Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2025/01416

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 191/ШШ2025/04681 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******т холбогдох,

Зээлийн гэрээний үлдэгдэл 9,686,400 төгрөг, алданги 4,843,000 төгрөг, нийт 14,529,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: ******* нь *******т ой 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээг байгуулж, *******т 15,000,000 төгрөгийг түүний хувийн хэрэгцээнд, 1 сарын хугацаатай, нэг сарын 6 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр харилцан тохиролцсон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-г байгуулж, уг гэрээгээр ******* арлын дугаар, ******* улсын дугаар, ******* маркийн ******* загварын тээврийн хэрэгслийг 15,000,000 төгрөгт үнэлэн, автомашиныг *******-ийн нэр дээр 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр шилжүүлэн авсан.

*******-аас зээлийн гэрээний дагуу 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 10,000,000 төгрөгийг бэлнээр, 5,000,000 төгрөгийг түүний хүсэлтээр ******* ын Хаан банкны дансанд шилжүүлсэн. Гэвч ******* нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн төлбөр 15,000,000 төгрөг, түүний хүүгийн төлбөр 5,597,143 төгрөг нийт 20,597,143 төгрөг төлөхөөс зээлийн хүүд 4,453,143 төгрөгийг төлж, үлдэгдэл үндсэн төлбөр 15,000,000 төгрөг, түүний хүүгийн төлбөр 1,144,000 төгрөг нийт 16,144,000 төгрөгийг төлөөгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул үүнийг үндэслэж, гэрээний үүргийг дахин баталгаажуулж, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр зээлийн болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-г тус тус байгуулсан.

Энэ гэрээгээр 16,144,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, нэг сарын 5 хувийн хүүтэй, зээлийн эргэн төлөлтийг хугацаандаа төлсөн тохиолдолд нэг сарын хүүг 4 хувь байхаар тохиролцсон. Мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дээрх тээврийн хэрэгслийг 16,144,000 төгрөгөөр үнэлсэн байдаг.

******* нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн төлбөр 16,144,000 төгрөг, түүний хүүгийн төлбөр /4хувь/-т 4,192,059 төгрөг нийт 20,336,059 төгрөгийг огт төлөөгүй учраас зээлийн гэрээний дагуу үндсэн төлбөр 16,144,000 төгрөг, түүний хүүгийн төлбөр /5хувь/-т 9,686,400 /(16,144,000х5%)x12cap төгрөг нийт 25,830,400 /16,144,000+9,686,400/ төгрөгийн үлдэгдэлтэйгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар фидуцын гэрээний дагуу шилжүүлсэн ******* улсын дугаар ******* маркийн ******* загварын тээврийн хэрэгслийг 16,144,000 төгрөгт тооцож 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хураан авсан.

******* нь зээлийн гэрээний үлдэгдэл 9,686,400 /25,830,400-16,144,000/ төгрөг, түүний алданги 4,843,000 /9,686,400x50%/ төгрөг нийт 14,529,000/9,686,400+4,843,000/ төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Иймд ******* оос зээлийн гэрээний үлдэгдэл 9,686,400 төгрөг, түүний алданги 4,843,000 төгрөг нийт 14,529,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. ******* нь ******* тай зээлийн гэрээ байгуулж мөнгөн хөрөнгийг зээлж авсан. Мөн зээлийн гэрээний үүргийг баталгаажуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулсан. Мөнгөн хөрөнгийг буцаан төлөх боломжгүй байхад *******-ийн гэх хүмүүс ирээд тээврийн хэрэгслийг хурааж авсан. Уг тээврийн хэрэгслээс зээлийн мөнгөө гаргаж аваад дууссан. Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ******* оос 14,529,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 351,678 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Талуудын хооронд анх 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээг байгуулж, *******т 15,000,000 төгрөгийг түүний хувийн хэрэгцээнд, 9 сарын хугацаатай, нэг сарын 6 хувийн хүүтэйгээр зээлүүлэхээр харилцан тохиролцсон. Ийнхүү, 2017 оны 03 дугаар сарын 22- ны өдрийн ******* Зээлийн гэрээгээр манай компани нь 15,000,000 төгрөгийг *******т шилжүүлсэн боловч ******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул өмнө үүссэн зээлийн гэрээний тооцоонд үндэслэж, гэрээний үүргийг дахин баталгаажуулах, гэрээний хугацааг өөрчлөх замаар уг гэрээний үлдэгдэл 16,144,000 төгрөгийг 12 сарын хугацаатайгаар энэхүү маргаан бүхий 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан.

Гэтэл, анхан шатны шүүхээс ...16,144,000 төгрөгийг зээлдүүлэгч нь зээлдэгчид бодитой шилжүүлэн өгөөгүй 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ******* Зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрт тооцоо нийлсэн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул 16,144,000 төгрөгийн зээлийн гэрээний харилцаа талуудын хоорон үүссэн гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсан тооцно гэж заасан байдаг.

Хавтас хэрэгт авагдсан баримтаар, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээгээр ******* нь *******т гэрээний дагуу 16,144,000 төгрөгийг зээлдүүлээгүй буюу уг мөнгийг бодитой шилжүүлээгүй харин өмнө үүссэн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний тооцоонд үндэслэж, гэрээний үүргийг дахин баталгаажуулах, гэрээний хугацааг өөрчлөх замаар уг гэрээний үлдэгдэл 16,144,000 төгрөгийн, 12 сарын хугацаатай гэрээг байгуулсан байх ба, энэ талаар зохигчдоос хэн аль нь маргаагүй байдаг.

Монгол Улсын дээд шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дугаар зөвлөмжөөр зээлийн гэрээний харилцаанаас үүссэн маргааныг шийдвэрлэсэн шүүхиин практик, анхаарах зарим асуудал-ын талаар тодорхой тайлбарласан байна.

Уг зөвлөмжид ...мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцохыг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасан. Зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч гэрээнд заасан мөнгийг өгөх, зээлдэгч хүлээн авах үүрэгтэй. Зээлийн гэрээний талууд өмнө амаар байгуулсан гэрээг бичгэн хэлбэрт оруулах, өмнө үүссэн зээлийн гэрээний харилцааны тооцоонд үндэслэж шинэ гэрээ байгуулах, эсхүл гэрээний үүргийг дахин баталгаажуулах, гэрээний хугацаа, хүүгийн хэмжээг өөрчлөх, алданги төлөхөөр тохиролцох зэргээр гэрээг шинэчлэх, нэмэлт гэрээ байгуулах нь ихсэх хандлагатай байна. Эдгээр тохиолдол нь гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасантай харшлахгүй. Гэрээнд заасан мөнгийг зээлдэгчид шилжүүлсэн гэх байдал ... нь талуудын хоорондох зээлийн харилцааг бүхэлд нь үгүйсгэхгүй, зохигчийн тайлбар, хэргийн бусад баримт, талуудын мэтгэлцээнийг үндэслэн нэхэмжлэлийн үндэслэл болсон зээлийн гэрээгээр шаардах эрх үүссэн эсэхийг дүгнэнэ гэж тайлбарласан байна. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээгээр ******* нь *******т 16,144,000 төгрөгийг бодитойгоор шилжүүлээгүй, өмнө үүссэн зээлийн гэрээний харилцааны тооцоонд үндэслэж уг маргаан бүхий гэрээг байгуулсан нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасны дагуу зээлийн гэрээний үүрэгт 16,144,000 төгрөгийг ******* оос шаардах эрхгүй гэж дүгнэх нь үндэслэлгүй юм. Иймд, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 26-ний өдрийн 191/ШШ2025/04681 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Нэхэмжлэгчээс гаргасан давж заалдах гомдлыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч ******* нэхэмжлэгч ******* тай 15,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор ******* ******* маркийн автомашиныг барьцаалсан. 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр талууд дахин зээлийн гэрээ байгуулж, нийт 16,144,000 төгрөгийн үлдэгдэлтэйгээр 12 сарын хугацаатайгаар төлөхөөр тохиролцсон. Уг гэрээний дагуу зээлдэгч зээлээ 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 01 хүртэл төлөх үүрэг хүлээсэн байна. Гэтэл нэхэмжлэгч нь зээлийн гэрээ хүчин төгөлдөр үргэлжилж байх хугацаанд буюу 2019 оны 05 дугаар сард барьцаалан шилжүүлсэн автомашиныг хураан авсан нь гэрээний үүргийг хугацаанаас өмнө дуусгавар болгосон үр дагавартай. Зээлдэгч ******* ын хувьд гэрээ цуцлагдсан гэсэн ойлголт бий болсон. Иргэний хуульд заасны дагуу зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгө олгож, зээлдэгч нь ашигласан хугацаандаа хүү төлөх үүрэгтэй. Харин уг тохиолдолд гэрээ 12 сарын хугацаатай байхад 3 сарын дараа барьцаа хөрөнгийг хураан авч, гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгосон тул үлдсэн 9 сарын хугацаанд хүү, алданги тооцож нэхэмжлэх хууль зүйн үндэслэл байхгүй. Хэрэв нэхэмжлэгч тал гэрээг хугацаанаас нь өмнө дуусгасан бол алданги тооцох үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлгүй. Нэхэмжлэгч өөрөө барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг гэж тайлбарласан бөгөөд хариуцагч ******* автомашинаа барьцаалан мөнгөн зээл авсан нь маргаангүй. Уг харилцаа нь фидуцийн гэрээгээр хөрөнгө шилжүүлснээр Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасан иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзнэ. Мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт зааснаар гэрээ хүчин төгөлдөр болсон ба мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно. гэж тодорхой заасан. Нэхэмжлэгч 2019 оны 05 дугаар сард автомашиныг хураан авсан үйлдлээрээ зээлийн үүргийг аль хэдийн дуусгавар болгосон байхад мөнгөн төлбөр гаргуулахаар шаардах нь хууль зүйн үндэслэлгүй. Хэрэв нэхэмжлэгчийн зүгээс барьцаа хөрөнгө болох автомашиныг борлуулсан боловч үүргийг бүрэн хангаж чадаагүй, цаашид авлага үлдсэн гэж үзэж байгаа бол Иргэний хуульд заасны дагуу түүнийгээ нотлох үүрэгтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар талууд нотлох баримтаа гаргах үүрэгтэй. Хариуцагчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх явцад автомашиныг хэдэн төгрөгөөр зарсан талаар нотлох, уг автомашиныг худалдан авсан н.Батболдыг гэрчээр дуудуулж мэдүүлэг авах, автомашиныг үнэлүүлэх хүсэлт гаргасан. Гэвч нэхэмжлэгч эдгээрийг нотолж чадаагүй. Уг харилцаа нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт зааснаар үүсэж байгаа бол мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт зааснаар дуусгавар болсон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. Иймд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үлдэгдэл 9,686,400 төгрөг, алданги 4,843,000 төгрөг, нийт 14,529,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хүүгээс хүү тооцсон, зээлийг бодитой олгоогүй гэж маргажээ.

3. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

3.1. Талуудын хооронд 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч ******* нь 15,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэйгээр зээлдүүлэх, зээлдэгч ******* нь гэрээнд заасан хугацаагаар мөнгөн хөрөнгийг төлөхөөр харилцан тохиролцсон, тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулсан байна. /хх9-11/ Уг гэрээний дагуу зээл олгогдсон талаар талууд маргаагүй.

3.2. Хариуцагч зээлийн мөнгөн хөрөнгийг буцаан төлөөгүйгээс талууд 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр дахин зээлийн гэрээ байгуулсан байна. Уг зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь 16,144,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч нь зээл болон зээлийн хүүг хугацаанд нь гүйцэтгэсэн тохиолдолд зээлийн хүү нэг сарын 4 хувийн хүү төлөх нөхцөлийг тохиролцжээ. /хх.6-7/

3.3. Нэхэмжлэгч 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа ...үндсэн төлбөр 15,000,000 төгрөг, түүний хүүгийн төлбөр 1,144,000 төгрөг, нийт 16,144,000 төгрөгийг төлөөгүй тул ******* нь түүнтэй зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрт тооцоо нийлж баталгаажуулсан... гэж тодорхойлсон.

Хариуцагчийн ...******* нь зээлийн хүүгээс хүү тооцсон гэж татгалзлын үндэслэлээ тайлбарласан.

Талууд 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээгээр үндсэн зээл 15,000,000 төгрөг, зээлийн хүү 1,144,000 төгрөг, нийт 16,144,000 төгрөгөөр тооцон гэрээ байгуулсан боловч сарын 5 хувиар зээлийн хүүг тохиролцсон тохиролцоог Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзнэ.

Учир нь зээлийн хүү 1,144,000 төгрөг нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үнийн дүнд багтсан байх ба үүнээс дахин хүү тооцож гэрээ байгуулсан нь хэлцэл хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарч байна. Энэ талаар гаргасан хариуцагчийн татгалзал үндэслэлтэй.

Гэхдээ үүнийг Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон боловч үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байвал хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ. гэж зааснаар зээлийн гэрээг бүхэлдээ хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй юм.

Иймд талуудын хооронд 16,144,000 төгрөгийн зээлийн гэрээ 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэнэ.

Нэхэмжлэгч ******* нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3 дахь хэсэгт заасан барьцаалан зээлдүүлэх газар байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт заасан барьцаалан зээлдүүлэх журмаар болон иргэнээс байнга, ашиг олох зорилгоор зээл олгох зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Уг гэрээгээр талуудын тохиролцсон зээлийн хүүг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Иймд хариуцагч ******* нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч ******* үндсэн зээл 15,000,000 төгрөгийг шаардах эрхтэй.

Харин 15,000,000 төгрөгийг бодитой олгоогүй гэх татгалзал үндэслэлгүй. Талууд өмнөх гэрээний төлөөгүй төлбөрийг 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн гэрээгээр зээл төлөхөөр тохиролцсон нь гэрээний талуудын чөлөөт байдлын зарчмыг зөрчөөгүй байна.

 

4. Фидуцийн гэрээний хувьд

Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт зааснаар барьцаалан зээлдүүлэх байгууллага бол хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулах тусгай нөхцөлтэй тусгай төрлийн гэрээ байгаа. Фидуцийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзнэ. Хүчин төгөлдөр бус хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар талууд өгсөн авснаа буцаах үр дагавартай.

Гэвч хэргийн баримтаас үзэхэд хариуцагч нь зээлийн гэрээгээр тогтсоосон хугацаанд зээлийн үндсэн төлбөр, хүү төлөх үүргээ гүйцэтгээгүйн улмаас нэхэмжлэгч 2019 оны 12 сарын 11-ний өдөр фидуцийн гэрээний зүйл болох ******* улсын дугаартай ******* маркийн ******* загварын тээврийн хэрэгслийг 16,144,000 төгрөгт тооцож хураан авч, *******ын өмчлөлд шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон./хх.63/

Иймд нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т фидуцийн гэрээний зүйл болох тээврийн хэрэгслийг буцаан өгөх боломжгүй нөхцөл байдал үүссэн байгаа учраас талуудын тээврийн хэрэгслийн үнээр төлбөр тооцоог тооцох нь зүйтэй.

Талууд фидуцийн гэрээнд тээврийн хэрэгслийн үнийг 16,440,000 төгрөгөөр тохирсон байх ба хэрэгт үүнээс өөр тээврийн хэрэгслийн үнэтэй холбоотой баримт авагдаагүй байх тул энэ гэрээнд заасан үнийн дүнг баримтлах боломжтой гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Тодруулбал, хариуцагч нь 2019 оны 02 сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 сарын 11-ний өдрийг хүртэл тээврийн хэрэгслийг бодитойгоор хураан авах хүртэл 10 сар 10 хоногийн хугацааны хүү 7,750,000 төгрөг, үндсэн зээл 15,000,000 төгрөгийн, нийт 22,750,000 төгрөг төлөх үүргийг тээврийн хэрэгслийг хураан авах үед хүлээсэн байна. Талууд зээлийн төлбөрийн хуваариар зээл болон хүүг төлөх үүрэг хүлээсэн байгаа учраас тээврийн хэрэгслийн үнэ болох 16,144,000 төгрөгийг зээл болон зээлийн хүүд тооцож, хариуцагчаас үндсэн зээл, хүүг тооцож гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Тээврийн хэрэгслийг хурааж авснаас хойш зээлийг тооцож үзэхэд зээлийн үлдэгдэл 6,606,000 төгрөг /22,750,000 төгрөг-16,144,000 төгрөг/ байна. Зээлийн гэрээний хугацаа дуусах хүртэл үлдэх 1 сар 20 хоногийн хугацааны хүү 550,500 төгрөг, нийт хариуцагч буюу зээлдэгчийн хүлээх нийт үүрэг 7,156,500 төгрөг болно.

5. Алдангийн хувьд

Талууд гэрээгээр гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,3 хувиар алданги тооцохоор тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасанд нийцсэн байна.

Харин Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3 дахь хэсэгт зааснаар Барьцаалан зээлдүүлэх байгууллагаас олгож байгаа зээлийн хувьд зээл төлүүлэх журмыг тусгайлан зохицуулсан. Үүнд 10 хоногийн хугацааг тооцож, үүний дараа үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрх үүсдэг учир алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар тооцохгүй.

Иймд 10 хоногийн хугацаанд алданги тооцоход 214,695 төгрөг тооцогдоно. Энэ үндэслэлээр зээлийн гэрээний үүрэгт 7,156,500 төгрөг, алданги 214,695 төгрөг нийт зээлийн гэрээний үүрэгт 7,371,195 төгрөгийн үүргийг нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.

6. Дээрх үндэслэлээр хариуцагч ******* оос 7,371,195 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,157,805 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 191/ШШ2025/04681 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* оос 7,371,195 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,157,805 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтын ... 56.1 ... гэснийг 56.2 гэж, ... үлдээсүгэй. гэснийг, үлдээж, хариуцагч ******* оос улсын тэмдэгтийн хураамжид 132,889 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* -д олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230,595 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

Д.ЦОГТСАЙХАН