Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2025/01382

 

******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

******* , Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 192/ШШ2025/03852 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******-д холбогдох,

 

359,591,934 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

1.1. ******* нь ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* байрны ******* тоот, 102,45 м.кв орон сууцыг 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ******* тоот захиалгын гэрээ байгуулан ******* банкны ипотекийн 100 хувь урьдчилгаагүй зээлээр авсан. ******* ийн ******* банкны ипотекийн зээлээр худалдан авсан гэх энэхүү орон сууцны зээлийн төлбөр болох 256,125,000 төгрөгийг ******* бүрэн төлж барагдуулсан. Мөн түүний зээлийн хүүд төлсөн 40,000,000 төгрөг, нэмж хүссэн мөнгө болох 10,000,000 төгрөгийг *******-д өгсөн.

1.2. ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор дээрх орон сууцыг чөлөөлж хүлээлгэн өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл тухайн байрыг чөлөөлж, хүлээлгэн өгөхгүй байна. Өөрөөр хэлбэл, манай компанийн хөрөнгөөр үндэслэлгүй хөрөнгөжин, хууран мэхэлж байрны зээлээ төлүүлсэн.

1.3. ******* дээрх орон сууцыг хүлээн авч түрээслүүлсэн тохиолдолд 2 жил /730 хоног/ 72 хоног буюу нэг өдрийн түрээс 66,667 төгрөг нийт 53,466,934 төгрөгийн түрээс олох байсан. Иймд ******* төлсөн төлбөр болох дээрх орон сууцны үнэ нийт 359,591,934 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. ******* нь 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн ******* тоот орон сууц захиалгаар барих тухай гэрээг ******* -тай байгуулсан. Үүний дараа 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр ******* банктай ******* дугаар барьцааны орон сууцны ипотекийн зээлийн гэрээг тус тус байгуулж, ******* дүүрэг, ******* дугаар хороо ******* Таун ******* байрны ******* тоотод оршин суух болсон.

******* банктай барьцааны гэрээ хийхэд тухайн гэрээнд үл хөдлөхийн гэрчилгээ гараагүй хэмээн дурдаж гэрээг хийсэн. Гэтэл тухайн байр нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй, орон сууц барьсан компанид туслан гүйцэтгэгч ******* -ийн захирал *******-ын нэр дээр бүртгэлтэй байсан. Үүний улмаас ******* нь өөрийгөө залилуулсан хэмээн үзэж гомдол гаргаж, цагдаагийн байгууллагаар шалгуулсан.

2.2. Тухайн орон сууцны зээлд 40,000,000 төгрөг, засвар хийсэн 10,000,000 төгрөг, нийт 50,000,000 төгрөгийг ******* банкны захирал ******* болон ******* төлөөлөгч нар *******-д төлсөн. Энэхүү төлбөр нь ******* банк болон ******* нь ******* намайг залилсанаа хүлээн зөвшөөрч миний байранд төлсөн мөнгийг эргүүлэн төлсөн хэрэг юм. Нэхэмжлэгч энэхүү орон сууцны зээлийн төлбөр болох 256,125,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан хэмээн дурдсан нь үндэслэлгүй. Учир нь ******* банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1472 дугаар мэдэгдэх хуудсанд “Таны ******* банктай 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан *******, ******* тоот орон сууц ипотекийн зээлийн гэрээг байгуулж авсан үндсэн зээлийн 235,400,814 төгрөгийг ******* банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан иргэн ******* 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төлсөн” хэмээн мэдэгдсэн. Үүнээс үзэхэд ******* нь уг зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй. Харин ******* төлж дуусаагүй болно. Нэхэмжлэгч ******* хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх нөхцөл байдал хангагдаагүй байхад ******* ээс 359,591,934 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Түрээсийн зардлын үнэлгээ болон үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх тайлбар, нотлох баримт тухайн нэхэмжлэлд хангалтгүй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ээс 50,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 309,591,934 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,955,910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ээс 407,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* -д олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. ******* болон ******* хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн. Энэхүү харилцаа нь 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн орон сууц захиалгаар барих тухай гэрээгээр “******* дүүрэг ******* дугаар хороо, ******* гудамж ******* таун хотхоны 11 давхар орон сууцны ******* байрны ******* тоотод байрлах 71.67 м.кв талбайтай 3 өрөө байр худалдах, ******* нь 2017 оноос байрандаа амьдарч эхэлсэн хэдий ч цагдаагийн байгууллагад өөрийгөө хохирогч хэмээн удаа дараа гомдол гаргаж, зээлийн төлбөрөө төлөхгүй гэсэн тул 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гомдол саналгүй, хохирол барагдуулж, байр хүлээлгэн өгөх тухай хэлцэлийг хийсэн.

Энэхүү хэлцлийн 4-т зааснаар “Иргэн ******* нь ******* дүүрэг ******* дугаар хороо, ******* байрны 30 тоот орон сууцыг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор чөлөөлж, хүлээлгэн өгнө” гэж тохиролцсон хэдий ч өнөөдрийг хүртэл хугацаанд байрандаа амьдарч байгаа. Тус ******* дүүрэг ******* дугаар хороо, ******* гудамж ******* таун хотхоны ******* байрны ******* тоотод байрлах 71,67 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны үнэ болох 256,125,000 төгрөгийг ******* нь ******* банктай байгуулсан 2017 оны 04 дүгээр сарын 27-ний өдрийн ******* дугаартай орон сууцны ипотекийн зээлийн гэрээг байгуулж  197,287,500 төгрөгийг, ******* дугаартай орон сууцны ипотекийн зээлийн гэрээг байгуулж 76,837,500 төгрөгийн зээлээр төлсөн болохыг хариуцагч ******* болон ''******* банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нараас шүүхэд гаргаж өгсөн зээлийн гэрээ болон тайлбараар нотлогддог.

******* банк болон ******* нарын хооронд байгуулагдсан дээрх 2017 оны *******, ******* дугаарт зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 235,400,814 төгрөгийг ******* ийн өмнөөс ******* болохыг хариуцагч ******* ийн шүүх хуралдааны явцад өгсөн “миний зээлийн төлбөрийг ******* төлсөн” гэсэн тайлбар, мөн “******* банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 438 дугаар албан бичиг, ******* ын 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр ******* банкны эрх хүлээн авагчид гаргасан хүсэлт, “******* банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1472 дугаарт “Зээлдэгч ОРГОДОЛЫН ******* ТАНАА” албан бичиг, мөн Банкны эрх хүлээн авагчийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1483 дугаарт “Иргэн ******* танаа” албан бичиг, мөн ******* банкны орон сууцны ипотекийн зээлийн дансны хуулга. “179,287.500.00 ОСЗ олгов ЗГШ №5 ******* Оргодол ******* ******* )-р ******* оос ******* ийн зээлийг төлөв гүйлгээний утгатайгаар 11 удаагийн гүйлгээгээр 173,834,133 төгрөгийн зээлийн үндсэн төлбөрийг төлж дуусгасан. Мөн ******* банкны зээлийн дансны хуулгаар 76,837,500 төгрөгийн “ОСЗ олгов ЗГШ №5 ******* Оргодол ******* ******* ” зээлийн үлдэгдэл төлбөрт 56,566,680 төгрөгийг төлж, үндсэн зээлийг дуусгавар болгосон. Нийт 235,400,814 төгрөгийг ******* ийн ******* банктай байгуулсан 2017 оны *******, ******* дугаартай нийт 256,125,000 төгрөгийн зээлийн гэрээний үндсэн төлбөрт төлж, орон сууцны зориулалттай зээлүүдийг дуусгавар болгосон болох нь дээрх баримтуудаар нотлогдож байхад шүүхээс төлбөр төлсөн гэж үзэх үндэслэл хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасан нотолгооны хэрэгсэлд хамаарахгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Мөн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гомдол саналгүй, хохирол барагдуулж, байр хүлээлгэн өгөх тухай хэлцлийн 3-т заасны дагуу иргэн ******* нь ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* байрны ******* тоотод байрлах орон сууцыг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор чөлөөлж, хүлээлгэн өгөхөөр тохиролцсон хэдий ч одоог хүртэл байрыг чөлөөлж өгөөгүй байгаа тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3, 227.4 дэх хэсэгт заасны дагуу манай компанид байрыг хүлээлгэн өгөх хугацаанаас зах зээлийн дунджаар нэг өдрийн түрээсийн төлбөрийг тооцон нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх 730 хоногийн түрээсийн төлбөрт 53,466,934 төгрөгийг нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагаас 309,591,934 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: 2017 оны 04 сарын 07-ны өдөр нэг талаас ******* -ийн ******* тэй орон сууц захиалгаар барих тухай гэрээ байгуулсан. Гэрээ байгуулсантай холбоотойгоор “******* банк” ХХК-тай орон сууцны ипотекийн зээлийн гэрээ байгуулсан. ******* 256,125,000 төгрөгийн зээлийн гэрээний графикийн дагуу нийт 40,000,000 төгрөгийг төлж, 10,000,000 төгрөгөөр тухайн орон сууцдаа засвар хийсэн. Гэрээ хийж орон сууцыг авч байхад гэрчилгээгүй байр гэдэг зүйлийг дурдсан. Гэрчилгээгүй байр гэж гэрээнд дурдсан. Гэвч энэ орон сууц нь 2015 онд үл хөдлөхийн гэрчилгээ гараад ******* -д гэрчилгээ нь гарсан байр байсан. Энэ асуудлыг залилангийн хохирогч болчихлоо гэж цагдаагийн байгууллагад хандаж, үүнээс хойш зээлээ үргэлжлүүлж төлөхийг зогсоосон. 256,125,000 төгрөгийг нэхэмжилж байгаа асуудалд, орон сууцны ипотекийн зээлээр дээрх төгрөгийг зээлэхээр зээлийн гэрээ байгуулсан. Үүнээс 40,000,000 төгрөгийг төлөөд явж байтал цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Үүнээс хойш ******* өнөөдрийн нэхэмжлэгч ******* нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн зүгээс ******* нь манай ******* үүсгэн байгуулагч 256,125,000 төгрөгийг төлсөн. Тийм учраас манайх мөнгөө гаргуулж авна. Тухайн үед ******* нь “******* банк” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан. ******* ямар үндэслэлээр нэхэмжлэгчийн хэлсэн 256,125,000 төгрөгийг төлсөн гэх баримт хэрэгт байхгүй. 235,408,014 төгрөгийг төлсөн тухай баримт хавтаст хэргийн 80, 104, 105, 106 хуудаст 235,408,014 төгрөгийг төлсөн гэх баримт авагдсан. 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр ******* зээлийг төлье гэж санал хүргүүлж, үүнийхээ дагуу зээлийг төлсөн. Өөрөөр хэлбэл, ******* -ийн нэр дээр байдаг орон сууц юм. ******* хувь иргэн хүн энэ зээлийг төлсөнтэй холбоотойгоор 256,125,000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх үүнийг зөв шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээнээсээ татгалзсан учраас *******-д 50,000,000 төгрөгийг буцааж төлөх шийдвэр гарсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж чадаагүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан 359,591,934 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. ******* нь “...Гомдол саналгүй, хохирол барагдуулж, байр хүлээлгэн өгөх тухай гэрээний дагуу шилжүүлсэн 50,000,000 төгрөг, хариуцагчийн орон сууцны зээлийн төлбөрт төлсөн 256,125,000 төгрөг, орон сууцыг түрээслүүлж олох байсан орлогод 53,466,934 төгрөг, нийт 359,591,934 төгрөг гаргуулах”-аар эс зөвшөөрч, “Би өөрийгөө залилуулсан хэмээн үзэж цагдаад гомдол гаргаж, гомдлын дагуу прокурор хэрэг нээж шалгасан. ******* банк, ******* нь намайг залилсанаа хүлээн зөвшөөрч миний байрны төлбөрт төлсөн 40,000,000 төгрөг, завсар хийсэн 10,000,000 төгрөг, нийт 50,000,000 төгрөгийг эргүүлэн төлсөн. Нэхэмжлэгч орон сууцны төлбөрт 256,125,000 төгрөгийг төлж барагдуулсан нь үндэслэлгүй, түрээсийн зардлын үнэлгээ болон үндэслэлгүй хөрөнгөжсөн” гэх байдал нотлох баримтаар тогтоогдоогүй гэж маргажээ. /хх-212, 213, 216, 217/

4. Хэрэгт авагдсан байримтаар дараахь үйл баримтууд тогтоогдож байна.

4.1. *******-ийн иргэн ******* нар 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр орон сууц захиалан бариулах тухай ******* дугаартай гэрээ байгуулж, ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* гудамж, ******* таун хотхоны ******* байрны ******* тоотод байрлах 71.67 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьж хүлээлгэн өгөх, ******* нь хөлсөнд 256,125,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцжээ.

Мөн зохигчид 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр барьцааны гэрээ байгуулж, хариуцагч нь энэ үеэс барьцааны зүйл болох уг 30 тоот 102.45 м.кв талбайтай орон сууцыг эзэмшиж, ашиглаж байгаа талаар маргаагүй байна.

4.2. Түүнчлэн, ******* банк ХХК, ******* нар 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр ******* дугаартай орон сууцны ипотекийн зээлийн гэрээ байгуулж, 179,287,500 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 360 сарын хугацаатайгаар, ******* дугаартай орон сууцны ипотекийн зээлийн гэрээг байгуулж, 76,837,500 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлдүүлэхээр тус тус тохиролцож, зээлдүүлэгч нь 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 179,287,500 төгрөг, 76,837,500 төгрөг, нийт 256,125,000 төгрөгийг зээлдэгч ******* ийн эзэмшлийн 2112003281 тоот дансанд шилжүүлсэн./хх-79, 107, 115/

Дээрх 2 зээлийн төлбөрт ******* 37,058,743 төгрөг, иргэн ******* 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 235,400,814 төгрөгийг тус тус төлсөн, энэ үйл баримтын талаар маргаагүй байна.

4.3. Хэрэгт авагдсан Гомдол саналгүй, хохирол барагдуулж, байр хүлээлгэж өгөх тухай 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн баримтад нэхэмжлэгч нь орон сууцны төлбөрт иргэн ******* ээс урьдчилан төлсөн 50,000,000 төгрөгийг төлөх, хариуцагч ******* нь ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* гудамж ******* таун хотхоны ******* байрны ******* тоотод байрлах 71.67 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор чөлөөлж хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон. /хх-6, 7/

Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаа уг баримт гэх гэрээний үүргийг шаардсан гэж тодорхойлж, хариуцагч нь тухайн байр нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй, орон сууцыг барьсан компанид туслан гүйцэтгэгчээр ажилласан ******* -ийн захирал *******-ын нэр дээр бүртгэлтэй байсныг надад худалдаж залилан мэхэлсэн, уг эрүүгийн хэрэг шалгагдаж байгаа, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өгсөн баримтыг үндэслэн шаардлага гаргах эрхгүй” гэх агуулгаар маргаж, хэрэг бүртгэлийн 1911024791109 дугаартай эрүүгийн хэргийг хаах тухай Чингэлтэй дүүргийн прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгосон талаархи Нийслэлийн Прокурорын газрын ерөнхий прокурорын 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 1/525 дугаартай хариу мэдэгдэх хуудсыг ирүүлжээ. /хх-31, 44-46/

5. Хэрэгт авагдсан баримтаар дээрх нөхцөл байдлууд тогтоогдож байхад анхан шатны шүүх зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Түүнчлэн, зохигчдын хооронд гэрээний дагуу үүргийн харилцаа үүсээгүй байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгчийн хариуцагчид төлсөн 50,000,000 төгрөгийг буцаан гаргуулах хэсгийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хангаж шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд буруу байгааг шийдвэрт залруулна.

6. Нэхэмжлэгч ******* нь иргэн ******* ыг өөрийн үүсгэн байгуулагч гэж тайлбарладаг боловч энэ талаар болон ******* нь хариуцагч ******* ийн өмнөөс төлсөн зээлийн төлбөрөө шаардах эрхийг нэхэмжлэгчид шилжүүлсэн талаархи нотлох баримтыг шүүхэд гаргаагүй байх тул зээлийн төлбөр төлсөн 256,125,000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхгүй талаар шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

7. Мөн шүүх нэхэмжлэгчийг 53,466,934 төгрөгийн хохирол гаргуулах шаардлагаа нотлоогүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж шийдвэрлэсэн байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. ******* , Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 192/ШШ2025/03852 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “243 дугаар зүйлийн 243.1” гэснийг “492 дугаар зүйлийн 492.1” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* -ээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,705,910 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             М.БАЯСГАЛАН

 

 ШҮҮГЧИД                             Д.ЗОЛЗАЯА

 

                                                      Д.ЦОГТСАЙХАН