Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 77

 

Б.С, А.Н нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Амарбаясгалан даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Н.Гэрэлмаа, шүүгдэгч А.Н-ийн өмгөөлөгч А.Буяндэлгэр, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1110 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 153 дугаар магадлалтай, Б.С, А.Н нарт холбогдох эрүүгийн 2008020960729 дугаартай хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.                             

1.Монгол Улсын иргэн, 1986 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, эрэгтэй, урьд 2021 оны 03 дугаар сарын 31-нд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар 4 жил хорих ял шийтгүүлж, 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн шүүгчийн захирамжаар хорих ангиас шилжүүлэн ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид цагдан хоригдож байгаа, Цорос овогт Б-гийн С нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

2.Монгол Улсын иргэн, 1991 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Тайж овогт А-ийн Н нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч А.Н-ийг дангаараа болон бусадтай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр, шүүгдэгч Б.С-ыг бусадтай бүлэглэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н-ийг 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг 01 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-ыг 08 сар хорих ялаар шийтгэж, уг ял дээр урьд 435 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жил хорих ялаас эдлээгүй үлдсэн 02 жил 08 сар 10 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 03 жил 04 сар 10 хоног хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүний цагдан хоригдсон 209 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 08 /найм/ сарын хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай. ...",

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-ын цагдан хоригдсон 284 /хоёр зуун наян дөрөв/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 5, 6 дахь заалтуудыг хүчингүй болгож, бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Д.Отгонбаяр хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ “... Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд 2023/ДШМ/153 дугаар магадлалаар “Хэргээс үзэхэд шүүгдэгч А.Н-т холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлтэд авагдсан хэргийн үйл баримтад дүгнэлт хийхэд хохирлын хэмжээ 53.645.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна. ...шүүгдэгч А.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй болохыг магадлалд дурдах нь зүйтэй байна. ...давж заалдах шатны шүүхэд хэргийг прокурорт болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээ олгогдоогүй тул шүүгдэгч А.Н-т холбогдох хэрэгт дүгнэлт хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй” гэж дүгнэжээ. Магадлалыг 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч танилцаад, анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Хяналтын прокурор нь шүүгдэгч А.Н-ийн ганцаараа болон бусадтай бүлэглэн үргэлжилсэн 6 удаагийн үйлдлээр нийт 53.645.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шүүхэд шилжүүлсэн зөрчлийг давж заалдах шатны шүүх илрүүлсэн боловч зөвтгөх арга хэмжээ авалгүй хөнгөн зүйл хэсгээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн” гэж үзэхээр байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад “их хэмжээний хохирол гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг”, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж тус тус хуульчлагдсан ба шүүгдэгч А.Н-ийн бусдад учруулсан хохирлын хэмжээ нь их хэмжээний буюу 53.645.000 төгрөг ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж ял оногдуулах нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцэх юм.

Хэдийгээр зүйлчлэлийг хүндрүүлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байгаа хэлбэр боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь ...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, ...хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг хангах ач холбогдолтой байна. Зүйлчлэлийг хүндрүүлснээр гэмт хэргийн улмаас хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг хангана гэж дүгнэж байна. Мөн хэргийг буруу зүйлчилж ирүүлснийг анхан болон давж заалдах шатны шүүх зөвтгөөгүй байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “хохирогч нь шүүгдэгчийг яллах, хариуцлагыг хүндрүүлэхтэй холбоотой санал хүсэлтийг шүүх хуралдааны аль ч үед гаргаж болно” гэсэн эрхийг хязгаарласан байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/1110 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ДШМ/153 дугаар магадлалыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Н.Гэрэлмаа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Прокуророос А.Н, Б.С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд зүйлчлэлийн дагуу хэргийг хянан шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн А.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн. Гэвч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр 39.9 дүгээр зүйлийн 1.3-д заасныг хүчингүй болгосон бөгөөд хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээ олгогдоогүй гэх нөхцөл байдлыг дурдаж шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар А.Н нь бусдад 53.645.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримтыг давж заалдах шатны шүүх зөв дүгнэсэн атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2-д заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг хэрэглээгүй нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгох дүгнэлтийг гаргаж байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч А.Нийн өмгөөлөгч А.Буяндэлгэр хэлсэн саналдааАнхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн А.Н-т холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү. 10.000.000 төгрөгийн тухайд А.Н-т огт хамааралгүй, уг мөнгө Б.С-ын дансаар орсон байдаг бөгөөд түүнийг энэ хэрэгт холбогдуулан шалгаж, ял шийтгэл оногдуулсан. А.Н-ийн хувьд нийт 43.500.000 төгрөгийн хохирол учруулсан, үүнийгээ нөхөн төлсөн. Хувийн байдлын хувьд бага насны гурван хүүхэдтэй, маш хүнд байдалтай байдаг” гэв.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Д.Отгонбаярын бичсэн эсэргүүцлийг үндэслэн Б.С, А.Н нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

2.Прокуророос шүүгдэгч А.Н-ийг үргэлжилсэн үйлдлээр бусадтай бүлэглэн 2019 оны 06 дугаар сард Э.Б-тай онлайнаар бараа зардаг чатаар танилцан “нөхөртөө хувцас захимаар байна, Америкаас бараа ирэнгүүт мөнгийг нь бэлнээр өгөөд авна” гэж хуурч 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ төрх” нэртэй гоо сайхны салонд Э.Б-аас Америкаас захиж авчруулсан пүүз, футболк, смарт цаг, цүнх зэрэг эд зүйлсийг ахаараа дамжуулан авч, Э.Б-д 3.145.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 03 дугаар сард Э.Б-ыг барааны мөнгө нэхэж утсаар ярихад нь “манай нөхөрт мөнгө зээлчих, бид хоёр банкны зээлээ хаагаад дахин зээл авч, чиний өмнөх мөнгөтэй хамт бүх мөнгийг чинь өгье” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хотхоны 1 дүгээр давхарт байрлах Солонгос ресторанд өөрийн нөхөр Б.С-ын хамт ирж, Э.Б-ы найз эмэгтэй О.Э-д Б.С нь өөрийгөө “компанийн захирал ажилтай, Голомт банкнаас авах зээл маань бүтэж байгаа, өмнөх зээлийн үлдэгдэл 10.000.000 төгрөгийг төлөх хэрэгтэй байна” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон О.Э-д итгэл үнэмшил төрүүлэн түүнээс 10.000.000 төгрөгийг Б.С нь өөрийн Голомт банкны 1415100880 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг Б.С-той бүлэглэн үйлдсэн,

2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр дахин Э.Б-тай утсаар холбогдон “өөр хүнээс хүүтэй мөнгө зээлсэн, тайван байлгахгүй байна, нэг хүндээ л өртэй байж байгаад бөөнд нь төлчихмөөр байна” гэж хуурч, итгэл үнэмшил төрүүлэн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Саппоро төвийн хойд талд Э.Б-аас А.Н нь Хаан банкны өөрийн 5675564882 дугаарын дансаар 4.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

мөн шүүгдэгч А.Н нь Д.Б-ийг “банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлээ хааж, дахин зээл авч өгнө” гэж хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Шангрилла худалдааны төвийн орчимд 22.000.000 төгрөгийг, дахин 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр зээлийн дансанд дахь мөнгөө төлөөд эргүүлээд аваад өгье” гэж итгүүлэн хуурч, 8.000.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт тус тус шилжүүлэн авч, Д.Б-д нийтдээ 36.000.000 төгрөгийн хохирол учруулан залилсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

шүүгдэгч Б.С-ыг хамтран амьдрагч А.Н-ийн танил Э.Б-аар дамжуулан түүний найз О.Э-той 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хотхоны 1 дүгээр давхарт байрлах Солонгос ресторанд уулзаж, өөрийгөө “компанийн захирал ажилтай, Голомт банкнаас авах зээл маань бүтэж байгаа, өмнөх зээлийн үлдэгдэл 10.000.000 төгрөгийг төлөх хэрэгтэй байна” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон О.Э-д итгэл үнэмшил төрүүлэн түүнээс 10.000.000 төгрөгийг Б.С нь өөрийн Голомт банкны 1415100880 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг А.Н-тэй бүлэглэн үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

3.Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.С-ыг хамтран амьдрагч А.Н-тэй бүлэглэн хохирогч О.Э-ыг хуурч мэхлэн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 10.000.000 төгрөг залилан авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сар хорих ял оногдуулж, уг ял дээр өмнөх 435 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жил хорих ялаас эдлээгүй үлдсэн 02 жил 08 сар 10 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 03 жил 04 сар 10 хоног хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэв.

 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.1-д “Их хэмжээний хохирол гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг”, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж заажээ.

Харин шүүгдэгч А.Н-ийн бусдад учруулсан нийт хохирлын хэмжээ 53.645.000 төгрөг байхад прокуророос түүнийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн алдааг анхан шатны шүүх зөвтгөхгүйгээр, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянаж шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байх бөгөөд энэ талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

5.Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг сэргээн тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянасны үндсэн дээр гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг гарсан байдал, учирсан хохирлын хэмжээ, шинж чанар, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүмүүсийн үйлдэл, оролцооны талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх үүрэгтэй болно.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч А.Н-ийн бусдад учруулсан нийт 53.645.000 төгрөгийн хохирол нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2-д заасан “бусдад их хэмжээний хохирол учруулах” гэсэн залилан гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан байна.

Гэтэл давж заалдах шатны шүүхээс “шүүгдэгч А.Н-т холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан журмаар явагдаагүй, прокуророос хэргийн үйл баримтыг зөв тогтоогоогүй, хохирлын хэмжээг буруу тогтоосонтой холбоотой хэргийг буруу зүйлчилсэн нөхцөл байдал тогтоогдож байна” гэж дүгнэсэн атлаа анхан шатны шүүхийн шийдвэрийн А.Н-т холбогдох хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасныг зөрчсөн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Прокурорын яллах дүгнэлт, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гэмт хэргийн улмаас учирсан нийт хохирлын хэмжээг дүгнэхгүй орхигдуулж, хэргийг буруу зүйлчилж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн алдаанд хамаарах бөгөөд мөн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.

6.Давж заалдах шатны шүүх Монгол Улсын Их хурлаас 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг хүчингүй болгосон буюу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах хууль зүйн боломжгүй гэсэн үндэслэлээр хуульд нийцээгүй шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн хувьд үүрэг болгосон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасныг хэрэгжүүлээгүй явдал нь агуулгын хувьд зөрчилтэй шийдвэр болжээ.

Хууль тогтоогч анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцаах эрх хэмжээг хүчингүй болгож, улмаар хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчлөх, эсхүл мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан, эсхүл нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн алдааг зөвтгөх зорилгоор анхан шатны шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулж, мөрдөн шалгах ажиллагааг нөхөн гүйцэтгэх зохицуулалтыг шинээр хуульчлах үзэл баримтлалын хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 6.2 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалт, 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг тус тус хүчингүй болгож, шүүхийн шатанд мөрдөн шалгах ажиллагаа явуулах журмыг мөн хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6, 7 дахь хэсэгт шинээр хуульчилсан явдал нь хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж гарсан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэл болохгүй.

7.Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянах эрх хэмжээтэй бөгөөд мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч заавал биелүүлэх үүрэгтэй болно.

Давж заалдах, эсхүл хяналтын шатны шүүхээс эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэхгүйгээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т заасан аль нэг үндэслэлээр доод шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон тохиолдолд анхан, эсхүл давж заалдах шатны шүүх нь хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу дахин явуулж, дээд шатны шүүхийн шийдвэрт дурдсан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн алдааг зөвтгөж, Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилго, нийтлэг зарчмуудад нийцсэн, хууль ёсны ба үндэслэл бүхий шийдвэр гаргах үүрэг хүлээнэ.

8.Иймд хяналтын шатны шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1110 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 153 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгуулах талаар прокурорын бичсэн эсэргүүцлээс шүүгдэгч А.Н-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай хэсгийг хангаж шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг тус тус удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1110 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 153 дугаар магадлалын шүүгдэгч А.Н-т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Б.С-д холбогдох хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2.Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Д.Отгонбаярын бичсэн эсэргүүцлээс Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1110 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 153 дугаар магадлалын шүүгдэгч Б.С-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож, эсэргүүцлийн бусад хэсгийг хангасугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                                 Б.АМАРБАЯСГАЛАН

ШҮҮГЧ                                                          С.БАТДЭЛГЭР                              

                Б.БАТЦЭРЭН

                М.ПҮРЭВСҮРЭН

                                                                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ