шаардлагагүй. Найз нөхөд хамтарч ажиллаж байсан хүмүүс юм. гэв.

7.Хариуцагч Н.Байгалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийдвэрийг хариуцагч Н.Б******* болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар гардаж аваагүй байгаа. Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслахаас цахим хэлбэрээр авч өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байна. Хэргийн үндсэн хариуцагч бол тухайн шийдвэрийг гардаж аваагүй. Шүүхээс тодруулахад Монгол шууданд өгсөн гэх мэдээллийг өгдөг. Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолтой холбогдуулан тайлбар хэлэхэд хариуцагч Н.Б******* болон нэхэмжлэгч С.З******* нарын хооронд гэрээний дагуу болон хуульд заасан ямар нэгэн эрх үүргийн харилцаа үүсээгүй. Өөрөөр хэлэх юм бол нэхэмжлэгчийн анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд Н.Байгалийг огт танихгүй, Н.Б******* гэх хүний дансанд мөнгө шилжүүлж байгаа болохоо Д.Ц******* болон Д.Ц******* нарын өгсөн данс руу шилжүүлсэн гэх агуулга байдаг. Өөрөөр хэлбэл энэ хоёрын хооронд гэрээний ямар ч харилцаа үүсээгүй, хуульд заасан үүргийн харилцаа үүсээгүй. Харин Н.Б******* юуг хүлээн зөвшөөрдөг вэ гэхээр нөгөө 2 хариуцагч болох Д.Ц*******, Д.Ц******* нартай Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл авахад нь дэмжлэг болж төслийг бичээд өгье гэх харилцаанд орсон гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Сая өмгөөлөгч тайлбар гаргахдаа хэлж байна. Давж заалдах шатны шүүх өөрөө хэргийг бүхэлд нь хянана гэж байна. Тэгэхээр бүхэлд нь хянаж байгаагийн хувьд нэхэмжлэгч өнөөдрийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шаардлагатай нотлох баримтыг гаргаж өгөөд өөрийнхөө нэхэмжлэлийг шаардлагыг нотлох үүрэгтэй холбоотой тэр үүргийг хэрэгжүүлээгүй. Мөн дээрээс нь сая дурдсан нотлох баримтуудаас гадна шүүх нэхэмжлэгч С.З*******ын анхан шатны шүүхэд гаргасан тайлбар мэдүүлгийг нь өөрөө нотлох баримтаар үнэлэгдэх учраас энэ мэдүүлгийг мөн хариуцагч нарын нэхэмжлэгч С.З*******той хамт төсөл хэрэгжүүлэхээр 2020 онд ярилцан хамтарч ажилласан гэх энэ мэдүүлгүүдийг бас анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Анхан шатны шүүх огт баримт болон тайлбарт үндэслэхгүйгээр энэ шийдвэрийг гаргасан зүйл байхгүй. Хэргийн материалаас бүхэлд нь хараад үзэх юм бол хариуцагч нар хоорондоо ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Энэ ажил юу байсан гэхээр төслийг бичих байсан. Нэхэмжлэгч С.З*******той ямар нэгэн харилцаа үүсгээгүй. Мөнгө зээлэх сонирхол юм уу, эсвэл нэхэмжлэгч С.З*******ын эрх ашигт шууд хохирол учруулах ийм үйлдэл үүсээгүй учраас эдгээрийн хооронд нэхэмжлэгчийн нэхэж байгаа мөнгийг буцааж төлөх үүрэг үүсэхгүй. Тэгэхээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Н.Б*******д холбогдох хэсгийг нь хүчингүй болгож өгнө үү гэсэн байр суурьтай оролцож байна гэв.

8.Нэхэмжлэгч С.З******* түүний өмгөөлөгч М.Д******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдах гомдолтой холбогдуулж дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч С.З******* нь Д.Ц*******, Д.Ц******* нараар дамжуулан Н.Б******* гэдэг хүний данс руу 25,000,000 төгрөгийг зээлүүлсэн гэдэг үйл баримтыг анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэсэн гэж үзэж байна. Яагаад үндэслэл бүхий дүгнэсэн гэхээр сая хариуцагч нарын өмгөөлөгчийн ярьсан зээл бол гар гараар дамжих ердийн зарчим байдаг гэж байгаа хэдий ч Иргэний хуулийн 39 зүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар иргэний эрх үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэний үйлдэл эс үйлдэхүйг хэлцэл гэж үзнэ гэж байгаа. Тэгвэл Д.Ц******* ямар хүсэл зоригийг илэрхийлсэн гэхээр С.З*******оос 25,000,000 төгрөг шилжүүлээд өгөөч ингэхдээ Н.Б******* гэдэг хүний данс руу шилжүүлчих гээд дансыг нь өгсөн. Тухайн мөнгө шилжигдсэн. Гэтэл энэ мөнгө Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл авахын тулд урьдчилгаа эсвэл төсөл бичүүлсний хөлс гэдэг утгаар өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа анхан шатны шүүхэд 1 жил гаруй хугацаанд үргэлжилсэн. Энэ хугацаанд ийм төсөл бичсэн, төслийн эх ноорог энэ байна гээд өөрсдийн бичсэн болохгүй байна гээд байгаа төсөл болон Н.Байгалийн бичсэн нэг ч хуудас баримт авчирч өгөөгүй. Энэ утгаар нь анхан шатны шүүх нотлох баримтыг өөрсдөө гаргах үүргээ биелүүлсэнгүй гэж дүгнэсэн гэж ойлгож байгаа. Хэрвээ жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл авъя гэдэг саналыг анх энэ хоёр гэр бүлийн хооронд ярилцаж байсан гэдэг үйл баримт байгаа боловч үхэр үржүүлье гэсэн бол хэчнээн үхэр яаж авах юм, ямар өртөгтэй, тэрний хашаа саравч хэчнээн төгрөгийн үнэтэй гэх ийм төсөл тооцоо хийсэн юм байхгүй. Д.Ц******* өөрөө эдийн засагч мэргэжилтэй хүн учраас энэ төсөл тооцоог хийнэ, би төслөө бичнэ гэдэг байдлаар анх тохирсон юм шиг байгаа юм. Гэхдээ ерөөсөө ийм тооцоо байхгүй. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл авъя гэдэг чинь зохих журмынхаа дагуу явна уу гэхээс сумаас халиад Улаанбаатар хотод очдог ийм нөхцөл байдал байхгүй. Нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Иргэний хэрэг бол нотлох баримтын үндсэн дээр шийдэгдэнэ. Хэрэгт авагдсан баримтаар Н.Б******* Д.Ц*******гээс 25,000,000 төгрөг зээлсэн нь үнэн гэдэг байдлаар гар бичмэл хэрэгт авагдсан. Эсрэгээрээ С.З******* нь Н.Б*******тай 1 удаа ч уулзаж байгаагүй, утсаар ярьж байгаагүй, ерөөсөө зүс царайг нь ч хараагүй. Ийм нөхцөл байдалд тэр хэргийг санаачилж мөнгийг шилжүүлэх санал сэдлийг гаргасан хүн бол хариуцагч нар. Иймд хэрэг нотлох баримтын үндсэн дээр шийдэгддэг. Зээлж авсан гэх нотлох баримт, Н.Байгалийн мэдүүлэг мөн байгаа. Н.Б******* мэдүүлэг өгөхдөө Д.Ц*******, Д.Ц******* нараас 25,000,000 төгрөг зээлсэн гэдэг байдлаар хандаж байгаа энэ нөхцөл байдлуудыг шүүх бас анхаарч үзэх ёстой гэж үзэж байна. Дараагийн зүйл бол Д.Ц******* цагдаагийн байгууллагад гомдол гаргасан гэж байгаа. Энэ гомдлыг С.З*******ын шахалт шаардлагаар гаргасан. С.З******* та хоёр мөнгө төгрөгөө яаж өгөх вэ гэхэд бид хоёр залилуулчихсан юм шиг байна гэсэн. Үнэхээр тийм юм бол та нар гомдол гарга гээд гомдол гаргасан. Цагдаагийн байгууллага харин хохирогч нь С.З******* юм байна гэдэг байдлаар хэргийг авч үзсэн. Д.Ц*******, Д.Ц******* нар С.З*******оос ямар ч мөнгө хүлээж аваагүй гэх боловч 09 дүгээр сарын сүүлээр Н.Б*******тай очиж уулзаад мөнгө зээлсэн гэх бичмэл баримт бичүүлж аваад байгаа нь тухайн үйл баримт мөнгөтэй ямар байдлаар холбогдсон бэ гэдгийг бас харуулж байна. Уг зээл Д.Ц*******гийн санаачилгаар авагдсан гэдгийг шүүх анхаарч үзэх ёстой. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд Р.Н******* өмгөөлөгч тодорхой тайлбарлачихсан. Үүн дээр хугацааны асуудал яригдахгүй гэдгийг шүүх бас анхаарч үзэх ёстой байх. Энэ хэрэгт гэм буруугийн асуудал хэлэлцэнэ гэж байгаа бол анх хэн хэний санаачилгаар энэ гэм буруу үүссэн бэ гэдгийг шүүх анхаарч үзэх ёстой гэдэг байр суурьтай байна. Ингээд Иргэний хуулийн 510 дугаар зүйлд зааснаар гэм хор учруулсан этгээд нь хэн бэ гэдгийг анхаарах учиртай. Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Ц*******, Д.Ц******* нарын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч С.З******* нь ...2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Д.Ц*******гийн эхнэр Д.Ц******* ******* дугаараас над руу залгаад Д.Ц******* бид хоёрт 25,000,000 төгрөг хэрэг болоод байна... зээлээч, Удаахгүй буцаагаад өгнө гэж хэлсэн. ...надад зээлэх 25,000,000 төгрөгөө миний данс руу шилжүүлж хоёр ажил болж байхаар данс руу шилжүүлчих гээд уг дансыг өгсөн. Ц*******гийн өгсөн дугаартай данс руу 2 удаагийн гүйлгээгээр нийт 25,000,000 төгрөг шилжүүлсэн. ...Д.Ц*******тэй утсаар холбогдож мөнгөө авъя гэхэд би залилуулсан юм шиг байна. Чи анхнаасаа өөрийнхөө данснаас мөнгө шилжүүлсэн юм чинь чи өөрөө залилуулсан болоод цагдаагийн байгууллагад гомдол гаргачих гэж хэлсэн. Б сумын хэсгийн төлөөлөгчид гомдол гаргаж хохирогчоор мэдүүлэг өгсөн боловч хэсэг хугацааны дараа гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болсон талаар мэдэгдсэн. дугаарын данс эзэмшигчийг огт танихгүй.

Иймд зээлүүлсэн 25,000,000 төгрөгийг Д.Ц*******, Д.Ц******* нараас гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон ба өөрийн данснаас 2 удаагийн гүйлгээгээр 25,000,000 төгрөгийг дугаарын дансанд Ц******* гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг ирүүлсэн байна.

 

2а. Хариуцагч Д.Ц*******, Д.Ц******* нар С.З*******той 2014 оноос хойш хамтарч хадлан тэжээл тарьж хадах ажил хийж байсан. ЖДҮДСангаас зээл авч үйл ажиллагаагаа өргөтгөх талаар С.З*******той ярилцаж байсан. Д.Ц*******гийн дүү Цоор дамжуулан Н.Б******* гэдэг хүнтэй холбогдож очиж уулзсан. Н.Б******* өөрөө шаардлага хангасан төсөл бичиж, зээл гаргуулж өгнө гэсэн. С.З*******той 2020 онд С аймгийн О суманд 300 га газар ногоон тэжээл тарьсан. Бидний дундын тэжээл зарж борлуулсан орлого С.З*******ын харилцах дансанд байсан. С.З******* ЖДҮДСангийн зээлээ шуурхай авахын тулд Н.Б*******д мөнгө өгье гэхээр нь хэрэггүй, зээл авсан хойноо бол гэж сануулж хэлж байсан. С.З******* нь Улаанбаатар хотод явж байхдаа өөрийн данснаасаа Н.Байгалийн тоот харилцах дансанд 25,000,000 төгрөг шилжүүлсэн байдаг. С.З******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ бид хоёрыг 25,000,000 төгрөг зээлээч, удахгүй буцааж өгнө гэж хэлсэн гэж худлаа бичсэн байна.

Иймд С.З*******ын гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж тайлбар гаргасан ба 2020.9.4-нд иргэн Д.Ц******* миний бие Н.Б*******д /ЧП/ 25,000,000 төгрөг данс руу шилжүүлэв гэсэн баримтыг ирүүлсэн байна.

2.б.Хариуцагч Н.Б******* болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А******* нар 2020 онд хариуцагч Д.Ц*******, Д.Ц******* нар надтай холбогдсон. Тухайн үед зээл авах гэж байгаа талаар хэлж байсан. Зээл авахын тулд С.З*******оос урьдчилгаа мөнгө авах шаардлагатай байна. Энэ мөнгийг чиний дансаар дамжуулж аваад бэлнээр бидэнд өгөх талаар ярилцсан. С.З******* гэдэг хүнийг танихгүй, миний дансанд мөнгө хийх гэж байгаа учраас зээлийн гэрээг 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан. Үүнээс хойш дээрх хүмүүс надтай холбоо бариагүй. 2024 оны 1 дүгээр сард намайг эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн гэх шалтгаанаар цагдаад өгснийг хэргийн материалтай танилцах үедээ мэдсэн. Нэхэмжлэгчийг эдийн засгийн хувьд хохироож, мөнгө зээлж авсан зүйлгүй бөгөөд зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул С.З*******ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус маргажээ.

3.Анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнээд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 283 дугаар зүйлийн 283.1-д зааснаар хариуцагч Д.Ц*******, Д.Ц******* нараас 25,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.З*******од олгож, хариуцагч Н.Б*******д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3а.Хариуцагч Д.Ц*******, Д.Ц******* нар ...анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ нотлох баримтыг нэг талыг барин өрөөсгөл байдлаар үнэлж, хуулийг үндэслэл муутай, буруу тайлбарласнаас шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж зөвтгөн, С.З*******ын нэхэмжилсэн 25,000,000 төгрөгийг Н.Байгалиас гаргуулж, Д.Ц*******, Д.Ц******* нарт үндэслэлгүйгээр төлбөр хариуцуулсныг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан.

4.Анхан шатны шүүх С.З*******, Д.Ц*******, Д.Ц******* нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн бол нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хэрэг бүртгэлтийн дугаартай хэрэгт авагдсан нотлох баримтыг няцаасан тайлбарыг мөн адил хийх боломжтой байсан.

Тухайлбал: 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Д.Ц*******гээс ...Н.Б*******д 25,000,000 төгрөг зээлдүүлсэн. Одоо хүртэл өгөөгүй байна гэх бичгээр гаргасан гомдол мэдээллийн дагуу Булган аймгийн эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч Э.Эоос 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай санал ирүүлснийг хянаад 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай дугаартай прокурорын тогтоол гарчээ.

Д.Ц******* нь ЖДҮ-с зээл гаргуулах зорилгоор бусдад 25,000,000 төгрөг өгч залилуулсан гэх гэмт хэргийн талаархи гомдолд мөрдөн шалгах ажиллагааг явуулаад харьяаллын дагуу шилжүүлэхээр болсон ба уг хэрэгт гэрчээр Д.Ц*******, Д.Ц*******, С.З*******, Н.Б******* нараас мэдүүлэг авч, хохирогчоор С.З*******ыг тогтоож, Н.Б*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай саналыг Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорт гаргасан байдаг.

4а.Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 157 дугаартай прокурорын тогтоолоор Н.Б******* нь жижиг дунд үйлдвэрлэлийн зээл гаргаж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг бий болгож, Д.Ц*******гээр дамжуулан хохирогч С.З*******оос 25,000,000 төгрөг өгч авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон байна. Гэвч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр дууссан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдлыг хуульчилсан тул цаашид эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байна гэж дүгнээд хэрэг бүртгэлийн хэргийг хааж шийдвэрлэсэн.

Прокурорын дээрх тогтоолд Н.Байгалийг залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон гэж дүгнэсэн ба уг хэргийн хохирогч нь С.З******* бөгөөд гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол учирсан байхыг шаардах ба шалтгаант холбоотой байна гэж үзнэ.

 

4б.Хэрэгт авагдсан баримтаар хамтран үйл ажиллагаа эрхлэгч С.З*******, Д.Ц*******, Д.Ц******* нар үйл ажиллагаагаа өргөтгөх зорилгоор жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас түргэн хугацаанд зээл хөөцөлдөх зорилготой байсан болох нь тогтоогдож байгаа ба төсөл бичих, зээл хөөцөлдөж авч өгөх хүний талаар ярилцаж байсан болох нь тэдний гэрчээр өгсөн мэдүүлгээр тогтоогдсон гэж үзнэ.

Иймд гэм хор учруулсан этгээд хохирогчид учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй тул хариуцагч Н.Байгалиас 25,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.З*******од олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Харин нэхэмжлэгч С.З******* нь хариуцагч Д.Ц*******гээр дамжуулан 25,000,000 төгрөгийг Н.Б*******д шилжүүлсэн үйлдэлд Д.Ц*******гийн оролцоо байсан гэж үзэх үндэслэлтэй боловч дээрх мөнгөнөөс Д.Ц******* аваагүй, Н.Байгалиас Д.Ц*******д тодорхой үнийн дүнгээр мөнгө шилжүүлсэн үйлдэл хийгдээгүй байх тул хамтран хариуцах этгээд гэж үзээгүй болно.

 

5.Нэхэмжлэгч С.З******* хариуцагч Н.Байгалийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар татах тухай хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэн хамтран хариуцагчаар оролцуулсан байна. Хүсэлтдээ Н.Байгалийг Б*******маа гэж ташаа бичсэн бөгөөд шүүгчийн хүсэлт хангаж шийдвэрлэсэн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн дугаартай захирамжид хамтран хариуцагчаар Н.Б*******мааг оролцуулахаар эрх зүйн акт гарсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д Энэ хуулийн 123.1-д заасны дагуу гаргасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж илт үндэслэл муутай бол тухайн шүүх бүрэлдэхүүн тогтоол, шүүгч захирамж гарган хүчингүй болгох, эсхүл өөрчилж болно. гэж заасан ба хамтран хариуцагч Н.Б*******д эрх үүрэг тайлбарлан өгч түүний эрх зүйн байдлыг тогтоосноос хойш дээрх шүүгчийн захирамжид зохих өөрчлөлтийг оруулах боломжтой байсан ба анхан шатны шүүх үүнийг анхаараагүй байна. Гэвч хариуцагч Н.Байгалийг Б*******маа гэж бичсэн нь хэргийн шийдвэрлэлтэд нөлөөлөхгүй тул давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах эрхийнхээ хүрээнд ийнхүү анхааруулж байгаа болно.

5а.Мөн хариуцагч Н.Байгалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа анхан шатны шүүхийн шийдвэрийг одоо болтол аваагүй, хүргүүлсэн гэх боловч хариуцагчид ирээгүй гэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т Шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авна. гэсэн хуульд заасан үүргээ өөрөө биелүүлээгүй гэж үзэх бөгөөд 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн шүүхийн шийдвэрийг гардуулсан тухай баримт №11-д төлөөлөгч Э.А*******д Монгол шуудангаар хүргүүлсэн тухай тэмдэглэлийг үйлдэж хэрэгт хавсаргасан байгааг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 304/******* дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Байгалиас 25,000,000 /хорин таван сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.З*******од олгож, хариуцагч Д.Ц*******, Д.Ц******* нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтад хариуцагч Д.Ц*******, Д.Ц******* нараас 282,950 /хоёр зуун наян хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэснийг ...хариуцагч Н.Байгалиас 282,950 /хоёр зуун наян хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.З*******од олгосугай гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3. дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Ц*******, Д.Ц******* нарын улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт урьдчилан төлсөн 282,950 /хоёр зуун наян хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2.-т заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ

ШҮҮГЧИД Л. ХИШИГДЭЛГЭР

Л. АРИУНЦЭЦЭГ