Улсын дээд шүүхийн Тогтоол

2025 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2025/0105

 

С.Д-ийн нэхэмжлэлтэй,

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:                           Ц.Цогт

Танхимын тэргүүн:                        Д.Мөнхтуяа

Шүүгчид:                                             Д.Батбаатар

                                                                М.Батсуурь

Илтгэгч шүүгч:                                 П.Соёл-Эрдэнэ

Нарийн бичгийн дарга:                 Б.Зэнээмэдрээ

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2025/0413 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 221/МА2025/0571 дүгээр магадлалтай,

Хэргийн оролцогчид: нэхэмжлэгч С.Д, түүний өмгөөлөгч М.П, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, Э.Б, Б.Д, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Э нарыг оролцуулан,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 487 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” эсэх гэсэн үндэслэлээр, хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/72 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн улсын ахлах бүртгэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх,

2.Хэргийн нөхцөл байдал: Улсын бүртгэлийн ерөнхий газрын дотоод хяналт шалгалтаар албан хаагчдын үйл ажиллагааг хянан шалгахад, С.Д-д холбогдох 9 зөрчил илэрсэн бөгөөд хариуцагчаас “албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн” гэж, нэхэмжлэгчид төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулсан байна.

3.Нэхэмжлэгчээс “... намайг албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ маш сайн хэрэгжүүлсэн гэж 2023, 2024 онд үнэлж байсан атлаа албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэж төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь зөрчилтэй, хууль бус шийдвэр болсон, үйл ажиллагааны явцад улсын бүртгэлийн байгууллагын нийт ажилтнуудын дунд байнга, тогтмол гарч байдаг техникийн шинжтэй алдааг үндэслэн төрийн албанаас халах сахилгын шийтгэл хүлээлгэсэн, ёс зүйн хариуцлага хүлээлгэх тухай тушаалаас өөр хүчинтэй шийдвэр байхгүй байхад албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэж үзсэн нь үндэслэлгүй” гэж,

4.Хариуцагчаас “ ... өмнө нь удаа дараа сахилгын арга хэмжээ авагдаж байсан, хугацаа нь дуусаагүй, холбогдох хууль тогтоомжийн дагуу бүртгэл хөтлөөгүй болох нь нотлогдсон, өөрөө хүлээн зөвшөөрсөн атал тогтмол гарч байдаг техникийн шинжтэй алдааг үндэслэн төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан гэсэн нь үндэслэлгүй, төрийн албанаас халах шийдвэр нь зөрчлийн шинж байдалтай тохирсон” гэж тус тус маргажээ.

5.Анхан шатны шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүнд:

5.1.Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч У.Б-д хяналтын ерөнхий байцаагчийн эрх олгоогүй нь улсын бүртгэгчид сахилгын шийтгэл оногдуулах бүрэн эрхийг хязгаарлахгүй бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн хувьд хүчин өмнөх даргын баталсан удирдамжийн дагуу хийгдсэн хяналт шалгалтын дүнтэй танилцсаныг буруутгах үндэслэлгүй байна.

5.2.Нэхэмжлэгчийн гаргасан зөрчлүүд нь бүртгэл тус бүрийн мэдээлэлд тусгах зүйлүүд байх бөгөөд хуульд заасан иргэний 15 төрлийн улсын бүртгэл тус бүрийн мэдээлэл нь дээрх бүртгэлд хамаарах тул нэхэмжлэгчийн иргэний улсын бүртгэл болон түүний төрөлд хамаарахгүй гэх тайлбар үндэслэлгүй, зөрчлийг илрүүлснээс хойш 6 сарын дотор сахилгын шийтгэл оногдуулсан нь хуульд заасан хугацааг зөрчөөгүй байна.

5.3.Хэдийгээр нэхэмжлэгчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг хангалтай гэж үнэлж байсан боловч хяналт, шалгалтын явцад илэрсэн зөрчилд үндэслэн төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулсан нь захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд сонгох боломжийг хэрэглэнэ гэж заасантай нийцсэн.

6.Давж заалдах шатны шүүх дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Үүнд:

6.1.Нэхэмжлэгчийн ажиллаж байсан Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс уг шаардлагын дагуу 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх илтгэх хуудсыг үйлдэн хүргүүлснээс үзэхэд нэхэмжлэгч С.Д нь гаргасан зөрчлөө тухайн үед арилгасан болох нь тогтоогдож байна.

6.2.Тухайн үед Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга нь тухайн хяналт шалгалтын илтгэх хуудас, албан шаардлагын дагуу улсын бүртгэгч нарт хариуцлага тооцохтой холбоотой ямар нэгэн шийдвэр гаргаагүй, мөн Төрийн албаны тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2-т зааснаар нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой гүйцэтгэлийн төлөвлөгөөг 2024 оны жилийн эцсийн байдлаар үнэлж дүгнэсэн үед ч тухайн асуудлаар хариуцлага тооцоогүй, 88,8 оноогоор үнэлэгдсэн.

6.3.Үүнээс хойш нэхэмжлэгч нь ямар нэгэн алдаа зөрчил гаргалгүй ажиллаж байхад нь илтгэх хуудас гарснаас хойш 4 сарын дараа 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр маргаан бүхий захиргааны актыг гаргаж, 2 хүний иргэний бүртгэлийн мэдээллийг цахим мэдээллийн санд алдаатай бүртгэсэн зөрчилд буруутган халах сахилгын шийтгэл ногдуулсан нь Монгол Улсын Сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 6.1-д заасанд нийцээгүй гэж үзэхээр байна.

6.4.Дээрх журмын дагуу нэхэмжлэгч нь 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн удирдамжийн дагуу хийгдсэн шалгалтаар илрүүлсэн ... 2024 оны 01, 02 дугаар сард иргэний бүртгэлийн цахим мэдээллийг алдаатай оруулж чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн зөрчил гаргасныг төрийн албанд ажиллуулах боломжгүй зөрчил гэж үзсэн бол 4 сарын хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах ч боломжгүй атал үргэлжлүүлэн ажиллуулж, цалин хөлсийг хэвийн олгосоор байжээ.

6.5.Маргаан бүхий захиргааны актыг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэл хамгаалах зарчмыг зөрчсөн, мөн тодорхой хугацаанд хэвийн ажиллуулж байсан атлаа төрийн албанаас халах сахилгын шийтгэл (цалин хөлсгүй болгож) ногдуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар зөрчлийн шинж байдалд тохироогүй.

7.Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

7.1.Нэхэмжлэгч өмнө нь удаа дараагийн сахилга, ёс зүйн зөрчлүүд гаргаж байсан болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу хийсэн хяналт шалгалтаар тогтоосон зөрчлүүдийг нэгтгэн дүгнэж түүний зөрчил гаргасан нөхцөл байдал, үр дагавар, гэм буруугийн санаатай болон болгоомжгүй хэлбэр, албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүргийг харгалзан Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2-т заасны дагуу захиргааны байгууллага сонгох боломжоо хэрэглэсэн эсэх дээр мөн ажиллуулах боломжгүй гэж үзсэн.

7.2.Нэхэмжлэгч хяналт шалгалтын акт, илтгэх хуудастай маргаагүй бөгөөд зөрчлөө арилгасан гэж тайлбарладаг. Тэгэхээр нэхэмжлэгч нь зөрчил гаргасан эсэх асуудлаар маргаагүй. Мөн зөрчлийн үр дагаврыг арилгах, зөрчил гаргах гэдэг бол хоёр тусдаа ойлголт. Төрийн албан хаагч зөрчил гаргасан бол түүнийхээ үр дагаврыг арилгах нь зөв. Улсын бүртгэлийн үнэн зөв байх үндсэн зарчимтай учраас зарчимд нийцүүлэх нь үндсэн асуудал. Тэгэхээр зөрчлийг арилгасан гэдэг нь зөрчлийг үгүйсгэх үндэслэл болохгүй.

7.3.Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д заасан хугацаанд сахилгын шийтгэл ногдуулсан байхад илтгэх хуудас гаргаснаас хойш 4 сарын дараа акт гаргасан гэсэн нь үндэслэлгүй.

7.4.Гүйцэтгэлийн үнэлгээний хувьд гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг үнэлсэн. Гэвч тухайн асуудалтай огт холбоогүй байх бөгөөд шүүхээс 88.8 оноогоор үнэлэгдэн хангалттай ажиллаж байсан нь “удаа дараа албан үүргээ хангалтгүй” биелүүлсэн гэх нөхцөлийг үгүйсгэнэ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Төлөвлөгөөний биелэлтэд авсан оноо нь хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд хариуцлага тооцоход огт хамааралгүй.

7.5.Мөн хууль ёсны итгэл хамгаалах зарчим нь иргэн, захиргааны байгууллага хоёрын хооронд үүсэхээр хуульчлагдсан. Гэтэл хууль ёсны итгэл хамгаалах зарчмын “эд мөнгөөр илэрхийлэгдэх” гэдэг утгыг тайлбарлахдаа “цалин олгож байсан атлаа” гэж дүгнэсэн. Ажиллаж байсан хугацааных нь цалин буюу илтгэх хуудас гарснаас хойш сахилгын шийтгэл ногдуулах хүртэлх 4 сарын хугацаанд ажилласан байсан цалинг олгосон. Гэвч цалин авч байсан учраас хууль ёсны итгэл нь хамгаалагдана гэсэн утга байхгүй. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасныг төрийн албаны харилцаанд хэрэглэсэн нь үндэслэлгүй.

ХЯНАВАЛ:

8.Давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

9.Энэхүү хэргийн хувьд хяналтын шатны шүүхээс хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай асуудал нь: нэхэмжлэгч албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн эсэх, нэхэмжлэгчийн гаргасан зөрчилд хариуцлага тохирсон эсэх байна.

10.Тогтоогдсон үйл баримтын тухайд: С.Д нь Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын ахлах бүртгэгчээр ажиллаж байсан бөгөөд урьд нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/306 дугаар тушаалаар “сануулах”, 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/598 дугаар тушаалаар “цалингийн хэмжээг 20 хувиар бууруулах”, 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/542 дугаар тушаалаар “байгууллагын албан хаагчдын өмнө нээлттэй сануулах ёс зүйн хариуцлага” тус тус хүлээж байсан, улмаар 2024 оны бүртгэлийн үйл ажиллагааг хянан шалгахад 9 зөрчил илэрсэн, үүнээс 7 зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, 2 зөрчил нь “2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Б.У-гийн төрсөн аймаг сумыг “Дундговь, Мандалговь” гэж бүртгэх байтал “Улаанбаатар, Баянгол” гэж цаасан нотлох баримтаас зөрүүтэй байдлаар цахим бүртгэлд бүртгэсэн, 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Н.Б-нийг “ихэр биш байхад ихэр” гэж алдаатай бүртгэсэн байна.

11.Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т “хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна” гэж заасныг маргааны үйл баримтад холбогдуулан тайлбарлахад, нэхэмжлэгч С.Д нь албан үүргээ хэрэгжүүлэхдээ удаа дараа зөрчил гаргасан, урьд гаргасан зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад дахин зөрчил гаргасан байх тул ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан нь зөрчлийн шинж байдалд тохирсон байна.

12.Тодруулбал, хариуцагч байгууллага нь төрийн албан хаагчийн гаргасан зөрчлийн шинж байдал болон урьд нь зөрчил гаргасан эсэхийг харгалзан үзэж, тохирох хариуцлага оногдуулах бүрэн эрхтэй, энэ тохиолдолд хариуцагч нэхэмжлэгчийн удаа дараа зөрчил гаргаж, сахилгын арга хэмжээ авагдсан нөхцөл байдлыг үнэлж дүгнэж, ажлаас халах шийтгэлийн хэлбэрийг сонгосон нь хариуцагчийн эрх хэмжээний хүрээнд байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй.

13.Давж заалдах шатны шүүхийн “ ... илтгэх хуудас гарснаас хойш 4 сарын дараа 2 хүний иргэний бүртгэлийн мэдээллийг цахим мэдээллийн санд алдаатай бүртгэсэн зөрчилд буруутган халах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй, зөрчлийн шинж байдалд тохироогүй” гэх дүгнэлтээр хариуцагчийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй, учир нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасан, тухайн тохиолдолд 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 46 дугаар шаардлага, 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн илтгэх хуудас зэрэг зөрчил илрүүлсэн цаг хугацаанаас тооцоход хариуцлага хүлээлгэх 6 сарын хугацаа дуусаагүй байна.

14.Нөгөө талаар захиргааны байгууллага “хяналт шалгалтын газрын даргаар ажиллаж байсан Б.Г 2024 оны 9 сараас 11 сар хүртэл ажилдаа ирээгүй” гэж тайлбарлаж, цагийн бүртгэлийг нотлох баримтаар гаргасан, уг баримтаас үзэхэд хариуцагчийг өөрийн дураар, хүссэн үедээ хариуцлага тооцсон гэж буруутгах боломжгүй байна.

15.Нэхэмжлэгчийн “намайг албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ маш сайн хэрэгжүүлсэн гэж 2023, 2024 онд үнэлж байсан атлаа албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэж үзэж төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь зөрчилтэй” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй, төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, ажлын гүйцэтгэлийг үнэлж дүгнэх ажиллагаа нь Төрийн албаны тухай хуулийн 52 дугаар зүйлд зааснаар тусдаа зохицуулалттай, тогтоосон хугацаанд өөр үндэслэлээр үнэлж дүгнэдэг, сахилгын зөрчлийн асуудал зохицуулалттай болно.

16.Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д “Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш 1 жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно” гэж заасан, хэдийгээр нэхэмжлэгчийн 2024 онд гаргасан 2 зөрчлийн шинж байдал, бусдад үзүүлэх үр дагавар бага байх боловч урьд гаргасан зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул нэхэмжлэгчийн “өдөрт 1000 бүртгэл хийгддэг, 2024 онд гаргасан 2 зөрчлөөр ажлаас халах хариуцлага хүлээлгэсэн нь хүндэдсэн” гэх тайлбарыг үндэслэн хангах боломжгүй, тухайн үед нэхэмжлэгч уг тушаалыг зөвшөөрч маргаагүй, 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/542 дугаар тушаал хүчин төгөлдөр болсон тул нэхэмжлэгчийн чиг үүрэгт хамааралгүй асуудлаар хариуцлага хүлээлгэсэн гэж үзэхгүй.

17.Тухайлбал, иргэн Б.А-оос “манай хаяг дээр огт танихгүй 3 хүний бүртгэл үүссэн байна, миний өмнөөс өргөдөл бичээд гарын үсэг зураад, хүн нэмж бүртгэсэн” гэх агуулгаар гомдол гаргасан, хяналт шалгалтын явцад С.Д нь гомдол гаргагч Б.А-той утсаар ярьсан болох нь түүний “... хэлтсийн дарга улсын бүртгэгчийг дагуулж очоод уучлалт гуйчих гэсний дагуу тухайн иргэнтэй холбогдсон” гэх тайлбар, Б.А-ын “... 99****** дугаараас (С.Д-ийн дугаар) байнга залгаад байгаа нь надад төвөгтэй байна, өөрийгөө Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн ахлах бүртгэгч С.Д байна гээд ярьсан, хяналтын байцаагчтай би хамт очиж уулзах ёстой юм байгаа гэж хэлсэн” гэх тайлбараар тус тус тогтоогдож байх бөгөөд энэ зөрчлийн шинж байдал ноцтой буюу иргэний хаягийн бүртгэлийг илтэд буруу бүртгэсэн, тухайн хаягт оршин суудаггүй хүнийг холбогдох журмыг зөрчин нэмж бүртгэсэн байхад зөрчил гаргасан албан тушаалтантай бус гомдол гаргасан этгээдтэй харилцахаар оролдож байгаа нь төрийн албан хаагчийн нийтлэг чиг үүрэг, ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн зөрчил мөн бөгөөд уг зөрчилд 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/542 дугаар тушаалаар “байгууллагын албан хаагчдын өмнө нээлттэй сануулах ёс зүйн хариуцлага” хүлээсэн, энэ зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул хариуцлага зөрчлийн шинж байдалд тохирсон гэж үзэв.

18.Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Төрийн албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ” гэж, 37.1.2-т “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх” гэж, 37.1.6-д “харьяа дээд шатны албан тушаалтны зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх” гэж заасан, нэхэмжлэгч нь төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлээгүй тул тусгайлсан хуулийн дагуу хариуцлага хүлээсэн, харин захиргааны байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалтаас шалтгаалан, 4 сарын дараа хариуцлага хүлээлгэсэн байдал нь хууль ёсны итгэлийг үүсгэхгүй, хуулийн хугацаанд 6 сарын дотор багтаж хариуцлага хүлээлгэсэн, зөрчил гаргасан бол түүнд тохирсон хариуцлага хүлээх тул давж заалдах шатны шүүхийн “... хууль ёсны итгэл хамгаалах зарчмыг зөрчсөн, 4 сарын хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулж, цалин хөлсийг хэвийн олгосоор байжээ” гэх дүгнэлт буруу, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-т заасан итгэл хамгаалах зарчмыг энэ маргаанд хэрэглэхгүй.

19.Түүнчлэн энэхүү хэргийг хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” эсэх гэсэн үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны  2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 416 тогтоолоор Ц.О-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг хяналтын гомдол хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн, уг хэргийн үйл баримтууд өөр буюу Ц.О-ийн тухайд 2015, 2021 онд сахилгын шийтгэл хүлээж байсан, уг шийтгэлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул энэхүү хэргийн үйл баримтаас өөр, Улсын дээд шүүхийн тогтоолоос өөрөөр тайлбарласан гэх үндэслэл тогтоогдсонгүй. 

20.Иймд дээрх үндэслэлээр шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгаж, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 221/МА2025/0571 дүгээр магадлалыг хүчингүй болгож, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2025/0413 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ц.ЦОГТ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД                                                             Д.БАТБААТАР

  М.БАТСУУРЬ

  П.СОЁЛ-ЭРДЭНЭ