Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2025/01383

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 192/ШШ2025/04800 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

1.1. 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн ******* нь *******-ийн харьяа Эдийн засаг, бизнесийн сургуулийн захирлын туслах, бичиг хэргийн ажилтнаар түр томилогдон ажиллаж байгаад, 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс байр аж ахуйн эрхлэгчийн албан тушаалын үндсэн орон тоонд ажилласан.

1.2. ******* ажлаа хийж байхад хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, *******-ийн захирлын 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ******* тоот тушаалаар ажлаас чөлөөлж, өмнө хийж байсан хоёр ажлын байрыг нийлүүлээд захиргааны ажилтан болгосон. Уг ажлын байранд сонгон шалгаруулалт зарласан гэх боловч сонгон шалгаруулалтыг нэр төдий авсан бөгөөд өмнө *******-ийн захирлын тэнхимийн туслах байсан *******-ийг сонгон шалгаруулалтаар ажилд авсан.

Улмаар дүүргийн Хөдөлмөрийн маргаан шуурхай зохицуулах салбар гурван талт хороонд хандсанаар *******-ийн захирлын 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ******* тоот ажлаас чөлөөлөх тушаалыг хууль зүйн үндэслэлгүй, хууль зөрчсөн гэж үзэж, тушаалыг хүчингүй болгож, ******* г *******-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн захиргааны ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор олгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулж, нөхөн бичилт хийлгэх, 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх бичиг хэргийн ажилтны албан тушаалыг хавсарган гүйцэтгэж байсан олгоогүй цалингийн хэтэрсэн хоног тутмын 0,3 хувийн алдангийг нөхөн олгохыг даалгаж шийдвэрлэсэн. Гэвч тухайн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа тул тус дүүргийн шүүхэд хуулийн хугацаанд хандаж гомдол гаргасан.

1.3. Өмнө нь эрхэлж байсан *******-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн ******* тоот тушаалаар энэ хоёр ажлын байрыг нэгтгээд нэршлийг нэг болгосон. Уг албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ажлаас халсан тушаал гарсан өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл, дээрх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалтыг хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 6 их сургуулийн дундах удирдах зөвлөл хурлаар Төрийн өмчийн 6 их сургууль нь бүтэц орон тоо, захиргааны орон тоо, бусад ажилчдын орон тоог оновчтой тогтоохыг төрийн өмчит 6 их сургуульд үүрэг болгосон байдаг. Энэ тогтоолыг үндэслэн *******-ийн удирдах зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 11 дугаартай тогтоолоор *******-ийн хэмжээнд 43 ажлын байрыг цомхотгосон. *******-ийн ажиллаж байсан аж ахуйн эрхлэгчийн албан тушаал, захиргааны ажилтны орон тоо цомхотголд багтсан. Үүний дагуу 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр орон тооны цомхотгол хийгээд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.8-д зааснаар *******-ийн эрхэлж байсан ажил хасагдсан учраас хуульд зааснаар мэдэгдлийг хүргүүлсэн.

2.2. Ингээд 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдөр шинээр бий болсон ажлын байр болох захиргааны ажлын байранд сонгон шалгаруулалт зарласан. *******-ийн дотоод журмын 8.1.1-д зааснаар багш, ажилтнууддаа шинээр бий болсон ажлын байранд сонгон шалгаруулалтын ажлын хэсэг байгуулсан. Энэ шалгаруулалтад ******* оролцсон боловч тэрээр хангалтгүй буюу 56 оноо авсан. Улмаар 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.8 дахь хэсэгт заасны дагуу тэтгэмж өгч ******* г ажлаас чөлөөлсөн. Эдгээр баримтууд хавтас хэрэгт авагдсан.

Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар байгууллага бүтэц орон тооны цомхотгол хийсэн учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Шинээр бий болсон орон тоонд ******* оролцоод тэнцээгүй учраас тухайн ажлын байранд томилогдох боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлага тухайн хуучин ажиллаж байсан ажлын байранд томилуулах гэсэн байсан. Тухайн ажлын байр нэгэнт байхгүй болсон учраас нэхэмжлэлийн шаардлага биелэгдэх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******-ийн хариуцагч *******-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийлгэх, бичиг хэргийн ажилтны албан тушаалыг хавсран гүйцэтгэж олгогдоогүй байсан цалингийн 126 хоногийн алдангид 966,506 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгч нь 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж, *******-ийн захирлын 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаар ажлаас чөлөөлөх, тэтгэмж олгох тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийлгэх, олгоогүй цалингийн хэтэрсэн хоног тутамд 0.3 хувийн алдангийг нөхөн олгуулахаар гомдол гаргасан.

4.2. *******-ийн захирлын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаартай тушаал/хх68-70/-ын хавсралтууд бүрэн авагдаагүйгээс ажил, албан тушаал цомхотгогдож ажлын байр нь бодитойгоор цөөрсөн *******-ийн хангамж, үйлчилгээний албанд чиг үүрэг нь шилжин хадгалагдаж байгаа зэрэг үйл баримтад дүгнэлт хийх боломжгүй гэж тус шүүхээс өмнө дүгнэсэн байсан бөгөөд энэхүү шүүхийн зөрчлийг анхан шатны шүүхээс арилгалгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. *******-ийн захирлын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаартай тушаал нь 5 хавсаралттай бөгөөд 5 дахь хавсаралтад нэхэмжлэгч миний маргаад байгаа захиргааны ажилтан гэсэн албан тушаал байгаа болно. Мөн хариуцагчаас *******-ийн хангамж, үйлчилгээний албанд чиг үүрэг нь шилжин хадгалагдаж байгаа гэж хэлээд байгаа нь нотлогдохгүй байхад шүүхээс үүнийг анхаарч үзсэнгүй.

4.3. 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн *******-ийн удирдах зөвлөлийн хурлын 11 дүгээр тогтоолоор сургуулийн бүтэц орон тоог шинэчлэн батлахаар шийдвэрлээд 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ******* д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож байгааг мэдэгдсэн. Ингээд надтай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцаа уг нь дуусгавар болох ёстой атал *******-ийн захирлын 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Сонгон шалгаруулалтын ажлын хэсгийг баталж, батлах тухай Эдийн засаг бизнесийн сургуулийн ажлын байрны сонгон шалгаруулалтын нэгдсэн үнэлгээгээр захиргааны ажилтан ажлын байранд ******* хамгийн өндөр оноог авсан талаарх тэмдэглэл үйлдсэн баримт байна. Мөн энэ асуудлыг захирал *******, ******* нар тус анхан шатны шүүхэд Эдийн засаг бизнесийн сургуулийн захирлын туслах, бичиг хэргийн ажилтан, байр аж ахуй эрхлэгч албан тушаал нь *******-ийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн ******* дугаар захирлын тушаалаар захиргааны ажилтан болсон бөгөөд тус албан тушаалд 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ******* ажиллаж байгаа./1хх-148/ Нэхэмжлэгчээс хэргийн 19-28 дугаар талд авагдсан Эдийн засаг, бизнесийн их сургуулийн байр аж ахуйн эрхлэгч, захирлын туслах, захиргааны ажилтны ажлын байны тодорхойлолтуудыг хариуцагчаас нотлох баримтын шаардлага хангуулж гаргуулахаар шаардсан боловч гаргаж өгөөгүй, Эдийн засаг, бизнесийн их сургуулийн байр аж ахуйн эрхлэгч, захирлын туслах, захиргааны ажилтны ажлын чиг үүрэг өөр гэдгээ нотолж чадаагүй.

4.4. Анхан шатны шүүх ямар цаг хугацаанаас тооцоод *******-ийн Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан хамтын гэрээний 2.11-д заасны дагуу 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх бичиг хэргийн ажилтан албан тушаалыг хавсран гүйцэтгэж байсан олгоогүй цалингийн хэтэрсэн хоног тутамд 0.3 хувийн алданги болох 966,506 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосныг зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Давж заалдах гомдлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүх хуралдааны өмнө нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан. Нэхэмжлэгч нь урьд эрхэлж байсан ажил болох захиргааны албан тушаалд эгүүлэн тогтоолгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөлт хийлгээд зохих нөхөн олговроо гаргуулах байдлаар тодорхойлсон. Давж заалдах шатны шүүхийн дурдаад байгаа зөрчлийг арилгаагүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.

5.1. Ажил олгогчийн хувьд тушаалыг хуульд нийцүүлэн гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт заасан бүтэц орон тооны өөрчлөлттэй холбоотойгоор нэхэмжлэгч ******* г ажлаас чөлөөлсөн. *******-ийн хувьд Эдийн засгийн их сургуульд эхлээд бичиг хэргийн ажилтан, байр, аж ахуй эрхлэгч гэх албан тушаалд эрхэлж байсан. Энэ албан тушаалд ******* анх бичиг хэргийн ажилтан гээд хүүхэд асрах чөлөөтэй хүний оронд түр томилогож байсан. 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр байр аж ахуй эрхлэгч гэх албан тушаалд үндсэн ажилтнаар томилогдсон. Байр, аж ахуй эрхлэгч гэх албан тушаалд ******* үндсэн ажилтнаар ажиллаад бичиг хэргийн эрхлэгч гэх албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан.

2020 онд төрийн өмчийн дундын 6 их дээд сургуулийн орон тоог цомхотгох тухай тогтоол гаргасан. 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн удирдах зөвлөлийн хурлаар бүтэц орон тооны ажлын байрыг цөөрүүлж цомхотгох шийдвэр гарсан. Нэхэмжлэгч *******-ийн эрхэлж байсан хоёр албан тушаал цомхотгосон. Дээрх албан тушаалын чиг үүргийг авч үзээд захиргааны ажилтан гэх албан тушаал бий болсон. Захиргааны ажилтан гэх албан тушаалд нээлттэй сонгон шалгаруулалтад зарласан. ******* 56 оноо буюу хангалтгүй оноо авч тус албан тушаалд ******* 91 оноо аваад тухайн ажлын байранд орсон.

5.2. Нэхэмжлэгч ******* захиргааны албан тушаал гэдэг бол миний эрхэлж байсан байр, аж ахуй эрхлэгч гэдэг албан тушаал мөн гэж маргадаг. Гэтэл өнөөдөр байр, аж ахуй эрхлэгч, бичиг хэргийн эрхлэгч гэсэн чиг үүрэг хоёулаа байхгүй болгоод шинэ орон тоо бий болгож хуульд заасны дагуу сонгон шалгаруулалт явуулсан. Хариуцагчийн зүгээс шаардлагатай нотлох баримтуудыг гаргаж өгсөн. 2022 оны 11 дүгээр сарын 07-ны бүтэц орон тоо орохоос өмнө 2021, 2022 оныг харвал Эдийн засгийн их сургуулийн хэмжээнд 117 орон тоотой байсан. 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн бүтэц орон тооны өөрчлөлтөөр 96 болгосныг өмнөх жилүүдийн 01 тушаалаас харагддаг. 2 дугаар хавтаст хэргээс 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 012 дугаар тушаалаар нэхэмжлэгчийн яриад байдаг *******, ******* тоот тушаал хавсралтад авагдсан байдаг. Давж заалдах шатны шүүхээс хавсралт дутуу авагдсан гэж буцаасан. 6 хавсралттай бөгөөд тушаалуудын хавсралтуудаар нэхэмжлэгчийн хэлээд байгаа байр аж ахуй эрхлэгч, бичиг хэргийн ажилтан гэдэг орон тоо байхгүй болоод шинээр захиргааны ажилтан гэх орон тоо бий болсон нь хангалттай нотлогддог. Үүгээр нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй. Байгууллагад бүтэц орон тооны өөрчлөлт үүссэн тухай нэхэмжлэгч өөрөө мэдэж хүлээн зөвшөөрсөн.

5.3. 2022 оны 08 дугаар сарын16-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаагаар алдангийг шаарддаг. Гэтэл ажил үүрэг хавсарган гүйцэтгэсэнтэй холбоотойгоор тушаал гараагүй. 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр нөхөж тушаал гарах хүртэл *******-ийн хувьд тухайн алдангитай холбоотой тухайн эрхээ зөрчигдсөн өдөр буюу 08 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд болон хөдөлмөрийн маргаан таслах гурван талт эрхийн хороонд гомдлоо гаргадаггүй. Хариуцагч тухайн тушаалыг нөхөж гаргаад тухайн хавсран гүйцэтгэсэн нэмэгдэл болох 2,546,000 төгрөгийг олгосон. Энэ олгогдохоос өмнөх хугацаанд алдангийн талаар нэхэмжлэгч ямар нэгэн байдлаар хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийг гаргаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа эрхээ зөрчигдсөнийг мэдсэнээс хойш тоологдох ёстой гэсэн утгаараа 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр мэдсэн учраас хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болсон нь үндэслэлтэй.

Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдылг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хянасан бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан тус сургуулийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн байр аж ахуйн эрхлэгчийн албан тушаал, хавсран гүйцэтгэж захиргааны туслах, бичиг хэргийн ажилтнаар эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэхийг даалгах, 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх бичиг хэргийн ажилтны албан тушаалыг хавсран гүйцэтгэж байсан олгоогүй цалингийн хэтэрсэн хоног тутамд 0.3 хувийн алданги 966,506 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт зөв тогтоожээ.

3.1. Ажил олгогч Монгол улсын *******-ийн захирлын 2020 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн Б/239 дүгээр Ажиллуулах тухай тушаалаар ******* г Эдийн засаг, бизнесийн сургуулийн бичиг хэргийн ажилтнаар /*******-ын хүүхэд асрах чөлөөний хугацаанд/ 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн ажиллуулахаар шийдвэрлэж, улмаар тус сургуулийн захирлын 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Б/228 дугаар Ажлаас чөлөөлөх, ажиллуулах тухай тушаалаар түүнийг Эдийн засаг, бизнесийн сургуулийн бичиг хэргийн ажилтнаас 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн чөлөөлж, Эдийн засаг, бизнесийн сургуулийн байр аж ахуйн эрхлэгчээр 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн ажиллуулахаар шийдвэрлэж, мөн өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Талуудын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн байна. /1хх 59-60, 17-18 тал/

3.2. Монгол улсын *******-ийн захирлын 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 82.1.2, хөдөлмөрийн дотоод журмын 8.4.2-т заасныг тус тус баримтлан ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн тул ******* г Эдийн засаг бизнесийн сургуулийн байр аж ахуйн эрхлэгчээс 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөр дуусгавар болгон чөлөөлж, 3 сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн байна./хх-4/

3.3. Хэрэгт авагдсан Төрийн өмчийн 6 их сургуулийн дундын Удирдах зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01УЗ/05 дугаар Засаглалыг сайжруулах зарим арга хэмжээний тухай тогтоолд ...Төрийн өмчийн 6 их сургуулийн захиргааны түр бүтэц, орон тоог Оюуны хөгжил, үйлчилгээ, Захирлын ажлын алба, Сургалт, Цахим шилжилт, Эрдэм шинжилгээ, инновац, Санхүү, хөрөнгө оруулалт гэсэн бүтцийн үндсэн нэгжтэй байхаар өөрчлөн зохион байгуулж батлуулахыг төрийн өмчийн 6 их сургуулийн захирлуудад даалгаж, энэ заалтыг хэрэгжүүлэхдээ Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу их сургуулийн захиргааны албан хаагч болон багш нар, бусад ажилтны тоон харилцаа зэргийг олон улсын жишигт нийцүүлэн оновчтой тогтоохыг үүрэг болгосугай... гэжээ. /1хх-196/

3.4. Дээрх тогтоолыг үндэслэн Монгол улсын *******-ийн Удирдах зөвлөлийн хурлын 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 11 дугаар тогтоолоор сургуулийн бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн тогтоож, *******-ийн захиргааны 57, үйлчилгээний 56, нийт 113 ажлын байр, орон тоог баталж, 41 ажлын байр орон тоог цомхотгож, тогтоолыг 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс мөрдөхөөр шийдвэрлэсэн байна. /1хх-66-67/

3.5. Анхан шатны шүүх *******-ийн захирлын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаар *******-ийн бүтэц шинэчлэгдсэнтэй холбогдуулан албан тушаал, орон тоог шинэчлэн батлах тухай тушаалын 5 дугаар хавсралтаар Эдийн засаг бизнесийн сургуулийн нийт орон тоог 96 байхаар баталсаны дотор Байр аж ахуйн эрхлэгч гэх албан тушаал байхгүйгээс гадна, уг албан тушаалын нэршлийг Захиргааны ажилтан болгон өөрчилсөн гэх үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь хэргийн баримтад үндэслэгджээ./1хх 69-70/ Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

4. Дээрх нөхцөл байдалтай холбоотойгоор хариуцагч байгууллага ажлын байрны орон тоог цөөрүүлсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д нийцсэн байхаас гадна хөдөлмөрийн дотоод журмын 8.4.2-т заалтыг зөрчөөгүй, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан нь үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл, ажилтны тоог цөөрүүлэх нь ижил албан тушаалын хэд хэдэн орон тоо зэрэгцэн байгаа тохиолдолд ажлыг нягтруулахаар тэдгээрээс тодорхой тооны орон тоог хасах үед орон тооны хэрэгцээ, шаардлага, ажлын ачааллыг үндэслэн хариуцагч байгууллага нь цомхон, чиг үүргийн давхардалгүй байлгах зорилгоор өөрийн салбар, нэгжийг татан буулгах, ажлын байрыг хасах, орон тоог цөөрүүлсэн нь буруу биш байна.

5. Түүнчлэн, тус сургуулийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/15 дугаартай тушаалаар ажлын байранд сонгон шалгаруулалт явуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, удирдамжийг баталж, Эдийн засаг, бизнесийн сургуулийн захиргааны ажилтан гэсэн 1 албан тушаалд 3 хүн оролцож ******* 91 оноо, ******* 80 оноо, ******* 56 оноо тус тус авсан болох нь 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн тайлан, 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн ажлын байрны сонгон шалгаруулалтын нэгдсэн үнэлгээ зэрэг баримтуудаар тогтоогдсон байна./1хх72-73, 75/

5.1. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч ******* г *******-ийн Эдийн засаг бизнесийн сургуулийн захиргааны ажилтны 1 орон тоонд шалгалт өгсөн боловч тэнцээгүй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй.

5.2. Ажил олгогчоос 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох мэдэгдлийг ажилтан ******* д хүлээлгэн өгч, гарын үсэг зурагдсан байх тул хариуцагч байгууллагын ажлаас чөлөөлсөн тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4- дэх хэсэгт заасантай нийцсэн байна. /1хх-7/

6. Бичиг хэргийн ажилтны албан тушаалыг хавсран гүйцэтгэж олгогдоогүй байсан цалингийн 126 хоногийн алдангид 966,506 төгрөг гаргуулах шаардлагын тухайд,

6.1. *******-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн захирлын 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/20 тушаалаар байр аж ахуйн эрхлэгч ******* овогтой *******-гийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 02 дугаар 16-ны өдрийг хүртэл Бичиг хэргийн ажилтан хавсран гүйцэтгэсэн ажлын хөлсийг 40 хувийн нэмэгдэлтэйгээр нөхөн тооцож олгохоор шийдвэрлэсэн байна. /1хх-130/

6.2. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь бичиг хэргийн ажилтны албан тушаалыг хавсран гүйцэтгэж олгогдоогүй байсан цалингийн 126 хоногийн алдангид 966,506 төгрөг гаргуулах тухай шаардлагыг Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасан гомдол гаргах 90 хоногийн хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ. Иймээс энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 192/ШШ2025/04800 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Д.ЦОГТСАЙХАН