| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
| Хэргийн индекс | 182/2024/03904/И |
| Дугаар | 210/МА2025/01418 |
| Огноо | 2025-08-25 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 210/МА2025/01418
******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 191/ШШ2025/03180 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******-т холбогдох,
Хохиролд 20,751,215 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нар шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:
1.1. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2026/ч дугаартай шийдвэрээр *******-г 11 нас хүртэл Улаанбаатар хотын бүсэд тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл нь амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн *******-аар сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн.
1.2. ******* шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 7441/ч дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж болон 670 дугаар гүйцэтгэх хуудас бичигдсэн бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 439 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн.
1.3. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад ******* нь шийдвэрийг биелүүлэхгүй байсан тул төлбөр авагч *******-аас 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр, төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******-аас 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдрүүдэд тус тус төлбөр төлөгчийг Монгол Улсын хилээр гадаадад зорчих эрхийг хязгаарлаж, хилийн хориг тавиулах хүсэлтүүдийг удаа дараа гаргасан. Гэвч Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба нь тухайн хүсэлтүүдийг хэрхэн шийдвэрлэсэн талаар хариу өгөхгүйгээр мөн энэ хүсэлттэй холбогдуулж ******* д хилийн хориг тавиагүйн улмаас тэрээр 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Монгол Улсын хилээр гарч шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй болсон. Улмаар ******* нь 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 18 нас хүрснээр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 193-10-102 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон.
1.4. Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас хохиролд 20,751,215 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2026/Ч дугаартай шийдвэрээр ******* аас 1 хүүхдийн тэтгэлэг гаргуулж *******-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх гүйцэтгэх баримт бичигт 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, төлбөр төлөгч ******* ы эзэмшил, өмчлөлд эд хөрөнгө бүртгэлгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, банк дахь битүүмжлэгдсэн данс мөнгөн хөрөнгийн үлдэгдэлгүйгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа зохих үр дүнд хүрээгүй байна.
2.2. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч ******* ыг *******-д ажиллаж байгааг олж тогтоож, 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Цалин хөлс, бусад орлогоос суутгал хийх тухай мэдэгдлийг ажил олгогч байгууллагад хүргүүлж, суутгагдсан 478,135 төгрөгийг төлбөр авагч *******-д 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр олгожээ. Төлбөр төлөгч ******* нь 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Замын-Үүд авто замын боомтоор Монгол Улсын хилээр нэвтэрсэн нь Хил, хамгаалах ерөнхий газрын 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 7-2/4759 дугаар албан бичгээр, мөн өнөөдрийг хүртэлх хугацаанд орж ирээгүй болох нь 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Төрийн байгууллагын лавлагааны системээс авсан лавлагаагаар тус тус тогтоогдсон.
2.3. Тэжээн тэтгүүлэгч хүүхэд болох ******* нь 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 18 насанд хүрсэн тул Гэр бүлийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-д заалтыг тус тус үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон нь хуульд нийцжээ. Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт тэтгэлэг төлөгч тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн, цалин, хөлс, бусад орлогоо нуун дарагдуулсан нь тогтоогдсон бол шүүх тэжээн тэтгүүлэгч, бусад иргэн, холбогдох байгууллагын нэхэмжлэлийг үндэслэн төлөгдөөгүй тэтгэлгийг нөхөн төлүүлж болно, 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө гэж заасан. Иймд төлөгдөөгүй хугацааны хүүхдийн тэтгэлгийг шүүхэд хандан шийдвэрлүүлэх эрх нь нэхэмжлэгчид байна.
2.4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002/-ийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт зааснаар төлбөр авагч ******* нь тэтгэлэг төлөгчийн гадаад зорчих эрхийг түдгэлзүүлэх талаарх гомдлыг гаргаагүй, хүсэлт хэлбэрээр шийдвэр гүйцэтгэгчид хандаж, гомдлыг шийдвэрлүүлэх хугацааг хэтрүүлсэн. Мөн гомдлыг урьдчилан шийдвэрлүүлэх хуулиар олгосон хугацааг хэтрүүлсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч *******-т холбогдуулан хохиролд 20,751,215 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* , ******* нарыг улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 261,706 төгрөг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нөхцөл байдлыг бодитоор үнэлээгүйгээс шалтгаалан шүүхийн
шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.
Нэхэмжлэгч *******-аас 2014 онд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч
******* 2015 онд шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагааны
хүрээнд төлбөр төлөгч ******* ы хилээр гарах эрхийг хязгаарлуулахаар удаа
дараа хүсэлт гаргасан боловч тухайн үед хариуцсан шийдвэр гүйцэтгэгч нь
хүсэлтийг шийдвэрлэхгүй орхигдуулснаас төлбөр төлөгч шүүхийн шийдвэр биелүүлэх
үүргээс зайлсхийж Монгол Улсын хилээр гадагшаа явсан.
Төлбөр авагч талаас хилийн хориг тавиулах хүсэлтийг удаа дараа гаргасан байхад шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар удирдах албан тушаалтанд танилцуулж, шийдвэрлээгүй орхигдуулсан нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт зааснаар төрийн албан хаагчийн үүргээ зөрчсөн буруутай эс үйлдэхүй байхад анхан шатны шүүхээс анхаараагүй.
Түүнчлэн, анхан шатны шүүх ******* ыг 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр
Монгол Улсын хилээр гарснаас хойш хийгдсэн эрэн сурвалжлах ажиллагаа, хилийн хориг
тавьсан үйлдлийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан мэтээр шийдвэрийн
үндэслэл болгож мөн талуудын хооронд үүссэн маргааныг Гэр бүлийн тухай
хуулийн холбогдох заалтад нийцүүлэн тайлбарлах замаар нэхэмжлэлийг
хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
5.1. Анхан шатны шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 02026 дугаар шийдвэрээр ******* аас 1 хүүхдийн тэтгэлэг гаргуулж *******-д олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичигт ажиллагаа явуулж байх хугацаанд төлбөр авагчаас 2014, 2015 онд тус тус төлбөр төлөгчийг гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай хүсэлтүүдийг гаргасан. 2014 онд гаргасан хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байсан.
2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйл болон 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт шийдвэр гүйцэтгэгчийн бүрэн эрхийг тус тус заасан, эдгээр зохицуулалтуудад шийдвэр гүйцэтгэгчид төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг хязгаарлах эрх олгогдоогүй байсан. Харин 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг хязгаарлах тухай ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид танилцуулдаг нэмэлт өөрчлөлт орсон. Нэхэмжлэгч ******* төлбөр төлөгч ******* ы гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гаргасан. Энэ хугацаанд шийдвэр гүйцэтгэгч хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байсан талаар баримтууд хувийн хэрэгт авагдсан.
2015 онд гаргасан хүсэлт нь шийдвэрлэгдэхгүй байгаа талаар ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдлоо гарган шийдвэрлүүлэх боломжтой байсан. Хэрэв ахлах шийдвэр гүйцэтгэгч шийдвэрлэхгүй байвал ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдлоо гарган шийдвэрлүүлэх боломжтой байсан ч нэхэмжлэгч ямар нэгэн байдлаар гомдол гаргаагүй. Гомдол гаргах эрхтэй байхад хуулийн хугацаанд гомдол гаргаагүй учраас нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* , ******* нар нь хариуцагч *******-т холбогдуулан гэм хорын хохиролд 20,751,215 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:
3.1. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2026/ч дугаар шийдвэрээр 2005 оны 07 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү ******* г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны баталгааны доод түвшингийн 50 хувиар, 16 /суралцаж байгаа бол 18 нас/ насанд хүртэл нь амжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг *******-аар сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.
3.2. Дээрх шүүхийн шийдвэрийг ******* сайн дураар биелүүлээгүйгээс Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 7441/ч дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж болон мөн өдрийн 670 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдөр үүсгэжээ.
3.3. Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны данснаас 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******-ын эзэмшлийн, Капитал банк ХХК-ийн ******* тоот дансанд 478,135 төгрөгийг хүүхдийн тэтгэлэг гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн.
3.4. Төлбөр төлөгч ******* нь 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Монгол Улсын хилээр гарсан.
3.5. Банкны төлбөр барагдуулах газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 193-10-102 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон.
4. Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ төлбөр авагч ******* , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар төлбөр төлөгч ******* ы Монгол Улсын хилээр гадаадад зорчих эрхийг хязгаарлаж, хилийн хориг тавиулах хүсэлтүүдийг удаа дараа гаргасан боловч Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба хүсэлтүүдийг хэрхэн шийдвэрлэсэн талаар хариу өгөөгүй, хилийн хориг тавиагүйн улмаас ******* 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Монгол Улсын хилээр гарч шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй болсон гэж тодорхойлж, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасныг үндэслэсэн.
Энэ тохиолдолд хариуцагч байгууллагын албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/ гаргасан, тухайн үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас нэхэмжлэгчид гэм хор учирсан болох нь тогтоогдсон байх шаардлагатай.
4.1. Төлбөр авагч *******-аас 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд төлбөр төлөгч ******* ыг Монгол Улсын хилээр гадагш зорчих эрхийг хааж хилийн хориг тавиулах хүсэлт гаргажээ.
4.2. Тухайн цаг хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд шийдвэр гүйцэтгэгчээс явуулах үйл ажиллагааг, мөн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт шийдвэр гүйцэтгэгчийн бүрэн эрхийг тус тус хуульчилсан байх ба тухайн зохицуулалтаар төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх эрх шийдвэр гүйцэтгэгчид олгогдоогүй байжээ. Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэж, хуулийг зөв тайлбарласан хэрэглэсэн байна.
4.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсон ба тус хуулийн 133 дугаар зүйлийн 133.4.4-т зааснаар Улсын ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэгчийн саналыг үндэслэн төлбөр төлөгч иргэн, хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагын гадаадад зорчих, цагаачлах эрхийг түдгэлзүүлэх бүрэн эрхийг хэрэгжүүлэх болжээ.
4.4. Төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******-аас 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд төлбөр төлөгч ******* ыг Монгол Улсын хилээр гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх агуулга бүхий хүсэлтийг дахин гаргасан.
4.5. Шийдвэр гүйцэтгэгч нь дээрх хуулийн зохицуулалтын дагуу төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх талаарх саналыг Улсын ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гаргаагүй байх боловч төлбөр авагч ******* нь уг асуудлаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт зааснаар ахлах шийдвэр гүйцэтгэгч болон шүүхэд, мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.2, 133.4.2, 133.6 дахь хэсэгт тус тус зааснаар холбогдох алба, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ерөнхий газрын даргад шат дараалан гомдол гаргах эрхээ хэрэгжүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл, хуульд зааснаар тухайн арга хэмжээг зөвхөн Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч авах бүрэн эрхтэй байгаа нөхцөлд төлбөр авагчаас гомдол гаргах эрхээ хэрэгжүүлээгүй нь учир дутагдалтай байна.
4.6. Үүний зэрэгцээ төлбөр төлөгч ******* нь *******-д ажилладаг болох нь тогтоогдож түүний цалин хөлснөөс 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 478,135 төгрөг шүүхийн шийдвэрт суутгагдан төлөгдсөн байх ба уг төлбөр төлөгдсөнөөс хойш төлбөр авагчаас дахин хүсэлт гаргаагүй байна.
Түүнчлэн хариуцагч нь төлбөр төлөгч ******* ы эзэмшил, өмчлөлд эд хөрөнгө бүртгэлгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, банкин дахь битүүмжлэгдсэн данс мөнгөн хөрөнгийн үлдэгдэлгүйгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа зохих үр дүнд хүрээгүй гэж тайлбарласан ба эдгээр ажиллагааг төлбөр авагч талаас хүлээн зөвшөөрөхгүй гомдол гаргаж байсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй.
4.7. Дээр дурдсаныг нэгтгэн дүгнэхэд, төлбөр төлөгч ******* 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Монгол Улсын хилээр гарсан явдал нь Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны шийдвэр гүйцэтгэгчээс төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх санал гаргаагүй эс үйлдэхүйтэй шууд холбоотой гэж дүгнэхээргүй байна.
5. Иймд анхан шатны шүүх хариуцагч *******-т холбогдох гэм хорын хохиролд 20,751,215 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасанд нийцжээ.
Харин Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсгийн зохицуулалт шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хамаарахгүй байхад хариуцагчийн татгалзалтай холбогдуулан шүүх тайлбарласан нь буруу боловч энэ нь шүүхийн шийдэлд нөлөөлөхгүй.
6. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй, иргэдийн төлөөлөгчийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах тухай зохигчийн хүсэлтийг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт заасантай нийцжээ.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 191/ШШ2025/03180 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
Д.ЦОГТСАЙХАН