| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2016/06317/И |
| Дугаар | 102/ШШ2016/05039 |
| Огноо | 2016-09-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 102/ШШ2016/05039
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайртан дүүрэг, тоотод оршин суух, Н /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, тоотод оршин суух, А /РД:/-т холбогдох 7,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Н, хариуцагч Л.А, гэрч Б.Г, Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Н миний бие нь 2015 оны 11 сарын 24-ний өдөр өөрийн танил Б.Оээс найз болох иргэн Л.Ат бэлнээр 10,000,000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай 6 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Тухайн өдөр Л.А нь 10 хоногийн хүү 600,000 төгрөгийг өгч, үндсэн зээлээ 2015оны 12 сарын 04-ний өдөр төлж дуусгахаар харилцан тохиролцсон. 2015 оын 12 сарын 25-ны өдөр Л.А надтай уулзан 10 хоногийг нэг сар болгож өгөөч гэж 400,000 төгрөг өгсөн. Үүнийг би хүлээн зөвшөөрч сунгасан. Ингээд сураг чимээгүй яваад байхаар нь бид араас нь хөөцөлдөж 3,000,000 төгрөгийг авсан. Сүүлийн үед утсаа авахгүй гэрээ нь очихоор байхгүй, сураг сонсоход оргон зайлж, гадагшаа Япон улс явах сурагтай байна. Иймд Л.Аээс 7,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2015 оны 11 сарын 24-ний өдөр өөрийн танил Б.Оийн найз Л.Ат 10,000,000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай, 6 хувийн хүүтэй зээлсэн. Л.А нь 13-14 өрөөтэй караоке ажилуулахад мөнгө дутаад гээд зээлж авсан бөгөөд би 10,000,000 төгрөгийг 10 хоногийн хүү гэж 600,000 төгрөгийг үндсэн зээлээс суутган авч, Б.О, Б.Г нарын хажууд Л.Ат 9,400,000 төгрөг өгсөн. Л.А надад найз Б.Гийн хашаа байшингийн өмчлөх эрхийн гэрчилгээг барьцаанд өгсөн. Л.А надад Б.Г надад өртэй учир би хашааны бичгийг барьцаанд өгье гэсэн. Тэгэхээр нь би зээлийн гэрээ хийлгүй, амаар харилцан тохиролцоод мөнгө зээлсэн. Гэтэл 10 хоногийн хугацаа дууссаны дараа Л.А миний бие өвдлөө зээлийн хугацааг нэг сараар сунгая гээд надад мобайл банкаар 400,000 төгрөг Б.Оийн хажууд өгсөн. Би Л.Аээс зээлийн хүүнд мөнгө өгөхдөө 600,000 төгрөг 10 хоногийн 6 хувиар бодож авсан. Дараа нь 400,000 төгрөг, нийт 1.000.000 төгрөг авсан. Мөн Л.А нэхүүлж байж надад 3,000,000 төгрөг өгсөн. Л.Аээс нийт 4,000,000 төгрөг авсан. Ингээд үндсэн зээлийн үлдэгдэл болох 7,000,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Л.А шүүхэд гаргасан тайлбартаа: Л.А миний бие иргэн Б.Гээс мөнгөний авлага авах ёстой байгаад мөнгөө гуйхад одоогоор өгөх мөнгө байхгүй би зээл хөөцөлдөж байгаа тэгээд өгнө гэсээр байгаад өгч чадахгүй маш их удсан. Би удаа дараалан мөнгөө гуйгаад байхаар хүнд барьцаанд тавьж өгье гээд миний танил н.Оээс найз дүү гэх н.Нээс мөнгө зээлж хашаа байшингийн гэрчилгээ 1 ширхэг газрын гэрчилгээг 1 ширхэг барьцаалж 10,000,000 төгрөг 7 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэйгээр зээлдүүлнэ гэж хэлээд 2015 оны 11 сарын 24-нд 9,000,000 төгрөгийг зээлүүлж би авсан. Г тэгээд би төлнө гээд н.Гээс мөнгөө авлаа гэж бодсон. Нд одоо Гт хашаа байшингийн гэрчилгээ, газрын гэрчилгээ байсаар байхад нэхэмжлэлдээ дурдаагүй нь хачирхалтай санагдаж байна. Тэгээд анхнаасаа 10 хувийн хүү гэж аман хэлцэл 1,000,000 төгрөгөө суутгаж аваад 9,000,000 төгрөг өгсөн юм гэтэл нэхэмжлэлдээ сарын 6 хувийн хүүг өөрийн санаанаасаа зохиосон байгаа нь сонин байна. Би хэдийгээр тэр үед бизнес хийж байсан болохоор н.Оюунаагийн нэрийг бодоод мөнгө бага багаар өгч байсан. Гэтэл өгсөн мөнгийг маань дандаа хүүнд суутгаж аваад үндсэн мөнгөнөөс минь ерөөсөө хасаагүй тэгээд ч юмыг нь барьцаалсан н.Г рүү залгаж намайг дайрч доромжилж байсан. Би хэдийгээр н.Г гэдэг хүнээс мөнгө авсан нэртэй боловч сайхан сэтгэлт найзаа бодоод буцаагаад мөнгийг бизнес хийж байхдаа бага багаар өгсөн. Нэхэмжлэхдээ 4,000,000 төгрөг өгсөн байгаа боловч би 6,000,000 төгрөгийг өгсөн байгаа. Тэгээд дахиад н.Г гэдэг хүнээс авлага авахаар болж үлдлээ. Эд нар н.Г гэдэг хүнээсээ үлдсэн мөнгөө аваач гэхээр залгаагүй хэрнээ залгасан утсаа авахгүй байна гэдэг. Миний хувьд одоогоор юу ч хийгээгүй болохоор дахиж өгөх мөнгө байхгүй. Өөрсдийнх нь мөнгө мөнгө хүний өгсөн мөнгө мөнгө биш болдог юм уу. Иргэн н.Нийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь бодит байдалд нийцэхгүй үндэслэл муутай хууран мэхэлсэн байна гэжээ.
Хариуцагч Л.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Г надад мөнгө өгөх ёстой байсан бөгөөд Б.Г “Хас” банкнаас зээл авна гэж байсан. Би хороололд 13 өрөө бүхий караоке ажиллуулдаг байсан тул мөнгөний хэрэг гарсан. Тэр үед эдийн засгийн хямрал их байсан учир би мөнгө зээлэхээр болж Б.О надад Б.Нийг танилцуулсан. Тэгэхээр нь Б.Гт би хүнээс мөнгө зээлье гэсэн. Б.Н надад 10 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэй, 10,000,000 төгрөг зээлсэн. Б.Н надад 10 хувийн хүүг үндсэн зээлээс суутгаад 1,000,000 төгрөг хасч, 9.000.000 төгрөг өгсөн. Гэтэл Б.Н надаас 9,600,000 төгрөг гэж нэхэмжилж байна. Гэхдээ надад Б.Н мөнгө өгөхдөө бэлнээр 8,000,000 төгрөг өгсөн байсан бөгөөд өгсөн мөнгө чинь дутуу байна гэхэд Б.Н маргааш нь 1,000,000 төгрөг дансаар шилжүүлсэн. Б.Гийн зээл бүтэхээ байсан учир би хүнээс мөнгө зээлээд, хүү төлөөд явж байсан. Би Б.Нд 400,000 төгрөгийг мобайл банкаар, 600,000 төгрөгийг бэлнээр, 2016 оны 01 сарын 24-ний өдөр 1,000,000 төгрөгийг дансаар, 1,000,000 төгрөг, 3,000,000 төгрөгийг дансаар нийт 6,000,000 төгрөг өгсөн. Би Б.Нд мөнгө өгөх бүрдээ Б.Гт хэлдэг байсан. Учир нь би таниас болоод Б.Нд мөнгө төлж байна гэдгээ ойлгуулж байсан. Б.Н миний охин болон ээжийг дарамтлаад байхаар нь шүүхээр шийдүүлье гэсэн. Одоо үлдэгдэл 3,000,000 төгрөг төлөх ёстой гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч Л.Аээс 7,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Б.Н нь 2015 оны 11 сарын 24-ний өдөр хариуцагч Л.Ат 10,000,000 төгрөгийг 10 хоногийн 6 хувийн хүүтэй зээлэхээр тохирч, зээлийн хүү 6,000,000 төгрөгийг суутган авч, 9,400,000 төгрөг зээлсэн, зээлээс 3,400,000 төгрөг төлөгдсөн тул үлдэх 7,000,000 төгрөг гаргуулна гэснийг хариуцагч эс зөвшөөрч 10,000,000 төгрөгийг 10 хоногийн 10 хувийн хүүтэй зээлэхээр тохирч, зээлийн хүү 1,000,000 төгрөгийг суутган авсан, 9,000,000 төгрөг зээлдүүлсэн, зээлээс 6,000,000 төгрөг төлсөн тул үлдэх 3,000,000 төгрөг төлөх үндэслэлтэй гэж маргажээ.
Зохигч зээлийн хүү, зээлсэн мөнгөний үнийн дүнд маргаж байх боловч тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “...зохигч... нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасан.
Гэвч нэхэмжлэгч 9,400,000 төгрөг зээлдүүлсэн талаар, хариуцагч нь зээлийн төлбөрт 6,000,000 төгрөг төлсөн талаар хэн аль нь нотолж чадаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Ирний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 282 дугаар зүйлийн 282.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж тус тус заажээ.
Хариуцагч 9,000,000 төгрөгийг бодитоор авсан гэж тайлбарлаж байх тул нэхэмжлэгчид зээлийн төлбөрт 9,000,000 төгрөг шаардах эрх үүсчээ.
Харин талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн боловч зээлийн хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийнэ гэсэн хуулийн дээрх шаардлагыг хангаагүй байх тул нэхэмжлэгч нь 400,000 төгрөгийн хүү авах эрхээ алдана.
Хариуцагч 2015 оны 12 сарын 14-ний өдөр 400,000 төгрөг, 2016 оны 02 сарын 29-ний өдөр 3,000,000 төгрөг төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан Б.Нийн Хаан банкны Диспозит дансны дэлгэрнгүй хуулга, зохигчдын тайлбар зэргээр нотлогдож байна.
Шүүх хуралдаанд гэрч Б.Г, Б.О нар зээл өгч авах үед хамт байсан боловч хэдэн төгрөг өгч авалцсаныг гэрчилж чадахгүй байна. Учир нь Л.А 1,000,000 төгрөг дутуу авч, маргааш нь мэдсэн гэснийг нэхэмжлэгч үгүйсгээгүй нь гэрч нар зээлийн хүү 10 хувь, 6 хувь гэсэн өөр өөр мэдүүлэг өгсөн боловч бодитоор хэдэн төгрөг өгч авалцсаныг гэрчилж чадахгүй байна.
Иймд хариуцагч Л.Аээс 5,600,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,400,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болох үндэслэлтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-д заасныг баримтлан хариуцагч Л.Аээс 5,600,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,400,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Л.Аээс 104,550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Нд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АЗБАЯР