| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2016/06559/И |
| Дугаар | 102/ШШ2016/05040 |
| Огноо | 2016-09-05 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 102/ШШ2016/05040
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 9 дугээр хороо, СОТ-2-1 дүгээр байрны 116 тоотод оршин суух, Дайтан овогтой Чингэлийн Мөнхтуяа /РД:УС77122229/-ийн нэхэмжлэлтэй, Д.Должинсүрэнг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Мөнхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Хишигсүрэн нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Мөнхтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Мөнхтуяа миний бие 2015 оны 09 сарын 30-ны өдөр Д.Должинсүрэнд нэг сарын хугацаатай 2,000,000 төгрөг зээлсэн бөгөөд уг мөнгийг Д.Должинсүрэнгийн Хаан банкны 5015134862 тоот дансанд шилжүүлсэн болно. Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 10 сарын 30-нд дууссан боловч одоог хүртэл зээлээ эргэн төлөхгүй байгаа болно. Хариуцагч Д.Должинсүрэнгийн оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Мөнхтуяа нь Д.Должинсүрэнг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Д.Должинсүрэн нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь хавтаст хэрэгт авагдсан 2015 оны 09 сарын 30-ны өдөр Ч.Мөнхтуяа, Д.Должинсүрэн нарын байгуулсан зээлийн гэрээ, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 сарын 25-ны өдрийн 102/ШЗ2016/21539 дугаар захирамж, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл зэргээр тогтоогдож байна.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Д.Должинсүрэнгийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байгаа нь хавтаст хэрэгт авагдсан Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 сарын 25-ны өдрийн 102/ШЗ2016/21539 дугаар захирамжаар тогтоогдож байх тул
түүний оршин суугаа газрыг олж тогтоох зорилгоор эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгч Ч.Мөнхтуягийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Доржхандын Должинсүрэн /РД:ХЙ74053169/-г эрэн сурвалжлах ажиллагааг цагдаагийн байгууллага /Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст/-д даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Доржхандын Должинсүрэн /РД:ХЙ74053169/-г эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан Д.Должинсүрэнг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг цагдаагийн байгууллага /Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст/-д даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АЗБАЯР