Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 18

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын иргэн Ц.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдох

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Б/01 дугаарын тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгон, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулан, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, Ц.Эрдэнэчимэгийг 60 нас хүртэлх хугацаанд төрийн албанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргаж, түүнтэй 2017 оны төсвийн шууд захирагчийн үр дүнгийн гэрээ байгуулахыг Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад даалгах, 2017 оны 3, 4 дүгээр сарын зэрэг дэвийн нэмэгдлийн зөрүү 28356 төгрөг болон мөн оны 5, 6 дугаар сарын зэрэг дэвийн нэмэгдэл 366982 төгрөг, 1 сарын цалинтай тэнцэх урамшуулал буюу 733863 төгрөг, бусад зардал буюу замын зардал 268800 төгрөг, бичиг хэрэг, нотариатын зардал 20000 , бүгд 288800 төгрөгийг тус тус гаргуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Эрдэнэчимэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Тулга, хариуцагч Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Пүрэвсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  Ц.Эрдэнэчимэг шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анх шүүхэд гаргасан Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн /дугааргүй/ тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгон, ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулан, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх, Ц.Эрдэнэчимэгийг төрийн алба хаах насны дээд хязгаарт хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргаж түүнтэй 2017 оны төсвийн шууд захирагчийн үр дүнгийн гэрээ байгуулахыг Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад тус тус даалгах"-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага дээрээ дахин нэмж ... ахлах түшмэлийн тэргүүн цол олгож зэрэг дэвийн нэмэгдлийг 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн олгох ...Мөн ажилгүй байсан хугацааны цалин буюу 2017 оны 5, 6 дугаар сарын цалин дээр зэрэг дэвийн нэмэгдэл ... 366982 төгрөг, ...аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоолд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, нарийн бичгийн дарга нарыг нэг сарын үндсэн цалингаар урамшуулах нь зүйтэй гэсэн ... учраас нэг сарын үндсэн цалин 733863 төгрөгийг, ...Хүний эрхийн комисст хандсан зардал, болон шүүхэд ирсэн, очсон унааны зардал 266800 төгрөг, Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан улсын тэмдэгтийн хураамж, нотариат бичиг хэргийн зардал гээд 20000 төгрөгийг нэмээд нийт 288800 төгрөгийг нэмж нэхэмжилж байгаа юм. Үүнийг шүүх харгалзан үзээд нотлох баримтаар нотлогдож байвал гаргуулах хүсэлтэй байна... Ч.Пүрэвсүрэн дарга намайг төсөв байхгүй гээд хөрөнгө мөнгөөр зохион байгуулагдах ажилд оролцдоггүй, ёс зүйгүй гэж хэлсэн байсан. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бол төсвийн ерөнхийлөн захирагч, би бол төсвийн шууд захирагч байгаа. Бид батлагдсан төсвийн дагуу ирсэн мөнгөнийхөө хэмжээнд захиран зарцуулах эрхтэй. Би батлагдаагүй төсөв мөнгө зарцуулвал Төсвийн тухай хуулиар ажилдаа эргэж орох эрхгүйгээр халагдах учир төсөв байхгүй гэж хэлдэг. Би Төсвийн тухай хуульд зааснаар ажилдаа эргэж орох эрхгүйгээр халагдмааргүй байна. Манай байгууллага шагнал урамшууллын төсөв байхгүй. Жилдээ 50000000 төгрөгийн төсөв батлагдаж 46000000 төгрөгийг нь цалин урамшуулалд харин үлдсэн 4000000 төгрөг нь бусад зардалдаа таардаг юм. Ч.Пүрэвсүрэн дарга намайг тав дахь өдөр болгон ажлаа хийхгүй хөдөө гэр лүүгээ явдаг гэж хэлсэн байсан. Би ажлын цагаар хөдөө явдаггүй, харин ажил тарсны дараа 18 цагаас хойш хөдөө явдаг. Хүн амралтын өдрүүдээр чөлөөт цагаа хаана өнгөрөөх нь хүний эрх гэж бодож байна. Би олон оюутантай болохоор хувиасаа мөнгө өгөх боломж надад байхгүй шүү дээ... Би 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр намайг ажлаас халсан тогтоолыг үндэслэлгүй гэж үзэж байна. Тогтоол бол хамтын шийдвэр байдаг. 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг намайг гаргаж өгөөгүй гээд байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дах хэсэгт зааснаар хүн өөрийнхөө эсрэг өөрөө мэдүүлэг өгч болохгүй гэсэн заалт байдаг. Намайг энд буруутгах үндэслэлгүй гэж бодож байна. Ч.Пүрэвсүрэн дарга намайг тогтоолоо гаргаж өгөхгүй 4 дүгээр сард гаргасан гэж хэллээ. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэгдсэн шийдвэр 3 хоногийн дотор гарах ёстой байдаг. 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаар хийсэн хуралдааны тэмдэглэл 4 дүгээр сард гарсан нь буруу. Иймд энэ шийдвэрийг хууль бусад тооцуулж ажилдаа эгүүлэн тогтоолгож, бусад зардлаа төлүүлмээр байна. Мөн Төрийн албанд ажиллах насны дээд хязгаар 60 нас хүртэл ажиллах хүсэлтийг гаргаж байна. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга миний цаашид ажиллах хүсэлтийг хүлээж авч Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт зааснаар миний эрүүл мэндийн байдал, ажлын ур чадвар зэргийг харгалзаж цаашид үргэлжлүүлэн ажиллуулах уу? үгүй юу гэдэг шийдвэрийг гаргах ёстой. Би аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас жил болгон шалгагддаг хяналт шалгалтын үр дүнгийн гэрээний биелэлтийг шүүхэд нотлох баримтаар өгсөн. Ч.Пүрэвсүрэн дарга намайг туршлага ур чадваргүй, хангалтгүй ажилласан гэж хэлж байх шиг байна. Миний эрүүл мэнд одоогоор зүгээр, маргааш өвчин тусахыг мэдэхгүй. Хэрвээ өвчин тусвал би ажлаа заавал 60 нас хүртэл хийнэ гээд суугаад байхгүй. Гэхдээ би 60 нас хүртлээ ажиллаж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа. ...2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Ч.Пүрэвсүрэн дарга намайг тогтоол гарга гэж хэлсэн. Би өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах эрхгүй учраас тогтоолыг нь гаргаж өгөөгүй. ...Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь 2017 оны 4 дүгээр сарын 19-нд гаргасан тогтоолыг ганцаараа гаргасан. ...Миний үр дүнгийн гэрээг аймгаас ажлын хэсэг очиж үзээд аймгийн иргэдийн Төлөөлөгчдий Хурал дүгнэдэг. Намайг ажилдаа төлөвшөөгүй гэж л байна. Би Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг мөрдөж ажилладаг... Харин Төрийн албаны дээд хязгаар 60 нас хүртэл ажиллахыг даалгах, үр дүнгийн гэрээ байгуулах гэсэн нэхэмжлэлийн шаардагаасаа татгалзаж байна... Би 55 нас хүрснээсээ хойш Төрийн албаны насны дээд хязгаар хүртэл ажиллая гэсэн хүсэлтээ бичгээр гаргаж өгөөгүй. Харин амаар хэлж байсан. Би оны зааг дээр 55 нас хүрсэн. Тухайн үед дарга сонгуулийн ажилтай байсан тул энэ тухай ярих боломж байгаагүй. Би үр дүнгийн гэрээгээ он дуустал байгуулсан байсан. Харин 2017 он гараад дарга надтай үр дүнгийн гэрээ байгуулаагүй“ гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Тулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч Ц.Эрдэнэчимэг нь улсад 18 жил ажилласан. Үүнээс Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар 12 жил 2 сар ажилласан байдаг. Ц.Эрдэнэчимэг нь улсад ажиллаж байх хугацаандаа төр засгийн одон медаль, шагналуудаар шагнагдаж байсан. ...Улсад ажиллаж байх хугацаандаа Тандалт шинжилгээ үнэлгээнээс нилээн өндөр үнэлгээнүүд авч байсан. Тухайлбал 2014 онд 100 оноо, 2015 онд 100 оноогоор тус тус дүгнэгдэж байсан. Мөн тус сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын дарга Ч.Пүрэвсүрэн, Насанцогт нар 2016 онд 94,5 оноогоор нэхэмжлэгчийн үр дүнг дүгнэж байсан байна. Ингээд энэ байдлаас харахад нэхэмжлэгч Ц.Эрдэнэчимэг нь улсын ажлыг нэр төртэй гүйцэтгэж байсан нь харагддаг. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын арга хэмжээ авч аваагүй. Иймд нэхэмжлэгч ажлаас халсан шийдвэрээ хууль бус гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан шийдвэрийг уншиж судлаад эрх зүйн дүгнэлт гаргахад нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тогтоол нь Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 заалтыг үндэслэсэн байдаг. Энэ заалт нь өндөр насны тэтгэврийн насанд хүрсэн тэтгэвэрт гарна гэсэн заалт ... Нөгөө үндэслэсэн заалт нь Өвөрхангай аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн  2016 оны 03 сарын 21-ний өдрийн 35 дугаартай албан бичиг болон 2016 оны 12 сарын 23-ны өдрийн 80 дугаартай албан бичгийг ... иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн шийдвэрийг үндэслэсэн байдаг. Энэ үндэслэсэн зүйлүүдийг харахаар Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 заалтад өндөр насны тэтгэвэрт гарах болзол хангасан бол тэтгэвэрт гарна гэдэг боловч хүсэлтээ өөрөө амаар буюу бичгээр заавал гаргах ёстой байдаг. Нэхэмжлэгч нь өөрөө хүсэлтээ бичгээр гаргаагүй байхад нь ажлаас халсан нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Аливаа төрийн байгууллагын гаргаж байгаа шийдвэр  Монгол Улсын  хуулийн хүрээнд тэр дундаа хүний эрхийг хангах ёстой байдаг. Гэтэл энэ албан бичиг аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн хоёр удаагийн нэг ижил үг, өгүүлбэртэй ийм албан бичгийг үндэслэсэн байгаа нь хууль бус юм. ...албан бичиг нь хууль болон түүнийг хэрэгжүүлэх үүднээс батлан гаргасан эх зүйн акт биш юм. Тийм учраас энэ албан бичгийг үндэслэсэн нь хууль зөрчсөн шийдвэр болсон. Нэхэмжлэгч Ц.Эрдэнэчимэг нь ажлаас халагдсаныхаа дараа Хүний эрхийн үндэсний комисст хандсан байсан. Хүний эрхийн үндэсний комисс иргэний гомдлыг хүлээж авч шалгаад Төрийн албаны төв зөвлөлд Цогтоо гэдэг хүний нэр дээр 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн  2/252 дугаартай албан бичиг ирүүлсэн байдаг. Энэ албан бичигт хүний эрхийг туйлын ихээр зөрчсөн байна. Төрийн албаны тухай хууль болон бусад хуулиудыг зөрчсөн байна гэдэг. Нийгмийн даатгалаас өгөх тэтгэвэр тэтгэмжийн хуулинд 20-иос доошгүй жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн 60 насанд хүрсэн бол мөн 20-иос доошгүй жил тэтгэмж төлсөн 55 нас хүрсэн эмэгтэй өөрөө хүсвэл ажлаас чөлөөлөгдөнө гэж заасан байгааг зөрчсөн байна гэдэг. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар хүн бүр хөдөлмөрлөх, хөдөлмөрийн ая тухтай нөхцлөөр хангуулах эрхийг ноцтой зөрчсөн. Мөн  Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 ... 14 дүгээр зүйлийн 14.2 дахь ...заалтыг тус тус зөрчжээ. Нэхэмжлэгч Ц.Эрдэнэчимэгийн асуудлыг хянан шалгаад өгсөн хариу нь нэгт хууль зөрчсөн, хүний эрхэнд  ноцтой халдсан байна гээд Төрийн албаны салбар зөвлөл нь Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Эрдэнэчимэгийг ажлаас чөлөөлсөн тогтоолыг хүчингүй болгож энэ тухайгаа Хүний эрхийн үндэсний комисс болон Төрийн албаны салбар зөвлөлд  ирүүлнэ үү гэсэн албан бичгийг өгсөн байдаг. Мөн хүний эрхийн үндэсний комиссоос аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ишдоржид 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 02/15 дугаартай зөвлөмжийг өгсөн байдаг. ...Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Пүрэвсүрэн нь Ц.Эрдэнэчимэгийг ажлаас чинь хална, чамайг ажилгүй болгох амархан, чи өөрөө зайл, нас чинь болсон байна, чи тэтгэвэртээ суу гэж олны өмнө ийм шаардлага тавьсан байдаг. Аливаа төрийн байгууллага бол хүний эрхийг хангаж ажиллах ёстой. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга ажилтнуудынхаа эрх ашгийг хөндөж болохгүй. Хуулиас давуу эрхтэй албан бичиг, байгууллага гэж байхгүй. 2016 оныг Өвөрхангай аймаг Залуучуудыг дэмжих жил болгосонтой холбогдуулан ажлаар залуучуудыг дэмжинэ чи ажлаасаа гар  гэсэн зохимжгүй зүйл хаа сайгүй гараад байсан. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгон, ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулан, нийгмийн даатгалын /нийгмийн даатгал дотроо эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх нь хамт орж байгаа/ шимтгэлийг төлүүлэх ... мөн шүүх хуралдаанд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагыг тус тус даалгаж өгнө үү. ...Энэ хүмүүсийн маргаанаас харахад Төрийн алба хашиж байгаа хүмүүсийн эрхзүйн  мэдлэг дутуу байгаа нь харагдаж байна. Төрийн албаны салбар зөвлөл нь өөрөө албан бичгээр мэдэгдэл өгөхдөө хуулиа зөрчөөд байдаг. Энд Төрийн алба улс төржсөн, намчирхсан зүйлүүд харагдаад байгаа. Монгол Улсын Үндсэн хуулиа зөрчдөг. Тэгэхээр Төрийн албан хашиж байгаа хүн хуулийн дагуу шаардлага тавьж, хуулийн хүрээнд ажиллах ёстой. Иймд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгон, ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулан, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх шаардлагаа дэмжиж бусад шаардлагыг шүүх өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд шийдэж өгөхийг шүүхээс хүсч байна” гэв.

Хариуцагч Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Пүрэвсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч өөрөө манай сумын төсөв ямар байгааг сайн мэдэж байгаа. Та ганцхан өөрийнхөө эрх ашгийг бодож өөртөө урамшуулал авах гээд л зүтгээд байдаг. ... Би нэхэмжлэгч Ц.Эрдэнэчимэгийг 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ажлаас халж болох байсан. Энэ хүн өөрийгөө олон жил ажилласан мэдлэг чадвартай гэж байнга хэлдэг боловч шинэ орсон даргадаа бол тэр ур чадвараа гаргаж ажилладаггүй, надтай өөрөөр харьцдаг хүн байгаа. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, нарийн бичгийн дарга, жолооч гэсэн орон тоотойгоор ажилладаг. Нягтлан бодогч гэрээгээр ажилладаг. Нэхэмжлэгч Ц.Эрдэнэчимэгийг ажлаас халах шийдвэр гаргахдаа хамтын шийдвэрээр энэ тогтоолыг гаргасан. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга энэ тогтоолынхоо дугаарыг авах, хүчин төгөлдөр болох асуудлыг хийх ёстой. Гэтэл үүнийг хийгээгүй хэд хэдэн янз болж байж сүүлд 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр би аргаа бараад өөрөө тогтоолоо гаргасан. Тэгээд нэхэмжлэгч Ц.Эрдэнэчимэгт өөрт нь өгөхөд албажуулж өгөхгүй, төрийн ажил хоцрогдоход хүрсэн. Ц.Эрдэнэчимэг нь ажлаа хийж байгаа мөртлөө надад хурлын материал, зохих ёсны үүрэг даалгаварыг тухай бүрт нь өгдөггүй байсан. Би энэ хүнийг ...захиргааны арга хэмжээ авч шууд халах үндэслэлүүд надад зөндөө байсан. Би тухайн үедээ тэгээгүй. Нэхэмжлэгчийн зохих ёсны амьдралыг нь харж үзсэн. ... Би төрийн ажлыг тогтвортой жигд явуулах үүднээс Ц.Эрдэнэчимэгт шаардлага тавьдаг байсан. Надтай хамтарч ажиллаж чаддаггүй, надад өөрийн ажил мэргэжил чадвараа гаргаж ажиллаагүй. Би Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын шийдвэрийг хамтын шийдвэр учраас хүчинтэй гэж үзэж байна. Нэг жишээ хэлэхэд Хужирт суманд болсон бүсчилсэн 5-6 сумыг хамарсан том сургалт болсон. Энэ сургалтын талаар 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр аймгаас манай суманд албан бичиг явуулсан байсан. Би энэ албан бичгийг Ц.Эрдэнэчимэгээс олон удаа шаардахад надад өгнө гэж хэлээд өгөөгүй. Бид нар урлаг, уран сайхан, танилцах үдэшлэг, нээлт гээд бүх зүйлд хоцорч очоод нилээд хүнд байдалд орсон. Сургалт хийж байгаа ажлын алба нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, нарийн бичгийн дарга гээд бүгд ирсэн байсан. Намайг та чинь хаашаа янзын хүн бэ? Программын дагуу нээлт үдэшлэг урлаг, уран сайхан гээд зөндөө асуудлууд байхад гэж хэлсэн. Тэгэхээр нь би манай нарийн бичгийн дарга надад албан бичгээ өгнө гэж хэлээд өгөөгүй гэдгээ хэлсэн. Энэ бол нэхэмжлэгчийн ажилдаа яаж хандаж байгаа хамгийн тод жишээ юм. Сумын өөрөө удирдах байгууллага, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гэдэг бол сум орон нутат явагдаж байгаа ард иргэдэд чиглэсэн ажил болгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай зайлшгүй холбоотой юм. Ямар нэгэн хурал, баярын хурал, нээлт олон нийтэд чиглэсэн ямар ч ажилд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гол рүльд байх ёстой. Сэтгэл санааны хүртэл дэмжлэг үзүүлээд явах ёстой байдаг. Гэтэл нэхэмжлэгч сая өөрөө их л гоё юм ярьж байна. Нэхэмжлэгч нэг их төлөөлөл аваад байх хүн биш юм. Би өөрт нь бас хэлж байсан. Та өөрийгөө сайн ажилладаг гэдэг юм байна. Та бид 2 өөрийгөө дүгнэхдээ гол асуудал биш юм. Та бол өөрөө өөртөө баахан тодорхойлолт өгч шагнал авахдаа биш, төрийн жинхэнэ албан хаагч хүн төрөөс цалин авч байгаа. Энэ чинь ард иргэдийн татвар байгаа. Тийм учраас та ард иргэдийнхээ төлөө ажиллах ёстой гэж хэлдэг. Таны ярьж хэлж байгаа чинь сайхан хэдий ч амьдрал дээр нийцэхгүй байдаг. Үүнийг нэхэмжлэгч болохоор дарамт гэж ойлгож, намайг цаас шиддэг, хөгшин гэж хэлдэг гэж байна. Би хэзээ ч таныг хөгшин гэж хэлээгүй. Миний амьдралдаа хэлж үзээгүй үгийг та сая ярьж байна. Би сумандаа 8 жил багийн дарга хийгээд өөрийгөө ард иргэдтэй харьцах тал дээр төлөвшсөн гэж бодож байна. Хүн өөрийнхөө төлөө явж, цалин хөлс авах нь ч зөв гэж бодож байна. Өвөрхангай аймгаас 2016 оныг Залуучуудыг дэмжих жил болгон зарласан. ... Би нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлээс 5, 6 дугаар сарын цалинг нь төлөөд, эргээд хамтарч ажиллаж болно гэж үзэж байна. Өөрөө цаашаа хамтарч ажиллаж чадах уу? үгүй юу гэдэг нь өөрөөс нь хамаарна. Би ил цагаан л та ийм байна шүү гэж хэлдэг байсан нь үнэн. ...Би энэ ...албан тушаалыг аваад хэдхэн сар ажиллаж байгаа хэдий ч ...цаашдаа ард иргэдийнхээ төлөө чадлаараа ажиллана. Нэхэмжлэгч бол би тэтгэвэртээ гараад хүүхдээ оруулна гэсэн үе дамжуулан албаа өгнө гэсэн зүйл л ярьдаг хүн. Харин бусад зардал болон 60 нас хүртэл ажиллана гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай суманд том том ажлууд их болдог. 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр сумын сайн малчны зөвлөгөөн болоход малчин телевиз болон олон дуучид ирсэн сайхан арга хэмжээ болсон. Та энэ арга хэмжээ болоход нэг ч удаа үзэгдээгүй. Сэтгэл гаргаад ирж болох байсан. Та эрхээ сайхан ярьдаг мөртлөө үүргээ ярьдаггүй. Төрийн албан хаагч хүн ард иргэдийнхээ төлөө үйлчилж байх хэрэгтэй. Гэтэл нэхэмжлэгчид ийм сэтгэл байдаггүй нь харамсалтай байдаг. Шүүхийн байгуулага үнэн зөвийг нь тогтооно гэдэгт итгэлтэй байна. Хэрвээ таныг шүүх ажилд чинь эргэж ажиллуулахаар тогтоох юм бол би танд шаардлагаа тавина. Би таныг хөгшин гэж хэзээ ч хэлээгүй. Суманд төв шинэ жил, залуучуудын шинэ жил болсон. Та төсөв байхгүй гэж хэлээд л сууж байсан удаатай. Энэ төсвийг та бид хоёр л хөөцөлдөж зохицуулах ёстой. Та төсвийн шууд захирагч шүү дээ. Та одоогоор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгдчийн урамшууллын мөнгийг нэг ч удаа өгөөгүй. Багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга нарын мөнгийг 2 дугаар сард би гуйж байж нэг өгсөн. Та иргэдийг төлөөлж суучихаад ганцхан амиа л боддог. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, нарийн бичгийн дарга хоёрыг нэг сарын цалингаар урамшуул гэсэн албан бичиг ирсэн. Үүнийг өгөх боломж байхгүй. Та энэ мөнгийг хаанаас гаргаж авах гэж байгаа юм бэ? Та өөрөө төсвийн захирагч мэдэж байгаа биздээ. Тэргүүлэгч нар чинь ухаанаа гаргаж ажиллаж байгаа юм чинь урамшуулал өгөхгүй байгаа нь буруу гэхэд та надад уурлаад л өрөөнөөс гараад явсан. Та өөртөө урамшуулал авах зүйл л яриад байдаг. Машины нэг эд анги эвдэрлээ гэхэд та мөнгө байхгүй гээд л сууж байдаг. Саяхан жолооч миний өрөөнд орж ирээд даргаа оношлогоонд орох мөнгө байхгүй гэхэд нь би 50000 төгрөг өгсөн. Дараа нь жолооч ахиж өрөөнд орж ирээд жолоочийн хариуцлагын даатгалаа ноднингийх нь төлөөгүй гээд оруулдаггүй гэж хэлсэн. Ажлаа ингэж хийдэг байж өөрийгөө ажилдаа сайн гээд яриад байгааг ойлгохгүй байна... Нэг удаа машины маслыг солих үйлчилгээний мөнгө байхгүй гээд байгаа мөртлөө машинаа унаад яваад байдаг. ...Би хүний амьдрал юм чинь нэхэмжлэгчтэй эвлэрээд цалинг нь өгч болно. Харин бусдыг нь хэрэгсэхгүй болгох хүсэлтэй байна. ...Энэ тогтоолуудын дугаар өөр болохоос биш нэг тогтоол юм байна. Хамгийн сүүлийн зөв дугаартай тогтоол нь Б/01 дугаартай тогтоол. ...Бид хоёрын ажлын үзүүлэлтэд тодорхой байгаа. Манай төсөв болон ганц машин нь ямар байгаа билээ. Та ганцхан өөртөө урамшуулал авахыг л боддог. Таны ажлын цаг ашиглалт ямар билээ. ...Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал сумын төсвийг баталдаг. Та яагаад өөрөө төсвөө батлуулаагүй юм бэ? Та бид хоёр л өөрсдөө гүйж байж төсвөө батлуулна биздээ. Та сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд юу санаачлах гэж санал оруулсан юм. ...Өнөөдрийг хүртэл юм байхгүй л байгаа шүү дээ.  ...Ц.Эрдэнэчимэг надад үр дүнгийн гэрээ байгуулъя гэж хэлж байгаагүй ...” гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Маргааны гол зүйл бол нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоолгох гэж байгаа асуудал юм. Харин нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж явсаар байгаад нийт 10 шаардлагатай болсон байна. Энэ нэхэмжлэлийн шаардлагаас миний үйлчлүүлэгч болохоор 2 шаардлагыг нь хүлээн зөвшөөрч байгаа юм. Энэ нь нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн авъя, ажилгүй байсан хугацааны 2017 оны 5, 6 дугаар сарын цалинг нь гаргаж өгье гэсэн хоёр шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэж сая хэллээ. Бусад шаардлагыг бол зөвшөөрөхгүй байгаа. Би ч гэсэн үүнийг зөв гэж бодож байна. Үүнийг тайлбарлая. Жишээ нь 100000 төгрөгийн урамшуулал олгох зөвлөмж байгаа. Үүнийг нэхэмжлэгч сая өөрөө ярилаа Би төсвийн төлөвлөгөөнд тусгагдаагүй, байхгүй мөнгийг хаанаас гаргаж өгөх юм бэ? гэж хэлж байгаатай би санал нэг байна. Үүнийг өөрөө тусгуулаагүй байгаа нь буруу юм. Нэхэмжлэгч өөрөө Хүний эрхийн комисст хандсан гэж ярьж байх шиг байна. Магадгүй эндээс туслалцаа хүссэн байх гэж бодож байна. Тэр туслалцаа хүссэн зардал болгоноо хариуцагчаас нэхэмжилж байгаа нь хууль тогтоомжид заасан зүйл биш байна гэж бодож байна. Тийм учраас үүнийг зөвшөөрөх боломжгүй юм. Мөн нэмэгдэл урамшууллууд байна. Хүн ажиллавал нэмэгдэл урамшуулал авах нь зөв, харин ажиллаагүй бол авдаггүй. Нэхэмжлэгч ажиллаагүй учраас тэрийг өнөөдөр авах боломж байхгүй. Ер нь бол энэ хоёр хүний маргаан бол эвлэрч болох маргаан байна гэж би бодож суулаа. Хариуцагч тал нэхэмжлэгчтэй хоёулаа хамтраад ажиллая гэж байхад нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрөхгүй байна. ...Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга бол олон жил ажилласан болохоор даргадаа догирхсон энэ шинэ томилогдсон дарга очоод хүн захирах гэсэн нэг ийм том зөрчилтэй хүмүүс байна. ...Миний бодлоор энэ хоёр хүн хамтарч ажиллах боломж байна гэж харагдаад байна. Мөн нэг анхаарах зүйл байна л даа. Төсвийн төлөвлөгөөнд батлагдаагүй зүйлийг би авч өгөх боломжгүй гэж нэхэмжлэгч хэлж байна. Тэр зөв. Гэхдээ тэр төсвийг батлуулахдаа хариуцлага алдсан байвал яах вэ? Хуулиар олгогдсон зүйлийг батлуулаагүй төсөв байхгүй гээд байвал энэ чинь буруу гэж үзэж байна. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга чинь ажлын алба юм. Ажлын алба нь захирагч болж хувирснаас болоод цаашдын ажил хэрэгт муу үр нөлөө үзүүлж байгаа юм. Иймд нэхэмжлэлийн хоёр шаардлагаас бусдыг зөвшөөрөхгүй байна гэдэг чинь төсвийн төлөвлөгөөнд тусгагдаагүй зүйлийг чинь яаж өгөх юм бэ? Ямар зардлыг төсвийн төлөвлөгөөнд батлагдсанаар өгч, ямар зардлыг хэдэн ч удаа хамаагүй авна гэж болохгүй. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба бол хуралдааны тэмдэглэлийг гаргаж өгөх шаардлагатай. Өнөөдөр та Үндсэн хуулийн нэг заалт цээжилчихээд би гаргаж өгөхгүй гээд ярьж болохгүй. Үндсэн хуулийн тэр заалт бол гэмт хэрэг үйлдэгчийн ар гэрт хамааралтай заалт үүнийг үндэслээд гаргаж өгөхгүй байгаа нь ёс зүйгүй асуудал. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга бол ажлаа хийх үүрэгтэй. Өмнө нь ажлаа сайн дүгнүүлдэг байсан болохоор ажлаа хийж чадахгүй хариуцлагагүй хүн биш байна гэж бодсон. Нэхэмжлэлд эрээвэр хураавар шаардлага их байна. Жишээ нь нэхэмжлэгч би 60 нас хүртлээ ажиллахыг даалгамаар байна гэж хэлж байна. Ингэж болохгүй, нэхэмжлэгч дур зоргын шинжтэй байна. Хүн ажилдаа эргэж орж цалингаа аваад нийгмийн даатгалаа төлүүлэлгүй яахав. Иймээс хариуцагчийн зөвшөөрсөн шаардлагыг хангаж, бусдыг нь хэрэгсэхгүй болгож өгөх саналыг шүүхэд оруулж байна” гэв.

 

Шүүх хавтас хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Нэхэмжлэгч Ц.Эрдэнэчимэг нь шүүхэд

“- Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Б/01 дугаарын тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох,

- ажилд эгүүлэн тогтоолгох,

- ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах,

- нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх,

-Ц.Эрдэнэчимэгийг төрийн албанд ажиллах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргах,

- түүнтэй 2017 оны төсвийн шууд захирагчийн үр дүнгийн гэрээ байгуулахыг Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад даалгах” тухай шаардлагуудыг гаргасан.

Гэвч тэрээр шүүх хуралдаанд өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа

- “...Ц.Эрдэнэчимэгийг төрийн албанд ажиллах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргах...” гэх хэсгийг “Ц.Эрдэнэчимэгийг 60 нас хүртэлх хугацаанд төрийн албанд ажиллуулах шийдвэр гаргах” гэж,

- илт хууль бус захиргааны актад тооцуулахаар маргаж буй захиргааны актын дугаарыг “...дугааргүй...” гэснийг “Б/01 дугаартай” гэж,

- “...нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх...” гэх шаардлагыг “нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” гэж тус тус өөрчилсөн бөгөөд шинээр

-“2017 оны 3, 4 дүгээр сарын зэрэг дэвийн нэмэгдлийн зөрүү 28356 төгрөг,

- 2017 оны 5, 6 дугаар сарын зэрэг дэвийн нэмэгдэл 366982 төгрөг,

- 1 сарын цалинтай тэнцэх урамшуулал буюу 733863 төгрөг,

- бусад зардал буюу замын зардал 268800 төгрөг, бичиг хэрэг, нотариатын зардал 20000 төгрөг, бүгд 288800 төгрөгийг тус тус гаргуулах” гэж нэхэмжлэлийнхээ шаардлагыг нэмэгдүүлэв.

Харин хариуцагч нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн болон өөрчилсөн шаардлагын талаар шүүх хуралдаанд тайлбараа гаргасан, хэргийн оролцогчдын хэн аль нь шинээр гаргаж өгөх нотлох баримт байхгүй гэсэн тул шүүх хуралдааныг үргэлжлүүлэн, хэргийг шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч Ц.Эрдэнэчимэг нь Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /цаашид “нарийн бичгийн дарга” гэх/-ын албан тушаалд 2005 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс түр, 2008 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн томилогдсон байх ба 2007 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөн “Төрийн жинхэнэ албан хаагч” болсон болох нь тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид /цаашид “ИТХТ” гэх/-ийн 2005 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн “Ажилд томилох тухай” 03 дугаар тогтоол[1] болон 2008 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 16 дугаар “Ажилд томилох тухай” тогтоол[2]-ууд, төрийн захиргааны албан хаагчийн тангараг[3]-ийн хуудас зэргээр тогтоогдож байна.

            Маргааны үйл баримтыг хянахад хариуцагч ИТХ-ын дарга Ч.Пүрэвсүрэн нь Ц.Эрдэнэчимэгийг өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр ИТХ-ын нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлүүлэх тухай санал[4]-ыг ИТХТ-ийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанд оруулж хэлэлцүүлснээр тус хуралдаанаас Ц.Эрдэнэчимэгт албан мэдэгдэл өгөхөөр шийдвэрлэж[5], Хурлын даргаас мөн өдрөө Ц.Эрдэнэчимэгт 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дотор тэтгэвэрт гарах хүсэлтээ гаргаж, ажилласан жилээ тооцуулж, тэтгэмжийн материалаа бүрдүүлж өгөхийг мэдэгдсэн албан мэдэгдэл, 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр “Ажлаас чөлөөлөх албан мэдэгдэл”[6]-ийг тус тус өгчээ.

Улмаар нэхэмжлэгчийн илт хууль бус захиргааны актаар тогтоолгохоор маргаж буй Баян-Өндөр сумын ИТХТ-ийн Б/01 дугаарын тогтоолыг Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх заалт болон Өвөрхангай аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 35[7] болон мөн оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 80[8] тоот албан бичгүүд, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн шийдвэрийг тус тус үндэслэн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр гаргаж Ц.Эрдэнэчимэгийг “тэтгэвэрийн насанд хүрсэн” гэх үндэслэлээр 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлжээ.

Нэг. Шүүх Ц.Эрдэнэчимэгийн гаргасан дараах нэхэмжлэлийн шаардлагуудыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 болон 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэлээ.

Үүнд: А. Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд “Ц.Эрдэнэчимэгийг 60 нас хүртэлх хугацаанд төрийн албанд ажиллуулах шийдвэр гаргах, түүнтэй 2017 оны төсвийн шууд захирагчийн үр дүнгийн гэрээ байгуулахыг Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад даалгах”-ыг хүссэн шаардлагуудаасаа татгалзсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсаныг,

Б. Хариуцагч нь шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудаас “Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах” шаардлагыг хүлээн зөвшөөрч байх ба хариуцагчийн энэхүү зөвшөөрлийн улмаас бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн дээрх зөвшөөрлийг баталж, нэхэмжлэгчийн татгалзсан болон хариуцагчийн зөвшөөрсөн шаардлагуудад холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Шүүх хариуцагчийн энэхүү зөөвшөөрлийн улмаас “бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол хөндөхөөргүй” гэж үзсэн учир нь Баян-Өндөр сумын ИТХТ-ийн 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Б/02 дугаар “Түр орлон гүйцэтгэгч томилох тухай” тогтоолоор тус Хурлын нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон Р.Түмэндэмбэрэл нь энэхүү хэргийг хэрхэн шийдвэрлэснээс үл хамааран өөрийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй гэж үзэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос татгалзсан тайлбараа тус шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь зүйтэй гэж үзэв.      

Хоёр. Шүүх дараах нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж шийдвэрлэв. Үүнд:

А. Нэхэмжлэлийн “Ц.Эрдэнэчимэгийн нэг сарын цалинтай тэнцэх урамшуулал болох 733863 төгрөгийг гаргуулах” шаардлагын тухайд:

Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ажлыг дүгнэж Хурлын дарга болон нарийн бичгийн дарга нарын ажлыг “Хангалттай сайн” үнэлгээ өгч, тэдгээрийг нэг сарын цалинтай нь тэнцэх мөнгөн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн болох нь Ц.Эрдэнэчимэгийн 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх илтгэх хуудас[9], Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр “Урамшуулал олгох тухай” тогтоол[10]-оор нотлогдож байна. Тиймээс Ц.Эрдэнэчимэгийн 2016 онд хийсэн ажлыг үнэлж урамшуулахаар шийдвэрлэсэн дээд шатны байгууллагын шийдвэрийг одоо ажиллаж байгаа эсэхээс үл хамааран сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал биелүүлэх үүрэгтэй. Ц.Эрдэнэчимэг нь ИТХ-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байх үеийн сарын үндсэн цалин нь ТЗ ангиллын 7-5 зэрэглэлээр буюу 733863 төгрөг болох нь Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 4 дүгээр тогтоолын хавсралтаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Б. Нэхэмжлэлийн “Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлагын тухайд: Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-3-т зааснаар төрийн албан хаагч нь заавал даатгуулагч байна. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэхүү хуулиар зохицуулаагүй харилцааг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна” гэжээ. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Ажил олгогч нь ...ажилтанд нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж хуульчилсан. 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас Ц.Эрдэнэчимэгийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор олгохыг хүлээн зөвшөөрсөн тул уг олговороос Ц.Эрдэнэчимэгийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, холбогдох дансанд шилжүүлэн, нэхэмжлэгчийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад даалгаж шийдвэрлэв. 

Гурав. Шүүх дараах нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

А. Нэхэмжлэлийн “Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Б/01 дугаарын тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Б/01 дугаар тогтоолыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгохыг хүсчээ. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д захиргааны акт илт хууль бус болох үндэслэлүүдийг заажээ. Б/01 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай” дээрх тогтоолыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоох үндэслэл байгаа эсэхийг шалгаж үзэхэд энэхүү тогтоолоор Ц.Эрдэнэчимэгийг Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн нь ямар нэгэн эсрэг болон салаа утгыг агуулаагүй, утга агуулгын хувьд илэрхий алдаагүй байна. Мөн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.6-д зааснаар сумын ИТХТэргүүлэгчид нь Хурлын нарийн бичгийн даргыг томилж, чөлөөлөх эрхтэй бөгөөд мөн зүйлийн 22.1.2, 25 дугаар зүйлийн 25.2-т заасан эрхийнхээ дагуу Хурлын дарга уг тогтоолыг ёсчлон баталгаажуулсан байна. Улмаар Б/01 дүгээр тогтоолын 3 дахь заалтаар Тэргүүлэгчдийн гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх үүргийг Хурлын даргад өгсөнөөр тогтоолыг гүйцэтгэх этгээд тодорхой болсон байна. Түүнчлэн Ц.Эрдэнэчимэг нь 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 55 насанд хүрч өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх нь үүссэн бөгөөд өдгөө нэхэмжлэгч нь 57 насанд хүрсэн байна. Тиймээс Б/01 дугаар тогтоолын үндэслэл болсон Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасан үндэслэл нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтыг үгүйсгэж байна. Мөн Баян-Өндөр сумын ИТХТ-ийн энэхүү шийдвэрийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжтой юм. Ийнхүү маргаан бүхий Б/01 дүгээр тогтоолыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоох хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байна.

Нөгөө талаар энэхүү маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгч Ц.Эрдэнэчимэгийг Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлсөн байсан боловч хариуцагч нь шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн авч, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорыг олгохоор хүлээн зөвшөөрч байна.

Б. Нэхэмжлэлийн “Ц.Эрдэнэчимэгийн 2017 оны 5, 6 дугаар сарын зэрэг дэвийн нэмэгдэл 366982 төгрөгийг гаргуулах” шаардлагын тухайд:

Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2-т “Төрийн захиргааны албан хаагчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон төрийн алба хаасан хугацааны, цол, зэрэг дэвийн, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ” гэж заажээ.  Нэхэмжлэгч Ц.Эрдэнэчимэг нь сард зэрэг дэвийн нэмэгдэлд 183466 төгрөгийг авдаг байсан болох нь Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 4 дүгээр тогтоолын хавсралтаар тогтоогдож байна.  Хариуцагч нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас Ц.Эрдэнэчимэгийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөх олговор гаргуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд уг шаардлагад ногдох мөнгөн дүнд нэхэмжлэгчийн гаргуулахаар шаардсан 2017 оны 5, 6 дугаар сарын зэрэг дэвийн нэмэгдэл хамтдаа тооцогдон гарах тул түүнийг давхардуулан олгох боломжгүй юм.

Тиймээс шүүх нэхэмжлэлийн “Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Б/01 дугаарын тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох, Ц.Эрдэнэчимэгийн 2017 оны 5, 6 дугаар сарын зэрэг дэвийн нэмэгдэл 366982 төгрөгийг гаргуулах” шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.         

Дөрөв. Нэхэмжлэлийн “-Ц.Эрдэнэчимэгийн 2017 оны 3, 4 дүгээр сарын зэрэг дэвийн нэмэгдлийн зөрүү 28356 төгрөг,

-бусад зардал буюу замын зардал 266800 төгрөг, бичиг хэрэг, нотариатын зардал 20000 төгрөг, бүгд 288800 төгрөгийг тус тус гаргуулах” шаардлагуудын тухайд:

Ц.Эрдэнэчимэг нь сард зэрэг дэвийн нэмэгдэлд 183466 төгрөгийг авдаг байсан талаар өмнөх шаардлагыг шийдвэрлэхэд тайлбарласан. Нэхэмжлэгчийн хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Өвөрхангай аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн а/60 дугаар “Зэрэг дэв олгох тухай” захирамжийн хавсралтын 54 дүгээрт зааснаар Ц.Эрдэнэчимэгийн төрийн албан хаагчийн зэрэг дэвийг “Ахлах түшмэлийн тэргүүн” болгон дэвшүүлэн олгожээ.

Улсын Их Хурлын 1995 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 73 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны албан тушаалын зэрэг, дэв, түүний нэмэгдэл олгох журам”-ын 9-д зааснаар “Ахлах түшмэлийн тэргүүн” зэрэгтэй төрийн албан хаагчид сар бүр түүний албан тушаалын сарын цалингийн 25 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдэл олгохоор заасан байх тул Ц.Эрдэнэчимэг нь энэхүү нэмэгдлийг авах эрхтэй. Гэвч нэхэмжлэгч нь 2017 оны 3, 4 дүгээр сарын зэрэг дэвийн нэмэгдлээ дутуу авч байсан болон тус шүүхэд ирж, буцахад гаргасан замын зардал гэх 268800 төгрөг, бичиг хэрэг, нотариатын зардалд төлсөн гэх 20000 төгрөг, нийт 288800 төгрөгийн зардал гаргасан талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.

Хэдийгээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг Захиргааны хэргийн шүүх гүйцэтгэх үүрэгтэй ч дээрх хуулийн 32.8-д зааснаар нэхэмжлэгчид хадгалагдаж байгаа болон түүний шүүхэд гаргаж өгөх боломжтой нотлох баримтыг нэхэмжлэгч өөрөө шүүхэд гаргаж өгөх үүргийг хүлээнэ. Өөрөөр хэлбэл Захиргааны хэргийн шүүх нэхэмжлэгчийн гаргаж өгөх боломжгүй нотлох баримтыг өөрийн санаачлагаар буюу хэргийн оролцогчийн хүсэлтээр цуглуулах үүргийг хүлээдэг бөгөөд нэхэмжлэгч нь өөрийн гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байгаа тохиолдолд түүнийг нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх үүргээ биелүүлэх учиртай ба ингэж гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй юм.     

Иймд нэхэмжлэлийн “Ц.Эрдэнэчимэгийн 2017 оны 3, 4 дүгээр сарын зэрэг дэвийн нэмэгдлийн зөрүү 28356 төгрөг, бусад зардал буюу замын зардал 266800 төгрөг, бичиг хэрэг, нотариатын зардал 20000 төгрөг, бүгд 288800 төгрөгийг тус тус гаргуулах” тухай шаардлагуудыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч нь энэхүү шаардлагуудад холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар нэхэмжлэлээ иргэний журмаар гаргах эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3, 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.7, 106.3.13 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т зааснаар нэхэмжлэгч Ц.Эрдэнэчимэгийн “Ц.Эрдэнэчимэгийг 60 нас хүртэлх хугацаанд төрийн албанд ажиллуулах шийдвэр гаргах, түүнтэй 2017 оны төсвийн шууд захирагчийн үр дүнгийн гэрээ байгуулахыг Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад даалгах”-ыг хүссэн шаардлагуудаасаа хэсэгчлэн татгалзсаныг баталж, уг шаардлагуудад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагч Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь нэхэмжлэлийн шаардлагуудаас “Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах” шаардлагуудыг хүлээн зөвшөөрч байх ба хариуцагчийн энэхүү зөвшөөрлийн улмаас бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, энэхүү шаардлагуудад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

3. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2, 22.1.6, 25 дугаар зүйлийн 25.2, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх заалтыг тус тус баримтлан  “Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Б/01 дугаарын тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 31 дүгээр зүйлийн 31.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар Ц.Эрдэнэчимэгт түүний нэг сарын цалинтай тэнцэх урамшуулал болох 733863 /долоон зуун гучин гурван мянга найман зуун жаран гурван/ төгрөгийг олгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт ноогдох нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, Ц.Эрдэнэчимэгийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад даалгасугай.

5. Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2-т зааснаар Ц.Эрдэнэчимэгийн “2017 оны 5, 6 дугаар сарын зэрэг дэвийн нэмэгдэл 366982 төгрөг гаргуулах”-ийг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нь “2017 оны 3, 4 дүгээр сарын зэрэг дэвийн нэмэгдлийн зөрүү 28356 төгрөг, бусад зардал буюу замын зардал 268800 төгрөг, бичиг хэрэг, нотариатын зардал 20000 төгрөг, бүгд 288800 төгрөгийг гаргуулах”-ыг хүссэн шаардлагуудаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

7. Захиргааны  хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, 47.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Эрдэнэчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

8. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Ц.Эрдэнэчимэг нь “Ц.Эрдэнэчимэгийг 60 нас хүртэлх хугацаанд төрийн албанд ажиллуулах шийдвэр гаргах, түүнтэй 2017 оны төсвийн шууд захирагчийн үр дүнгийн гэрээ байгуулахыг Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад даалгах” тухай асуудлаар дахин нэхэмжлэл гаргах, нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн аль энэхүү шийдвэрийн “ТОГТООХ” хэсгийн 1, 2-т заасан шийдвэрт гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

9. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор энэхүү шийдвэрийн “ТОГТООХ” хэсгийн 1, 2, 8 дахь хэсэгт зааснаас бусад хэсэгт Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, давж заалдах журмаар гомдол гаргаагүй этгээд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг тус тус дурьдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.БАТЧИМЭГ

 

 

 

 


[1] Хэргийн 121 дүгээр хуудас.

[2] Хэргийн 122 дугаар хуудас.

[3] Хэргийн 12 дугаар хуудас.

[4] Хэргийн 75 дугаар хуудас.

[5] Хэргийн 72-74 дүгээр хуудас. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдааны тэмдэглэл.

[6] Хэргийн 76 дугаар хуудас.

[7] Хэргийн 69-70 дугаар хуудас.

[8] Хэргийн 71 дүгээр хуудас.

[9] Хэргийн 21-22 дугаар хуудас.

[10] Хэргийн 25 дугаар хуудас.