| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 176/2019/0245/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/245 |
| Огноо | 2019-08-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | И.Мөнхцэцэг |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 2019/ШЦТ/245
2019 08 23 2019/ШЦТ/245
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор И.Мөнхцэцэг,
Шүүгдэгч Л.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Л.Цд холбогдох эрүүгийн 1934003580281 дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Л.Ц, 1982 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, мал малладаг, ам бүл ганцаараа маллан нутаглах, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Л.Цын өгсөн: Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Тахилт гэх газар 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хонио хариулаад явж байтал 15 цагийн үед манай гэрээс 200-300 метрийн зайтай газар хүмүүс малын хашаа зоогоод зогсож байхаар нь би очоод “сайн байна уу” гэж мэндлээд танайх энд буугаад хэрэггүй, өглөө оройдоо мал нийлээд дийлдэхгүй, тэгээд ч манайх нялх төл ихтэй байгаа хэн хэндээ асуудалтай гэж хэлсэн чинь Д.Б над руу салаавч гаргаад танайх энэ газрыг өмчлөөд авчихсан юм уу гэж хэлээд намайг мотоцикл дээрээс унатал цохисон. Тэгсэн хамт хашаа засаж байсан настай эрэгтэй цаанаас хүрээд ирэхээр нь би явлаа гээд хөдлөх гэхэд миний мотоциклийн түлхүүрийг булааж авчхаад өгөхгүй байсан. Тэр үед манай гэрт ирсэн байсан Болдбаатар машинтайгаа ирээд машинаасаа бууж ирээд салгахаар нь би уурандаа Д.Б гараараа нүүр лүү нь цохиод, барьж явсан шилбүүрээр хэдэн удаа цохичихоод би гэр лүүгээ харьсан. Тэгээд 10 гаруй хоног чимээгүй байж байтал сумын хэсгийн төлөөлөгч утсаар залгаад дуудаж хэргийн талаар хэлсэн. Бид хоёрын хооронд ямар нэгэн өс хонзон өр авлагын асуудал байгаагүй. Би тэр залуутай хэрэг болдог өдөр анх таарсан юм. Би Д.Б биед гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Намайг цохисоны дараа би уурлаад Д.Б цохисон. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би нүүр лүү нь хоёр удаа гартаа барьж байсан шилбүүрээр 5-6 удаа нуруу хэсэг рүү нь цохисон. Би эмчилгээний зардал гэж 1 000 000 төгрөгийг бэлнээр төлсөн гэх мэдүүлэг,
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Хохирогч Д.Д.Б өгсөн: Манайх Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул 4-р багийн нутаг Эрдэнэ толгой гэх газар малтай өвөлжөөд 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр нүүх гээд Тахилт гэх газар хашаа хороогоо барих гээд байж байсан чинь нутгийн залуу Цэдээ хүрч ирээд чи малын бэлчээр таглаж буугаад гэсэн. Тэгэхээр нь би өөдөөс нь чамд энэ газрыг өмчлөөд өгсөн юм биш чамд өмчлөөд өгсөн бол би буухгүй байж болно гээд бид хоёр маргалдсан. Цэдээ намайг барьж аваад цохиж зодоод мөн приүс машинтай ирсэн залуу мөн элбээд намайг цохиж зодсон би арай гэж зугтааж салсан. Цэдээ намайг учиргүй барьж байсан шилбүүрээр цохиж зодоод, барьж аваад гараараа толгойн тус газар цохиж би газар унасан. Тухайн үед Цэдээ архи согтууруулах ундаа уугаагүй эрүүл байсан. Би архи уусан байсан ч үйл явдлыг мэдэх чадвартай байсан. Одоо миний баруун нүд ухархай цөмөрсөн, толгой, баруун чих байнга хатгаж өвдөөд, баруун нүд сайн юм харахгүй бүрэлзээд байна. Надад учирсан хохирол гэж 1 000 000 төгрөг бэлнээр өгсөн. Одоо надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний баруун нүдний ухархай яс хугарсан би хагалгаанд орох гэж байгаа. Эмчилгээний зардал болон эм тариа авсан баримтаа цуглуулсан боловч хаана байгааг мэдэхгүй байна. Тооцож үзэхэд 800 000 төгрөгийн хохирлын баримт байсан. Миний зүгээс одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралд суухгүй гэх мэдүүлэг /хх 13, 15, 16/,
Гэрч Б.Болдбаатарын өгсөн: Би Улаанбаатар хотоос Төв аймгийн Сэргэлэн сумын Тахилт гэх газар байдаг Л.Цынд ирж мал авах гээд 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр гэрт нь ирсэн чинь гэрт нь хүн байхгүй байсан. Тэгээд би ойрхон малдаа явсан байх гээд гэрийнхээ хойд уулан дээр гарсан чинь урд дор нь машинтай хүмүүс байсан. Би яваад очсон чинь Л.Цыг танихгүй хоёр хүн доороо хийгээд дээр дээрээс нь цохиж байсан. Тэгэхээр нь би машинаас буугаад салгаад Л.Ц мотоциклоо унаад би машиндаа суугаад явсан. Намайг очоод салгахад Л.Ц болон тухайн байсан хоёр хүний биед ил харагдах шарх гэмтэл учирсан харагдаагүй. Л.Ц архи согтууруулах ундаа уугаагүй эрүүл байсан тухайн хоёр хүнээс архи үнэртэж байсан. Тийм согтуу байгаагүй байх. Би өөрийн хар өнгийн 3455 УНХ улсын дугаартай приус маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байсан. Тэр хоёр залуугаас өөр хүн байхгүй байсан. Юунаас болж Л.Ц тухайн хоёр хүнтэй маргалдсан талаар мэдэхгүй байна. Намайг очиход Л.Цыг танихгүй тэр хоёр залуу доороо хийсэн газар дараад байж байсан гэх мэдүүлэг /хх 19/,
Гэрч А.Тогсомын өгсөн: Манайх Төв аймгийн Сэргэлэн сумын Бөхөг гэх газар байдаг. 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Д.Б хадам аав Дорж гуайх манайхтай өвөлжөөд тэгээд нүүх гээд Д.Бтай манайхыг ачаад Тахилт гэх газар очоод хашаа барьж байсан. Тэгтэл мотоциклтой залуу ирээд малын бэлчээр дээр хашаа бариулахгүй гэж Д.Бд хэлээд тэр хоёр маргалдсан. Д.Д.Б Л.Ц гэх залуу эхлээд барьж байсан шилбүүрээр толгойн тус газар нь хоёр удаа цохиод тэгэхэд доошоо тонгойсон чинь нүүр тус газар луу хөлөөрөө өшиглөсөн юм гэх мэдүүлэг /хх 20-21, 22/,
Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн №290 дугаартай дүгнэлт: “1.Д.Д.Б биед баруун нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний алимны салстад цус хуралт, баруун хацар, баруун зүүн зулайд зөөлөн эдийн няцрал, баруун чихний ард хөхлөг сэртэнд зулгаралт, зүүн гарын 2-р хурууны 1-р үенд зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл болно. 3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх 24/,
Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 41/, шүүгдэгч Л.Цын зөрчил шалгасан лавлагаа /хх 43-44/, Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн тодорхойлолт /хх 47/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 50/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх 51/ зэрэг хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд болно.
Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Л.Ц нь 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул 4 дүгээр багийн нутаг “Тахилт” гэх газар Д.Бтай “малын бэлчээр таглаж буулаа” гэх шалтгаанаар маргалдан улмаар эрх чөлөөнд нь халдаж Д.Батттулгын эрүүл мэндэд баруун "Нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний алимны салстад цус хуралт баруун хацар, баруун, зүүн зулайд зөөлөн эдийн няцрал, баруун чихний ард хөхлөг сэртэнд зулгаралт, зүүн гарын 2-р хурууны 1-р үенд зөөлөн эдийн няцрал, зулгаралт" бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
шүүгдэгч Л.Цын өгсөн: "Би уурандаа Д.Б гараараа нүүр лүү нь цохиод, барьж явсан шилбүүрээр хэдэн удаа цохичихоод би гэр лүүгээ харьсан. Би нүүр лүү нь хоёр удаа гартаа барьж байсан шилбүүрээр 5-6 удаа нуруу хэсэг рүү нь цохисон. Би эмчилгээний зардал гэж 1 000 000 төгрөгийг бэлнээр төлсөн." гэх мэдүүлэг,
хохирогч Д.Д.Б өгсөн: “...Л.Ц намайг барьж байсан шилбүүрээрээ толгойн тус газар 2-3 удаа цохиж зодсон. Тэгээд би толгойгоо бариад тонгойсон чинь хөлөөрөө нэг удаа нүүр лүү өшиглөөд толгой эргээд манараад би газар хэвтсэн.” гэх мэдүүлэг /хх 13, 15, 16/,
гэрч А.Тогсомын өгсөн: “...Д.Д.Б Л.Ц гэх залуу эхлээд барьж байсан шилбүүрээрээ толгойн тус газар нь хоёр удаа цохисон. Тэгсэн Д.Б доошоо тонгойсон чинь нүүр тус газар луу хөлөөрөө өшиглөсөн.” гэх мэдүүлэг /хх 20-21, 22/,
Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн №290 дугаартай: “1.Д.Б биед баруун нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний алимны салстад цус хуралт, баруун хацар, баруун зүүн зулайд зөөлөн эдийн няцрал, баруун чихний ард хөхлөг сэртэнд зулгаралт, зүүн гарын 2-р хурууны 1-р үенд зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл болно. 3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй." гэх дүгнэлт /хх 24/ зэргээр нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Шүүгдэгч Л.Цэдэндсодномын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Л.Цийн дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй. Шүүгдэгчийг өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй, түүнийг хүсэж үйлдээгүй байна гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгчид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй, нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн нотолсон, улсын яллагчийн шүүгдэгчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл хэсэг нь хэргийн бодит байдалтай тохирсон гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Л.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Д.Д.Б гаргасан "Хохирол бүрэн барагдсан тул цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү " гэх хүсэлт /хх 55/-ээр шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Л.Ц, хохирогч Д.Б нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж шүүгдэгч Л.Цд ял оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасныг баримталсан байна.
Шүүгдэгч Л.Цд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний гэм бурууд тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5-т заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т "Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно." гэж заасан бөгөөд шүүгдэгчийн хүсэлтийг харгалзан 600 000 төгрөгийн торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 200 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Шүүгдэгч Л.Ц нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.
Эрүүгийн 1934003580281 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Л.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Л.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Л.Цд оногдуулсан 600 000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 200 000 /хоёр зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Л.Ц нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5.Эрүүгийн 1934003580281 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Ц нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ