Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2025/01438

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, шүүгч Б.Ууганбаяр, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 192/ШШ2025/03875 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******-д холбогдох,

 

Үндэслэлгүй хөрөнгөжсөн 25,668,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

1.1. ******* нь 2018 оны 04 дүгээр сард орон сууцны 1 м.кв-ыг 1,300,000 төгрөгийн үнэтэй, 65,8 м.кв талбайтай 2 өрөө орон сууц ганц үлдсэн байна. Үүний урьдчилгаа 30 хувь болох 25,668,000 төгрөгөөр захиалж болно гэсэн саналыг ******* -д тавьсан. Ингээд түүнд итгэж 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр ******* гийн эзэмшлийн ХААН банкин дахь ******* тоот дансанд 25,668,000 төгрөгийг шилжүүлсэн.

Үүний дараа бичгээр гэрээ байгуулахаар тохиролцсон боловч ******* нь ажил ихтэй гадуур яваад завгүй байна гэхэд нь итгэж хүлээсэн. Тухайн үед ******* нь байр удахгүй ашиглалтад орно гэж утсаар хэлсэн. Гэвч ******* нь утсаа авахгүй алга болсон. Ингээд шүүхэд хандаж түүнийг эрэн сурвалжлуулж олсон. Иймд ******* гээс өгсөн 25,668,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. ******* *******-г танихгүй бөгөөд түүнтэй уулзаж байгаагүй. ******* нь 2017 онд ******* нэртэй олон шатлалт сүлжээнд элсэн хөрөнгө оруулалт хийж байсан бөгөөд тухайн сүлжээг зохион байгуулагч нар нь тухайн үед ******* гийн ХААН банкин дахь эзэмшлийн ******* тоот дансыг ашиглан иргэдээс сүлжээнд оруулсан хөрөнгө оруулалтыг татан авдаг байсан. Өөрөөр хэлбэл, хүмүүс тухайн сүлжээнд хөрөнгө оруулахдаа ******* гийн данс руу мөнгөө шилжүүлж ******* тухайн мөнгийг цааш өөр этгээдэд шилжүүлэн өгдөг байсан. Үүний дагуу ******* нь тус сүлжээнд хөрөнгө оруулахаар 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр ******* гийн данс руу *******-аас шилжүүлэг гэсэн гүйлгээний утга бүхий 25,668,000 төгрөгийг шилжүүлсэн. ******* нь тус өдөр *******-аас шилжиж орж ирсэн мөнгийг цааш сүлжээг зохион байгуулагч этгээдэд шилжүүлсэн.

2.2. Уг сүлжээний асуудалтай холбоотой Нийслэлийн Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсээс мөрдөн шалгах ажиллагааг явуулсан бөгөөд Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 02 дугаар Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолоор ******* гийн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй болох нь тогтоогдсон гэх үндэслэлээр *******-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2.3. ******* гийн хувьд тухайн нөхцөл байдлыг нотлох үүднээс тэр үед өөрийнхөө хөтөлж байсан хар дэвтрийг шүүхэд гаргаж өгсөн байгаа. Үүн дээр тухайн үед хөрөнгө оруулалт хийсэн хүмүүсийг бүртгэж хэдэн төгрөг хийснийг тооцдог байсан. Нэхэмжлэгч байр авахаар мөнгө шилжүүлсэн гэж байгаа боловч байртай холбоотой худалдах, худалдан авах гэрээ байхгүй, хаана ямар байр гэдэг нь тодорхойгүй, нотлох баримтаа гаргаж өгөөгүй. Мөн тухайн нэхэмжлэгчийн байртай холбоотой гэж тайлбарлаж байгаа бол хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үйл баримт тогтоогдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч ******* гээс 25,688,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* -д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 286,290 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* гээс улсын тэмдэгтийн хураамжид 286,290 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* -д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүхээс нотлох баримтыг үнэлээгүй. Хариуцагчийн зүгээс өөрийн татгалзлаа нотлохын тулд өөрт байсан нотлох баримт болох ******* нэртэй олон шатлалт сүлжээнд хөрөнгө оруулалт хийсэн хүмүүсийг бүртгэж байсан нэрсийн жагсаалт бүхий дэвтрийг эх хувиар нь шүүхэд гаргаж өгсөн. Гэтэл анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хариуцагч талын гаргаж өгсөн уг нотлох баримтыг дурдаагүй, үнэлээгүй атлаа шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...хариуцагч тайлбарын үндэслэлээ баримтаар нотлоогүй байна гэсэнд гомдолтой байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасны дагуу дээрх дэвтэр нь нотолгооны хэрэгсэл болох бөгөөд мөн хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шүүх нотлох баримтыг үнэлэн шийдвэрийн үндэслэл болгосон эсхүл болгоогүй талаар дурдах нь зүйтэй.

4.2. Хэргийн үйл баримтыг бүрэн дүүрэн тогтоогоогүй. Дансаар мөнгө шилжсэн гэх баримтыг үндэслэн хариуцагчаас уг мөнгийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь шүүхээс уг шилжүүлсэн гэх 25,668,000 төгрөг нь ямар учиртай мөнгө болохыг тогтоох шаардлагатай байсан. Хариуцагчийн зүгээс уг мөнгийг тайлбарлахдаа ******* нь ******* гэх олон шатлалт сүлжээнд хөрөнгө оруулахаар 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр ******* гийн данс руу *******-с шилжүүлэг гэсэн гүйлгээний утга бүхий 25,668,000 төгрөгийг шилжүүлсэн ба ******* нь тус өдөр *******-аас шилжиж орж ирсэн мөнгийг бэлнээр авч цааш сүлжээг зохион байгуулагч этгээдэд шилжүүлсэн л зүйл гэж тайлбарладаг. Уг сүлжээний асуудалтай холбоотой Нийслэлийн Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа бөгөөд уг хэргээс ******* нэртэй олон шатлалт сүлжээнд ******* болон түүний эхнэр ******* нар нь хөрөнгө оруулан мөнгө шилжүүлсэн эсэх, тухайн сүлжээнд элсэн хөрөнгө оруулалт хийсэн хүмүүсийн нэрсийн жагсаалтыг гаргуулахаар шүүхээс Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газарт албан тоот явуулсан. Гэтэл Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газраас нэр бүхий иргэд нь эрүүгийн ******* 2 дугаартай хэрэгт Стэнфорд трэйдинг техноложист гэдэг нэртэй олон шатлалт сүлжээнд хөрөнгө оруулалт хийж, сүлжээнд элсэн мөнгө шилжүүлж хохирогчоор тогтоогдоогүй байна гэсэн хариуг ирүүлсэн байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шүүх, прокурор, мөрдөгчийн хохирогчоор тогтоосон этгээдийг хохирогч гэх ба тухайн олон шатлалт сүлжээтэй холбоотой хэрэгт одоо ч мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа бөгөөд олон шатлалт сүлжээнд хөрөнгө оруулсан бүх хүнийг хохирогчоор тогтоогоогүй байх бүрэн боломжтой. Гэвч дээрх Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газраас ирүүлсэн хариунд ******* болон түүний эхнэр ******* нар нь хохирогчоор тогтоогдоогүй байна гэсэн. Өөрөөр хэлбэл, тэдгээр иргэд нь хохирогчоор тогтоогдоогүй болохоос олон шатлалт сүлжээнд хөрөнгө оруулалт хийсэн эсэх нь тодорхойгүй. Дээр дурдсанчлан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байгаа тул хариуагчийн зүгээс хэрэгтэй танилцах боломжгүй бөгөөд тухайн ******* олон шатлалт сүлжээтэй холбоотой бүх баримтыг цагдаагийн байгууллагаас хураан авсан учир сүлжээнд хөрөнгө оруулалт хийсэн хүмүүсийн жагсаалтад нэхэмжлэгч болон түүний эхнэрийн мэдээлэл байгаа эсэхийг бүрэн тогтоогоогүй. Ийнхүү хэргийн үйл баримт тодорхойгүй буюу хариуцагч үндэслэлгүй хөрөнгөжсөн эсэх нь тогтоогдоогүй байхад шүүхээс тухайн шийдвэрийг гаргасанд гомдолтой байна.

4.3. Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрөө тодорхойлдог. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ байрны урьдчилгаа мөнгө буюу талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ амаар байгуулагдсан гэж тайлбарладаг. Нэхэмжлэгч нь анх 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хэргийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Уг хэрэг нь 7 жил гаруй хугацаанд үргэлжилсэн. Хариуцагч ******* гийн хуурч мэхэлсэн үйлдлээс болж нэхэмжлэгч олон жил хөрөнгө мөнгөө авч чадахгүй хохирсоор ирсэн. Хариуцагч болон түүний өмгөөлөгчийн тайлбар нь бодит байдалд нийцэхгүй. Учир нь орон сууц захиалгын урьдчилгаа төлбөр шилжүүлсэн нь нотолгоогоор тогтоогдсон боловч хариуцагч орон сууц захиалга өгөх бичиг баримтыг бүрдүүлж өгөөгүй бөгөөд одоо хүртэл алга болсон. Хариуцагч тал хариуцлагаас зайлсхийж, удаа дараа шүүх хуралдаанд оролцохоос татгалзсан тул албадан ирүүлэх арга хэмжээ авахуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянахад анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 25,668,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь ...******* нь ******* нэртэй олон шатлалт сүлжээнд элсэх зорилгоор ******* гийн эзэмшлийн ХААН банкин дахь ******* тоот дансанд мөнгөн хөрөнгийг шилжүүлж, тухайн сүлжээнд хөрөнгө оруулсан, ******* ямар нэгэн мөнгөн хөрөнгө *******-г аас аваагүй гэж тайлбарлан, эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэрэгт цугларсан нотлох баримтаар хариуцагч ******* г үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

3.1. 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр *******-ийн эзэмшлийн ХААН банкин дахь 5023185987 тоот данснаас ******* гийн эзэмшлийн ХААН банкин дахь ******* тоот дансанд 25,668,000 төгрөгийг Золзаяаг-с шилжүүлэг гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн үйл баримт хэргийн 6, 28 дахь талд авагдсан ******* , ******* нарын эзэмшлийн ХААН банкин дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдсон.

Дээрх бичгийн нотлох баримтыг хариуцагч нь үгүйсгэж, няцаасан баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байх тул нэхэмжлэгчээс 25,668,000 төгрөгийг хүлээн авсан үйл баримтыг тогтоогдсон гэж үзнэ.

 

4. Хариуцагч ******* нь дээрх мөнгөн хөрөнгийг ******* нь ******* s нэртэй олон шатлалт сүлжээнд хөрөнгө оруулсан гэж тайлбарласан боловч тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

5. Иймд нэхэмжлэгчээс хариуцагчид мөнгөн хөрөнгө шилжүүлэх болсон үндэслэлийн талаар талууд өөр байр суурь илэрхийлэн маргасан, хоёр талын үүрэг хүлээсэн хэлцэл хийгдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан үүргийн харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газраас эрүүгийн ******* 2 дугаартай хэргээс 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 02 дугаартай Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол болон ******* гийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгийг зэргийг баримтаар гаргуулахаар хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШЗ2024/21935 дугаартай захирамжаар хангаж шийдвэрлэсэн байна. /хх-33-34/

Хэргийн 90 дэх талд авагдсан Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 5/969 дугаартай албан бичигт Тус прокурорын газрын хяналтад байгаа Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулсан яллагдагч *******, ******* нарт холбогдох эрүүгийн ******* 2 дугаартай хэрэгт иргэн ******* , түүний эхнэр ******* нараас ******* нэртэй компанид хөрөнгө оруулалт хийхээр залилуулсан талаар гомдол гаргаагүй байх бөгөөд тухайн хэрэгт гэрчээр болон хохирогчоор тогтоогдож мэдүүлэг өгөөгүй байна. гэжээ.

 

Иймд анхан шатны шүүх хариуцагч ******* г нэхэмжлэгч *******-г аас шилжүүлсэн 25,688,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэж хариуцагч ******* гээс 25,688,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* -д олгож шийдвэрлэсэн нь зөв байх тул хэргийн үйл баримт тодорхойгүй буюу хариуцагч үндэслэлгүй хөрөнгөжсөн эсэх нь тогтоогдоогүй байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн гэх агуулгаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэсдлэлгүй байна.

 

7. Хариуцагч дээрх маргаантай холбогдон шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргажээ.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжихөөс үүсэх үүргийн харилцаанд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна гэж зохицуулалт хамаарна.

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж, 76.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч нь шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэхээр хариуцагчийн хаяг тогтоолгох холбогдох ажиллагаа хийлгэсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдсон байх тул энэ үеэс шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг тоолно. Нэхэмжлэгч нь 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар хуанлийн жил нь нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхэлж арван хоёрдугаар сарын гучин нэгний өдрөөр дуусах тул мөн ухуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан арван жилийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзнэ. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

8. Хэргийн 97-112 дахь талд ******* нэртэй олон шатлалт сүлжээнд хөрөнгө оруулалт хийсэн хүмүүсийг бүртгэж байсан нэрсийн жагсаалт бүхий дэвтэр эх хувиар авагдсан байх боловч уг баримтаар хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ нотолсон баримт гэж үзэхгүй тул ...******* нэртэй олон шатлалт сүлжээнд хөрөнгө оруулалт хийсэн хүмүүсийг бүртгэж байсан нэрсийн жагсаалт бүхий дэвтрийг нотлох баримтаар үнэлээгүй гэх агуулга бүхий хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 192/ШШ2025/03875 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 286,290 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Б.УУГАНБАЯР

 

Д.ЦОГТСАЙХАН