| Шүүх | Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маруушийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 132/2016/00486/и |
| Дугаар | 0012 |
| Огноо | 2016-11-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 0012
Н.Жаргалсайханы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хэргийн индекс 132/2016/00486/И
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ё.Бямбацэрэн даргалж, Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчийг түр орлон гүйцэтгэгч Б.Баттөр, шүүгч М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 490 дугаартай шийдвэртэй,
Н.Жаргалсайханы нэхэмжлэлтэй Ц.Жаргалсайханд холбогдох 800000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэллийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагч Ц.Жаргалсайханы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Н.Жаргалсайхан
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир
Хариуцагч Ц.Жаргалсайхан
Хариуцагчийн өмгөөлөгч М.Даваасүрэн
Нарийн бичгийн дарга Э.Цэнгүүн нар оролцов.
Нэхэмжлэгч Н.Жаргалсайхан нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ц.Жаралсайханаас байшин худалдан авахаар болж 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1600000 төгрөг бэлнээр өгсөн. Байшингаа авахаар очиж үзтэл уг байшин нь миний хэрэгцээ шаардлагыг хангахааргүй байсан тул наймаагаа буцаж 800000 төгрөгт бодож 10 төлөг, 800000 төгрөгт бодож хүрэн зүсмийн бүдүүн морь авсан. Авсан морио 2015 оны 4 сард авч унаж байгаад 2015 оны 6 сард Ц.Жаргалсайханы адуунд нь буцааж аваачиж тавьсан. Ижил сүрэгт нь байлгаж байгаад авья гэж Ц.Жаргалсайханд хэлээд тавьсан. Намар нь Ц.Жаргалсайхантай утсаар ярьж морио унагатай гүүгээр солих саналыг тавихад тэрээр зөвшөөрч хавар гүү унагалахаар эртхэн аваарай гэж тохиролцсон. 2016 оны 03 дугаар сард Ц.Жаргалсайхан надруу утасдаж морь чинь алга болсон гүү өгөх боломжгүй гэж хэлсэн. Иймд Ц.Жаргалсайханаас морины үнэ 800000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ц.Жаргалсайхан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Н.Жаргалсайхантай байшин худалдах худалдан авах наймаа хийсэн нь үнэн. Наймаа тохироогүй учраас 1600000 төгрөгийн оронд 800000 төгрөгт бодож 10 төлөг, 800000 төгрөгт бодож 1 бүдүүн морь өгсөн. Тухайн үед Н.Жаргалсайхан морио авч яваад унаж эдлэж байгаад дараа жилийн хавар нь намар авъя гээд манай адуунд тавьсан. Манай адуу намар хүйтрэнгүүт Баян-Агт, Хутаг-Өндөр, Уньтын нутгаар байж байгаад хавар орж ирсэн. Манай адуу жил бүр өөрсдийн зөнгөөр явж байгаад ирдэг тул Жаргалсайханд адуу ууланд гарахаас өмнө морио ирж аваарай гэж хэлсэн. Тэр морио тохиролцсон хугацаандаа ирж аваагүй учраас морь нь манай адуутай цуг ууланд гараад эргэж ирээгүй. Би эрүүл мэндийн хувьд сайнгүй, хүн хүч муутай тул өвлийн цагт адуугаа эргэж тойрч хариулж малладаггүй. Би Н.Жаргалсайхантай морийг нь унагатай гүүгээр солих талаар харилцан тохиролцсон зүйл байхгүй. Ер нь манайхыг өвлийн цагт адуундаа нэг ч явдаггүй, өөрсдөө зөнгөөрөө явж байгаад бууж ирдэг гэдгийг нутгийнхан бүгд мэднэ. Би Н.Жаргалсайханы морийг хадгалж, хариулах үүрэг хүлээгээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 490 дугаар шийдвэрээр
Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1, 424 дүгэр зүйлийн 424.1-д зааснаар хариуцагч Ц.Жаргалсайханаас 800000 /найман зуун мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Жаргалсайханд олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Жаргалсайханы улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 24000 /хорин дөрвөн мянга/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ц.Жаргалсайханаас 24000 /хорин дөрвөн мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.
Хариуцагч Ц.Жаргалсайхан давж заалдах гомдолдоо: “...Ц.Жаргалсайхан миний бие анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа өөрийн биеийн эрүү мэнд, хүн хүч муутайгаас /хүүгийн хамт амьдардаг/ урт хөлийн мал болох адуугаа хариулж, эргэж тойрч чаддаггүй, манай адуу жил бүр намар хүйтэн орохоор өөрсдийн зөнгөөр ууланд гарч Баян-Агт, Хутаг-Өндөр, Уньтын нутгаар явж байгаад хавар орж ирдэг гэдгийг нутгийн олон андахгүй. Би өөрөө хэдэн малаа хариулж чадахгүй байж хүний малыг харж хамгаална гэж үүрэг хүлээхгүй, ингэж өр төлбөрт орно гэж мэдэхгүй тул Н.Жаргалсайханыг надаас авсан морио ижил адуунд нь хэсэг тавьчихъя гэхээр нь нөхөрт тусалж зөвшөөрч харин намар адуу ууланд гарахаас өмнө аваарай гэдгээ хэлсэн. Үүгийг Н.Жаргалсайхан өөрөө хүлээн зөвшөөрч намар морио гүүгээр солих талаар ярилцсанаас уг морио намар аваагүй гэдгээ мэдүүлсээр байхад “хадгалалтын гэрээний хугацаа тодорхой байсан гэдгээ хариуцагч баримтаар нотолж чадаагүй байна” гэж дүгнэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Хөдөөний малчин бидэнд хэн хэн нь хүлээн мэдүүлэхээс өөр ямар нотолгоо хэрэгтэй юм бэ. Иймд хэргийг бодит үнэнийг тогтоож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2- заасан шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч Н.Жаргалсайхан нь хариуцагч Ц.Жаргалсайханд холбогдуулан морины үнэ 800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл бүхий шаардлагыг анхан шатны шүүхэд гаргажээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Н.Жаргалсайхан нь Ц.Жаргалсайханаас авсан морио унаж байгаад зохигчид тохиролцож түүний адуунд /ижил сүрэгт нь/ буцаан авчирч тавьсан нь зохигчдын тайлбараар нотлогдож тогтоогджээ.
Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж зохигчдын хооронд Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1-т заасан хадаглалтын гэрээ хийгдсэн гэж үзэн хариуцагч Ц.Жаргалсайханаар мөн хуулийн 424 дүгээр зүйлийн 424.1-т зааснаар хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь эрх зүйн маргааны талаархи хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчөөгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангах боломжгүй байна гэж үзэв.
Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 -т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хариуцагч Ц.Жаргалсайханы давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 490 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2. Нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 24000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-т магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ё.БЯМБАЦЭРЭН
ШҮҮГЧ Б.БАТТӨР
М.ХҮРЭЛБААТАР