| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Магнайбаярын Мөнхдаваа |
| Хэргийн индекс | 201605000355 |
| Дугаар | 2017/ДШМ/025 |
| Огноо | 2017-05-30 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Д.Эрдэнэсоёл |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 2017/ДШМ/025
Г.Уяат, Д.Мөнгөнхуяг, Ү.Амартүвшин нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Д.Эрдэнэбилэг, Т.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Д.Эрдэнэсоёл
Шүүгдэгч Г.Уяат, Д.Мөнгөнхуяг, Ү.Амартүвшин
Шүүгдэгч Г.Уяат, Д.Мөнгөнхуяг, Ү.Амартүвшин нарын өмгөөлөгч П.Өлзийбаяр
Нарийн бичгийн дарга Ч.Цэрэндулам нарыг оролцуулан:
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 48 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Уяат, Д.Мөнгөнхуяг, Ү.Амартүвшин, тэдгээрийн өмгөөлөгч П.Өлзийбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.Уяат, Д.Мөнгөнхуяг, Ү.Амартүвшин нарт холбогдох эрүүгийн 201605000355 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Батжаргал овогт Гүрсэдийн Уяат, ............ тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, регистрийн дугаар /ЧГ85050771/
Монгол Улсын иргэн, Боржигин овогт Үлмэдэхийн Амартүвшин, .............тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар /ЧГ84030771/
Монгол Улсын иргэн, Гүнсэн овогт Долгорсүрэнгийн Мөнгөнхуяг, ............ тоотод оршин суудаг, 2000 оны 11 дүгээр сарын 8-нд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2, 225 дугаар зүйлийн 3, 241 дүгээр зүйлд тус тус зааснаар 2 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 2007 оны 8 дугаар сарын 21-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар баривчлах, 2011 оны 3 дугаар сарын 29-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5, 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ял шийтгүүлж, 2013 оны 10 дугаар сарын 1-нд эдлээгүй үлдсэн 5 сар 8 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, регистрийн дугаар /УК80122817/
Г.Уяат нь 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, Д.Мөнгөнхуяг, Ү.Амартүвшин нартай бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших Баруун бүсийн худалдааны төвд байх иргэн Н.Нансалмаагийн эзэмшлийн 2126 дугаартай лангуун дээрээс бэлнээр 530.000 төгрөг, түрийвч нэг ширхэг, ХААН банкны виза карт нэг ширхэг, ХАС банкны виза карт нэг ширхэг, Төрийн банкны виза карт нэг ширхэг, мөнгөний хулгана нэртэй зураг нэг ширхэг, 204045 дугаартай жолооны үнэмлэх /хүчингүй болсон/ нэг ширхэг, 204045 дугаартай жолооны үнэмлэх /хүчинтэй/ нэг ширхэг, иргэний цахим үнэмлэх нэг ширхэг, юнителийн дугаарын сим картны үүр нэг ширхэг, иргэний бүртгэлийн шилжүүлэг хийсэн тэмдэглэл 2 ширхэгийг тус тус хулгайлж бусдад 727.800 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
Ү.Амартүвшин нь 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, Д.Мөнгөнхуяг, Г.Уяат нартай бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших Баруун бүсийн худалдааны төвд байх иргэн Н.Нансалмаагийн эзэмшлийн 2126 дугаартай лангуун дээрээс түүний түрийвчтэй бэлэн 530.000 төгрөг, түрийвч нэг ширхэг, ХААН банкны виза карт нэг ширхэг, ХАС банкны виза карт нэг ширхэг, Төрийн банкны виза карт нэг ширхэг, мөнгөний хулгана нэртэй зураг нэг ширхэг, 204045 дугаартай жолооны үнэмлэх /хүчингүй болсон/ нэг ширхэг, 204045 дугаартай жолооны үнэмлэх /хүчинтэй/ нэг ширхэг, иргэний цахим үнэмлэх нэг ширхэг, юнителийн дугаарын сим картны үүр нэг ширхэг, иргэний бүртгэлийн шилжүүлэг хийсэн тэмдэглэл 2 ширхэг зэргийг тус тус хулгайлж бусдад 727.800 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
Д.Мөнгөнхуяг нь 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, Г.Уяат, Ү.Амартүвшин нартай бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших Баруун бүсийн худалдааны төвд байх иргэн Н.Нансалмаагийн эзэмшлийн 2126 дугаартай лангуун дээрээс түүний түрийвчтэй бэлэн 530.000 төгрөг, түрийвч нэг ширхэг, ХААН банкны виза карт нэг ширхэг, ХАС банкны виза карт нэг ширхэг, Төрийн банкны виза карт нэг ширхэг, мөнгөний хулгана нэртэй зураг нэг ширхэг, 204045 дугаартай жолооны үнэмлэх /хүчингүй болсон/ нэг ширхэг, 204045 дугаартай жолооны үнэмлэх /хүчинтэй/ нэг ширхэг, иргэний цахим үнэмлэх нэг ширхэг, юнителийн дугаарын сим картны үүр нэг ширхэг, иргэний бүртгэлийн шилжүүлэг хийсэн тэмдэглэл 2 ширхэг зэргийг тус тус хулгайлж бусдад 727.800 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Баянхонгор аймгийн прокурорын газраас Г.Уяат, Д.Мөнгөнхуяг, Ү.Амартүвшин нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх: Батжаргал овогт Гүрсэдийн Уяат, Боржигин овогт Үлмэдэхийн Амартүвшин, Гүнсэн овогт Долгорсүрэнгийн Мөнгөнхуяг нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, машин механизм хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Г.Уяат, Ү.Амартүвшин, Д.Мөнгөнхуяг нарыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Г.Уяат, Ү.Амартүвшин, Д.Мөнгөнхуяг нарт оногдуулсан хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Г.Уяат 61, Д.Мөнгөнхуяг 12, Ү.Амартүвшин 3 хоног тус тус цагдан хоригдсоныг тэдний ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар Г.Уяат, Ү.Амартүвшин, Д.Мөнгөнхуяг нараас гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэлийн үнэ болох 4.000.000 төгрөгийг тэнцүү хувааж тус бүр 1.333.334 төгрөгийг хурааж, улсын орлого болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ жолоодож явсан 72-84 УНУ улсын дугаартай приүс 11 маркийн иргэний нэхэмжлэгч Л.Батцэнгэлийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлийг битүүмжилсэн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн, Ү.Амартүвшингийн эзэмшлийн цагаан өнгийн хөлдөөгч 1 ширхэг, цагаан өнгийн угаалгын машин 1 ширхэгийг битүүмжилсэн 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн, Г.Уяатын эзэмшлийн саарал өнгийн 21 инчийн телевизорыг битүүмжилсэн 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн, Д.Мөнгөнхуягын эзэмшлийн 32 инчийн телевизорыг битүүмжилсэн 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолуудыг хүчингүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтанд хураагдсан АNGTE гэсэн бичигтэй цагаан цэнхэр өнгийн сиди 1 ширхэгийг хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээж, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар Г.Уяат, Д.Мөнгөнхуяг, Ү.Амартүвшин нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж, тэдний эдлэх ялыг 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ү.Амартүвшин давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би тус аймагт ирэхдээ 72-84 УНУ улсын дугаартай приус 11 машиныг хувь лизенгээр авсан байсан учраас хувь алтны ажил хийж, машины төлбөр төлөх санаатай байсан. Ингэж яваад Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсгээр зүйлчлэгдсэн хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна. Би улсад 13 дахь жилдээ ажиллаж байгаа. Эхнэр 2 хүүхдүүд минь хүнд хэцүү байдалтай байгаа. Мөн ямар нэгэн хууль зөрчсөн асуудал хийж байгаагүй, тийм бодолтой явж байсан удаа байхгүй.
2016 оны 12 дугаар сарын 13-нд Г.Уяатын үгэнд орж Баянхонгор аймагт ирсэндээ маш их харамсаж байгаа. Би хулгай хийх зорилгоор ирээгүй, Г.Уяатыг хүний түрүүвч аваад гарсаныг мэдээгүй. Гэтэл намайг хулгай хийх зорилготой машинаа унаж ирсэн гэж шүүхээс ял оногдуулсанд гомдолтой байна. Би эрүүгийн төлөөлөгч Т.Ерэнбаярын үгэнд итгэж, би түүнээс айж, 2 найзыгаа хулгай хийхээр ирсэн гэж хэлсэндээ маш их харамсаж байна. Тэр үед төлөөлөгчийг намайг зодоход нь гомдол гаргасан боловч авч үзээгүй. Би Г.Уяатын үгэнд орж ирсэндээ маш харамсаж, өөрөө өөртөө харамсаж сууна. Дахин хүний үгэнд орохгүй зоригтой үгүй гэж хэлэх хэрэгтэй юм байна. Надад хорих ялаас өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Шүүгдэгч Г.Уяат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие зун самранд явж байгаад Баянхонгорын нэг хүнтэй танилцаж, манай энд алт гайгүй гардаг ирээрэй гэж хэлж байсан юм. Тэгээд 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Ү.Амартүвшинтэй утсаар ярьж машинаар нь Баянхонгор руу явахаар болсон. Тухайн үед Ү.Амартүвшин зээлээр машин авсан, 7 хоногт 150.000 төгрөг төлж байгаа, явмааргүй байна гэсэн. Алтны уурхай дээр очоод гайгүй мөнгө хийвэл болох байх гээд явахаар болсон. Д.Мөнгөнхуяг эхнэртэйгээ маргачихаад явж байна гэсэн. Чамд жолооны үнэмлэх байгаа юу гэхэд байгаа гэсэн. Тэгээд Д.Мөнгөнхуягтай модны хоёр дээр уулзсан. Машин барилцаад орой Улаанбаатар хотоос гарсан. Гарахдаа Ү.Амартүвшин нэг шил архи, нэг пиво авч, замдаа уугаад явсан. Баянхонгорт өглөө ирээд алтны уурхайн талаар ярьж байсан хүнтэйгээ ярих гэхэд утас нь холбогдоогүй. Миний цамцны суга урагдчихсан байсан болохоор цамц авах гээд худалдааны төв хүнээс асуусан чинь ийшээ яваад 2 давхар саарал зах байгаа гэж зааж өгсөн. Тэгээд бид 3 орсон, Д.Мөнгөнхуяг салаад явсан, Ү.Амартүвшин согтуу байсан намайг дагаад явж байсан, хүний газар явж байгаа, утасгүй байгаа төөрчихөв гэж хэлсэн. Цамц үзээд явж байсан нэг лангуу дээр очоод цамц хараад зогсож байсан чинь лангууны өнцөг дээр түрүүвч харагдсан хүн орхичихоод явчихсан юм байхдаа гэж бодоод авч халаасандаа хийсэн. Тэр үед Ү.Амартүвшин миний ард зогсож байсан. Машин дээр очсон Д.Мөнгөнхуяг залгаад хаана байна гэсэн машин дээр ирсэн байна гэсэн, тэгээд Д.Мөнгөнхуяг ирсэн. Би тэр хоёрын хажууд нөгөө авсан түрүүвчээ гаргаад иртэл юун түрүүвч вэ гээд тэр 2 асуусан. Би олсон юм, та хоёрт хамаа байхгүй гээд мөнгийг нь тоолоход 250.000 орчим төгрөг байсан. Гэтэл тэр 2 мөнгө олсон юм бол пиво аваач гэсэн. Ингээд дэлгүүрээс хиам, талх, 2 ширхэг том пиво авсан. Түүнийгээ идэж уучихаад Цэрэнхүү залгасан утас нь холбогдохгүй байсан, тэгээд хот руу явах гээд гараад явж байсан. Постон дээр цагдаа зогсоогоод 4 сая төгрөг алдагдсан, авсан хүмүүс мөн байна, хувцас нь мөн байна гээд цагдаагийн газар руу авч ирж байцаан мөрдөн байцааж, намайг зодож хэргээ хүлээ гэж байсан. Хамгийн гол нь 4 сая төгрөг нэхэхээр нь айсандаа анхны мэдүүлгээ буруу өгсөн. Ү.Амартүвшинг өөр өрөө рүү дагуулаад орсон. Д.Мөнгөнхуяг, Ү.Амартүвшин хоёрыг ийм хэрэгт холбогдуулсандаа маш их харамсаж байна. Энэ хүмүүс бүгд 2, 2 нялх хүүхэдтэй. Миний болчимгүй үйлдлээс болж амьдралаараа хохироод байна. Би эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, эхнэр, хүүхдээ маш их зовоолоо. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна, цагдан хоригдож байгаа хугацаандаа маш их зүйлийг ухаарч ойлголоо. Та бүхнээс миний ял шийтгэлийг хөнгөлж өгөөч гэж хүсэж байна гэв.
Шүүгдэгч Д.Мөнгөнхуяг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 18 цаг өнгөрч байхад Г.Уяат миний утас руу залгаж жолооны үнэмлэх чинь байгаа юу хөдөө алтанд явъя гэсэн тэгээд Ү.Амартүвшин, Г.Уяат хоёр хамт над дээр ирсэн. Тэгээд бид 3 Баянхонгор аймаг руу явсан. Замдаа Ү.Амартүвшин архи уугаад явсан. Би машиныг нь барьж ирсэн. Г.Уяат замдаа явж байхдаа алт сайн гарч байна очиж үзээд хэд хоног ажиллаад ирье гэсэн. Тэгээд Баянхонгор аймагт ирсэн. Би анх удаа тус аймагт ирж байгаа бөгөөд Г.Уяат худалдааны төв орж, цамц авч өмсье, цамц урагдчихсан гэсэн. Ингээд бид 3 зах руу орсон, эхлээд хамт явж байгаад би Нарантуул зах дээр суудаг тул юмны үнэ, ханш ямар байдаг талаар судлахаар тэр хоёроос салаад явсан. Ингээд нилээн явж байгаад Г.Уяат руу залгахад гадаа машин дээрээ ирчихсэн байна гэсэн. Би гараад машин дээрээ очиход Г.Уяат, Ү.Амартүвшин хоёр ирчихсэн байсан. Тэгээд Г.Уяат би түрүүвч олсон гээд гаргаж ирсэн. Тухайн түрүүвчин дотор 250.000 төгрөг байсан. Чи олсон юм чинь ганц хоёр пиво авчих гэж хэлсэн. Тэгээд пиво авч уучихаад аймгаас гарах гэж яваад цагдаагийн постон дээр та нарыг шалгах хэрэгтэй байна гээд зогсоосон. Тэгээд машинтай баахан цагдаа ирээд байцаасан. Тэгээд тэр түрүүвчийг хулгайн түрүүвч гэж мэдсэн. Тэр цагдаа нар 4.000.000 төгрөг алга болсон гээд байхаар нь анхны мэдүүлгээ худлаа өсгөн. Тэгээд цагдаагийн газар авч ирсэн. Энэ үед Ү.Амартүвшинг авч яваад зодсон. Эргэж бид нар дээр орж ирэхдээ маш их айсан байсан. Ингээд бид үнэн зөв мэдүүлэг өгсөн боловч бидний мэдүүлгийг огт харгалзаагүй бөгөөд шүүхээс 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн. Миний бие найзынхаа үгэнд орж Баянхонгор аймагт ирж зах орсондоо туйлын ихээр харамсаж байна. Эхнэр маань 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Солонгос улс руу 3 сарын хугацаатай ажил хийхээр явсан. Би 2 хүүхдээ харж үлдэхээр болсон. Наашаа ирэхдээ том хүүхдээ 24 цагийн цэцэрлэгт өгөөд 2 настай бага охиноо эгчдээ түр үлдээгээд ирсэн. Надад шоронгийн ханан дотор сууж байхад 2 хүүхэд нүдэнд үзэгдээд үнэхээр хэцүү байна. Би Уяатыг түрүүвч хулгай хийсэн гэдгийг үнэхээр мэдээгүй. Хамт яваагүй болохоор олсон авсан эсэхийг үнэхээр мэдээгүй. Гэтэл намайг хулгай хийсэн гэж яллаж байгаад гомдолтой байна. Хохирогч намайг утсаараа зураг дараад байсан гэж худлаа мэдүүлсэн бөгөөд би тухайн үед зураг дараагүй Nokia 1100 гэсэн утастай явж байсан юм. Мөн хулгай хийхэд цуг яваагүй гэдгийг камерын бичлэг харуулах байх. Иймд та бүхэн надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.
Шүүгдэгч Г.Уяат, Ү.Амартүвшин, Д.Мөнгөнхуяг нарын өмгөөлөгч П.Өлзийбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч Г.Уяат, Д.Мөнгөнхуяг, Ү.Амартүвшин нарыг шунахайн сэдэлтээр машин механизм ашиглан ашиг олох зорилгоор бүлэглэн түрийвч хулгайлж бусдад 727.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзсэн яллах дүгнэлт үндэслэлтэй хэмээн шүүхээс дүгнэн холбогдогч нарт ял шийтгэсэн нь үндэслэлгүй бөгөөд хэрэгт авагдсан камерын бичлэгээр бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн эсэх нь эргэлзээтэй, хангалттай нотлогдон тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Үүнд:
1. Ү.Амартүвшинг, Г.Уяат нарын болон гэрч Ү.Амартүвшин Д.Мөнгөнхуяг, Г.Уяат нарыг бүлэглэн хулгай хийсэн эсэхийг тодорхой мэдүүлээгүй гэрч Б.Доржбат, Г.Уяат, Ү.Амартүвшин, Д.Мөнгөнхуяг нарын сэжигтэн яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, камерын бичлэгээр холбогдогч нар санаа зорилго нэгдэн бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгай хийсэн нь тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлд заасан шалгуур шинж болох үйлдлээрээ урьдчилан үгсэн тохиролцсон, гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдсэн, зохион байгуулсан шинж сэжигтэн, яллагдагч нарын үйлдэлд харагдахгүй байгаа болно . Харин Г.Уяатын олсон гэж хэлсэн улаан өнгийн түрийвч нь хулгайн түрийвч болохыг цагдаа нарт баригдах үедээ мэдсэн талаар Ү.Амартүвшин, Д.Мөнгөнхуяг нар мэдүүлжээ.
Ү.Амартүвшин нь болсон үйл явдлын талаар эхэлж мэдүүлэг өгөхдөө эрүүгийн төлөөлөгчийн хууль зөрчсөн үйл ажиллагаанаас үүдэлтэйгээр худал мэдүүлэг өгсөн байдаг бөгөөд энэ талаараа ч гомдол гаргасан. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4 дэх хэсэгт зааснаар нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг баримтлаагүй буюу зөрчсөн бол эдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэсний дагуу нотлох баримтын чадвараа алдсан гэж үзэх үндэслэлтэй.
Хэдийгээр Ү.Амартүвшин болон өмгөөлөгч миний гомдлыг нотлогдохгүй байна гэж үзэж байгаа ч Ү.Амартүвшинг зодож айлган сүрдүүлж, хуурч мэхлэх үед Т.Ерэнбаяраас өөр хүн байгаагүй тул өөрийнхөө гаргасан хууль бус үйлдлийг эрүүгийн төлөөлөгч хүлээн зөвшөөрөхгүй байх магадлалтай. Тэгвэл Ү.Амартүвшин нь Т.Ерэнбаярт зодуулсан тухайгаа ар гэрийнхэндээ болон Д.Мөнгөнхуягийн эгчид хэлсэн байдаг бөгөөд тухайн гомдлыг шалгахдаа ар гэрийнхэн ойр дотны хүмүүсээс нь тайлбар аваагүй байна.
2. Камерын бичлэгийн талаар: Хавтаст хэрэгт эд мөрийн баримтаар авагдсан камерын бичлэгт “Баруун бүсийн худалдааны төв”-рүү анх холбогдогч нар 3 уулаа орсон байх боловч хохирогч Н.Нансалмаагийн лангуун дээр очих үед болон холбогдогч Г.Уяат тус түрийвчийг авч кармалах үеийн, мөн “Баруун бүсийн худалдааны төв”-өөс Ү.Амартүвшин Г.Уяат нар гарч явж байгаа камерын бичлэгт Д.Мөнгөнхуяг огт байдаггүй. Өөрөөр хэлбэл холбогдогч нарын “...Д.Мөнгөнхуяг худалдааны төв рүү ороод нэг бол урд нэг бол ард гараад явж байгаад нэг мэдэхэд алга болсон талаар мэдүүлсэн мэдүүлгүүд нь үнэн зөв болох нь камерын бичлэгээр тогтоогддог бөгөөд улсын яллагч тус камерын бичлэгээр Д.Мөнгөнхуяг, Ү.Амартүвшин нар нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болох нь шүүхийн хэлэлцүүлгийн үед нотлогддог болно.
3. Гэрч хохирогч нарын мэдүүлгийн зөрүүний талаар: Хохирогч Н.Нансалмаа нь мэдүүлэхдээ “...залуу ирээд надаас манай ээж таньтай адилхан мариатай хүн байдаг юм гээд надаас 3-4 плате үзэж зогсож байгаад намайг барьж бай гээд зургийг нь авсан гэж мэдүүлдэг бөгөөд тухайн мэдүүлэг нь тухайн үед Д.Мөнгөнхуяг нь Н.Нансалмаагийн лангуун дээр зураг дараагүй болохыг харуулсан камерын бичлэг болон зураг авах боломжгүй Nokia 1100 гэсэн утас барьж явсан зэргээр мөн л нотлогдоогүй юм. Өөрөөр хэлбэл Н.Нансалмаагийн болон Б.Доржбатын мэдүүлгүүд бодит байдлаас зөрүүтэй өөрт олгогдсон давуу эрхийн хүрээнд өгсөн мэдүүлэг байх боломжтой.
4. Тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх талаар: Шийтгэх тогтоолд шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэхдээ 72-84 УНҮ улсын дугаартай авто машиныг хэрэглэсэн үйлдлээ хөнгөвчлөх хэргийн газар хурдан ирж буцах, богино хугацаанд хэргийн газраас явах байдлаар урьдчилан бэлдсэн гэж дүгнэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийн үнийг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэнийг үндэслэлгүй гэж үзэж байна. Г.Уяат нь Д.Мөнгөнхуяг, Ү.Амартүвшин нарыг анх дагуулж Улаанбаатар хотоос гарахдаа Баянхонгор аймагт алтны уурхайд очиж ажиллах боломжтой эсэхийг үзэх зорилготой ирсэн талаар холбогдогч нар мэдүүлдэг бөгөөд Баянхонгор аймагт холбогдогч нар ирж байгаагүй болох нь Ү.Амартүвшингийн Баянхонгор аймаг хэдэн километр юм бэ гэж асуусан талаар мэдүүлсэн мэдүүлгээс харагддаг. Г.Уяатын хувьд хохирогчийн түрийвчийг авсан субьектив санаа зорилго нь гэнэт үүссэн шинжтэй байдаг. Өөрөөр хэлбэл лангууны үзүүр дээр гаргаад тавьсан түрийвчийг харангуутаа хулгайлах шунахайн сэдэлт төрсөн талаар мэдүүлсэн байдгаас гадна Г.Уяат тус гэмт хэргийг үйлдэхдээ ямар нэгэн машин механизм ашиглаагүй, гэдэг нь хэргийн материалаар тогтоогддог байтал таамаглалын шинжид тулгуурлан машин механизм ашигласан гэж дүгнэн эд хөрөнгийг хурааж улсын орлого болгосон нь үндэслэлгүй. Үүнийгээ ч шийтгэх тогтоолдоо тайлбарлаагүй. /Энэ талаар Улсын дээд шүүхийн 2006 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 1 дугаартай тогтоол тодорхой тайлбарласан/, Жич: Ү.Амартүвшингийн мэдүүлгийг улсын яллагч үнэлээгүй бөгөөд яллах дүгнэлтэндээ тусгаагүй.
5. Ял шийтгэл оногдуулсан талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 дугаар зүйлд “Ял эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруутай этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон байна” гэж заажээ. Гэмт хэрэг анх удаа үйлдсэн этгээд гэмт хэргийн хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан бол шүүх тухайн этгээдийн хувийн байдал, үйлдсэн хэргийнх нь шинж чанарыг харгалзана гэж заасан байтал гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөөгүй, гэм буруугийн хувьд маргаж байгаа гэдэг үндэслэлээр миний үйлчлүүлэгч нарыг өндрөөр яллаж, ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна.
Холбогдогч Г.Уяат, Ү.Амартүвшин, Д.Мөнгөнхуяг нарын хувьд анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Г.Уяат нь учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, өөрийн түрийвч авсан үйлдэлдээ чин санаанаасаа гэмшсэн, гэм хорыг бүрэн арилгасан, хувийн болон ар гэрийн байдал зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг анхаарч үзээгүй.
Тус хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогддоггүй, харин ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогддог болно. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсэгт “Шүүх ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар хохирлын хэмжээ хариуцлагын хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэсэн ял оногдуулах нийтлэг зарчмыг зөрчсөн, учруулсан хохирлын хувьд ч бага бус хэмжээний хохирол учруулсан зэрэг нь оногдуулсан ял шийтгэлтэй нийцэхгүй байна.
Иймд шүүгдэгч нар нь бүлэглэн хулгай хийсэн эсэх нь эргэлзээтэй хангалттай нотлогдохгүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар сэжигтэн яллагдагчид ашигтай байдлаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.
Дээрхи нөхцөл байдал болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар Г.Уяат нь Ү.Амартүвшин, Д.Мөнгөнхуяг нартай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдохгүй, харин ялтан Г.Уяат нь ганцаараа тус гэмт хэргийг үйлдсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 317 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Ү.Амартүвшин Г.Уяат, Д.Мөнгөнхуяг нарт ашигтай байдлаар хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.
Оролцсон прокуророос: Шүүгдэгч нарын үйлдсэн хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.
ХЯНАВАЛ:
Г.Уяат, Ү.Амартүвшин, Д.Мөнгөнхуяг нар нь бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 12-13 цагийн үед шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших “Баруун бүсийн худалдааны төв”-д байх иргэн Н.Нансалмаагийн эзэмшлийн 2126 дугаартай лангуур дээрээс Н.Нансалмаагийн улаан өнгийн хэтэвчийг хулгайлан хэтэвчин дотор байсан бэлэн 530.000 төгрөг, бусад эд зүйл зэрэг нийт 727.800 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
Хохирогч Н.Нансалмаа “...түрийвчээ гаргаж ирээд лангуун дээр тавьсан..., ...хажуу талд 2 залуу миний сууж байсан лангууны ширээний ойролцоо /түрийвчтэй мөнгө байсан ширээний ойролцоо/ зогсож байсан 2 залуу нь дотуураа цагаан өнгийн цамц өмссөн саарал ноосон малгай дараад өмссөн хар хөх өнгийн куртик өмссөн жинсэн өмд өмссөн залуу байсан харин нөгөө залуу нь ногоон өнгийн куртик өмссөн хар ноосон малгай өмссөн жинсэн өмд өмссөн 2 залуу байсан. 1 залуу нь цамц үзээд зогсож байсан..., …нөгөө 2 залуу ч гэсэн яваад өгсөний дараа лангуун дээр байсан түрийвчтэй мөнгө алга болсон байхаар нь баруун бүсийн худалдааны төвийн хяналтын камер дээр очиж үзээд цагдаа руу дуудлага өгсөн, би өөрийн алдсан улаан шар өнгийн загасан нүдэн түрүүвчийг 1 жилийн өмнө 180.000 төгрөгөөр худалдан авч байсан 180.000 төгрөгөөр үнэлж байна. Хаан, Хас, Төрийн банкнуудын виза картыг тус бүрийг 5.000 төгрөг нийт 3 ширхэг виза картыг 15.000 төгрөг, мөнгөний хулгана гэх хулганы зургийг 20.000 төгрөг, жолооны шинэ үнэмлэх 15.000 төгрөг, жолооны хуучин шар үнэмлэх 1000 төгрөг, иргэний цахим үнэмлэх 23.000 төгрөг, утасны unitel-ийн сим картны үүр 1 ширхэг 5000 төгрөг, иргэний бүртгэлийн шилжүүлэг хийсэн тэмдэглэл 2 ширхэг 1 ширхэгийг 500 төгрөг нийт 2 ширхэг 1000 төгрөгөөр тус тус үнэлж байна, мөн түрүүвчин дотор 530.000 төгрөг байсан...” /хх-ийн 1-р хавтас 62-66-р тал/,
Гэрч Б.Доржбат “...2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр манай эхнэр 860.000 төгрөгний 560.000 төгрөгийг гэртээ үлдээгээд 300.000 төгрөгийг манай эхнэр Н.Нансалмаа улаан шар өнгийн түрийвчин дотор хийгээд Баруун бүсийн худалдааны төв орж, лангуугаа нээсэн, тэгээд манай эхнэр Баруун бүсийн худалдааны төвөөс 250.000 төгрөг аваад ирье гээд явсан удалгүй 250.000 төгрөг авчирч Сайхнаа гэх хүнд өрөндөө 20.000 төгрөгийг өгчихөөд 230.000 төгрөгийг эхнэр Н.Нансалмаа түрүүвчин дотроо хийсэн эхнэр Н.Нансалмаа бид хоёр 2126, 2127 дугаартай лангуун дээрээ суудаг..., ...үл таних 3 залуу ирээд цамц үзий гэхэд эхнэр үзүүлж байх үед миний урд 2 залуу ирсэн зогсож байсан тэр 2 залуугийн 1 залуу нь ногоон өнгийн куртик өмссөн шар царайтай залуу байсан, харин нөгөө залуу нь саарал өнгийн ноосон малгайтай, эрүүний хэсэгтээ бага зэргийн сахалтай, бор царайтай намхан нуруутай биедээ таарсан махтай хар өнгийн куртик, цэнхэр өнгийн жинсэн өмд өмссөн залуу байсан 1 залуу нь болох сахалтай залуу нь цамц үзье гэж намайг анхаарал алдуулж арагшаа харж 2-3 цамц асууж байгаад цамцаа авахаа больсон гээд яваад өгсөн..., ...эхнэр Н.Нансалмаагийн улаан шар өнгийн түрийвч алга болсон байхаар нь Баруун бүсийн худалдааны төвийн хяналтын камерыг шалгаж үзээд цагдаад дуудлага өгсөн..., /хх-ийн 1-р хавтас 83-84-р тал/,
Д.Цэдэнбал “...1 залуу нь Н.Нансалмаагаас плате үзэж байсан харин нөгөө залуу нь Б.Доржбатаас хувцас үзээд зогсож байсан нэг мэдсэн алга болсон байсан..., ...Г.Уяат, Д.Мөнгөнхуяг, Ү.Амартүвшин нарын гэрэл зургийг харлаа тухайн үед Д.Мөнгөнхуяг гэх залуу Н.Нансалмаагаас плате үзээд зогсож байсан залуу мөн байна, харин Б.Доржбатын өмнө зогсож байсан гэх залуу нь Ү.Амартүвшин гэх залуу нь мөн байна, би Г.Уяат гэх залууг сайн мэдэхгүй байна...” /хх-ийн 2-р хавтас 26-27-р тал/ нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-р хавтас 4-7-р тал/, Г.Уяат, Ү.Амартүвшин нараас хохирогч Н.Нансалмаагийн улаан өнгийн хэтэвч, иргэний болон жолооны үнэмлэхнүүдийг хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-р хавтас 33-34, 41-42-р тал/, Баянхонгор аймгийн Баянхонгор сум, 9 дүгээр багт орших “Баруун бүсийн худалдааны төв”-ийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 13 цагийн үед Г.Уяат, Ү.Амартүвшин, Д.Мөнгөнхуяг нарын явж байсан үеийг бичсэн хяналтын камерын бичлэгийг хуулбарласан видео бичлэгтэй ANGTE гэх бичигтэй СД-нд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, уг бичлэгтэй СД-ийг Н.Нансалмаагаас хураан авах тогтоол, тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 1-р хавтас 35-40, 60-р тал/, хохирогчийн алдсан эд зүйлсийг үнэлсэн Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын эд зүйл үнэлсэн тухай 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 1-р хавтас 91-93-р тал/ зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заагдсан үндэслэл журмын дагуу авагдан анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогджээ.
Мөрдөн байцаалтын шатанд хэрэгт шалгавал зохих зүйлийг бүгдийг шалган хэргийг зөв зүйлчилсэн, Г.Уяат, Д.Мөнгөнхуяг, Ү.Амартүвшин нарын хохирогч Н.Нансалмаагийн хэтэвчийг хулгайлсан гэмт хэргийн үйл баримтын талаар анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан тогтоосон нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, ийнхүү хэргийн үйл баримтыг тогтоосон нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Харин дээр дурдагдсан болон шүүгдэгч нарын мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээс үзвэл тэдгээр нь Баянхонгор аймагт хулгайн гэмт хэрэг үйлдэх зорилготой ирсэн гэдэг нь тогтоогдохгүй байхад Ү.Амартүвшингийн бусдаас худалдан авахаар тохиролцсон Л.Батцэнгэлийн эзэмшлийн 72-84 УНУ улсын дугаартай приус-11 маркийн тээврийн хэрэгсэлийн үнэ болох 4.000.000 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар Г.Уяат, Ү.Амартүвшин, Д.Мөнгөнхуяг нараас гаргуулан шийдвэрлэсэн нь буруу байна.
Мөн шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэл тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар гэм буруугийн хэр хэмжээнд тохироогүй байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шүүгдэгч нарт эд хөрөнгө хураахгүйгээр баривчлах ял оногдуулж, энэ талаар шүүгдэгч Г.Уяат, Д.Мөнгөнхуяг, Ү.Амартүвшин, тэдний өмгөөлөгч П.Өлзийбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч, харин шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Өлзийбаярын шүүгдэгч Д.Мөнгөнхуяг, Ү.Амартүвшин нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгуулах талаар гаргасан хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад Г.Уяатын 61, Д.Мөнгөнхуягын 12, Ү.Амартүвшингийн 3 хоног тус тус цагдан хоригдсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохоор заасан атлаа 8 дахь заалтад шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай гэсэн нь буруу бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч нар нь дээр дурдагдсан хоногоор цагдан хоригдсон болох нь тогтоогдсон байх тул шийтгэх тогтоолын 8 дахь заалтын уг хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн болно.
Хавтаст хэргийн 2 дугаар хавтасны 82-83 дугаар талд авагдсан нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулсан баримт нь хэдийд үйлдэгдсэн талаар ямар нэгэн огноо байхгүй, шүүх хуралдааныг даргалсан шүүгч гарын үсэг зураагүй байгааг тэмдэглэв.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн
315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 48 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...машин механизм хэрэглэн...” гэснийг хасч,
2 дахь заалтад “...Г.Уяат, Ү.Амартүвшин, Д.Мөнгөнхуяг нарыг эд хөрөнгө хураахгүйгээр хоёр жил нэг сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй...” гэснийг “...эд хөрөнгө хураахгүйгээр Г.Уяатыг 6 сар, Ү.Амартүвшинг 4 сар, Д.Мөнгөнхуягийг 4 сар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй...” гэж,
3 дахь заалтыг бүхэлд нь “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар Г.Уяатад оногдуулсан 6 сар, Ү.Амартүвшинд оногдуулсан 4 сар, Д.Мөнгөнхуягт оногдуулсан 4 сар баривчлах ялуудыг тус бүр тодорхой дэглэм бүхий байранд ганцаарлан байлгаж эдлүүлсүгэй...” гэж тус тус өөрчилж,
5 дахь заалтыг бүхэлд нь, 8 дахь заалтын “..., цагдан хоригдсон хоноггүй..., ...тус тус...” гэснийг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш Улсын Дээд Шүүхэд 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ М.МӨНХДАВАА
ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН
Д.ЭРДЭНЭБИЛЭГ