Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2025/01437

 

*******-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 192/ШШ2025/02681 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******-д холбогдох,

Стратеги хамтын ажиллагааны газрын маркетингийн менежерийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэхийг даалгах тухай үндсэн, 3,079,346 төгрөгийн цалинг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

1.1. ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс *******-ийн Үйлчилгээ, аж ахуй автогараашийн хэсэгт жолоочийн албан тушаалд томилогдон ажиллаж байсан бөгөөд 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Б/100 тушаалаар Стратеги хамтын ажиллагааны газрын маркетингийн албанд маркетингийн менежерийн албан тушаалд томилогдон 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажилласан.

1.2. *******-ийн ерөнхий захирлын сонгон шалгаруулалт 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр болж ******* ерөнхий захирлаар томилогдсон. Ажлаа хүлээж авснаас хойш захирал ******* нь хувийн үзэмжээр хандаж, байгууллагыг төлөөлөх эрхгүй этгээдийн тушаалаар ажилд томилогдсон гэх хууль бус үндэслэлээр намайг ажлаас халсан. Уг тушаалд Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6.1, мөн Иргэний хуулийн 68 дугаар зүйл 68.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг үндэслэсэн байх бөгөөд эдгээр заалт нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй байх тул миний бие ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзээд тус шүүхэд эрхээ хамгаалуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Иймд ******* ыг *******-ийн Стратеги хамтын ажиллагааны газрын маркетингийн менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 20,978,163 төгрөгийг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. *******-ийн үндэсний зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 25 дугаар тогтоолоор *******-ыг ерөнхий захирлын албан тушаалаас чөлөөлж, Санхүү хөрөнгө оруулалтын газрын захирлын үүрэг гүйцэтгэгч *******-ыг ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Үүнтэй холбоотой ******* нь ямар нэгэн шийдвэр гаргах, байгууллагыг төлөөлөх эрхгүй болсон.

2.2. Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт "Олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захирлыг Үндэсний зөвлөлийн нийт гишүүдийн олонхийн саналаар, нууц санал хураалтаар 3 жилийн хугацаагаар томилно гэж, мөн зүйлийн 31 дүгээр зүйлийн 31.6.6-д Ерөнхий захирал Олон нийтийн радио, телевизийн ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулах, цуцлах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж, мөн хөдөлмөрийн дотоод журмын 100.5 дугаар бүлгийн 2 дугаар зүйлийн 2.11.1-д зааснаас үзэхэд, ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулах, ажилтныг өөр албан тушаалд шилжүүлэх эсэхийг ерөнхий захирал шийдвэрлэнэ. ******* нь байгууллагын тамгыг албан ёсоор хүлээлгэж өгөөгүй атлаа 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр ******* той байгуулсан хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай Б/100 тоот тушаалыг баталж, ******* ыг Аж ахуй, үйлчилгээний жолооч ажлаас чөлөөлж, Стратеги, хамтын ажиллагааны газрын маркетингийн менежер албан тушаалд томилсон нь хууль бус болсон. Тухайн үед ******* ыг энэ албан тушаалд томилох шаардлагатай гэж үзсэн бол тушаалыг ******* гаргах бүрэн эрхтэй байсан. Гэтэл албан тушаалаасаа чөлөөлөгдсөн этгээд гаргасан нь ашиг сонирхлын зөрчилтэй буюу илт хууль бус үйлдлийг гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: ******* нь маркетингийн менежерийн ажлын байрны тодорхойлолтод заасан ерөнхий шаардлагад нийцэхгүй ба томилогдсон хугацаанд Стратеги, хамтын ажиллагааны газрын маркетингийн менежерийн албан тушаалд тодорхой ажил хийж гүйцэтгээгүй боловч 2024 оны 03 дугаар сард 1,690,400 төгрөг, 2024 оны 04 дүгээр сард 1,388,946 төгрөгийн цалинг тус тус авсан. Иймд ******* т олгосон нийт 3,079,346 төгрөгийн цалинг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

4. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга: ******* нь *******-д ажилд орохоосоо өмнө хэд хэдэн байгууллагад маркетингийн менежер, мөн маркетингийн газрын даргын албан үүргийг гүйцэтгэж байсан туршлагатай тул дээрх албан тушаалд ажиллаж эхэлсэн. ******* захирлыг 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ажлаас чөлөөлж, 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр ******* ыг томилсон талаар ажилтнуудад мэдэгдээгүй. Мөн *******-ын ажилласан цаг хугацааг тооцоолж эрх бүхий албан тушаалтнуудын цагийн бүртгэлийн үндсэн дээр цалин олгогдсон тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2, 43 дугаар зүйлийн 43.2.7-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ******* ыг *******-ийн Стратеги хамтын ажиллагааны газрын маркетингийн менежерийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин олговорт 17,831,388 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч ******* т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,146,775 төгрөгийн нэхэмжлэл болон нэхэмжлэгчээс 3,079,346 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******-ын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч *******-д үүрэг болгож шийдвэрлэжээ.

6. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Шүүх дээрх нотлох баримтыг буруу үнэлж дүгнэн, *******-ийн ерөнхий захирлын албан тушаалаас чөлөөлөгдсөнийг мэдсээр байж хууль бусаар гаргасан тушаалыг шүүх шийдвэр гаргахдаа үндэслэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. *******-ийн үндэсний зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 1 дэх хэсэгт ******* ыг үүрэгт ажлаас 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хариуцагч байгууллагын ажилтнуудыг ажлаас чөлөөлөх, шинээр ажилтан авах болон бусад бүх үйл ажиллагаанд төлөөлөх эрхийг зогсоосон. Мөн 3 дахь хэсэгт Үндэсний зөвлөлийн зөвшөөрөлгүй хэнийг ч ажилд томилох чөлөөлөхийг хориглосон. Өөрөөр хэлбэл, ******* болон ******* нар эрхгүй. Хөдөлмөрийн тухай хууль болон тус байгууллагын дүрэм, журамд ажил хүлээлцэх хугацаандаа өөрийн бүрэн эрхээ ашиглаж шийдвэр гаргах эрхтэй талаар зохицуулсан ямар ч заалт байхгүй байхад шүүх юуг үндэслэн ажил хүлээлцэх хугацаандаа ийнхүү ажлаас томилж чөлөөлөх эрхтэй гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчин хэт нэг талыг баримталж шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.

6.2. Сөрөг нэхэмжлэлийн тухайд. уг Б/100 дугаартай хууль бус тушаалыг үндэслэн маркетингийн менежерийн суралцаагүй, ажлын туршлагагүй, хийж гүйцэтгэсэн ажил байхгүй боловч ******* нь Стратеги хамтын ажиллагааны газрын маркетингийн менежерийн 2024 оны 03 дугаар сард 1,690,000 төгрөгийн, 2024 оны 04 дүгээр сард 1,388,946 төгрөг, нийт 3,078,946 төгрөгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн үндсэн шаардлагыг хүчингүй болгон, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нь ******* тэй гэрээ байгуулаагүй бөгөөд Монголын үндэсний олон нийтийн радио телевиз Нийтийн эрх зүйн хуулийн этгээдтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан. ******* нь Стратеги төлөвлөлтийн хамтын ажиллагааны газрын маркетингийн менежерийн албан тушаалд ажиллаж байсан нь томилсон тушаал болон хөдөлмөрийн гэрээгээр нотлогддог ба эдгээр нотлох баримтууд бүгд хэрэгт авагдсан. ******* буюу дараагийн эрх залгамжилж авсан этгээд нь нэхэмжлэгчийг ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан гэж үзэн, цалин хөлс олгож гарын үсгээ зурсан. Өөрөөр хэлбэл, ажил олгогч байгууллага нь нэхэмжлэгчийг манай байгууллагын ажилтан, гэрээний дагуу ажил хөдөлмөр эрхэлсэн тул холбогдох цалин хөлсийг олгох нь зүйтэй гэж үзсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийг үндэслэн ажлаас чөлөөлсөн хэдий ч ажилтны зүгээс хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санал гараагүй. Ажил олгогч байгууллага нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн аль зүйл, заалтыг баримталсан нь тодорхойгүй гэж үзэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлоор хязгаарлалгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан Стратеги хамтын ажиллагааны газрын маркетингийн менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 3,079,346 төгрөгийн цалинг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

3. *******-ийн ерөнхий захирлын 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/175 дугаар тушаалаар Б/100 дугаар тушаалыг хүчингүйд тооцож, *******-ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь үндэслэлтэй эсэх талаар зохигч маргажээ.

4. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1. *******-ийн ерөнхий захирлын 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Б/475 дугаартай тушаалаар ******* ыг Тамгын газрын Аж ахуй, үйлчилгээний албаны жолоочийн албан тушаалд томилжээ./хх-65/

Улмаар *******-ийн ерөнхий захирлын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Б/100 дугаартай тушаалаар ******* ыг жолоочийн үүрэгт ажлаас чөлөөлж, Стратеги, хамтын ажиллагааны газрын маркетингийн менежер албан тушаал томилсон байна./хх-66/

4.2. *******-ийн үндэсний зөвлөлөөс удирдлагыг томилж, чөлөөлөх эрхийг Олон нийтийн радио телевизийн тухай хуулиар олгосон байна. Тодруулбал, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт Олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захирлыг Үндэсний зөвлөлийн нийт гишүүдийн олонхийн саналаар, нууц санал хураалтаар 3 жилийн хугацаагаар томилно гэж, мөн зүйлийн 31 дүгээр зүйлийн 31.6.6-д Ерөнхий захирал Олон нийтийн радио, телевизийн ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулах, цуцлах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж тус тус заасны дагуу *******-ийн үндэсний зөвлөл Ерөнхий захирлыг томилох, чөлөөлөх эрхтэй байна.

Энэ эрхийнхээ хүрээнд 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр *******-ийн үндэсний зөвлөл хуралдаж, 25 дугаартай тогтоол гаргажээ. Уг тогтоолоор *******-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан ******* тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, дараагийн ерөнхий захирал томилогдох хүртэл Ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Санхүү хөрөнгө оруулалтын газрын захирлын үүрэг гүйцэтгэгч ******* ыг томилсон байна./хх-80/ Хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлаар ******* ийг томилсныг 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр улсын бүртгэлд бүртгэжээ./хх-17/

*******-ийн ерөнхий захирлын 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/175 дугаар тушаалаар Монголын үндэсний олон нийтийн радио телевизээс баталсан 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Б/100 дугаартай тушаалыг байгууллагыг төлөөлөх эрхгүй этгээд батлан гаргасан гэх үндэслэлээр *******-ийн захирлын Б/100 дугаар тушаалыг хүчингүйд тооцож, уг тушаал хүчингүй болсонтой холбогдуулан Стратеги, хамтын ажиллагааны газарт маркетингийн менежерээр ажиллаж буй *******-ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь үндэслэлтэй байна.

4.3. *******-ийн захирлын Б/175 дугаар тушаалаар Б/100 дугаартай тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож байгаа тохиолдолд өмнөх буюу *******-ийн ерөнхий захирлын 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Б/475 дугаартай тушаалаар *******-ыг Тамгын газрын Аж ахуй, үйлчилгээний албаны жолоочийн албан тушаалд томилсон тушаал эргэн сэргэж, ******* ыг жолоочийн ажил албан тушаалд ажиллуулах үүрэгтэй байжээ. Гэтэл энэ тушаалыг хүчингүй болгосон атлаа хөдөлмөрийн гэрээг бүхэлд нь цуцалж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь ажилтны хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт ...нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй. гэж зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлох эрхтэй. Шүүх нэхэмжлэгчийн тодорхойлсон шаардах эрхийн хүрээгээр маргааныг шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасан шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдах зарчимд нийцнэ.

******* нь Стратеги, хамтын ажиллагааны газарт маркетингийн менежерийн албан тушаалд эгүүлэн томилуулж, уг хугацааны цалин хөлсийг гаргуулах шаардлага гаргасан. Энэ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүх нэхэмжлэгч ******* ыг жолоочийн албан тушаалд эгүүлэн томилж уг тушаалыг зөвтгөх боломжгүй.

 

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч *******-ын хариуцагч *******-д холбогдуулан Стратеги, хамтын ажиллагааны газрын маркетингийн менежерийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийж баталгаажуулахыг даалгах тухай үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасанд нийцнэ.

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн ******* нь энэ тушаалыг гаргах эрхгүй байхад тушаал гаргасан гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй.

5. Харин нэхэмжлэгч ******* нь Тамгын газрын үйлчилгээний албаны жолоочийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргахад энэ магадлал саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

6. Анхан шатны шүүх хариуцагчийн 3,079,346 төгрөгийн цалинг нэхэмжлэгчээс буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн тухайд.

 

6.1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч байгууллагын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Б/100 дугаартай тушаалаар Стратеги хамтын ажиллагааны газрын маркетингийн менежерийн албан тушаалд томилогдон 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн *******-ийн Стратеги, хамтын ажиллагааны газрын маркетингийн менежерээр ажиллаж, хариуцагч байгууллага нь түүний цагийг бүртгэн, цалинг олгосон байна. /хх. 116-126/

 

6.2. Мөн энэ хугацаанд ******* ыг хариуцагч байгууллагын ерөнхий захирлын албан тушаалд ажиллаагүй, энэ ажлыг бодитоор гүйцэтгээгүй гэж үзэх үндэслэлгүй.

Учир нь нэхэмжлэгч ******* хариуцагч байгууллагын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Б/100 дугаартай тушаалыг үндэслэн, энэ албан тушаалд ажиллаж байсан тул тухайн хугацааны цалинг буцаан шаардах эрх хариуцагч талд үүсэхгүй. Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 192/ШШ2025/02681 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч *******-ын хариуцагч *******-д холбогдуулан Стратеги хамтын ажиллагааны газрын маркетингийн менежерийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийж баталгаажуулахыг даалгах тухай үндсэн нэхэмжлэл болон хариуцагч *******-ийн нэхэмжлэгч ******* т холбогдуулан 3,079,346 төгрөгийн цалинг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хариуцагч Монголын үндэсний олон нийтийн радио телевиз Нийтийн эрх зүйн хуулийн этгээд нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД Ч.МӨНХЦЭЦЭГ

 

Д.ЦОГТСАЙХАН