| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 176/2019/0239/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/243 |
| Огноо | 2019-08-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | И.Мөнхцэцэг |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 2019/ШЦТ/243
2019 08 21 2019/ШЦТ/243
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,
Улсын яллагч И.Мөнхцэцэг,
Шүүгдэгч, хохирогч С.Ж, түүний өмгөөлөгч П.Ганбаатар,
Шүүгдэгч, хохирогч Ц.Т, түүний өмгөөлөгч Н.Батзолбоо нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.Ж, Ц.Т нарт холбогдох эрүүгийн 1934000940131 дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, С.Ж, 1977 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсрол, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа Орхон аймгийн Баян-Өндөр сумын 17 дугаар баг Эрдэнэ 28А гудамжны 18 тоотод оршин суух засаг захиргааны бүртгэлтэй, одоо Хэнтий аймагт айлын туслах малчин хийж байгаа гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, үүнд:
1.Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2000 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 16 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 01 жил 09 сарын хорих ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.
Монгол улсын иргэн, Ц.Т, 1971 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багт засаг захиргааны бүртгэлтэй, одоо Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Хүрэмт 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Ж, Ц.Т нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч С.Жы өгсөн: Би 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр манай тэнд байдаг Батмөнх гэдэг айлынд очсон. Тэгээд бид нар тэнд архи уусан. Төрөө буюу надтай маргалддаг Ц.Т намайг авгайгаа аятайхан аваад явчихаж чаддаггүй гээд хэл амаар доромжлоод хүн өдөөд байсан. Би ч гэсэн чи бас надтай адилхан ядарсан биз дээ. Айлын барлаг хийж байгаагаа мэдэж байна уу гээд маргалдсан. Тэгээд бид хоёр зууралдаж аваад Төрөө эхлээд намайг заамдаж аваад нүүр лүү цохисон. Тэр үед малын хашааны тэнд нэг хутга байсан тэрнийг аваад баруун гартаа бариад хатгачихсан. Би яг хаана хутгалснаа мэдээгүй байж байтал хүн хутгалчихлаа гээд орилоод байсан. Би айсандаа тэр чигтээ зугтаагаад гэрээрээ орж хувцсаа сольж өмсчихөөд явган Орхон аймаг руу явсан. Туслах малчнаар ажиллаад сарын 300 000 төгрөг авдаг. Хааяа хувиараа алтанд явдаг. Өөр орлого байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Ц.Тын өгсөн: Хамтран амьдрагч Сувдмаагийн хамт Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3-р багийн Ханангийн энгэр гэх газар айлын мал маллаж амьдардаг байсан. 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 15 цагийн орчим Сувдмаа бид хоёр мотоциклтой Туулын гүүр орчхоод гэртээ ирэхэд Раднаа, эхнэр Чимгээ, С.Ж, хамтран амьдрагч Содбилэг нар манай айлын Батмөнхийнд ирчихсэн байсан. Тэд архи ууж байсан. Би гэртээ байж байгаад 16 цагийн орчим Батмөнхийнд ороход 0,75 гр-ын Хараа байсан шиг санагдаж байна. Би тэр архинаас нь уусан. С.Ж согтуу намайг чи айлын мал маллаад боол хийгээд явж байна уу гэхээр нь би уур хүрээд чи ч гэсэн айлын мал маллаад явж байсан биз дээ гээд бид хоёр маргалдсан. Хоёулаа гэрээс гараад гэрийн гадаа малын хашааны хажууд барилцаж аваад би С.Жы нүүр лүү гараараа 2-3 удаа цохиж авсан. С.Ж мөн миний нүүр, хамар луу цохиж авсан. Тэгээд салаад гэрт ороход С.Ж намайг гараад ир гэхээр нь гэрээс гараад уулзсан чинь миний баруун талын суга орчим хутгалсан. Тэгээд ойролцоо байсан Раднаа гэж хүн бид хоёрыг салгаад манай эхнэр Сувдмаа гэрээс гарч ирээд намайг гэрт оруулсан. С.Жыг 2016 оноос хойш Заамар суманд ирээд таних болсон. С.Жы эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,
Ц.Тын хохирогчоор өгсөн: С.Ж бид хоёрын хооронд ямар нэг байдлаар нэгэндээ хар буруу санасан зүйл байхгүй. Урьд нь муудалцаж байгаагүй. Тэр үед хамт архи уучихаад л нэгнийхээ үгийг даахгүй муудалцсан байна лээ. Тухайн хутгыг хаанахын хэний эзэмшлийн ямар содон шинж тэмдэгтэй хутга бэ гэдгийг нь би бол мэдэхгүй байна. Миний баруун талын суга хэсэгт хутгалсан. Одоо надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг,
С.Жы хохирогчоор өгсөн: Ц.Т намайг цохиж миний зүүн нүдийг хөхрүүлсэн. Тэрнээс болоод хавдартай байсан. Тухайн үед хүйтэн жин тавиад зүгээр болсон. Дээрх гэмтэлтэй холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг,
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Гэрч О.Содбилэгийн өгсөн: Би нөхөр С.Жы хамт хоёулаа амьдардаг. Бид хоёр хийсэн ажилгүй гар аргаар шороо ухаж алт олборлож амьдардаг. 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 15 цагийн орчим нөхөр С.Ж бид хоёр Ханангийн эх гэх газар өвөлжиж байгаа Ц.Т гэж айлд алхаж очсон. Очиход Баянмөнх гээд айлынд нь Баянмөнх, Раднаа, Чимгээ нар 0.75 гр-ын Хараа нэртэй архи хувааж уугаад сууж байсан. С.Ж бид хоёр мөн тэр архинаас нь уусан. Тэр архийг уугаад дуусаж байхад Ц.Т, С.Ж нар хоорондоо маргалдаад байснаа хоёулаа гэрээс гараад явчихсан. Би согтуу тасраад унтаад өгсөн. Сэргээд босоод ирэхэд гадаа харанхуй болсон 19 цагийн орчим болсон байхаар нь босоод Ц.Тынд ороход Ц.Т зүүн талын орон дээрээ дээшээ хараад хэвтэж байсан. Танай нөхөр С.Ж намайг хутгалсан эмч, цагдаа дуудсан чи гэрээс гар гээд гэрт орохоор хөөгөөд байсан. Пүүжээ гэж эгчийнд ороод байж байхад С.Ж орж ирсэн. Харахад баруун талын нүдний хөмсөг нь язарсан цус гарсан хавдсан байсан. Ц.Т намайг зодсон гэж байсан. Ц.Тыг би хутгалчихсан гайгүй юу гэж байснаа гараад яваад өгсөн. Намайг цагдаа нартай гэртээ очиход С.Ж гэртээ очсон бололтой орны гудсан доогуур байсан 17 000 төгрөгөө аваад явсан байсан. Тэгээд цагдаа нартай очих боломжтой газруудаар очиход байхгүй байсан гэх мэдүүлэг /хх 08-09/,
Гэрч Н.Сувдмаагийн өгсөн: ...гэртээ байж байгаад гадаа хүн маргалдаад хэрэлдээд байхаар нь юу болоод байгаа юм гээд харахаар мөн малд тэжээл өгөхөөр гэрээс гарахад малын модон хашааны хажууд манай нөхөр Ц.Т С.Жыг чи намайг хутгалчихлаа шүү дээ гээд баруун талын сугаа дараад байсан. Намайг чи хол бай чамайг хутгалчиж магадгүй гэсэн. Тэр үед С.Ж Ц.Тын хажууд зогсож байснаа яваад өгсөн. Би хаашаа явсныг нь хараагүй. Би Ц.Тыг дагуулаад гэртээ оруулж зүүн талын орон дээрээ хэвтүүлээд цагдаа руу ярьж дуудлага өгсөн. С.Ж манай гэрт орж ирээгүй. С.Жы хамтран амьдрагч эмэгтэй Содбилэг дараа нь орж ирээд гараад явсан гэх мэдүүлэг /хх 10-11/,
Гэрч Т.Пүрэвсамбуугийн өгсөн: 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг Цагаан чулуут богиний ам гэдэг газар малаа хашаад гэртээ байж байхад гадаа Төрөөгийн авгай нь орилоод, гэртээ орсон байхаар нь гараад гэрт нь орсон. Тэгсэн Төрөөгийн баруун талын цамц нь цус болсон байсан би сандраад орж зогсож байгаад гарсан. Тэгээд удаагүй байж байтал авгай нь муурч уналаа гэхээр нь ороод эмч иртэл хань болж байгаад эмч, цагдаа иртэл суусан. Анх юунаас болсныг нь мэдээгүй. Тэд нар согтуу байсан. Туулын гүүр орсон. Төрөө авгайтайгаа гүүр ороод ирэхдээ согтуу ирсэн гэх мэдүүлэг /хх 14/,
Гэрч О.Раднаабазарын өгсөн: 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг Цагаан чулуут богиний ам гэдэг газар Баянмөнхийн гэрт байж байсан чинь авгай нь гадаа хүн хутгалчихлаа гээд хашхирч орилоод байсан. Очсон чинь Төрөөгийн эхнэр нь Төрөөг хутгалчихлаа гээд гэрийн гадаа зогсож байсан. Тэгээд хэн хутгалсан юм гэсэн чинь Жагаа хутгалсан гэсэн. Тэр хаана байна гэсэн чинь хаашаа явсныг нь мэдэхгүй байсан. Тэгээд эмнэлэг, цагдаа дуудсан. Тэгээд би яваад өгсөн гэх мэдүүлэг /хх 15-16/,
Гэрч И.Баянмөнхийн өгсөн: Би 2019 оны 01-р сарын 26-ны өдөр Хайлааст багийн төв рүү малын тэжээл авахаар орсон. Тэгээд маргааш өглөө тэжээлээ аваад багийн төвийн дэлгүүрээс архи аваад ганцаараа архи уугаад нэлээд согтсон. Тэгээд үдээс хойш багийн төвөөс такси хөлслөөд тэжээлээ аваад гэртээ ирээд унтсан. С.Ж нь Ц.Тыг хутгалсан гэдгийг маргааш нь мэдсэн. Би ямар хутгаар хутгалсныг мэдэхгүй. Манай өөрийн хутганууд тоо ёсоороо бүрэн байна. Би дээрх хүмүүстэй огт архи уугаагүй. Би Хайлааст багийн төв явж ирээд согтуу унтсаны араар гэрт ирээд явсан байна лээ гэх мэдүүлэг /хх 37/,
Гэрч П.Алтансүхийн өгсөн: Би С.Жыг 2018 оны өвлөөс эхэлж танина. Учир нь би өнгөрсөн хавар уурхайд манаачаар ажиллаж байхад манай энэ хавиар хувиараа алтанд явж байна гэж ирээд танилцсан. Тэрнээс хойш манайхаар орж гараад явдаг байсан. С.Ж миний мэдэхээр тодорхой ажил эрхэлдэггүй, хувиараа алтанд явдаг. Эхнэртэйгээ энэ тэрүүгээр л ажил хийгээд явж байгаа байх гэх мэдүүлэг /хх 76-77/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн №1841 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1.Ц.Тын биед баруун суганы хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэх /хх 21/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №1991 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1.С.Жы биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх /хх 24/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 92-97/, шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 36, 54/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 52, 53/ зэрэг болно.
Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Ц.Т нь хууль зүйн хувьд согтуугаар хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар хохирогч С.Жыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан,
шүүгдэгч С.Ж нь хууль зүйн хувьд согтуугаар хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар Ц.Тын баруун суган тус газар хутгаар хутгалж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.Т, С.Ж нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг “Ханангийн энгэр” гэх газар хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, харилцан зодолдож шүүгдэгч Ц.Т нь С.Жы нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь “зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан,
шүүгдэгч С.Ж нь Ц.Тын баруун суган тус газар хутгаар хутгалж, эрүүл мэндэд нь “баруун суганы хатгагдаж зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Ц.Т, С.Ж нарын хохирогчоор өгсөн мэдүүлэг, гэрч О.Содбилэг, Н.Сувдмаа, Т.Пүрэвсамбуу, О.Раднаабазар нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн №1841 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №1991 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгч С.Ж, Ц.Т нарыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Ж, Ц.Т нар нь хохирлын баримт гаргаж өгөөгүй хэн аль нь хохирол нэхэмжлээгүй тул тэднийг тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч С.Ж, Ц.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Батзолбоо, П.Ганбаатар нар нь улсын яллагчийн 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг дэмжиж тус тус мэтгэлцэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Ж, Ц.Т нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч С.Ж, Ц.Т нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэргийн шинж, чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгох ял оногдуулах талаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн шүүгдэгчийн хувийн байдал буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан, улсын яллагчийн дүгнэлтээр гаргасан эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч С.Ж, Ц.Т нарт оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.
Эрүүгийн 1934000940131 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч С.Ж, Ц.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч С.Жыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ц.Тыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч С.Ж, Ц.Т нарт тус бүр оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 150 000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч С.Ж, Ц.Т нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5.Эрүүгийн 1934000940131 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ж, Ц.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ