Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2025/01417

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 192/ШШ2025/05558 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй,

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: ******* нь 2006 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 2009 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл ******* компанид ажилласан. Тухайн үед ******* ХХК нийгмийн даатгал төлж байгаад тасалдуулсан байна. Тэтгэвэр тогтоолгох гэхэд өмнө ажиллаж байсан хүний нөөц дэвтэрт бичилт хийгээгүйн улмаас миний нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй хугацаагаар миний эрх ашиг хөндөгдөж байна. 2006-2009 онд ******* ХХК-д жолоочоор ажиллаж байсан. Иймд намайг 2006 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 2009 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* ийг 2006 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2007 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл *******-т жолоочоор ажилласан, мөн 2008 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2009 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд ******* ХХК-д жолоочоор ажилласан болохыг тус тус тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би ******* ХХК-д 2006 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 2006 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байгаад түр гараад 2007 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 2008 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилласан. Энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй учраас тэтгэврээ тогтоолгож чадахгүй хохиролтой байна. Мөн нийгмийн даатгалын дэвтэрт засвар хийсэн ажилтны буруутай үйлдлээс болж хохирч байна. Иймд миний хүсэлтийг харгалзан үзэж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав.

2. Нэхэмжлэгч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулахгүйгээр нэхэмжлэгчийг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлт гаргасан гэж дүгнэж хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй байна.

4. Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлдээ 2006 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 2009 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд ******* компанид ажилласан. Тухайн үед ******* ХХК нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаад тасалдуулсан байна. Иймд миний эрх ашиг хөндөгдөж байгаа тул энэ хугацаанд ******* ХХК-д жолоочоор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ. /хх-1, 39/

4.1. Хэрэгт *******-ийн цалин хөлснөөс ******* компани 2006 оны 12 дугаар сараас 2007 оны 04 дүгээр сар дуустал, ******* ХХК 2008 оны 07 дугаар сараас 2009 оны 02 дугаар сарыг дуустал хугацаанд тус тус нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаархи тодорхойлолт авагдсан ба нэхэмжлэгчийн уг хугацаанд ажилласан байдлыг ямар үндэслэлээр шүүх тогтоох зайлшгүй шаардлагатай нь тодорхойгүй байна. /хх-15, 38/

4.2. Түүнчлэн, нэхэмжлэгч нь 2007-2008 онд *******, ******* ХХК-аас нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй тасалдуулсан буюу ажил олгогч байгууллагын хууль бус үйлдэл, эс үйлдэхүй гэж үзэж байгаа бол энэ нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах эсэхийг мөн тодруулах шаардлагатай.

4.3. Үүнээс гадна нэхэмжлэлд тэтгэвэр тогтоолгох гэхэд хүний нөөц нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийгээгүйгээс миний эрх ашиг хөндөгдөж байна гэж дурдсан байх ба холбогдох тушаал, шийдвэрийг одоо гаргуулан авах боломжгүй ямар нөхцөл, шалтгаан байгаа талаар тусгаагүй, энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

4.4. Дээрх асуудлуудыг тодруулснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх, эсхүл ажил олгогч байгууллагад холбогдуулан нэхэмжлэл гарган ердийн журмаар шийдвэрлэх, өөрөөр хэлбэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ямар журмыг баримтлахыг шүүх дүгнэх шаардлагатай байна.

5. Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 192/ШШ2025/05558 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

Д.ЦОГТСАЙХАН