Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 2019/ШЦТ/232

 

 

 

 

 

 

 

 

     2019           08               09                                                 2019/ШЦТ/232

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанчимэг,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхболд,

Шүүгдэгч Б.Ү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Үд холбогдох эрүүгийн 1934001570283 дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б.Ү, 1976 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдүүдийн хамт        оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,                                                     регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Ү нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч Б.Ү-ий өгсөн: Би эхнэр хүүхдийнхээ хамт Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд оршин суудаг. 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр би эхнэрийнхээ хамт өөрийн эзэмшлийн 39-95 ХЭҮ улсын дугаартай тоёота маркийн тээврийн хэрэгсэлтэй Эрдэнэт хотод хадам ээж Бүдхүүтэй цагаан сарын золголт хийхээр гарсан. Өмнөдэлгэр сумаас гараад би өөрөө тээврийн хэрэгслээ жолоодож явсаар Хэнтий аймгийн Цэнхэрмандал сум дээр зогсоод цай унд уучихаад цааш зогсолтгүй явсаар Улаанбаатар хотод орж ирээд хоол, цай идээд цааш хөдөлсөн. Тэгээд Улаанбаатар хотоос гарахдаа Моносын уулзвар дээрээс эхнэрийн дүү Сарантуяа болон түүний нөхөр Нямааг аваад Эрдэнэт рүү явсан. Миний санаж байгаагаар Төв аймгийн Баянчандмань сум өнгөрөөд явж байгаад өгсүүр замаар өгсөж байхад өөдөөс хурц гэрэлтэй машин ороод ирсэн. Би замаа харж чадахгүй болоход гэнэт л юм мөргөх шиг болсон. Машинаасаа бууж ирээд харахад эсрэг урсгалд явж байсан машин дээр очиход жолооч, зорчигч нар айсан байдалтай сууж байсан. Жолооч нь бууж ирээд юу болчихвоо яачихваа гэж байсан. Би уг тээврийн хэрэгслийг 2018 онд 3 000 000 төгрөгөөр худалдаж авчхаад нэрийг нь шилжүүлж аваагүй байгаа. Одоо тэр хүнийг хаана байгаа гэдгийг нь мэдэхгүй байна. Би 40-50 километр цагийн хурдтай явж байсан. Би гэм буруугаа ойлгож байгаа. Тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам тээврийн осол гаргасан минь үнэн гэх мэдүүлэг,

 

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

 

Хохирогч С.Г-ийн өгсөн: Би 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр нөхөр, ээж хоёртойгоо Сэлэнгэ аймгаас Улаанбаатар хот орох гээд нөхөр маань 1355 УБЦ улсын дугаартай тоёота марк-2 маркийн тээврийн хэрэгслээ жолоодоод би хажууд нь суугаад манай ээж арын суудалд сууж явсан. Тухайн үед замд буюу Төв аймгийн Борнуур сумын нутагт явж байхад шөнийн 23 шөнийн цагийн үед зам дээр гэрэл гараад нэг тээврийн хэрэгсэл манай машиныг мөргөсөн. Манай машин тэнцвэр алдаад замаас гараад зогссон байсан. Миний сууж явсан тээврийн хэрэгсэл тухайн үед хэдэн км цагийн хурдтай явсан эсэхийг би хараагүй. ...Тэгээд Төв аймгийн Борнуур сумын нутагт асфальтан замаар явж байтал өөдөөс буюу эсрэг урсгалд явж байсан жижиг машин манай эгнээ рүү урсгал сөрж орж ирээд манай машины зүүн тал руу шүргэж мөргөсөн. Ослын улмаас зүүн талын хөл хугарч би бэртсэн шүүх эмнэлгийн дүгнэлтээр надад хүндэвтэр гэмтэл учирсан байсан. Манай нөхөр болон ээж хоёр тухайн үед гэмтэл бэртэл аваагүй. Би Улаанбаатар хотод ПРЕМИУМ БЬЮЛДИНГ МАТЕРИАЛС ХХК-нд тооцооны нягтлан бодогч ажилтай. Би сард 1 200 000 төгрөгийн цалин авдаг байсан. Ослын улмаас миний хөл хугарч 2 сар ажлаасаа чөлөө авч цалин аваагүй. Хөл хугарсаны улмаас үүссэн эмчилгээ хийлгэсэн зардалд болон бусад тээврийн хэрэгсэл ачуулах, нааш цаашаа явсан зардал нийт 3 529 860 төгрөг болсон үүнийг баримтаар гарган өгч хэрэг хавсаргуулсан байгаа. Уг мөнгөн дүгнээр хохирлоо нэхэмжлэх болно....Надад учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Миний зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй. Би шүүх хуралд суухгүй гэх мэдүүлэг /хх 18, 21, 24/,

 

Иргэний нэхэмжлэгч Д.Сэлэнгийн өгсөн: Тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг. 2015 онд худалдаж авч байсан. Би машины хохирлын үнэлгээ хийлгээд гарсан дүнгээ нэхэмжилж байна. Би 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгаас Улаанбаатар хот руу өөрийн өмчлөлийн 1355 УБЦ улсын дугаартай тоёота марк 2 маркийн тээврийн хэрэгсэлтэй эхнэр С.Г урд суудалд, хадам эх Янжинсүрэн арын суудалд суугаад явсан. Тухайн үед Төв аймгийн Борнуур сумын нутагт орж ирээд явж байхад эсрэг урсгалаас нэг тээврийн хэрэгсэл орж ирээд миний машиныг мөргөөд машин маань замаас гарсан. Үзэгдэх орчин харанхуй, байгалийн ямар нэгэн салхи, шуургагүй хэвийн байсан. Би ойролцоогоор 60 км цагийн хурдтай явсан гэх мэдүүлэг /хх 26, 29/,

 

Иргэний нэхэмжлэгч Ө.Цийрэгзэнгийн өгсөн: Уг тээврийг хэрэгслийг Б.Ү ахад 3 сая төгрөгөөр зарсан. Тэгээд Б.Ү ах руу шилжүүлээгүй байгаа. Миний нэр дээр байдаг ч гэсэн эзэмшигч нь Б.Ү ах байгаа. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх 27/,

 

Гэрч Б.Нарантуяагийн өгсөн: Би 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумаас Эрдэнэт хот руу ээжтэйгээ золгох гээд явсан. Төв аймгийн Баянчандмань сум өнгөрөөд явж байгаад гэнэт газрын өөдөө өгсөж байсан. Тэгээд өөдөөс нэг тод гэрэлтэй машин уруудаад ирсэн. Тэгээд зөрөх шиг болтол мөргөлдсөн.  Нөгөө машин доошоо уруудаад жалга руу  яваад орчихсон байсан. Тэгээд цагдаа ирсэн. Миний сууж явсан машин удаан явж байсан хэдэн километр гэдгийг мэдэхгүй байна. Яг ямар тээврийн хэрэгсэл ирж байсан гэдгийг хараагүй хурц гэрэлд ороод ирсэн тэгээд мөргөлдсөн. Буугаад хартал цагаан зураас жоохон даваад зогссон байсан. Би биедээ ямар нэг гэмтэл шарх аваагүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй ямар нэг гэмтэл байхгүй. Надад ямар нэг гомдол, санал алга байна гэх мэдүүлэг /хх 32/,

 

Гэрч Д.Сарантуяагийн өгсөн: Би 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Эрдэнэт хот руу ээж рүү золгох гээд эгч болон түүний нөхөр мөн өөрийн нөхөртэйгээ хамт хотоос гараад Эрдэнэт хот орох гээд Төв аймгийн Баянчандмань сум өнгөрөөд явж байтал урдаас нилийсэн гэрэл ороод ирсэн. Тэгээд мөргөлдсөн. Би айгаад хараагүй замын цаана жоохон суусан. Би шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй ямар нэг гэмтэл байхгүй. Надад ямар нэг гомдол алга гэх мэдүүлэг /хх 33/,

 

Гэрч Б.Нямдоржийн өгсөн: Би 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр эхнэртэйгээ хамт Эрдэнэт хот руу ээжтэйгээ золгох гээд явсан. Тэгээд ах эгч хоёр намайг Моносын уулзвараас авсан. Бид нар замдаа явж байгаад Төв аймгийн Баянчандмань сум өнгөрч явж байгаад машинтай мөргөлдсөн. Би биедээ гэмтэл шарх аваагүй. Шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлага байхгүй. Надад ямар нэг гомдол санал алга гэх мэдүүлэг /хх 34/,

 

Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг шинжилгээний цагдаагийн ахлах дэслэгч Х.Мөнх-Эрдэнийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 28 дугаартай дүгнэлт: 1.Хэргийн материалтай танилцахад Цагаан өнгийн Тоёота Марк-2 маркийн 1355 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна гэж үзэв. 2.Хэргийн материалтай танилцахад Тоёота Спринтер маркийн 3995 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Ү нь Монгол Улсын Замын хөдөлгөөний  дүрмийн 11 дүгээр бүлгийн 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байна гэж үзэв. 3.Зам тээврийн осол болоход замын болон цаг агаарын нөхцөл байдал нөлөөлөөгүй байна. 4.Зам тээврийн осол болох шалтгаан нөхцөл нь Тоёота Спринтер маркийн 3995 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Ү нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт 11 дүгээр бүлгийн 11.3-т заасан заалтыг зөрсөн үйлдэл гэж үзэв. 5.Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдол бүхий өөр нөхцөл байдал илрээгүй болно." гэжээ. /хх 63/,

 

Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн №115 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.С.Гийн биед зүүн шагай, тавхайн өсгий болон өлмий ясанд гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй." гэх /хх 68/,

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 06-12/, зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэмжилтийн бүдүүвч /хх 13-14/, Эй Жэй Жэй Эм ХХК-ийн хохирлын үнэлгээ /хх 42/, Тэнцвэр эстимэйт ХХК-ийн авто машин техникийн үнэлгээний тайлан /хх 55/, хохирлын баримтууд /хх 79-85/, шүүгдэгч Б.Үгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 88/, шүүгдэгчийн оршин суугаа газрын тодорхойлолт /хх 91/, Эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх 92/, Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 95/, Хаан банкны тодорхойлолт /хх 97/, Хас, Төрийн банкны тодорхойлолт /хх 99, 100/, Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэх шалгах хуудас /хх 103/ зэрэг хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:   

 

Шүүгдэгч Б.Ү нь Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэр Бяцхан сүүж гэх газарт 2019 оны 2 дугаар сарын 07-ны өдөр өөрийн эзэмшлийн 3995 ХЭҮ улсын дугаартай Тоёота Спринтер /Toyota Sprinter/ маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр бүлгийн 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно." дахь заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргаж Д.Сэлэнгийн барьж явсан 1355 УБЦ улсын дугаартай Тоёота марк 2 /Toyota Mark II/ тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж С.Гийн эрүүл мэндэд нь зүүн шагай, тавхайн өсгий болон өлмий ясанд гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх 6-7/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 8-12/, Осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх 14/, Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжилгээний гаргасан 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 28 дугаартай дүгнэлтэд: "Тоёота спринтер маркийн 3995 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Ү нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.3-т заасан "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байна." гэх /хх 63/, Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн №115 дугаартай шинжээчийн дүгнэлт "1.С.Гийн биед зүүн шагай, тавхайн өсгий болон өлмий ясанд гэмтэл тогтоогдлоо. 3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна." гэх /хх 68/, шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгчид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй, нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн нотолсон, улсын яллагчийн шүүгдэгчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл хэсэг нь хэргийн бодит байдалтай тохирсон гэж дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Б.Үг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Ү нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Ү, хохирогч С.Г, иргэний нэхэмжлэгч Д.С нарын 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан Эвлэрлийн гэрээнд "...4 800 000 төгрөгийн хохирлын төлж барагдуулсан. Талууд эвлэрч байна. Цаашид хохирогч гомдол, нэхэмжлэх зүйлгүй." гэжээ. /хх 110/ Иймд шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн байна гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Ү, хохирогч С.Г нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж Б.Үд 500 000 төгрөгийн торгох ял оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасныг баримталсан байна.

 

Шүүгдэгч улсын яллагчийн гаргасан торгох ялыг хүлээн зөвшөөрсөн байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Үгийн үйлдсэн гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй.

 

Шүүгдэгч Б.Үд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан үзэв. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт улсын яллагчийн шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Ү нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

 

Эрүүгийн 1934001570283 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөр, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.Ү-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч Б.Үг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Үд оногдуулсан 500 000 төгрөгийн торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 166 667 /нэг зуун жаран зургаан мянга зургаан зуун жаран долоо/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Б.Ү нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5.Эрүүгийн 1934001570283 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ү нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

7.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Үд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ