| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
| Хэргийн индекс | 101/2023/07892/И |
| Дугаар | 210/МА2025/01385 |
| Огноо | 2025-08-22 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 210/МА2025/01385
*******-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 191/ШШ2025/04543 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******-т холбогдох,
Хөлсөөр ажиллах гэрээний хөлсөнд илүү олгосон 18,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:
1.1. ******* нь Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 155 дугаар тогтоолоор тус компанийг татан буулгахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу уг компанийг татан буулгах комисс томилж, ******* зээлийн үйл ажиллагаа хариуцсан ахлах хуульч *******-т ой 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 13 дугаартай хөлсөөр ажиллах гэрээг байгуулсан. Гэрээний дагуу 2020 оны 09 дүгээр сараас 2021 оны 09 дүгээр сар хүртэл холбогдох ажилтнуудад цалин хөлсийг бүтнээр олгосон.
1.2. *******-аас 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр *******, ******* дугаартай төлбөр барагдуулах тухай актыг тавьсан. Тус актад ...******* -ийг татан буулгаснаар *******-тай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүрэг зөрчигдөх эрсдэл үүссэнийг Хувьцаа эзэмшигч цаг тухайд нь шийдээгүйгээс компанийг татан буулгах комиссын үйл ажиллагаа удааширч, Монгол Улсын Хөгжлийн банкнаас ажилласан ажилтнуудад 2021 онд 159,300,000 төгрөгийн цалинг илүү тооцож олгосон гээд холбогдох төлбөрийг барагдуулж *******-ын дансанд төвлөрүүлэх-ийг үүрэг болгосон. ******* болон татан буулгах комисс нь ******* -ийн хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 01 дугаартай шийдвэрийн дагуу үүсгэн байгуулагдсан бөгөөд тус шийдвэрийн хавсралтын дагуу 2020 оны 08, 09 дүгээр сард гүйцэтгэж дуусгахаар төлөвлөгөөг батлуулсан байсан ч Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 252 дугаар тогтоолоор ******* -ийн үйл ажиллагааг 2021 оны 08 дугаар сард сэргээсэн бол татан буулгах комисс 2021 оны 09 дүгээр сар дуустал ажилласан. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 болон хөлсөөр ажиллах гэрээний 5.2-т заасны дагуу *******-аас болон ажил олгогчийн зүгээс зарим хэсгийг буюу гэрээний дагуу олгох хөлсний 40 хувийг олгож 60 хувийг буцаан төлүүлэхээр акт тогтоосон.
1.3. ******* ийг хүчээр ажиллуулаагүй, өөрөө ******* -тай хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан. Хөгжлийн банкнаас ******* ийг заавал ажиллуулах шийдвэр гаргаагүй, тэр талаар нотлох баримт байхгүй. ******* нь маргаад 2021 оны 01 дүгээр сараас 09 дүгээр сар хүртэлх хугацаанд Хөгжлийн банкнаас цалин авсан. Мөн ******* -аас цалин авсан. Акт тавигдсан өдрөөс өнөөдрийг хүртэл 3 жилийн хугацааг тоолвол хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байгаа. Тус актын дагуу холбогдох ажилтнуудтай харилцан тохиролцохоор ажиллаж байсантай холбогдуулан шүүхэд хандаагүй өдий хүрсэн. Холбогдох акттай холбоотой 7 ажилтнаас *******-т ой харилцан тохиролцож чадаагүй бөгөөд өнөөдрийг хүртэл тус төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй эвлэрэх ямар нэгэн хариу үйлдэл үзүүлээгүй. Иймд ******* оос хөлсөөр ажиллах гэрээний хөлсөнд илүү олгосон 18,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Хариуцагчаас шаардах эрх үүсээгүй. ******* -тай хөлсөөр ажиллах гэрээ байгуулаагүй. ******* -тай иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй. Татан буулгах комиссыг байгуулсан этгээд нь Хөгжлийн банк юм. Надтай гэрээ байгуулсан этгээд нь татан буулгах комисс юм. Монгол Улсын Хөгжлийн банкнаас татан буулгах комисс байгуулагдсан. ******* нь хөлсөөр ажиллах гэрээнд ямар ч хамааралгүй. Надад ажлын хөлс олгоогүй. Гүйцэтгэх захирлын бүрэн эрх дуусгавар болсон. Компанийн үйл ажиллагаа бүрэн зогссон байсан. ******* нэхэмжлэгч биш ажлын хөлс нэхэмжлэх эрх байхгүй.
2.2. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Татан буулгах комисстой хөлсөөр ажиллах гэрээг 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан. Нэхэмжлэлийг 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Нэхэмжлэлийн үндэслэл тодорхойгүй. Нэхэмжлэлд Иргэний хуулийн 359.1 дэх хэсэгт заасныг үндэслэл болгосон. Гэвч энэ нь ажиллагч, ажиллуулагч гэрээний талуудын харилцаа юм. ******* гэрээний нэг тал биш учраас хамааралгүй. Хөлсөөр ажиллах гэрээнд заасны дагуу ажлаа бүрэн гүйцэтгэсэн. Ажиллуулагч ажлаа бүрэн хийсэн гээд хөлсөө төлсөн. Ажил бүрэн дууссанаар гэрээ дуусгавар болсон. Талуудын хэн аль нь ч гомдол гаргаагүй. Ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзсэн бол тухайн үед хөлсийг олгохгүй байх боломжтой байсан. Хөлсөөр ажиллах гэрээний 5.2-т заасан заалт нь ажлын хөлсийг буцаан гаргуулах заалт биш. Цалин хөлсийг олгохгүй байх, буцаан гаргуулах хоёр нь хоёр өөр ойлголт юм. Ажиллуулагч буюу татан буулгах комисс тухайн үед миний ажлыг тогтмол шалгадаг байсан.
2.3. *******-ын акт нь хууль зөрчиж гарсан. ******* нь төрийн байгууллага боловч *******-ын актад ******* буюу хувийн байгууллага гарын үсэг зурсан. Байгууллагын албан бланкыг ашиглаад тамга дарсан нь Төрийн аудитын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсэг заалтыг зөрчсөн. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 226 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан тамга, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэх журмыг зөрчсөн. Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэг нь шалгагдагч этгээд зөрчил гаргасан бол акт тогтоох тухай заалт. Шалгагдагч этгээд нь ******* биш. Шалгагдагч этгээд нь ******* байсан. Мөн Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэг төсвийг үр ашигтай байхаар зохицуулсан. Гэтэл ******* төсвийн байгууллага биш бөгөөд төсвөөс санхүүждэггүй. Актад 14 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажилласан гэж алдаатай оруулдаг. Хувьцаа эзэмшигчдийн хурлаас 15 хүнийг томилсон. Актад буруутай этгээдийг, зөрчилтэй нь шууд заасан. *******-тай байгуулсан гэрээ нь 4,4 их наяд төгрөгийн гэрээ байгаа. Энэ эрсдэлийг хувьцаа эзэмшигч нар шийдэж чадаагүй. Ажилтнууд нь ажлаа хийсэн гэдгийг энэ актад заасан. Хувьцаа эзэмшигч нар нь буруутай гэж заасан байхад ******* оос нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Актад ******* оос гаргуулах үг, өгүүлбэр байхгүй. Хэрэв надад хамааралтай байсан бол тухайн үед надад мэдэгдэх байсан. Би актад нь гомдол гаргах байсан. Нэхэмжлэгч *******-ын актад нэр томъёо, хуулийг буруу хэрэглэсэн.
2.4. ******* нь татан буулгах комисстой хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан. Гэрээний 1.3-т гэрээний хугацаанд ******* -ийг улсын бүртгэлээс хасах хүртэл хугацаанд энэхүү гэрээний хугацааг үйлчилнэ. Энэ хугацаанд буюу улсын бүртгэлээс хасах хүртэл нэг тал ажил гүйцэтгэж нөгөө тал хөлс төлөх үүргээ биелүүлсэн. Тухайн үед эзэнгүй гүйцэтгэх удирдлага нь байхгүй байсан учраас олон асуудлууд үүссэн учраас татан буулгах комисс ажлаа зогсоож болохгүй байсан. Тийм учраас олгосон цалин хөлсийг буцааж авах зохицуулалт хуульд байхгүй. Ажил дутуу гүйцэтгэсэн, гомдол санал гараагүй. Гэрээний ноцтой зөрчил гэж үзээгүй байсан тул ажил олгогч цалинг олгосон. Хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа нэхэмжилж байна. Тухайн үед хувьцаа эзэмшигч буюу ******* зүгээс комиссын дарга болон гишүүний ажилд тогтмол хяналт тавьж байсан. Гишүүдэд хариуцлага тооцож, чөлөөлж байсан. Би анхнаасаа татан буулгах комисст ороогүй. Ажлын дундаас намайг томилсон. Актад 40, 60 гэсэн тоо байхгүй.
2.5. Хөдөлмөрийн дотоод журмын 2.16-д заасны дагуу намайг Хөгжлийн банкнаас томилсон. Намайг ажиллуулж, би шударгаар хөдөлмөрлөж, зохих ёстой ажлаа гүйцэтгэж хөлсөө авсан. ******* хохирсон зүйл байхгүй. Татан буулгах гэж байснаа татан буулгах комисс нь зөв ажиллаад асуудлыг зөв дэвшүүлэх учир эргээд сэргэсэн. Нэг тал нь ажиллаад ажлын үр шимийг хүртэж, нөгөө тал нь цалин хөлсөө авсан энэ харилцаанд ямар нэгэн хохирол байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Тийм учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-т холбогдох хөлсөөр ажиллах гэрээний хөлсөнд илүү олгосон 18,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* -ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 62 дугаар зүйлийн 62.3 дахь хэсэгт зааснаар хуульд зааснаас бусад тохиолдолд төлөөлж гэрээ байгуулах эрх итгэмжлэлийн үндсэн дээр үүсэх ба хэрэв төлөөлөх эрх итгэмжлэлээр олгогдоогүй тохиолдолд тухайн гэрээ нь хүчин төгөлдөр бус байхаар зохицуулжээ. Компанийн хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор татан буулгах комиссын бүрэлдэхүүн, ажлын даалгаврыг баталж, комиссын даргаар *******-г томилсон. Ийнхүү томилохдоо *******-д компанийг төлөөлж, татан буулгах комиссын гишүүдтэй хөлсөөр ажиллах гэрээ байгуулж, цалингийн хэмжээг тогтоон, цалин олгох эрхийг ямар нэгэн байдлаар олгоогүй. Иймээс компанийг төлөөлж ******* болон ******* нарын хооронд 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан хөлсөөр ажиллах гэрээ нь Иргэний хуулийн 56.1.1, 56.1.8, 62.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу хүчин төгөлдөр бус юм. Гэтэл анхан шатны шүүх тус үйл баримтын талаар тодорхой дүгнэлт өгөлгүйгээр хүчин төгөлдөр гэрээ гэж үзсэн нь хууль хэрэглээний алдаа болсон гэж үзэж байна.
4.2. Анхан шатны шүүх ******* ийн Монгол Улсын Хөгжлийн банк буюу хувьцаа эзэмшигч компанид ажиллаж байх үед нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан ******* гүйцэтгэх захирлын 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А-116 дугаар тушаалын 38 дугаар хавсралтаар баталсан ажлын байрны тодорхойлолтын Ажлын байрны зорилгын хүрээнд явуулах бусад үйл ажиллагаа гэсэн хэсгийн 1-д Удирдлагаас даалгасан ажил гүйцэтгэх ажлын хэсэгт ажиллах гэж заасныг дүгнээгүй. Компанийн хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор татан буулгах комиссын бүрэлдэхүүнийг томилохдоо *******-т цалин олгохоор шийдвэрлээгүй нь түүнийг ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн хүрээнд ажлын хэсэгт томилж, ажиллуулсантай холбоотой юм. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь татан буулгах комиссын ажлыг ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн хүрээнд ажлын цагаар гүйцэтгэж байсан. Гэтэл анхан шатны шүүх тус үйл баримтад дүгнэлт өгөөгүйн улмаас хэргийн үйл баримтыг бүрэн тодорхойлж чадаагүй.
4.3. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч, хариуцагчийг ажлаа хийж чадаагүй гэдгийг нотлоогүй гэжээ. Гэтэл *******-ын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн *******, ******* дугаар акт, *******-ын Аудитын менежер *******, , *******-ийн аудитор ******* нарын гэрчийн мэдүүлгээр хариуцагчийг 2021 онд татан буулгах комссын ажлаа хангалттай хийсэн гэж үзэх үндэслэл байхгүй гэдэг нь нотлогдсон. Мөн хариуцагч нь шүүх хурлын үеэр хариуцагч өөрийн хийсэн ажлаа тайлбарлаж, мэтгэлцэж чадахгүй байсан. Ийнхүү анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг бүрэн тодорхойлж чадаагүй.
Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ******* оос хүчин төгөлдөр бус гэрээний үндсэн дээр олгосон 18,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа удаа дараа өөрчлөгдөж, хоорондоо зөрчилддөг. Хүчин төгөлдөр бус гэрээний шаардлагыг анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гаргаагүй. Энэ асуудлаар маргаагүй. Компанийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасны дагуу тухайн гүйцэтгэх захирлын бүрэн эрх дуусгавар болж зөвхөн татан буулгах комисст бүх эрх нь шилжсэн. Татан буулгах комиссын даргатай хөлсөөр ажиллах гэрээ байгуулж, хөлсөөр ажиллах гэрээ байгуулахаас өмнө Хөгжлийн банкнаас намайг томилсон. Татан буулгах комисст очиж хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан. Хөгжлийн банкнаас цалин хөлсийг нь зөвшөөрөөд гэрээ байгуулсан учраас хүчин төгөлдөр гэрээ гэж үзэж байгаа. Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт заасны дагуу бүх ажил үүргийг татан буулгах комисс гүйцэтгэж, дарга нь төлөөлж гарын үсэг зурж байсан.
Удирдлагаас даалгасан ажилд цалин олгохоор шийдвэрлээгүй гэдэгт Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.5.2-т хэрэг гүйцэтгэгч буюу татан буулгах комисст тэдгээртэй адилтгах бусад этгээдийн эрх, үүргийн хүрээнд гүйцэтгэсэн үйл ажиллагааны зардлыг дарааллынх нь 2 дугаарт олгохоор заасан. Үүний дагуу Хөгжлийн банкнаас төсвийг баталсан. Тухайн үед Хөгжлийн банканд хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг гэх миний ажлын байрны тодорхойлолтод удирдлагаас даалгасан ажил гүйцэтгэх ажлын хэсэгт ажиллах гэж заасан. Гэхдээ ажлын хэсэг татан буулгах 2 өөр зүйл юм.
Ажлаа хангалттай гүйцэтгээгүй гэдэг асуудалд, татан буулгах комиссын ажлыг багаар гүйцэтгэж нийт 3 хавтаст ажлын тайланг хэрэгт гаргаж өгсөн. Вайбер группд хийсэн үзлэг миний хийсэн ажлыг нотолдог. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасны дагуу ажлаа бүрэн гүйцэтгэсэн. Ажил олгогч ажил гүйцэтгэсэн гэж үзэж хөлс төлж гэрээ бүрэн биелж дуусгавар болсон. Ажил дууссаны дараагаар хэн ч гомдол гаргаагүй, цалин хөлсийг бүтэн олгосон. 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 8 дугаартай шийдвэрт чиглэл өгөх тухай гээд комиссын үйл ажиллагааны зардлыг бууруулах зорилгоор ******* үндсэн ажилтнаас бусад ажилтныг комиссын гишүүнээс чөлөөлөх арга хэмжээг зохион байгуулж шийдвэрлүүлэх явцад шийдвэр гаргаад ******* ажилтнуудыг үлдээсэн. Ажлыг хангалттай өндөр түвшинд гүйцэтгэсэн. Тэр үед ажлаа хаяад явсан бол эсрэгээрээ том асуудал үүсэх байсан. Мөн хувьцаа эзэмшигч нь ******* зүгээс комиссын дарга гишүүний ажилд бол хяналт тавьж байсан.
******* дотоод журамд 40 хувь, 60 хувь гэсэн тоо байхгүй. Тэгэхээр ******* хөдөлмөрийн дотоод журамд гүйцэтгэх захирлын зөвшөөрснөөс бусад тохиолдолд давхар ажил эрхлэхийг хориглоно гэж заасны дагуу давхар ажилласан. *******-ын актад хувьцаа эзэмшигч цаг тухайд нь шийдвэрлээгүйгээс компанийн татан буулгах комиссын үйл ажиллагаа удааширсан гэж буруутай этгээдийг заасан учраас хохирол байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хуулийн этгээдийн нэршлээ ******* болгон өөрчилж, 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хуулийн этгээдийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлэн дахин гэрчилгээ авчээ./5хх-200/
2.1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-т холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээний хөлсөнд илүү олгосон 18,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч ...нэхэмжлэгч компанитай эрх зүйн харилцаа үүсээгүй, татан буулгах комисстой хөлсөөр ажиллах гэрээ байгуулж, гэрээнд заасан ажлаа гүйцэтгэж, хөлсөө бүрэн авсан, тухайн тавигдсан акт надад хамааралгүй, ******* -д ямар нэгэн хохирол учруулаагүй гэж эс зөвшөөрч маргажээ.
3. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 155 дугаар тогтоолоор ******* охин компани хэлбэрээр байгуулсан хөрөнгө оруулалтын менежментийн компанийг татан буулгахаар шийдвэрлэж, ******* Төлөөлөн удирдах зөвлөлийн даргад үүрэг болгосон. Үүний дагуу ******* -ийн хувьцаа эзэмшигч нар 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хуралдаж, тус өдрийн 01 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар татан буулгах комиссын бүрэлдэхүүнийг баталж, комиссын даргаар ******* ыг томилсон байна./1хх-6, 7, 64/
3.2. Улмаар ******* -ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 02 дугаар шийдвэрээр компанийг татан буулгах комиссын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, компанийг татан буулгах комиссын гишүүнээр ******* Хууль тусгай активын газрын хуулийн хэлтсийн хуульч ******* томилжээ./1хх-62/
3.3. Уг шийдвэрийг үндэслэн ******* -ийг татан буулгах комиссын дарга ******* , ******* нарын хооронд 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ажил гүйцэтгэгч нь компанийн татан буулгах үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ комиссын баталсан төлөвлөгөөнд тусгагдсан өөрт хамаарах ажил, үүрэг болон ажиллуулагчаас хариуцуулсан үүрэгт ажлыг үнэнч шударга, хариуцлагатай гүйцэтгэх, ажиллуулагч нь ажиллагчид гэрээний хугацаанд сард 3,000,000 төгрөгийн хөлс төлөхөөр харилцан тохиролцсон./1хх9-10/
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасанд нийцсэн, талууд хүсэл зоригоо илэрхийлж, гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болсон байна.
Шүүх талуудын хооронд байгуулагдсан хөлсөөр ажиллах гэрээ нь хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Учир нь ******* -ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр татан буулгах комиссын даргаар ******* ыг томилсон байх ба гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллахаа явуулах эрхтэй. Иймд эрх бүхий этгээдүүд гэрээнд гарын үсэг зурж, баталгажуулсан байх тул хөлсөөр ажиллах гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.
Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.
4. Анхан шатны шүүх, талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хөлсөөр ажиллах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.
5. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-т талуудын хооронд байгуулсан гэрээний 5.1-д заасны дагуу сар бүр 3,000,000 төгрөгийн ажлын хөлс төлсөн, хариуцагч уг мөнгөн хөрөнгийг хүлээж авсан үйл баримтын талаар зохигч маргаагүй.
Харин хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн эсэх нь маргааны зүйл болжээ.
6. Хариуцагч ******* нь дээрх гэрээгээр хүлээсэн үүргийн хүрээнд ******* -ийг татан буулгах комиссын үйл ажиллагаанд оролцож гэрээгээр хүлээсэн ажил үүргээ гүйцэтгэсэн болох нь хэрэгт авагдсан татан буулгах комиссын тайлан, түүнтэй холбоотой баримтууд, татан буулгах комиссын гишүүдийн групп чатад үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогджээ./1хх-153-196, 1хх209-250, 2хх1-249, 3хх1-250, 4хх1-250, 5хх1-183/
6.1. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 252 дугаар тогтоолоор татан буулгахаар шийдвэрлэгдсэн ******* -ийн үйл ажиллагааг сэргээж, компанийн татан буулгах ажиллагааг зогсоож, үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхийг Монгол Улсын Хөгжлийн банканд даалгаж шийдвэрлэсэн./1хх-63/ Уг нөхцөл байдалтай холбоотойгоор ******* -ийг татан буулгах комиссын ажиллагаа дуусгавар болсон гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.3-т заасан гэрээний хугацаа Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.2 дахь хэсэгт зааснаар дуусгавар болсон гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн.
6.2. Хэрэгт *******-аас ******* -ийн 2021 оны санхүүгийн тайланд аудит хийж, тус газрын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр *******, ******* дугаар төлбөр барагдуулах тухай актаар ...******* -ийг татан буулгаснаар *******-тай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүрэг зөрчигдөх эрсдэл үүссэнийг хувьцаа эзэмшигч цаг тухайд нь шийдээгүйгээс компанийг татан буулгах комиссын үйл ажиллагаа удааширч, Монгол Улсын Хөгжлийн банкнаас ажилласан ажилтнуудад 2021 онд 159,300,000,000 төгрөгийн цалинг илүү тооцож олгосон нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д заасныг зөрчсөн. Төлбөрийн актын биелэлтийг 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор ******* т ирүүлэхийг ******* -ийн гүйцэтгэх захиралд хариуцуулав гэсэн баримт авагджээ./1хх-53/
Нэхэмжлэгч нь ...дээрх *******-ын актыг үндэслэн хариуцагчаас хөлсөөр ажиллах гэрээний хөлсөнд илүү олгосон 18,000,000 төгрөг гаргуулах-аар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл, хариуцагчийг 18,000,000 төгрөгийн хэмжээнд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж гаргасан байна.
*******-ын актад компанийг татан буулгах комиссын үйл ажиллагаа удааширсан нь хувьцаа эзэмшигчээс шалтгаалсан болохыг тогтоосон баримт байх ба хариуцагч ******* ийг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнтэй холбоотой акт гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, уг акт ******* ийн гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтэд хамааралгүй, зөвхөн ******* буюу хуулийн этгээдэд ногдуулсан акт гэж үзэхээр байна.
6.3. Хөлсөөр ажиллах гэрээний 3.1-д ажиллагч комиссын баталсан төлөвлөгөөнд тусгагдсан өөрт хамаарах ажил, үүрэг болон ажиллуулагчаас хариуцуулсан үүрэгт ажлыг үнэнч шударга, хариуцлагатай гүйцэтгэж, эрхэлсэн ажилдаа үр дүнтэй, идэвх санаачилгатай ажиллаж гүйцэтгэх үүргийг тодорхой тусгасан байх бөгөөд нотолгооны хуваарилалтын дагуу нэхэмжлэгч нь уг үүргийн биелэлтийг баримтаар нотлох үүрэгтэй.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь ******* ийг Хөгжлийн банканд ажилладаг атлаа хөлсөөр ажиллах гэрээгээр давхар ажилласан, компанийг татан буулгах комиссын үйл ажиллагаа удааширч, үр ашиггүй, хүндэтгэх шалтгаангүйгээр хариуцсан ажил, үүргээ хангалттай гүйцэтгээгүй улмаас ажилтнуудад илүү цалин олгосон тул гэрээний дагуу олгох хөлсний 40 хувийг олгож 60 хувийг буцаан авах эрхтэй гэх байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.
6.4. Зохигчдын хооронд байгуулагдсан хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дууссанаар уг гэрээ дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас ажлын хөлсөнд илүү олгосон гэж 18,000,000 төгрөг гаргуулахаар шаардах эрхгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.
Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хариуцагчаас хөлсөөр ажиллах гэрээний хөлсөнд илүү олгосон 18,000,000 төгрөг гаргуулахтай холбоотой нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх журамд нийцсэн байна.
7. Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар тодорхойлж баримталсан нь буруу байгааг давж заалдах шатны шүүхээс залруулна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа ажлын хөлсөнд илүү олгосон гэж 18,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнтэй холбоотой шаардлага гаргасан гэж үзэх тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан зохицуулалтыг баримтлах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...гэрч нарын мэдүүлгээр хариуцагчийг ажлаа хангалттай хийсэн гэж үзэх үндэслэл байхгүй гэдэг нь нотлогдсон гэх давж заалдах гомдол үндэслэлгүй. Учир нь гэрчийн мэдүүлэг үнэн зөв, эргэлзээгүй болох нь баримтаар тогтоогдоогүй тул гомдлыг хангахгүй.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 191/ШШ2025/04543 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан гэснийг 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй тул гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Д.ЦОГТСАЙХАН