| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 176/2019/0230/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/233 |
| Огноо | 2019-08-09 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Энхболд |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 2019/ШЦТ/233
2019 08 09 2019/ШЦТ/233
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанчимэг,
Улсын яллагч Б.Энхболд,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа,
Шүүгдэгч Н.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Н.Жөд холбогдох эрүүгийн 1934005680297 дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Н.Ж, 1985 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, бетэрр 70-ийн научич оператор мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн бригадад жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Ж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Н.Жийн өгсөн:Би 2019 оны 7 дугаар сарын 11-ний өдөр жиижүүрт гараад 12-ны өдөр ажлаасаа буугаад цахилгаанчин Баатарбилэгтэй цуг Дондов ахынд ирсэн. Тэднийд Дондов ах, Сараа эгч, Амгалан гэдэг хүүхэд байсан. Баатарбилэг, Дондов, Саранцэцэг бид дөрөв 0,75 литрийн Хараа архи 2 шилийг хувааж уусан. Тэгээд архиа уугаад дуусангуут Баатарбилэг ах явлаа гээд яваад өгсөн. Саранцэцэг эгч намайг хоол ид гэхээр нь би гэрт нь ороод хоол идсэн. Тэгээд би Саранцэцэг эгчийн утсаар ярьсан. Тэгээд Сараа эгч үхрээ саах гээд гарахаар нь би Сараа эгчид дүү нь явлаа гэж хэлээд утсыг нь аваад гарсан. Тэгээд би шууд Улаанбаатар хот руу яваад Драгон дээр очоод утсыг нь 200 000 төгрөгөөр зарсан. Буцаж Төв аймагт байдаг гэртээ ирж хувцсаа солиод буцаад Улаанбаатар хот руу явж хоносон. Тэгээд байж байтал аав, ээж хоёр над руу залгаад чамайг цагдаа хайгаад байна. Чи хүний утас авчихсан байна. Хүний утас авчирч өг гэж хэлэхээр нь би Сараа эгч рүү залгаад “Уучлаарай би Увс явж ирчихээд танд шинэ утас аваад өгье” гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд би шууд Увс аймаг руу явсан. Увс аймгаас Төв аймагт 2019 оны 7-р сарын 29-ний өдөр ирээд Сараа эгчтэй уулзаад уучлалт гуйсан. Тухайн үед цалин буугаагүй би мөнгөгүй болчихсон байсан. Тэгээд би Увс аймаг руу эхнэр, хүүхэд рүүгээ явах гээд мөнгө хэрэгтэй болоод зарж борлуулах гээд гар утсыг нь авсан. Би бусдын эд хөрөнгө хулгайлсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн утасны төлбөрийг төлж барагдуулсан. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг,
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Хохирогч Ч.С-н өгсөн: Манайх Төв аймгийн Зуунмод сумын 5-р УАА-В-5-8 тоотод оршин суудаг. 2019 оны 7 дугаар сарын 12-ны өдөр гэртээ манай нөхөр Дашдондов, хүү Амгалан нарын хамт байж байтал 18 цагийн үед манай нөхөртэй хамт Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн бригадад ажилладаг Н.Ж гэх залуу ирсэн. ...тэгээд би үхрээ сааж дуусаад гэртээ ороод сүүгээ тавьчихаад гараад гол ороод хүүхдээ дуудаж оруулж ирээд утаснаас зураг үзүүлье гээд утсаа хайтал олдохгүй байсан. Тэгээд Цагдаагийн байгууллагад хандсан. Миний утас шаргал өнгийн кестэй жи-2 маркийн гар утас байсан. Би 2019 оны 01-р сард 359 000 төгрөгөөр шинээр худалдаж авч байсан. Одоо 359 000 төгрөгөөр үнэлж байна гэх мэдүүлэг /хх 09/,
Гэрч Д.Баатарбилэгийн өгсөн: 2019 оны 7-р сарын 12-ны өдөр 11 цагийн үед ангиас дуудлага ирээд ажил дээр очиж ажлаа хийчихээд Н.Жтэй хамт Төв аймагт ирсэн. Тэгээд бид хоёр ярилцаад баярын өдөр гээд 1 шил 0,75 литрийн Ерөөл архи аваад Дондовынд очсон. Дондовынд эхнэр Саранцэцэг, хүүхэд нь байсан. Тэгээд бид 4 архиа уунгаа хөзөр тоглоод, юм ярьж сууцгаасан. Архи дуусахад Дондов 0,75 литрийн Ерөөл архи авч өгсөн. Тэрийг уучихаад би хамгийн түрүүнд Дэнжид байдаг гэр лүүгээ явсан. Хариад шууд унтаад өгсөн. Тэгтэл өглөө Саранцэцэг манайд ирээд Н.Ж утас аваад явчихсан байна гэж хэлэхэд нь л мэдсэн. Өөр зүйл мэдэхгүй. Н.Ж Саранцэцэгийн утсаар яриад гадаа сууж байсан бөгөөд миний утсаар хүртэл ярьж байсан. Тухайн үед тийм их согтоогүй байсан. Халамцуу л байсан. Ах нь явлаа гээд тэднийхээс гарахад инээчихсэн гэрийн гадаа зогсож байсан гэх мэдүүлэг /хх 13-14/,
Гэрч Б.Дашдондовын өгсөн: 2019 оны 7-р сарын 13-ны өдөр гэртээ байж байхад Баатарбилэг, Н.Ж хоёр гаднаас нэг шил архи авч ирсэн. Тэгээд эхнэр бид хоёр хамт тэр архийг нь уучихаад бас нэг шил Ерөөл архи гаргаж өгсөн. Тэгээд Баатарбилэг түрүүлээд яваад өгсөн. Н.Ж манайд үлдсэн. Н.Жийг явахад нь манай эхнэрийн гар утас алга болчихсон байсан. Нэлээн согтсон байсан гэх мэдүүлэг /хх 15/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-6/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 45/, Эй Жэй Жэй Эм ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 17-22/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 40/, хохирол төлбөр төлсөн мөнгөн шилжүүлгийн баримт /хх 46/, шүүгдэгч Н.Жийн оршин суугаа Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх 48/ зэрэг болно.
Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Н.Ж нь 2019 оны 7-р сарын 12-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 5-р баг УАА-н В5-8 тоотод бусадтай архидан согтуурсан үедээ хохирогч Ч.С эзэмшлийн 344 640 төгрөгийн үнэ бүхий галакси Жи2 /Galaxy J2/ маркийн гар утсыг утсаар чинь яриад өгье гэж хэлэн авч эргүүлж өгөөгүй болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ч.С /хх 09/, гэрч Д.Баатарбилэг /хх 13-14/, Б.Дашдондов /хх 15/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Жавхлантөсгийн дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй. Шүүгдэгчийг өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй, түүнийг хүсэж үйлдээгүй байна гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгчид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй, нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн нотолсон, улсын яллагчийн шүүгдэгчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл хэсэг нь хэргийн бодит байдалтай тохирсон гэж дүгнэв.
Шүүгдэгчийн Н.Жийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэн түүнийг дээрх зүйл ангиар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Ч.С "Миний бие Н.Жөөс гар утасны үнэ 365000 төгрөгийг авсан үнэн. Надад гомдол санал байхгүй.” гэх хүсэлт /хх 51/, хохирогчийн Хаан банкны данс руу хохирлын 365 000 төгрөг шилжүүлсэн талаархи мөнгөн шилжүүлэг /хх 46/ зэргээр шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэний дараа бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн байна гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Н.Ж, хохирогч Ч.С нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж Н.Жөд ял оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасныг баримталсан байна.
Шүүгдэгч Н.Жөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болохыг дурдав.
Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг хүлээн авах боломжгүй гэж үзэв. Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар "...нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтооно." гэж заасан бөгөөд шүүгдэгч Н.Ж нь Зэвсэгт хүчний 016 дугаар ангид өдрийн 8 цагийн ажил эрхэлдэг болох нь түүний мэдүүлэг болон Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс ирүүлсэн цалингийн тодорхойлолт /хх 41/ зэргээр тогтоогдож байх тул дээрх ял биелэгдэх боломжгүй гэж үзэв.
Шүүгдэгч Н.Ж нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Н.Жийн тэнссэн зургаан сарын хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2.5, 3.3.3-т зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрхий бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэх хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэж,
Шүүгдэгчид шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтын зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мөн тэнссэн хугацаанд Төв аймгийн Цагдаагийн газар хяналт тавихыг анхааруулах нь зүйтэй байна.
Эрүүгийн 1934005680297 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөр, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Н.Жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Н.Жөд хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч Н.Жийн тэнссэн 6 сарын хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрхий бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэх хязгаарлалт тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Н.Ж нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтын зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
5.Шүүгдэгч Н.Жийн тэнссэн хугацаанд хяналт тавихыг Төв аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
6.Эрүүгийн 1934005680297 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ