| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 176/2019/0242/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/253 |
| Огноо | 2019-08-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | И.Мөнхцэцэг |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 2019/ШЦТ/253
2019 08 27 2019/ШЦТ/253
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
Улсын яллагч И.Мөнхцэцэг,
Хохирогчийн өмгөөлөгч А.Бүдханд,
Шүүгдэгч, хохирогч Ж.Б-ийн өмгөөлөгч Б.Баярмагнай,
Шүүгдэгч Б.А-ын өмгөөлөгч У.Хандсүрэн,
Хохирогч П.Н,
Шүүгдэгч Ж.Б, Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж.Б, Б.А нарт холбогдох эрүүгийн 1934002870268 дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Ж.Б, 1980 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний газарт жолоочоор ажилладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, урьд 5 удаагийн ял шийтгэлтэй, үүнд:
1.Чингэлтэй дүүргийн шүүхийн 1995 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 57 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан,
2.Чингэлтэй дүүргийн шүүхийн 1998 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 386 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 8 жилийн хорих ялаар,
3.Чингэлтэй дүүргийн шүүхийн 1999 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 478 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэг, мөн хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт тус тус зааснаар 5 жилийн хорих ялаар,
4.Чингэлтэй дүүргийн шүүхийн 2004 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 270 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 10 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, 2008 оны 4 дүгээр сарын 07-ний өдөр Хуулийн тэгшитгэлээр суллагдсан,
5.Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 290 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жил хорих ялаар, мөн хуулийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт зааснаар 3 сар баривчлах ялаар тус тус шийтгүүлснийг 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т зааснаар шүүгдэгчид оногдуулсан ялуудыг тус тус өршөөн хэлтрүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, ..................... регистрийн дугаартай.
Монгол улсын иргэн, . Б.А, 1989 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Галшар суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар хоёрт ачигчаар ажилладаг, ам бүл 3, эхнэр хүүгийн хамт 6-162 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Б, Б.А нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Б.Аын өгсөн: Манай байгууллага жил бүрийн 4 сарын эхээр амралтанд гарч зугаалгаар явдаг. Тэгээд 2019 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Төв аймгийн Баянчандмань суманд байх амралтын газар луу явсан. Бид нар Улаанбаатар хотоос гараад Баянчандмань сум орох замдаа дөрвүүлээ 2 шил 0.75 литрийн Хараа архи хувааж уугаад би тасраад очсон. Хэдэн цагийн үед очсон гэдгийг нь мэдэхгүй байна. Намайг сэрэхэд манай ажлынхан шинээр орсон жолооч нартай танилцаад байж байсан. Тэд нар өөрсдийгөө танилцуулаад нэг нэгээрээ уугаад сууцгааж байсан. ...Ж.Б гадагш гарчихаад буцаад орж ирэхдээ гартаа дөрвөлжин шилтэй виски барьчихсан орж ирээд сандал дээр суугаад бид нарт хундагалж өгсөн. Тэгээд би П.Нтай хамт бие засах гэж байшингаас гараад ойрхон яваад торон хашааны хажууд бие засчихаад эргээд харахад П.Н, Ж.Б хоёр юм яриад зогсож байхаар нь очоод та хоёр маргалаадаад байгаа юм уу гэж хэлэхэд Ж.Б миний өөдөөс юм ярьсан би ямар үг хэлснийг нь санахгүй байна. Тэгэхээр нь би бууны нохой чимээгүй байгаарай гэж хэлчихээд байшин руу П.Нтай хамт буцаж орсон. Ж.Б ард үлдчихээд удалгүй араас байшин руу орж ирэхдээ гартаа нэг зүйл барьчихсан түүгээрээ П.Нгийн толгой руу цохисон. Тэгсэн П.Н толгой хагалчихлаа гэж хэлээд Ж.Бтой зууралдаад байшингаас гараад довжоон дээр давхралдаад унасан. Тэр хоёр газар унасны дараа П.Н намайг хутгалчихлаа гэж орилоод босоод цааш явсан. Намайг байшингаас гарахад Ж.Б дөнгөж газраас босож байхаар нь гартаа барьсан хутгаа хая гэж хэлэхэд хутгаа хаяхгүй байхаар нь нүүр лүү гараараа нэг удаа цохиод хойшоо унахаар нь дээрээс нь үсэрч очоод хоёр гар дээр нь өвдөглөж дараад цээжин дээр нь суусан. Нүүрний хэсэгт нь гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. П.Нг хутгалчихаад хутгаа хаяхгүй байхаар нь би хутгыг нь хаяулах гээд нүүр лүү нь гараараа нэг удаа цохиод хойш унагаасан. Би архи уугаад согтсон байсан. Гэхдээ өөрийн хийж байгаа үйлдлээ бүрэн ухамсарлаж байсан гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Ж.Бийн өгсөн: Бид нар албан байгууллагаараа 2019 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр зугаалгаар явах болоод Төв аймгийн Баянчандмань суманд очсон. Бид нар очих ёстой газраа 12 цагийн үед очсон. Тэгээд нээлт хийгээд шинээр орсон залуучуудтай танилцаад уралдаан тэмцээн зохиосон. Уралдаанаа явуулж дуусгаад хорхог боодгоо жижиг байшин руу зөөж оруулж дуусаад гадаа үлдээсэн зүйл байгаа эсэхийг шалгаад буцаад жижиг байшин руу ороход П.Н, Б.А, Баяржаргал байшингаас гараад буцаж орж ирэхдээ 0.75 литрийн Эдэн архи оруулж ирээд ууцгаасан. Бид нар тэр архийг ууж дуусгаад би машин руугаа яваад хотоос ирэхдээ авчирсан 1 шил вискиг оруулж ирээд бүгдээрээ хувааж ууж дуусгасан. Тэгээд бид нар гарч бие засахаар болоод П.Н, Б.А нар түрүүлээд байшингаас гараад би араас нь очсон. Тэгээд бие засаж байгаад Б.Атай үг зөрөлдөхөд намайг бууны нохой гэж хэлсэн. Би тэр үгэнд нь уурлахад Б.А намайг нэг удаа гараараа цохиж унагаасан. Тэгсэн хажууд зогсож байсан П.Н байшин руу орсон байсан. Б.А түрүүлээд байшин руу ороод би араас нь дагаад жижиг байшин руу орсон. Тухайн үед би уурласандаа болоод П.Нг ширээн дээр байсан вискины шилээр нэг удаа толгой руу нь цохисон. Тэгсэн П.Н эргэж хараад миний цээж рүү гараараа түлхэх үед нь би гараас нь татаад байшингийн хаалгаар давхралдаж гараад газар унасан. Тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна. Яагаад гэвэл тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Нэг мэдэхэд л Б.А миний дээр гараад суучихсан хоёр гарыг минь хөлөөрөө дараад суучихсан байсан. Б.А миний дээрээс босохоор нь би газраас босоод байшингийн баруун талаар тойроод байшингийн ард очсон. Харин П.Нг Б.А түшээд том байшин руу орсон. Ойролцоогоор 10 гаруй минутын дараа би том байшин руу ороход П.Н байшингийн голд сандал дээр суучихсан толгойноос нь цус гарчихсан, ар нуруу хэсгээс нь цус гарсан байсан. Тэгээд П.Н эр хүн шиг гараараа цохичихгүй яасан юм гээд намайг нэг удаа толгой руу цохисон. Удалгүй гаднаас цагдаа нар орж ирсэн. Би тухайн үед архи согтууруулах ундааны зйл хэрэглэсэн байсан болохоор хэсэг зуур уурласнаасаа болоод П.Нг гэмтээсэн. Би архи уугаад согтсон байсан болохоор өөрийн хийсэн үйлдлийг бүрэн санахгүй байгаа. Эмнэлгийн төлбөрт нийт 780 000 төгрөг өгсөн. Өөр өгсөн зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг,
Хохирогч П.Нгийн өгсөн: 2019 оны 4 дүгээр сарын 6-7-нд шилжих шөнө намайг унтаж байхад эмэгтэй Баяржаргал манайхан хойно байна. Орж ирнэ байгаа гэсэн. Намайг ороход манай хамт олон виски тойруулаад сууж байсан. Зүүн талд Б.А сууж байсан. Дарга унтаад өгсөн. Ж.Б, Б.А бид гурав бие засчихаад Ж.Б бид хоёр юм яриад байж байтал Б.А бууны нохойнууд юу яриад байна гээд байшинд орсон. Тэгтэл Ж.Б үгийн зөрүүгүй миний дух руу цохиод намайг ухаан алдаж унахад барьсан зүйлээрээ миний хэвлий рүү хатгасан. Миний зүгээс эмчилгээний зардалд 1 076 000 төгрөг, өмгөөллийн хөлс 500 000 төгрөг, өмсөж явсан хувцасны үнэ 146 000 төгрөг, цалингийн алдагдал 474 000 төгрөг нэхэмжилнэ. Энэ гэмт хэргийн улмаас духны сорви дээр дарахаар жирэлзээд өвдөөд байна. Бөөр, хавирга доошоо жирэлзээд өвдөж байна. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Ж.Бийн хохирогчоор өгсөн: Тэгээд бие засаж байгаад Б.Атай үг зөрөлдөхөд намайг бууны нохой гэж хэлсэн. Би тэр үгэнд нь уурлахад Б.А намайг нэг удаа гараараа цохиж унагаасан. Нэг мэдэхэд л Б.А миний дээр гараад суучихсан хоёр гарыг минь хөлөөрөө дараад суучихсан байсан. Миний уруул язарсан, хацар хавдсан, бие маань нилэнхүйдээ цохигдож зулгарсан. Би Натур эмнэлэгт толгойн томорграфикийн зураг авахуулсан. 120 000 төгрөгийг Б.А төлсөн. Надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг,
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Гэрч Г.Баяржаргалын өгсөн: Манай байгууллага нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллага явуулдаг. 2019 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр байгууллагын нийт 60 гаруй ажилчид Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэрт байрлах амралтын газарт очиж 1 хоногийн хугацаатай амарсан юм. Бид нар 2019 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 14 цагийн орчим очсон. Уг газар очоод байгууллагын ажилчдын хооронд тэмцээн зохион байгуулсан. Тэгээд орой үдэшлэг зохион байгуулаад дуу дуулаад хамт олноороо ярилцаад сууцгаасан. Тэгж байгаад 23 цагийн үед зарим хүмүүс нь амраад зарим хүмүүс нь хоорондоо юм яриад байж байсан. Харин миний бие 23 цаг өнгөрөөгөөд амарсан. Тэгээд шөнө дунд 02 цагийн үед манай ажлын хүмүүс орилолдоод байхаар нь би очоод харсан чинь П.Н, Ж.Б хоёр муудалцсан бололтой П.Н сандал дээр сууж байсан. Тэгсэн П.Нгийн биеийн баруун хэсэг буюу бөөр хавьцаанаас цус гарч байсан. Тэгэхээр нь би өөрийнхөө цамцаар боож өгөөд байж байтал Баянчандмань сумаас цагдаа нар ирээд Ж.Б, П.Н хоёрыг аваад явсан. Тэгээд маргааш өглөө нь бид нар Баянчандмань сумын Цагдаагийн хэсэг дээр очсон. Амралтын газар манай байгууллагын ажилчид архи согтууруулах ундаа хэрэглэсэн. Нэг хүн 2 лааз пиво авч очсон. Тэгээд ажилчид өөрсдөө цүнхэндээ архи авч очсон байсан. П.Н Ж.Б юунаас болж хутгалсан эсэхийг мэдэхгүй байна. Би хараагүй. Харин хүмүүсээс сонсоход ажлаасаа болж маргалдаад тэгээд зодолдсон гэж байсан гэх мэдүүлэг /хх 30/,
Гэрч Т.Баяржаргалын өгсөн: Манай байгууллага нь 2019 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг амралтын газарт байгууллага хамт олноороо амрах гээд очсон юм. Тухайн газарт очоод эхлээд уралдаан тэмцээн зохион байгуулсан мөн орой нь үдэшлэг зохион байгуулсан. Тэгээд 22 цаг өнгөрөөд хүмүүс амрахаар болж зарим нэг хүмүүс нь унтсан. Харин зарим нэг нь энд тэнд бөөгнөрөөд авчирсан архи дарсаа ууж байсан. Тухайн үед П.Н, Ж.Б, Б.А, Баянбат бид дөрвүүлээ морь мал ярьж суугаад 1 шил виски уусан. Уугаад сууж байтал нөгөө талын байшинд хүмүүс маргалдаад байсан гээд би ганцаараа уг байшин руу явсан. Тэгээд байшинд ороод хүмүүсийг зохиуулчихаад гараад ирсэн чинь байшингийн үүдэнд Баянбат, П.Н, Б.А гурав П.Нг түшчихсэн толгойг нь Ж.Б хагалаад хаячихлаа гээд зогсож байсан. П.Н, Б.А, Ж.Б гурав гарч бие засахдаа муудалцаад орж ирэхдээ Ж.Б П.Нгийн араас үүдэнд байсан вискиний шилээр толгойг нь цохиод хагалаад хаячихлаа гэж Баянбат хэлсэн. Тэгэхээр нь би гэрт оруулж толгойг нь боогоочээ гээд П.Нг бид нар шат руу өргөж гаргатал цамц нь сөхөгдөөд биеийн зүүн талын бөөр хэсэгт нь зүсэгдсэн байсан. Тэгэхээр нь цусыг нь цэвэрлээд боосон. Тэгтэл П.Н муу хулгайчийн хоолойг нь хэрчиж, зүрхэнд нь зоох байсан юм гэж орилсон. Тэгээд бид нар П.Нг тайвшруулаад эмнэлэг явъя гэсэн чинь П.Н бид зүгээрээ Ж.Бийг над руу оруулаад ир би эр хүн шиг яримаар байна гээд байсан. Тэгэхээр нь Гансүлд бид хоёр гэрээс гарч Ж.Бийг урд талын байшин дотор байхад нь авч гараад П.Нгийн байгаа байшинд оруулсан. Тэгсэн П.Н бид чамд гомдол, саналгүй би эр хүн шиг ганц цохьчъё гээд Ж.Бийг П.Н нүүр лүү 1-2 удаа цохьсон. Тэгээд Ж.Бийг урд байшин руу буцаагаад авч ороод байж байтал цагдаа нар ирсэн. Тухайн үед Ж.Б, П.Н хоёр виски ууж харагдсан. Харин согтолт нь гайгүй харагдаж байсан. Би тухайн үед юу ч уугаагүй. Ганцаараа эрүүл байсан. П.Нг Ж.Б юунаас болж хутгалсан талаар мэдэхгүй байна. Хутга хаана байсан эсэхийг би сайн мэдэхгүй байна. Бид нарын байшинд ямар ч хутга байхгүй байсан. Ж.Бийг хэн зодсон талаар надад мэдэх зүйл байхгүй байна. Харин миний нүдэн дээр П.Н Ж.Бийг 1-2 удаа цохьсон гэх мэдүүлэг /хх 32/,
Гэрч Д.Баянбатын өгсөн: ...Ж.Б гаднаас орж ирээд нэг юм хэлээд П.Нгийн толгой руу архины шилээр цохисон. Тэгтэл П.Нгийн духнаас цус нь гоожоод тогтохгүй байсан. Тэгтэл менежер Баяржаргал орж ирээд хутгалуулсан байна. Доороос нь цус гарсан байна гээд байсан. Тэгээд цагдаа дуудна гээд байсан. Би тэр үед хажууд нь хараад сууж байсан. П.Нг Ж.Б хутгалсан эсэхийг би хараагүй, харин архины шилээр толгой руу цохисныг харсан. Би Б.Аын хутгыг нь аваарай гэж орилохыг сонсоогүй гэх мэдүүлэг /хх 34, 41/,
Гэрч Д.Нэргүйгийн өгсөн: ...Би өөрийн байрандаа ороод амарч байхад Ж.Бийг цагдаа ирээд аваад явчихлаа гэж дуудсан. Тэгээд маргааш өглөө нь босоод цагдаа дээр очиж уулзаад ар гэрийнхэнийг нь дуудаж өгөөд явсан. Эдгээр хүмүүс нь ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн асуудал гаргаж хэрэгт холбогдож байгаагүй. Өөрсдийн хийх ёстой ажлаа сайн хийдэг байсан. Би уг газар даргаар 2 жил ажиллаж байна. Намайг ажиллаж байх хугацаанд хоорондоо ямар нэгэн асуудал гаргаж байгаагүй. Бүгдээрээ нийгмийн идэвхи сайн ажилчид байгаа. Би уг хүмүүстэй садан төрлийн холбоо хамаарал байхгүй гэх мэдүүлэг /хх 40/,
Гэрч О.Осорсүрэнгийн өгсөн: Бид нар амралтанд очоод амарсан. Тэр оройдоо би архи их хэмжээгээр уугаад тасарсан байсан. Тэгээд маргааш өглөө нь босоод бие засахаар гараад байшин барьж байсан торхны хажууд хар иштэй хутга байхаар нь аваад торхон дээр нь тавьчихаад цааш явсан. Би хутга нуусан зүйл байхгүй. Газар хэвтэж байхаар нь аваад барьж байсан торхон дээр тавьсан гэх мэдүүлэг /хх 44/,
Шинжээч эмч Э.Эрхэмбаярын өгсөн: Иргэн П.Нгийн биед үүссэн хэвлий дэх шарх болон 12 дугаар хавирганы гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд хэрэг учрал болсон гэх өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байсан. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь нийлээд гэмтлийн зэргийг өөрчлөхгүй гэх мэдүүлэг /хх 62/,
Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019.4.15-ны өдрийн №235 дугаартай шинжээчийн: 1.Ж.Бийн биед уруулын салстад шарх, цус хуралт зөөлөн эдийн няцрал, баруун хацар, зовхинд цус хуралт, хамар зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн мөр, нуруунд зулгаралт, хэвлийн гуянд зулгаралт, зүүн ташаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-ээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх 46/,
Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн №247 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1.П.Нгийн биед дух, хэвлийд шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 1-ээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх 51/,
Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн №247 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1.Т.П.Нгийн биед 12-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-ээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх 57/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 15-19/, хохирлын тооцоо гаргасан баримтууд /хх 84-89, 97-98/, Нийслэлийн Баянзүрх дүүргийн нийтлэг үйлчилгээний газар хоёр ОНӨААТҮГ-ын тодорхойлолт, цалингийн хүснэгт /хх 94-96/, хохирогч П.Нгийн ажил байдлын тодорхойлолт /хх 99/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 107/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 108/, шүүгдэгч Б.Аын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 109/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 112/, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар хоёр ОНӨААТҮГ-ын тодорхойлолт /хх 113/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 119/, шүүгдэгч Ж.Бийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 118/, шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 34/, Нийслэлийн Баянзүрх дүүргийн нийтлэг үйлчилгээний газар хоёр ОНӨААТҮГ-ын тодорхойлолт /хх 122/, захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /хх 130-132/ зэрэг болно.
Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Ж.Б нь хууль зүйн хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан танхай сэдэлтээр санаатай үйлдлээр хохирогч П.Нгийн эрүүл мэндэд Гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн,
Шүүгдэгч Б.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан танхайн сэдэлтээр, санаатай үйлдлээр хохирогч Ж.Бийн эрүүл мэндэд Гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ж.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг 60-ын даваа гэх газар иргэн П.Нг зэвсгийн чанартай эд зүйл хэрэглэн зодож эрүүл мэндэд "дух, хэвлийд шарх, 12-р хавирганы хугарал " бүхий хөнгөн хохирол учруулсан,
шүүгдэгч Б.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг 60-ын даваа гэх газар иргэн Ж.Бийг зодож эрүүл мэндэд нь “уруулын салстад шарх, цус хуралт зөөлөн эдийн няцрал, баруун хацар, зовхинд цус хуралт, хамар зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн мөр, нуруун зулгаралт, хэвлийн гуянд зулгаралт, зүүн ташаанд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь;
шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч П.Нгийн “ Ж.Б орж ирснээ миний толгой руу цохисон. Тэгээд дахиад буцаж ирэхээр нь намайг нэмж цохих гэж байна гэж бодоод Ж.Бийг цээж рүү нь түлхээд хоёул хамт байшингийн хаалгаар гарч унасан. Газар унах үедээ миний доор ороод баруун талын бөөрний хэсэг рүү цохих шиг болсон. Тэгэхээр нь энэ намайг хутгалчихлаа гэж хэлээд би босоод цааш явсан. Тэгээд байшин руу ороод сууж байсан. Тэр үед миний биенээс цус гарахыг нь хараад би өөрийгөө үхчихлээ гэж бодсон” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Баяржаргалын өгсөн: "...П.Н, Ж.Б хоёр муудалцсан бололтой П.Н сандал дээр сууж байсан. Тэгсэн П.Нгийн биеийн баруун хэсэг буюу бөөр хавьцаанаас цус гарч байсан. Тэгэхээр нь би өөрийнхөө цамцаар боож өгөөд байж байтал Баянчандмань сумаас цагдаа нар ирээд Ж.Б, П.Н хоёрыг аваад явсан. Тэгээд маргааш өглөө нь бид нар Баянчандмань сумын цагдаагийн хэсэг дээр очсон." гэх мэдүүлэг /хх 30/, гэрч Т.Баяржаргалын өгсөн: "...би юу болсон талаар асуухад Баянбат хэлэхдээ П.Н, Б.А, Ж.Б гурав гарч бие засахдаа муудалцаад орж ирэхдээ Ж.Б П.Нгийн араас үүдэнд байсан вискиний шилээр толгойг нь цохиод хагалчихсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрт оруулж толгойг нь боогоочээ гээд П.Нг бид нар шат руу өргөж гаргатал цамц нь сөхөгдөөд биеийн зүүн тал бөөр хэсэгт нь зүсэгдсэн байсан. Тэгэхээр нь цусыг нь цэвэрлээд боосон. Миний нүдэн дээр П.Н Ж.Бийг 1-2 удаа цохисон." гэх мэдүүлэг /хх 32/, гэрч Д.Баянбатын өгсөн: "...Ж.Б гаднаас ор ирээд нэг юм хэлээд П.Нгийн толгой руу архины шилээр цохисон. Тэгтэл П.Нгийн духнаас цус гоожоод тогтохгүй байсан." гэх мэдүүлэг /хх 34, 41/, Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн №235, 247 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /хх 46, 51, 57/ зэргээр нотлогдон тогтоогджээ.
Иймд шүүгдэгч Ж.Б, Б.А нарыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нар болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Хохирогч Ж.Б нь гэмт хэргийн улмаас учирсан 120 000 төгрөгийн хохирлоо шүүгдэгч Б.Ааас авсан бөгөөд өөр нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Хохирогч П.Н нь шүүгдэгч Ж.Боос гэм хорын хохиролд эмчилгээний зардалд 1 076 000 төгрөг, өмгөөллийн хөлс 500 000 төгрөг, өмсөж явсан хувцасны үнэ 146 000 төгрөг, цалингийн алдагдал 474 000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Ж.Б хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчид нийт 780 000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн байна.
Хохирогч П.Н гэм хорын хохиролд нийт 2 196 000 төгрөг нэхэмжилснээс хавтаст хэрэгт 1 218 420 төгрөгийн баримт ирүүлснээс шүүх 1 022 420 төгрөгийн баримтыг нотлох баримтын шаардлага хангасан гэж үзсэн бөгөөд дээрх шүүгдэгч хохирогчид 780 000 төгрөг төлсөн байх тул хасаж үлдэх 242 420 төгрөгийг хохирогчид шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэв.
Үлдэх нотлох баримтын шаардлага хангаагүй буюу нотлогдоогүй гэж үзсэн цалингийн алдагдал гэх 474 000 төгрөг, хувцасны үнэ гэх 146 000 төгрөг /баримтгүй/, толгойн КТГ-ын зураг авхуулсан гэх 120 000 төгрөг /хх 97 НӨАТ баримтгүй/, унааны зардал гэх 50 000 төгрөг /хх 87 ямар шалтгааны улмаас явсан нь тодорхойгүй/-ийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзэв. Өмгөөллийн хөлс гэх 500 000 төгрөгийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гэж үзэхгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болохыг дурдав.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Ж.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох,
Шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал оруулсныг,
Шүүгдэгч Ж.Б, Б.А нарын өмгөөлөгч нар дэмжиж оролцов.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ж.Б, Б.А нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлын нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч Ж.Б, Б.А нар эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэргийн шинж, чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн шүүгдэгч нарт оногдуулах ялын саналыг тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэрэгт тохирсон гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т "Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно." гэж заасан бөгөөд шүүгдэгч нарын хөрөнгө орлогын байдал болон хүсэлтийг харгалзан 450 000 төгрөгийн торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 150 000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Шүүгдэгч Ж.Б, Б.А нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.
Эрүүгийн 1934002870268 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ж.Б, Б.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч Ж.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч Б.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ж.Б, Б.А нарт тус бүр оногдуулсан 450 000 төгрөгийн торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 150 000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Ж.Б, Б.А нар нь тус бүр оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Ж.Боос 242 420 /хоёр зуун дөчин хоёр мянга дөрвөн зуун хорь/ төгрөг гаргуулж 22 тоотод оршин суух хохирогч П. д олгосугай.
6.Хохирогч П.Н нь нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн хөлс гэх 500 000 /таван зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нь хэлэлцэхгүй орхисон 316 000 төгрөгийн хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхисугай.
7.Эрүүгийн 1934002870268 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.А нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б, Б.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ