Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 2019/ШЦТ/246

 

 

 

 

 

 

 

 

     2019            08              23                                                  2019/ШЦТ/246

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор И.Мөнхцэцэг,

Шүүгдэгч, хохирогч М.А, Н.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Н.Т, М.А нарт холбогдох эрүүгийн 1934005720307 дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Н.Т, 1979 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, , улсаас авсан гавьяа шагнал, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, үүнд:

1.Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 159 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн,

2.Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 394 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай,  регистрийн дугаартай.

 

Монгол  улсын иргэн, М.А, 1978 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Баянхонгор аймагт  төрсөн, 41 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, уул уурхайн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Т, М.А нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч Н.Тын өгсөн: “...Би 2019 оны 7 дугаар сарын 13-ны орой эгч Уранчимэг хүргэн ах М.А нарын хамт Төв аймгийн Сэргэлэн сумын Номт гэх газар байдаг эцэг, эхийндээ ирсэн. Тэгээд хонь хорхоглож идээд амарцгаасан. Тэр үед мөн манай хамгийн бага дүү Адъяаням ирсэн. Тэгээд маргааш нь буюу 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдөр эгч Уранчимэг, дүү Адъяаням нар Улаанбаатар хот руу яваад өгсөн. Хойд аав Хурц, ээж Нарангэрэл, хүргэн ах М.А, дүү Төмөрхуяг бид нар үлдсэн. Тэгээд 14-ний орой төвөөс 1 шил архи худалдаж аваад М.А бид хоёр М.Аын машинд архиа хувааж уусан. Тэгээд бид хоёр бага зэрэг согтоод манай эгч Уранчимэгийн талаар М.А намайг орхиод хот руу явсан ямар хөгийн юм бэ гэхээр нь би эгчийгээ өмөөрөөд та өглөө яв гэж хэлсэн тийм л маргаан болсон. Тэгээд дүү Төмөрхуяг машины гадаа зогсож байгаад та хоёр битгий маргалдаад бай би гэр лүү орж унтлаа гээд байж байтал М.А би машиндаа унтана гээд машинаа асаагаад хөдөлсөн. Тэгэхдээ Төмөрхуягийг шүргэх шиг болсон. Би шууд машинаас үсэрч буугаад дүү Төмөрхуягийг татаад босгосон тэр үед М.А машинтайгаа гэрийн урдхан талд хонины хашааны хажууд машинтайгаа  зогссон би араас нь очоод М.Аын машины хаалгыг  онгойлгоод хүүхэд дайраад алах шахлаа шүү дээ пизда минь гэхэд миний хамар луу М.А гараараа цохиж хамраас цус гаргасан. Тэгээд бид хоёр заамдалцаад авсан араас ээж ирээд бид хоёрыг салгаж дийлэхгүй хойд аав Хурцыг дуудсан. Хойд аав Хурц гадаа харанхуй байсан болохоор гартаа гар чийдэн бариад болиоч гэж ирээд  бид хоёрыг салгах гэж оролдсон. Тэгэхээр нь би нэг гараараа аавын гарт нь байсан гар чийдэнг булааж аваад М.Аын толгой руу хоёр удаа цохисон. Тэгээд бид хоёр салсан М.Аыг согтуу машин жолоодоод явж магадгүй гэж бодоод хойд аав Хурц М.Аын машины түлхүүрийг булааж авсан. Тэгээд дахиж зодолдоогүй ээж Нарангэрэл сандарсандаа цагдаа дуудсан байсан гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч М.Аын өгсөн: Би 2019 оны 7 дугаар сарын 13-ны орой эхнэр Уранчимэгийн хамт Улаанбаатар хотоос Төв аймагт хадам эцэг, эхийндээ ирсэн. Тэгээд маргааш өдөр нь хорхог хийж идчихээд орой нь манай эхнэр Уранчимэг Улаанбаатар хот руу буцаад явсан би үлдсэн. Тэгээд орой хадам дүү Н.Т бид хоёр миний машин дотор 1 шил архи хувааж уусан. Тэгээд архи уусан халамцуудаа Н.Т бид хоёр маргаан үүсгэсэн. Уг маргаанд би эхнэр Уранчимэгийг намайг орхиод явчихлаа гэж халамцуудаа тунирхаад Н.Тт хэлсэн юм. Тэгтэл Н.Т эгчийгээ өмөөрөөд надтай маргалдсан. Тэгээд би машинаа гэрийн урд талд хонины хашааны ойролцоо байрлуулж унтах гээд асаагаад хөдөлтөл Төмөрхуяг машинд хальт шүргүүлсэн юм шиг байна лээ. Тухайн үед би Төмөрхуягийг машины хажууд зогсож байсныг анзаараагүй. Тэгтэл Н.Т машинаас үсрээд буусан. Би машиндаа унтлаа гэж хэлээд машинаа гэрийн баруун урд талд байрлуулаад машиндаа унтах гээд хэвтэж байтал гэнэт Н.Т ирээд чи хүн дайрч алах шахлаа гээд миний машины хаалгыг онгойлгосон. Тэгэхээр нь би Н.Тыг нүүрэн тус газар нь хоёр удаа цохисон. Тэгээд Н.Т бид хоёр заамдалцаад авсан. Тэгтэл хадам аав ээж хоёр салгах гээд хүрээд иртэл Н.Т хадам аавын гарт байсан гар чийдэнг булааж аваад миний толгой руу хоёр удаа цохисон. Тэгээд бид хоёр заамдалцахаа больж салцгаасан гэх мэдүүлэг,

 

Хохирогч Н.Тын өгсөн: Бид хоёр архи хувааж уугаад шалихгүй зүйлээс болж архины халуундаа хоорондоо маргалдаж өөрсдөөсөө болж хэрүүл  маргаан зодоон үүсгэсэн. Надад гомол санал нэхэмжлэх зүйл огт байхгүй. Надад М.Ат гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Бид хоёр маргааш өглөө нь архи гараад эрүүл болоод эвлэрсэн байгаа гэх мэдүүлэг,

 

Хохирогч М.Аын өгсөн: ...Н.Т ирээд чи хүн дайрч алах шахлаа гээд миний машины хаалгыг онгойлгосон. Тэгэхээр нь би Н.Тыг нүүрэн тус газар нь хоёр удаа цохисон. ...салгах гээд ирсэн хадам аавын гарт байсан гар чидэнг Н.Т булааж аваад миний толгой руу хоёр удаа цохисон. Тэгээд бид хоёр салцгаасан. Анх маргаан үүсэхэд хажууд Төмөрхуяг байсан. Сүүлд зодоон болж Н.Т миний толгой руу гар чийдэнгээр цохих үед хадам аав ээж хоёр хажууд байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл огт байхгүй архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд Н.Т бид хоёр хоорондоо шалихгүй зүйлээс болж маргалдаж зодолдсон нь үнэн гэх мэдүүлэг,

 

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

 

Гэрч Н.Адъяанямын өгсөн: 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдөр 14 цагийн орчим Төв аймгийн нутаг Номтын ам гэх газар байх ээжийндээ эхнэр хүүхдийнхээ хамт очсон. Тэгээд Улаанбаатар хот руу явсан. Тэгтэл араас ах Төмөрхуяг утсаар залгаад ахыг нь М.А машинаараа дайрчихлаа ах нь хөлгүй болох юм шиг байна малдаа яаж явах юм бэ гэж уйлаад байсан. Тэгэхээр нь буцаад яваад иртэл М.А ах байхгүй болчихсон ээж айгаад уулын энгэрт сууж байсан гэрт хүн байхгүй байсан. Төмөрхуяг ах эмнэлэг рүү явчихсан байсан. Миний хувьд юу болсон талаар мэдэхгүй байна. Намайг явахад ээж Нарангэрэл хойд эцэг Хурц хоёр гэрт үлдсэн. М.А машинаа бариад Төмөрхуяг ах болон Н.Т ах архинд явчихсан байсан намайг явах үед эргээд гэр лүү явж байсан. Намайг явах үед ямар нэгэн хэрүүл маргаан гараагүй гэх мэдүүлэг /хх 13/,

 

      Гэрч Ц.Нарангэрэлийн өгсөн: ...Би Төв аймгийн Сэргэлэн сумын Номтын ам гэх газар нөхөр, хүүгийнхээ хамт амьдардаг. 2019 оны 7 дугаар сарын 13-ны өдөр манай охин Уранчимэг, хүргэн М.А, хүү Н.Т, бага хүү Адъяаням нар ирээд хонь хорхоглож идсэн. Тэгээд маргааш орой нь Улаанбаатар хот руу охин Уранчимэг, бага хүү Адъяаням хоёр яваад өгсөн. Н.Т, М.А хоёр үлдсэн юм. Тэгээд өвгөн бид хоёр гэртээ байж байтал гадаа М.Аын  машинд Н.Т тэр хоёр архи уугаад байх шиг байсан. Сүүлдээ дуу чимээ нь чангараад эхлэхээр нь би гэрээс гараад хартал М.Аын машин хөдлөөд Төмөрхуягийг хальтхан шүргэсэн би хүүе юу болж байна гэхэд Н.Т машинаас явж байхад нь үсрээд буучихсан. Тэгээд Төмөрхуяг гэр лүү ороод унтахаар хэвтсэн. М.Аын машин гэрийн урдхан талд зогссон. Би араас нь очтол Н.Т Хурцыг дуудаад бид хоёр хамт очиж салгах гээд дийлэхгүй байсан. Тэгтэл Н.Т нөхөр Хурцын гарт нь  байсан гэр чийдэнг нэг гараараа булааж аваад М.Аын толгой руу цохисон. Тэгээд тэр хоёр салцгаасан. Н.Т, М.А хоёр хүргэн ах дүүс байж архи хувааж ууж хоорондоо зодолдож, хэрүүл маргаан үүсгэсэн нь хоёулангийнх нь буруу би зэмлээд л байгаа. Би энэ хоёрын хэнийх нь талд ч орохгүй. Болсон зүйл бол үнэн энэ хоёр хоёулаа өөрсдөөсөө л болж хэрүүл маргаан зодоон үүсгэсэн. Би тухайн үедээ айсандаа цагдаад дуудлага өгсөн юм. Зодоон болсны дараа цагдаа ирээд эд нарыг аваад явсан. Би гэртээ ганцаараа үлдсэн. Тэгээд айгаад гар чийдэнг аваад хажуугийн гол дээр ганцаараа суусан тэгээд гар чийдэнгээ хаячихсан юм шиг байна лээ. Маргааш өглөө нь гар чийдэнг хайгаад олоогүй хаана хаясанаа мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх 14/,

 

      Гэрч Н.Төмөрхуягийн өгсөн: Би Төв аймгийн Сэргэлэн сумын Номтын ам гэх газар аав ээжийнхээ хамт амьдардаг. 2019 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотоос манай эгч Уранчимэг, хүргэн ах М.А, төрсөн ах Н.Т нар ирээд манайд хонины хорхог хийж идсэн. Тэгээд маргааш орой нь манай эгч Уранчимэг, дүү Адъяаням нар Улаанбаатар хот руу буцаад явсан. Тэгээд аймгийн төвөөс 1 шил архи Н.Т ах бид хоёр худалдаж аваад гэртээ очоод М.А ахын машин дотор Н.Т, М.А ах хоёр хувааж уусан. Ууж байхдаа надад нэг хундага архи өгсөн би уугаагүй уруулаа хүргээд буцаагаад өгсөн. Тэгсэн машины гадаа зогсож байтал Н.Т, М.А хоёр машин дотор муудалцаад байх шиг байсан юунаас болж муудсан талаар би огт мэдэхгүй. Тэгээд М.А ах машинтайгаа гэрийн урдхан талд зогсоод би машиндаа унтлаа гэж байсан. Би ч гэр лүү ороод унтаад өгсөн. Би зодолдож байхад  нь хажууд нь байгаагүй гэх мэдүүлэг /хх 15/,

 

      Гэрч Н.Уранчимэгийн өгсөн: М.А бол манай нөхөр байгаа юм. Манай нөхөр тогтсон ажил байхгүй. Хувиараа хүргэлтийн машин барьдаг. Н.Т миний төрсөн дүү тогтсон ажил төрөл байхгүй. Төв аймгийн Зуунмод суманд оршин суудаг. 2019 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотоос нөхөр М.А бид хоёр болон дүү Н.Т,  Адъяаням бид дөрөв Төв аймгийн Сэргэлэн суманд байдаг эцэг, эхийндээ ирсэн. Тэгээд хонь хорхоглож идээд хоносон. Маргааш нь 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдөр ажилтай байсан болохоор Улаанбаатар хот руу явсан. Хойд аав Хурц, ээж Нарангэрэл, нөхөр М.А, дүү Н.Т, Төмөрхуяг нар үлдсэн. Тэгээд намайг хот руу явсан хойгуур 14-15-нд шилжих шөнө М.А, Н.Т хоёр хоорондоо архи хувааж уугаад зодолдоод цагдаад баригдсан гэж сонсоод би 2019 оны 7 дугаар сарын 15-ны өглөө үүрээр Төв аймагт буцаж ирсэн. Н.Т, М.А хоёр  архи хувааж уугаад хоорондоо зодолдсон гэж байсан. Тэгээд манай ээж настай хүн болохоор айсандаа цагдаад дуудлага өгсөн байсан. Дүү Н.Т бага зэрэг архи уудаг ер нь жаахан архи уух гээд байдаг. Манай нөхөр М.А бол архи дарс уугаад байдаггүй. Өмнө нь огт хэрэлдэж зодолдож байгаагүй гэх мэдүүлэг /хх 17/,

 

Гэрч Н.Хурцын өгсөн: Би гэртээ унтаж байтал шөнө 23 цагийн үед байх манай эхнэр Нарангэрэл намайг дуудаад цаадуул чинь хоорондоо зодолдоод байна чи гарч салгаач, би дийлэхгүй байна гэсэн. Тэгээд би гадаа харанхуй байсан болохоор гартаа гар чийдэн бариад  очтол хүргэн М.А хүү Н.Т нар хоорондоо машиныхаа хажууд нэг нэгнийгээ заамдчихсан зогсож байсан. Н.Тын хамарнаас цус гарчихсан байдалтай байсан. Тэгээд дундуур нь орж салгах гээд ноцолдож байтал Н.Т миний гарт байсан гар чийдэнг булааж аваад М.Аын толгой руу хоёр удаа цохисон. Тэгээд М.А газар унаад босч ирсэн. Тэгээд тэр хоёр салцгаасан. Тэгтэл манай эхнэр Нарангэрэл айж сандарсандаа цагдаа дуудсан байсан. Гар чийдэнг манай эхнэр Нарангэрэл хаана хаяснаа мэдэхгүй байгаа. Манай эхнэр тал цус харвасан, бага зэрэг уймраа барьсан тавьснаа сайн мэдэхгүй байдаг. Харанхуй шөнө 23 цагийн үед болсон. М.А, Н.Т хоёр архи уусан шалтгаанаар хоорондоо л маргалдаж зодолдсон юм шиг байна лээ. Би юунаас болж маргалдсаныг мэдэхгүй гэх мэдүүлэг /хх 18/,

 

      Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн №488 дугаартай дүгнэлт: “1.Н.Тын биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн нүдний зовхи, өгзөгний зүүн талд зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх /хх 24/,

 

   Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн №486 дугаартай дүгнэлт: “1.М.Аын биед толгой, баруун хөмсөг, хүзүү, зүүн дал, баруун гарын сарвуунд зулгаралт, толгой баруун хөмсөгт зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх /хх 27/,

 

   Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 45, 46/, шүүгдэгч Н.Тын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 47/, шийтгэх тогтоолын хуулбар /хх 48-54/, шүүгдэгч М.Аын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 55/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 57/ зэрэг хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд болно.

 

  Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:   

 

Шүүгдэгч Н.Т, М.А нар нь 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын  нутаг Номт гэх газар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар харилцан зодолдож шүүгдэгч М.А нь Н.Тын эрүүл мэндэд нь "зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн нүдний зовхи, өгзөгний зүүн талд зөөлөн эдийн няцралт" бүхий хөнгөн хохирол, шүүгдэгч Н.Т нь М.Аын эрүүл мэндэд “толгой, баруун хөмсөг, хүзүү, зүүн дал, баруун гарын сарвуунд зулгаралт, толгой баруун хөмсөгт зөөлөн эдийн няцралт” бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь:

 Хохирогч Н.Тын өгсөн: "...М.Аын машины хаалгыг онгойлгоод хүүхэд дайраад алах шахлаа шүү дээ пизда минь гэхэд миний хамар луу М.А гараараа цохиж хамраас цус гаргасан. ... би нэг гараараа аавын гарт нь байсан гар чийдэнг булааж аваад М.Аын толгой руу хоёр удаа цохисон" гэх мэдүүлэг /хх 06-07/, Хохирогч М.Аын өгсөн: "...Н.Т ирээд чи хүн дайрч алах шахлаа гээд миний машины хаалгыг онгойлгосон. Тэгэхээр нь би Н.Тыг нүүрэн тус газар нь хоёр удаа цохисон. Тэгтэл Н.Т намайг заамдаад авсан ...Сүүлд зодоон болж Н.Т миний толгой руу гар чийдэнгээр цохих үед хадам аав, ээж хоёр хажууд байсан." гэх мэдүүлэг /хх 09-10/, Гэрч Ц.Нарангэрэлийн өгсөн: “...нөхөр Хурцыг дуудаад бид хоёр хамт очиж салгах гээд дийлэхгүй нөхөр байсан. Тэгтэл Н.Т нөхөр Хурцын гарт нь байсан гэр чийдэнг нэг гараараа булааж аваад М.Аын толгой руу цохисон. Тэгээд тэр хоёр салцгаасан хэдэн удаа толгой руу цохисныг би мэдэхгүй байна..” гэх мэдүүлэг /хх 14/, Гэрч Н.Уранчимэгийн өгсөн: "намайг хот руу явсан хойгуур 14-15-нд шилжих шөнө М.А, Н.Т хоёр хоорондоо архи хувааж уугаад зодолдоод цагдаад баригдсан гэж сонсоод би 2019 оны 7 дугаар сарын 15-ны өглөө үүрээр Төв аймагт буцаж ирсэн." гэх мэдүүлэг /хх 17/, Гэрч Н.Хурцын өгсөн: "...хүргэн М.А, хүү Н.Т нар хоорондоо машиныхаа хажууд нэг нэгнийгээ заамдчихсан зогсож байсан. Н.Тын хамарнаас цус гарсан байдалтай байсан. Тэгээд дундуур нь орж салгах гээд ноцолдож байтал Н.Т миний гарт байсан гар чийдэнг булааж аваад М.Аын толгой руу хоёр удаа цохисон. Тэгээд М.А газар унаад босож ирсэн. Тэгээд тэр хоёр салцгаасан. Тэгтэл манай эхнэр Нарангэрэл айж сандарсандаа цагдаа дуудсан байсан." гэх мэдүүлэг /хх 18/, Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн №488 дугаартай дүгнэлт /хх 24/, Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн №486 дугаартай дүгнэлт /хх 27/ зэргээр нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

Шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч М.А, Н.Т нарын дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй. Шүүгдэгчийг өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй, түүнийг хүсэж үйлдээгүй байна гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүгдэгчид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй, нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн нотолсон, улсын яллагчийн шүүгдэгчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл хэсэг нь хэргийн бодит байдалтай тохирсон гэж дүгнэв.

 

Иймд шүүгдэгч М.А, Н.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч Н.Тын гаргасан “Н.Т миний бие нь М.Атай муудалцаж цагдаагийн газар шалгуулж байгаа учир М.Ат гомдол санал байхгүй. Миний энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү" гэх хүсэлт /хх 67/,

Хохирогч М.Аын гаргасан “Мөнхцэцэг овогтой М.А би 1934005720307 дугаартай хэрэгт холбогдож шалгагдаж байгаа билээ. Би үйлдсэн гэмт хэрэг гэм буруугаа хүлээн зөвшөөрч хор хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар түргэн шуурхай шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэх хүсэлт /хх 69/-ээр шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж М.А, Н.Т нарт ял оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасныг баримталсан байна.

 

Шүүгдэгч М.А, Н.Т нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэдний гэм бурууд тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5-т заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т "Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно." гэж заасан бөгөөд шүүгдэгч нарын хүсэлтийг харгалзан 450 000 төгрөгийн торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 150 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Шүүгдэгч М.А, Н.Т нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

 

Эрүүгийн 1934005720307 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Н.Т., М.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Шүүгдэгч М.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/  төгрөгөөр торгох,

 Шүүгдэгч Н.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/  төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч М.А, Н.Т нарт тус бүр оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 150 000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч М.А, Н.Т нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5.Эрүүгийн 1934005720307 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.А, Н.Т нар нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

7.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.А, Н.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ