Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 2019/ШЦТ/239

 

 

 

 

 

 

 

 

 

 2019             08               20                                                    2019/ШЦТ/239

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Б.Б даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Билгүүн,

Улсын яллагч М.Гансувд,

Хохирогч М.Б,

Шүүгдэгч  Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Бд холбогдох эрүүгийн 1934003970267 дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б.Б, 1979 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, яс үндэс баяд, бүрэн бус дунд боловсролтой, малчин, .................., улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ................ регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч Б.Бын өгсөн: 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Лүн сумын 2-р багийн нутаг Аргалын энгэр гэх газар гэртээ байж байсан. Эхнэр М.Б хөдөө гэрээс машин авна, хүү Мянганбаяр морины уралдаан үзнэ гээд байхаар нь би хүрээд ир гэж хэлсэн. М.Б Улаанбаатар хотоос хүү Мянганбаярын хамт дүү Болдсайхантай Лүн сумын төвд ирээд тэндээсээ Баян-Очирын хамт гэртээ 2019 оны 5 дугаар сарын 10-ны шөнө 01 цагийн үед ирсэн. Баян-Очир, М.Б хоёр бага зэрэг согтуу ирсэн. Баян-Очир Нийслэл нэртэй 2.5 литрийн пиво гаргаж М.Бтай хувааж уусан. Би уугаагүй би унтмаар байна гэтэл Баян-Очир манай гэрээс 02 цагийн үед явсан. М.Б орой 20 цагийн үед Лүн сумын төвөөс гараад шөнө 01 цагийн үед ирсэн болохоор чи яасан удаан явдаг юм гэтэл замдаа төөрсөн гэхээр нь бараг насаараа энэ хоёрын хооронд явсан байж төөрөөд байхдаа яадаг юм гэж би хэлсэн. Тэгээд гэрлээ унтраагаад унтах гэж байтал М.Б чи яахаараа Баян-Очирын эхнэр Отгоотой яриад манай эхнэр хүүхэд байна уу байвал аваад ирээрэй гэж хэлсэн юм гэхээр нь би Отгоотой утсаар ерөөсөө яриагүй гэж хэлтэл Отгоо чамтай ярьсан гэж хэлсэн гээд бид хоёр маргалдаад Отгоогоос намайг утсаар ярьсан уу асууя гээд утас руу нь залгасан боловч утас нь холбогдохгүй байсан. Тэгтэл М.Б чамаас айх юм уу гээд босч ирээд надтай барилцаж авсан. Тэгэхээр нь зүүн гараараа нүүрэн тус газар нь нэг удаа цохиод тонгойхоор нь зүүн хавирган тус газар нь баруун гараараа нэг удаа цохитол М.Б ханиа миний буруу намайг уучлаарай гэхээр нь би тайвшраад буцаад орондоо ороод хэвтсэн. М.Б гэрээс гараад 10 гаруй минутын дараа орж ирээд унтсан. ...Яг үнэндээ манай эхнэр М.Б хотоос ирэхдээ согтуу ирээд агсам тавиад байхаар нь нэг удаа алгадсан. Миний гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

 

Хохирогч М.Бын өгсөн: 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр би Улаанбаатар хотод байж байтал манай нөхөр Б.Б хөдөө гэртээ хүрээд ир би маргааш морины уралдаан үзнэ гэсэн. нь Улаанбаатар хотоос дүү Болдсайхан, хүү Мянганбаяр нарын хамт Төв аймгийн Лүн сум руу явсан. Лүн сумын төвд очоод манай саахалт айлын Баян-Очир гэх хүний машинд хүү Мянганбаярын хамт суугаад хөдөө гэр рүүгээ явсан. Тэгээд шөнө явж байгаад төөрөөд гэрээ олохгүй байсан. Сүүлдээ би машиныг жолоодоод гэрийнхээ гадаа ирээд хүү Мянганбаяр, Баян-Очир нарын хамт нарын хамт гэртээ ортол нөхөр Б.Б морины хүүхэд Наранбаатарын хамт байж байсан. Б.Б, Баян-Очир нар маргалдаж байснаа Баян-Очир гэрээс гараад явсан. Тухайн үед шөнө 01 цагаас 02 цаг болж байсан байх. Унтах гэтэл Б.Б чи ямар удаан явдаг юм гэхээр нь замдаа төөрөөд Баян-Очир согтуу манайхыг олохгүй болохоор нь би сүүлдээ машиныг нь жолоодоод гэрээ олсон гэж хэлтэл чи насаараа энэ хавиар явсан байж төөрөөд байхдаа яадаг юм бэ гэж уурлаад бид хоёр маргалдсан. Б.Б босч ирээд миний хамар луу баруун гараараа нэг удаа цохитол миний хамраас цус гараад доошоо хараад уучлаарай миний буруу гээд хоёр алгаа хавсраад сөгдөөд гуйтал миний цамцаар толгой ороож байгаад 2-3 удаа толгойн тус газар цохиод үснээс гараараа зулгаагаад доош нь дартал би ухаан алдах шиг болтол өвдөгөөрөө зүүн хавирган тус газар өвдөглөөд гэрийн хуванцар сандлаар цохиод Б.Б гэрээс гарахаар нь би араас нь гараад гадаа 20 орчим минут зогсож байгаад гэртээ орсон. Тэгэхэд Б.Б хүүхдээ тэврээд буруу хараад унтаж байхаар нь би газраар ор засаад унтсан. Бид хоёр хуримаа хийгээд 20 жил болж байна. 4 хүүхэдтэй, том охин 18 настай, 15 настай охин, 14 настай охин, 7 настай хүүтэй. Б.Б намайг урьд өмнө нь хэд хэдэн удаа зодож байсан. Манай ганц хүү 2011 онд төрсөн түүнээс хойш Б.Б бид хоёр маргалдаж хэрэлдэх нь багассан. 2018 оны 1 дүгээр сард зодож миний биед гэмтэл учруулж байсан. Тухайн үед би хуулийн байгууллагад хандаж байгаагүй. Зүүн талын хавирга хугарсан, нүүр хавдаж хөхөрсөн, цээж, хүзүү хөх няц болсон. ...Яг юунаас болоод яагаад Б.Б бид хоёр маргалдсанаа сайн санахгүй байна. Ямар ч гэсэн маргалдаж хэрэлдээд Төв аймгийн Лүн сумын 2 дугаар багийн нутаг Лүн-Уул гэх газар Б.Б нь согтуу машин дотор намайг хоёр удаа гараараа үснээс зулгаагаад баруун талын нүдэн тус газар баруун гараараа нэг удаа цохисоны улмаас миний баруун талын нүд хавдсан. Б.Б бид хоёроос өөр хүн байгаагүй. Миний баруун талын нүд хавдсанаас болж би Улаанбаатар хотод Хан-Уул дүүргийн эмнэлэгт 10 хоног хэвтэж эмчлүүлсэн. Цагдаагийн байгууллага болон ямар нэгэн байгууллагад хандаж байгаагүй. Бид хоёрын аль аль нь ширүүн ааштай. Нэгнээсээ уучлалт гуйдаггүй. Хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэх мэдүүлэг,

 

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

 

Гэрч С.Пүрэвсүрэнгийн өгсөн: 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод гэртээ байж байтал М.Б утсаар Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэс дээр хүрээд ирээч Б.Б намайг зодсон өргөдөл өгч байна гэсэн. Тэгээд очтол М.Б эгч Б.Б намайг зодсон миний хэвлий хэсгээр өвдөөд байна гээд байсан. Миний хажууд цохиж хэрэлдэж маргалдаж байгаагүй боловч М.Б эгч Б.Б намайг зодоод байна ирж ав гээд 2006 оноос хойш хэд хэдэн удаа утсаар ярьсан. Тэгээд Төв аймгийн Лүн сумын нутгаас М.Б эгчийг очиж авдаг байсан. Биед учирсан гэмтлийн талаар сайн санахгүй байна. Хамт ойрхон байдаггүй болохоор Б.Быг сайн мэдэхгүй гэх мэдүүлэг /хх 31/,

 

            Гэрч Бөртэцэцэнгийн өгсөн: Тухайн үед би Улаанбаатар хотод гэртээ байсан. Ээж 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод гэртээ ирээд аав чинь намайг хөдөө гэртээ зодсон миний зүүн талын хавирга хугарсан юм шиг байна гээд эмнэлэгт үзүүлсэн. Намайг болон дүү нарыг аав зодож цохиж айлган сүрдүүлж байгаагүй боловч 2018 оны 01 дүгээр сарын үед ээжийг хөдөө гэртээ зодоод ээжийн баруун талын нүд нь хавдсан байсан. Тухайн үед би дүү нарынхаа хамт Улаанбаатар хотод байсан. Аав, ээж хоёр хоорондоо хэрэлдэхээрээ ээж хааяа аав чинь намайг янз бүрээр хараагаад доромжлоод зайл гээд гэрээсээ хөөгөөд байна гэж ярьдаг байсан. Хоорондоо хэрэлдэх үед нь би хажууд нь байгаагүй гэх мэдүүлэг /хх 32/,

 

            Гэрч Д.Юмжирдуламын өгсөн: Төв аймгийн Лүн сумын ЗДТГ-ын нийгмийн бодлогын мэргэжилтэн ажилтай. Самбуугийн М.Б нь гэр бүлийн хүчирхийллийн талаар хандаж байгаагүй гэх мэдүүлэг /хх 33/,

 

            Гэрч Ц.Баян-Очирын өгсөн: 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр би Төв аймгийн Лүн сумын төвд дүү Болдбаатарын хамт явж байсан. Манай эхнэр Нарантуяа Улаанбаатар хотоос ирэх байсан боловч утас нь холбогдохгүй байхаар нь би М.Б луу залгахад М.Б би Лүн сумын төвд ирсэн байна эхнэр чинь надтай хамт явж байна гэсэн. Тэгээд М.Б чамтай хамт хөдөө гэр лүүгээ явъя гэсэн. М.Б, хүү Мянганбаяр, Болдбаатар бид дөрөв хөдөө гэр лүүгээ явсан. Тухайн үед би их согтуу шөнө Б.Бын гэрийг олохгүй төөрч явсаар шөнө Б.Бын гэрт очсон. Тэгээд 2.5 литрийн нийслэл пиво гаргаад Б.Б, М.Б бид гурав хувааж уусан байх би тухайн үед их согтуу байсан болохоор зарим болсон асуудлын талаар сайн санахгүй байна. Тэгээд гэрээс гараад Болдбаатар машин жолоодоод гэртээ харьсан. Энэ хоёрыг муудалцсан талаар надад мэдэх зүйл байхгүй байна. Миний дэргэд зодож цохиж хэрэлдэж маргалдаж байхыг нь хараагүй мөн хүнээс сонсоогүй. Б.Б хааяа архи уудаг, хүнд агсам согтуу тавьж байхыг нь хараагүй гэх мэдүүлэг /хх 34/,

 

            Гэрч Б.Жаргалсайханын өгсөн: Би Б.Бын төрсөн ах. Тухайн үед би мэдээгүй, сүүлд нь М.Б, Б.Б хоёр хэрэлдэж маргалдсан гэж сонссон. Зодож, цохисон талаар мэдэхгүй. Миний дэргэд болон хамаатан садан найз нөхдийн дэргэд Б.Б нь М.Быг зодож цохиж, харгис хэрцгий харьцсан, догшин авирлаж, тарчлаасан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй. Мөн би тэр талаар хүнээс болон Б.Б, М.Б хоёроос сонсоогүй 4 хүүхэдтэй амьдрах гээд хоёулаа явааг нь мэднэ, өөр мэдэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх 35/,

 

            Гэрч Х.Нарантуяагийн өгсөн: 2002 оноос хойш манайх Төв аймгийн Лүн сумын 2 дугаар багийн нутаг Аргалын энгэр гэх газар нутагласанаас хойш Б.Б, М.Б нартай саахалт байх болсон. Гэр бүлийн найзууд болсон. Би 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод байж байтал М.Б нь утсаар залгаад би төрсөн дүүтэйгээ Улаанбаатар хотоос Лүн сум руу гэр лүүгээ гарах гэж байна. Чи араас гарвал би чамайг Лүн сумын төвд хүлээгээд байж байя гэр лүүгээ явья гэж хэлээд дараа нь утас нь холбогдохгүй болчихсон. Тэгээд би хөдөө гэр лүүгээ явах гээд нөхөр Баян-Очир луу залгахад би Төв аймгийн Лүн сумын төвд хүлээгээд байж байя гээд согтуу ярьсан. Оройтсон болохоор би төрсөн ах Лхагважавыг машинтай нь аваад Улаанбаатар хотоос хөдөө гэр лүүгээ явсан. Тэгээд шөнө 00 цагийн үед Төв аймгийн Лүн сумын 2 дугаар багийн нутаг Аргалын энгэр гэх газар гэрийнхээ ойролцоо явж байтал манай нөхөр Баян-Очир, Болдбаатар, М.Б нар нь манай машинтай төөрөөд гээд явж байсан. Тэгээд Баян-Очир, Болдбаатар хоёр М.Быг хүргэж өгнө гээд явсан. 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод ажил дээрээ байж байтал М.Б над руу залгаад Б.Б намайг Баян-Очиртой хамт шөнө гэртээ удаж ирлээ гэж уурлаад намайг зодсон гэж ярьсан өөр юм яриагүй. Хэрэлдэж, маргалдаж байхыг нь би хараагүй, сонсоогүй гэх мэдүүлэг /хх 36/,

 

            Гэрч Д.Оюунсувдын өгсөн: М.Б нь гэр бүлийн хүчирхийллийн талаар хандаж байгаагүй. Манай багт мал маллан амьдардаг боловч багийн хурал болон багаас зохион байгуулсан олон нийтийн ажилд оролцдоггүй, надтай харьцдаггүй болохоор хувийн байдлын талаар мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх 37/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн №6032 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.М.Бт зүүн 10-р хавирганы хугарал, баруун бугалганд цус хуралт тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй “ гэжээ /хх 39/,

 

Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх 43-46/, хохирогч М.Бын өвчний түүх /хх 49-69/, шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 77/, шүүгдэгч Б.Бын иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 78, 79/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 80/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх 81/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 82/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх 83/, хохирогч М.Бын иргэний үнэмлэхийн хуулбар /хх 84/, захиргааны зөрчлийн бүртгэл /хх 86-88/, шүүгдэгч Б.Бын захиргааны зөрчлийн бүртгэл /хх 91-93/, Төв аймгийн Лүн сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх 94/, мал тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2018 оны тооллого /хх 95/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 38/, согтуурал шалгасан тэмдэглэл /хх 42-43/, яаралтай тусламжийн хуудас /хх 44-45/, хохирогчоос өгсөн гэрэл зураг, хохирлын баримт /хх 48-51/ зэрэг болно.   

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

 

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Б.Б нь хууль зүйн хувьд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийн эрүүл мэндэд Гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

            Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, 2019 оны 5 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Төв аймгийн Лүн сумын 2-р баг Аргалын энгэр гэх газар гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр М.Быг оройтож ирлээ, яасан удаан явж ирдэг юм” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний цээж хэсэгт гараараа цохиж зодон, эрүүл мэндэд нь "зүүн 10-р хавирганы хугарал, баруун бугалганд цус хуралт" бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд Хохирогч М.Бын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...бид хоёр маргалдсан чинь Б.Б босч ирээд миний хамар луу баруун гараараа нэг удаа цохитол миний хамраас цус гараад доошоо хараад уучлаарай миний буруу гээд хоёр алгаа хавсраад сөгдөөд гуйтал миний цамцаар толгой ороож байгаад 2-3 удаа толгойн тус газар цохиод үснээс гараараа зулгаагаад доош нь дартал би ухаан алдах шиг болтол өвдөгөөрөө зүүн хавирган тус газар өвдөглөөд гэрийн хуванцар сандлаар цохиод Б.Б гэрээс гарахаар нь би араас нь гараад гадаа 20 орчим минут зогсож байгаад гэртээ ортол Б.Б хүүхдээ тэврээд буруу хараад унтаж байхаар нь би газраар ор засаад унтсан.. гэх мэдүүлэг /хх 26-27, 28/, гэрч С.Пүрэвсүрэнгийн өгсөн: "...би очтол М.Б эгч Б.Б намайг зодсоноос болж миний хэвлий хэсгээр өвдөөд байна гээд байсан. Миний хажууд цохиж хэрэлдэж маргалдаж байгаагүй боловч М.Б эгч Б.Б намайг зодоод байна ирж ав гээд 2006 оноос хойш хэд хэдэн удаа утсаар ярьсан. Тэгээд Төв аймгийн Лүн сумын нутгаас М.Б эгчийг очиж авч байсан." гэх мэдүүлэг /хх 31/, Гэрч Бөртэцэцэнгийн өгсөн: "...Ээж 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод гэртээ ирээд аав чинь намайг хөдөө гэртээ зодсон миний зүүн талын хавирга хугарсан юм шиг байна гээд эмнэлэгт үзүүлсэн. Намайг болон дүү нарыг аав зодож цохиж айлган сүрдүүлж байгаагүй боловч 2018 оны 01 дүгээр сарын үед ээжийг хөдөө гэртээ зодоод ээжийн баруун талын нүд нь хавдсан байсан." гэх мэдүүлэг /хх 32/, гэрч Х.Нарантуяагийн өгсөн: "...2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод ажил дээрээ байж байтал М.Б над руу залгаад Б.Б намайг Баян-Очиртой хамт шөнө гэртээ удаж ирлээ гэж уурлаад намайг зодсон гэж ярьсан." гэх мэдүүлэг /хх 36/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн №6032 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.М.Бт зүүн 10-р хавирганы хугарал, баруун бугалганд цус хуралт тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварны тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогджээ. 

 

Иймд шүүгдэгч Б.Б-ыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Хохирогч М.Б нь хохирол төлбөр нэхэмжлээгүй. Хавтаст хэрэг хэрэгт авагдсан хохирлын баримт байхгүй учир шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг,

Шүүгдэгч Б.Б нь улсын яллагчийн гаргасан торгуулийн ялын хэмжээг багасгаж өгнө үү гэх саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэр бүлийн хамаарал бүхий хүний эрх эрх чөлөөнд удаа дараа халдаж, эрүүл мэндэд хэд хэдэн удаа хохирол учруулж байсан, түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн улсын яллагчийн 1 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулах талаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруу, хохирогчид учруулсан хор уршиг зэрэгт тохирсон гэж хүлээн авах нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т "Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно." гэж заасан бөгөөд шүүгдэгчийн хөрөнгө орлогын байдал болон хүсэлтийг харгалзан 1 000 000 төгрөгийн торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 333 333 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

 

Эрүүгийн 1934003970267 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б.Быг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 1 000 000 төгрөгийн торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 333 333 /гурван зуун гучин гурван мянга гурван зуун гучин гурав/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5.Эрүүгийн 1934003970267 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

7.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ