Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 208/МА2025/00039

 

 

Б.З*******, Ц.Г*******, Ц.Г*******

нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, Ерөнхий шүүгч Г.Давааренчин, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 316/ШШ2025/00297 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Б.З*******, Ц.Г*******, Ц.Г*******

Хариуцагч Т.Б*******

Нэхэмжлэлийн шаардлага: Б.З*******гийн Т.Б*******д холбогдуулан гаргасан Орон сууцыг чөлөөлүүлэх, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг эх хувиар гаргуулах тухай

Нэхэмжлэлийн шаардлага: Ц.Г*******, Ц.Г******* нарын Т.Б*******д холбогдуулан гаргасан Бусдын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх, үл хөдлөх хөрөнгөө өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй үйлдлийг таслан зогсоолгох буюу Т.Б*******д байгаа үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг эх хувиар нь гаргуулан авах тухай

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Сэлэнгэ аймгийн З******* сум * дүгээр баг * хэсэг ** тоотод орших ******* улсын дугаартай, хувийн сууцны зориулалттай 91 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгийн шударга өмчлөгчөөр Т.Б*******ыг тогтоолгох, эсхүл 14,500,000 төгрөгийг гаргуулж Т.Б*******д олгуулах тухай

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, хэргийг 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.З*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, хариуцагчийн өмгөөлөгч Г.Амартүвшин нарыг оролцуулан, тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Тунгалаг хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

1. ... Сэлэнгэ аймгийн З******* сумын иргэн Т.Б******* нь газар болон түүнтэй холбогдох нэр бүхий эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн , гэр бүлийн хэрэгцээний хувийн орон сууцны үл хөдлөх хөрөнгийн бичиг баримтуудыг авч зөрүү мөнгө төгрөг өгөх болсон боловч одоог хүртэл өгөөгүй би хохирч байгаа болно. Т.Б******* нь амьдрах хугацаандаа бусдад түрээслэн ашиг олсон, эд хөрөнгийг сүйтгэх зэргээр мөн бичиг баримт эд хөрөнгөө авъя гэхээр архи уугаад алга болчихдог аль эсвэл согтуу хэл амаар доромжилж өдийг хүрсэн. Одоо би яахын аргагүй хохирч байгаа тул холбогдох эд хөрөнгө хашаа байшин, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ бичиг баримтууд орон сууцаа авахыг хүсэж байна.

Миний бие 2007 онд энэ байшингийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг авсан. Тухайн байшин маань ганц дан байшин биш. 1,5 га газартай газрын гэрчилгээтэй, 25 тонны зоорьтой, саунтай, амбаартай, тахианы байртай гэх мэтчилэн дагалдах ийм хөрөнгүүдийг шингээсэн орон сууц юм. Тухайн орон сууцад миний төрсөн дүү Б.Ч амьдарч байсан. Тухайн үед би магистрт сурч байсан. Мөн манай ээжийн бие муу байсан, би хоёр хүүхэдтэйгээ нөхөргүй амьдарч байсан учраас ээжтэйгээ хамт амьдарч байсан. Миний дүү нар харин нөхөртэй хамт амьдардаг юм. Нэг нь ч гэсэн элэг бүтэн амьдар, өөд нь татаад явах байх гэж бодоод тухайн байшинд 2009 оноос хойш амьдарч байсан. Гэтэл дүү Б.Г маань Төрийн банканд ажиллаж байгаад өрөнд орсон байсан. Энэ тухай асуудлыг анх би мэдсэн юм. Тэр үед 2015 онд төрчихсөн байсан нялх биетэй байсан. Миний дүү нар өр ширэнд орж үзээгүй байсан. Өр ширэнд ороод цагдаа сэргийлэх гээд айж л байсан байх. Айгаад янз бүрийн дарамтад ороод байшин саваа өг гэхээр нь миний дүү нар өгсөн байсан. Дараа нь би мэдээд н.Т гуайтай уулзсан. Н.Т гэх хүн дарга хийж байсан. Миний ээжтэй нэг нутгийнх учраас би өндөр настай хүнийг хүндэтгээд асуудалд бас арай л өөр хандах байх гэж бодсон. Яаж ч бодсон тийм бүхэл бүтэн өчнөөн хэрэгсэлтэй, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй ийм том байшинг арай ч 10 хэдэн сая төгрөгөөс авахгүй. Бас нэг өөр байшин байгаа тэр байшинг ав гэж хэлэхэд авахгүй гэж хэлсэн. 9,000,000 төгрөг билүү 6,000,000 төгрөг ярьдаг байсан. Б.Гын хоёр эгч нь хоёулаа төр, захиргааны байгууллагад ажиллаж байсан болохоор өрнөөс нь төлөлцөж байсан. Байшинг маань өгчихсөн гэхээр нь н.Т гуайтай уулзаад Зөрүү 15,000,000 төгрөгийг өгөөрэй гэж хэлсэн. Дүү нар маань миний байшинд амьдарч байгаа хэдий ч гараад орох оронгүй л байсан. Миний дүү бие муутай, хэрх өвчтэй юм. Дөрвөн мөчний хагалгаанд орсон. Хэвтрийн шахуу байдаг хүнийг энэ асуудлаас болоод аваад ирлээ. Адилхан зовлон яривал адилхан л байна. Би өөрийнхөө нинжин сэтгэлээс болоод хоёр хүүхдийнхээ өмчлөх эрхийг хүртэл авч чадахгүй хохироод 7-8 жил боллоо. Иймд энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Б******* шүүхэд гаргасан тайлбартаа:

1. ...Сэлэнгэ аймгийн З******* сумын *-р багийн *-р хэсэгт ** тоотод байрлах 1 өрөө хашаа байшинд миний бие 2015 оноос хойш аав Б.Т хэлсний дагуу амьдарч байсан юм. Учир нь тухайн байшинд нэхэмжлэгч Б.З*******гийн төрсөн дүү Б.Ч нь 2015 оноос өмнө амьдарч байсан юм. Нэхэмжлэгч Б.З*******гийн төрсөн дүү Б.Г нь төрийн банканд ажиллаж байхдаа миний эцэг Б.Т хадгаламжийн данснаас гарын үсгийг нь дуурайлган зурж 6,400,000 төгрөгийг бэлнээр авсан гэмт хэргийг үйлдсэн байгаа юм. Мөн Б.Г нь ааваас гадна өөр олон хүн залилсан асуудал гарсан учраас Цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан.

Тухайн үед манай аав хохирогч болсон учраас Б.Гын төрсөн эгч нэхэмжлэгч Б.З*******, Б.Ч нар нь уулзаж харилцан тохиролцож маргаан бүхий байшинг аав Б.Чт дээрх мөнгийг оруулан өгч гомдол, саналгүй гэдэг бичгийг авч байсан. 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр дээрх Б.Гад аавын хадгаламжаас авсан 6,400,000 төгрөг нэмж Б.Чт 2,600,000 төгрөгийг өгч хэлцэл хийж баримтжуулж авсан.

Манай аав Б.Т нь тухайн байшингийн бичиг баримтыг өөрийн нэр дээр болгохоор 2016 оноос хойш хөөцөлдөж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж байсан ба 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 902 дугаартай захирамж гарсан ба улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй гээд хэрэгсэхгүй болсон байдаг. Гэтэл тухайн байшинг нэхэмжлэгч Б.З******* нь Л.О гэдэг хүнд барьцаанд тавьсан байсныг мэдсэн. Л.О нь шүүхэд нэхэмжлэл гаргаж хэргээ шийдвэрлүүлснээр шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллага дээр 4 сая төгрөгт дээрх хашаа байшин хураагдахаар болсон. Ингээд нэхэмжлэгч тал нь дахин манай аавд та дээрх мөнгийг төлөөд байшингаа аваарай гэж хэлсэн ба 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Л.Оийн данс руу 4,000,000 төгрөг хийсэн.

Гэтэл одоо болтол байшинг нэр рүү шилжүүлэхгүй миний аавыг удаа дараа залилан зовоож энэ асуудлаасаа болж 2018 оноос аавын зүрх нь өвдөж эхэлсэн ба 2021 онд нас барсан. Миний аавын нас барсантай нэхэмжлэгч талын ах дүү нарын үйлдлүүд бүгд х*******той. Учир нь аав нэхэмжлэгчийн дүү Б.Гыг залилангийн асуудлаар гомдолгүй гэж хэлж ял шийтгэлгүй өнгөрөхөд нь тусалсан. Мөн Б.Чыг цагдаагийн байгууллагад өгөх гэхэд мөн хүний гарыг буруу эмчилснээс болж тайрахад хүргэсэн хэрэг нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа гэхээр нь мөн өөрсдийнх нь хүсэлтээр шүүх, цагдаагийн байгууллагаар яваагүй юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр байшин нь хураагдах гэж байхад нь мөнгийг өгнө энэ байшинг өрнөөс суллуулсан зэрэг нь бүгд баримттайгаа байгаа. Одоо миний зүгээс энэ асуудлаар дахин Цагдаагийн байгууллагад хандаж дээрх хүмүүсийг бүгдийг нь шалгуулах болно гэдгээ хэлмээр байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Хариуцагч Т.Б******* нь сөрөг шаардлагадаа:

Миний бие нь дээрх маргаан бүхий байшинд 2015 оноос хойш амьдарч байгаа юм. Учир нь нэхэмжлэгч Б.З*******гийн төрсөн дүү Б.Г нь төрийн банканд ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан аав Б.Т гарын үсгийг хуурамчаар дуурайлган зурж хадгаламж барьцаалсан зээл 6.400.000 төгрөгийг хувьдаа авсан байсныг Цагдаагийн байгууллага /өөр хэргүүдийн хамт/ шалгасан. Тухайн үед миний аавтай Б.Гын төрсөн эгч нар болох нэхэмжлэгч Б.З******* Б.Ч нар нь уулзаж Миний дүү хэрэгт ороод хүндрэх гээд байна, та цагдаагийн байгууллагад гомдолгүй гээд хэлээд өгөөч хохирол төлбөрийг чинь яаж ийгээд барагдуулна, миний нэр дээр нэг хашаа байшин байгаа та 10,000,000 төгрөгт тооцоод авчихаач гэж хэлэхээр нь аав нэг нутаг усных юм байна гээд өрөвдөж, өмнө залилуулсан 6,400,000 төгрөг дээрээ нэмж 3,600,000 төгрөгийг өгөөд байрны гэрчилгээг нь авсан.

Гэрчилгээг нь өгөх болсон учир нь тухайн байр нь удахгүй өөр барьцаанаас сулрах үед таны нэр дээр шилжүүлээд өгнө гэж хэлсэн учраас уг хашаа байшинд миний бие нь амьдарч байсан юм. Аав тухайн үед надад энэ бүхнийг хэлэхдээ "Охиноо ямар ч байсан хашаа байшинтай болголоо" шүү гэж хэлж байсан. Аав удаа дараа Б.З*******гоос байшингаа нэр дээр шилжүүлэх асуудлыг тавьж байсан боловч яаж ийгээд аргацаагаад өнгөрөөдөг байсан. 2017 онд Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаас намайг тус байшинд амьдарч байхад хүмүүс байшин өрөнд хураагдсан учир дуудлага худалдаанд орохоор боллоо, суллаж өг гэсэн ба аав Б.Т нь энэ байдлыг лавлаж асуухад Б.З******* нь шүүхийн шийдвэрээр уг байшинг барьцаанд тавьж алдахаар болсон байсан.

Миний аав Б.Т нь өмнө нь хашаа байшинг худалдаж аваад мөнгийг нь шилжүүлсэн байсан учраас ямар ч аргагүй болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч дээр очиж төлбөр төлөгч Л.Оийн данс руу 2017.07.06 өдөр 4,000,000 төгрөгийг шилжүүлж, мөн өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дансанд ажиллагааны зардал гэх 500,000 төгрөгийг шилжүүлсэн барьцаанаас чөлөөлүүлсэн. Аавын зүгээс нийт энэ байшинд 14,500,000 төгрөгийг зарцуулсан. Гэтэл нэхэмжлэгч нь дүү нартайгаа үгсэн хуйвалдаж аавыг маань хуурч мэхэлж зовоосоор өвчнийг нь даамжрахад хүргэсэн. Тухайн үед нэхэмжлэгч нь аавыг амьд сэрүүнд нь хашаа байшингаа шилжүүлэхгүй байсаар 2021 онд нас барсны дараагаар ийм нэхэмжлэл гаргаж байгаад гомдолтой байна.

Иймд Сэлэнгэ аймгийн З******* сумын 1-р баг, 6-р хэсэг,44 тоотод орших ******* улсын дугаартай, хувийн сууцын зориулалттай 91мкв талбайтай үл хөдлөх хөрөнгийн шударга өмчлөгчөөр Т.Б*******ыг тогтоолгох, эсхүл 14,500,000 төгрөгийг гаргуулж Т.Б*******д олгуулж өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Миний бие нь иргэний хуульд зааснаар 2023.07.07 өдөр өвлөх эрхийн гэрчилгээ нээлгэсэн ба үүнд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мөн хамаарч байгаа болно... гэжээ.

Нэхэмжлэгч Б.З******* нь сөрөг шаардлагад гаргасан тайлбартаа:

...Б.З******* миний бие хариуцагч Т.Б*******ын надад холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлтэй танилцаад бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Тухайн үл хөдлөх хөрөнгө маань анхнаасаа миний болон 2 хүүхдийн маань нэр дээр байсан, бидний өмч юм. Гэтэл Б.Г гэх миний төрсөн дүүд хамааралтай өр ширний асуудлыг надтай холбон миний өмчлөлийн хөрөнгийг тухайн өрөндөө суутган авсан мэтээр нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй юм.

Миний бие тухайн үед дүүгийнхээ өр ширний асуудалд нь тус нэмэр болъё гэж бодсон нь үнэн гэхдээ тэдэнтэй уулзаж байраа 10,000,000 төгрөгт тооцож өгье гэж огт хэлж ярьж байгаагүй, тэдэнтэй уулзаж энэ өр ширний талаар ч ярилцаж байгаагүй. Харин тухайн үед би байрандаа дүүгээ суулгаад өөрөө Дархан-Уул аймагт сурч байсан ба миний дүү л талийгаачтай ярилцан миний байрыг өр ширэндээ өгсөн юм шиг байгаа юм. Дүү маань надад хэлэхдээ ...таны байрыг зах зээлийн ханшаар нь тооцоод өр ширээ суутгуулахаар болсон. н.Т гуай танд зөрүү мөнгөө өгөөд гэрчилгээгээ шилжүүлж авна..гэж байсан. Ийм учраас миний бие талийгаач болон түүний охин \Т.Б*******ын эгч\-д ...зөрүү мөнгөө яаралтай өгөөд гэрчилгээгээ шилжүүлж аваач, би бас өчнөөн хүлээлээ байр саваа өгөөд, энэ асуудлаа шийдье... гэж удаа дараа уулзан хэлж байсан. Гэтэл одоо намайг хашаа байшингаа 10 саяд бодож өгчихөөд гэрчилгээгээ шилжүүлж өгөхгүй арга саам хайсан мэтээр ярьж байгаад гомдолтой байна.

Миний хашаа байшин, 25 тн-ын зоорьтой, тахианы байр, түлээний амбаар зэрэг хашаа томтой дотроо тохижилт сайтай, хийж бүтээсэн зүйл ихтэй энэ зэргийн хөрөнгөө би юу гэж хүнд 10 сая төгрөгөөр үнэлж өгөх вэ дээ. Юмны учир мэдэх хүмүүс тэр зэргийн хашаа байшин хэзээ ч аравхан сая төгрөгийн үнэтэй байхгүй гэдгийг мэдэж л байгаа.

Би нас биед хүрсэн дүүгийнхээ өмнөөс өр төлбөрийг нь төлөх, оронд нь хөрөнгөө өгөх үүрэг огт хүлээгээгүй, тийм ёс ч байхгүй. Зөвхөн дүүдээ тусалъя, нэгэнт байрыг маань хүртэл авахдаа тулсан бол одоо яах вэ өгөөд зөрүү мөнгөөр нь хүү охин хоёртойгоо амьдрах жижиг хашаа байшин олж авна даа гэж бодож өчнөөн жил хүлээсэн. Гэтэл өөрсдөө огт санаачилга гаргахгүй энэ чигээрээ мартагнуулах санаатай яваад байсан тул миний бие байраа буцаан өмчлөлдөө авахаар шүүхэд хандсан. Энэ олон жилийн хугацаанд эдгээр хүмүүсийн хоорондох асуудлаас болж миний бие хоёр хүүхдийнхээ хамтаар маш их хохирлоо. Мөн биднийг эгч дүүсээрээ нийлж хүн залиллаа хэмээн хэлж ярьж нутаг усаар нэг нэр хүнд унагаж байгаад маш их гомдолтой байна. Миний дүү Б.Г өр ширний асуудалд орсон нь үнэн. Би Т.Б*******, Т.М, н.Т гэх хүнээс авсан нэг ч төгрөг байхгүй. Тийм учраас зөвшөөрөхгүй байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ц.Г*******, Ц.Г******* нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... Бид ээж Б.З*******гийн хамтаар Сэлэнгэ аймгийн З******* сумын *-р баг *-р хэсэг ** тоотод байрлалтай Ү-1306000007 тоот улсын бүртгэлийн дугаар бүхий 91м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус хаягт байрлалтай тоот гэрчилгээний дугаартай, 170600300 нэгж талбарын дугаар бүхий 5000м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамтаар өмчилдөг хууль ёсны өмчлөгч нар юм.

Гэтэл дээрх газар болон хувийн сууцыг маань 2015 оноос эхлэн манай сумын иргэн Т.Б******* гэх хүн эзэмшиж байна. Учир нь гэвэл нагац эгчийн маань өр төлбөрөөс үүдэн дээрх үл хөдлөх хөрөнгийг эзэмших болсон гэх ба ингэхдээ өмчлөгч болох бидэнд огт мэдэгдээгүй, бидний хамтран өмчлөгч ээж Б.З*******д мэдэгдсэн гэх боловч албан ёсны гэрээ хэлцэл хийсэн зүйл огт байдаггүй юм. Бидний хамтран өмчлөгч болох ээж Б.З*******той тухайн үед тохиролцохдоо уг үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн ханшаар нь бодож тооцон нагац эгчийн маань өр төлбөр болох 9,400,000 төгрөгийг суутган, зөрүү болох 15 сая төгрөгийг өгснөөр өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхээр харилцан тохиролцсон гэдэг. Гэтэл түүнээс хойш өдийг хүртэл огт зөрүү мөнгөө өгөлгүйгээр үл хөдлөх хөрөнгийг маань эзэмшиж, ашигласаар ирсэн. Т.Б******* нь бидний өмчлөлийн хувийн сууцыг 8 жилийн хугацаанд эзэмшиж, ашиглахдаа иргэн Д.Бат-Эрдэнэ, Ц.Уранчимэг нарын зэрэг, бусдад түрээслүүлэн ашиг олсон ба тахианы байрыг нурааж зарсан, хашаа хороо байр байшинг эвдэн сүйтгэж бидний үл хөдлөх хөрөнгөнд маш ихээр хохирол учруулсан байдаг. Бид нэгэнт Т.Б******* гэх хүнд үл хөдлөх хөрөнгөө албан ёсоор гэрээ хэлцэл хийн шилжүүлээгүй ба бидний өмчлөх эрх зөрчигдсөөр байгаа тул өөрсдийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх үл хөдлөх хөрөнгөө өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй үйлдлийг таслан зогсоолгох буюу Т.Б*******д байгаа үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгээ эх хувиар нь гаргуулан авахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч Т.Б*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М нар хариу тайлбартаа:

... Миний аав төр захиргааны байгууллагад 45 жил ажиллаж авсан тэтгэврээ өөрийнхөө хадгаламжид хийж явсан. Тэр хадгаламжаасаа хүүг нь авч, хэрэглэдэг байсан. Нэг өдөр аавын минь гарын үсгийг хуурамчаар зурж 6,500,000 төгрөгийг авсан байсныг мэдсэн. Манай ааваас гадна 6-7 хүн байсан. Аав маань гэртээ байж байхад нь энэ гурав орж ирээд Байдал эвгүй боллоо. Та миний дүүд туслаач гэж ярилцсан. Таны гарын үсгийг дуурайж, дүү маань хуурамчаар гарын үсэг зурж мөнгө авсан. Та гомдолгүй гэвэл миний дүү зүгээр байна гэж хэлсэн.

Манай аав авсан мөнгөө өгөөд, хүү мөнгийг нэмээд төлөх боломж уу гомдолгүй гэж бичиг гаргуулж авсан. Ээж маань хажууд нь байсан. Дүү маань ачигдах гээд байна. Энэ байшинг авчих гэж хэлсэн. Миний аав тэрнээс биш хамаагүй, дур мэдэн хүний юманд хүрээд байдаг хүн биш. Байшингаа аваад нэг сарын хугацаа өгье. Боломжтой бол миний хүүхдүүд яаж төлөх юм. Хүний бичиг баримтыг хуурамч гарын үсэг зурж, авч чадаж байгаа юм чинь би юу ч үгүй үлдэх юм байна. Тавьж байгаа зүйлийг чинь авъя гэж хэлээд хугацаа өгсөн. Буцаагаад яаж төлөх вэ гэсэн чинь Бид цалингийн зээл аваад төлнө. Санаа зоволтгүй гэж хэлсэн. Аав маань сар гаруйн хугацаанд хүлээсэн.

Миний аав хөрөнгө гэдэг үүднээс худалдаж авсан. Хугацаандаа юмаа өгөөгүй байж байтал гэнэтхэн байшингийнхаа түлхүүрийг өгсөн. Энэ байшингийн гэрчилгээ нь хаана байна. Өмнө би хулхидуулчихсан юм чинь гэж хэлэхэд Та шинээр авна гэж хэлээд Төрийн банкны захирал байсан н.Болормаад газрын гэрчилгээ, байшингийн гэрчилгээг хамт өгсөн байсан. Тухайн үед Б.З*******гийн өмч гэж мэдээгүй. 11 сарын үед өвлийн хүйтэнд н.О гэх хүн ирсэн. Дуудлага худалдаанд оролцоно гэж хэлсэн. Хэн төлөх юм бэ? гэхэд Б.З*******гийн зүгээс танд зарсан. Та төлнө гэж хэлсэн гэж байсан. Аав маань би мэдэхгүй байна. Би Б.З*******г мэдэхгүй. Б.Чтай тооцоо хийсэн. Энэ чинь Б.Чын өмч гэж хэлсэн. Өөдөөс Бат-Очирын З******* гэх зүйл гаргаад ирэхээр нь энэ хүмүүст хулхидуулсан байснаа мэдсэн. Та буцаагаад шоронд өгчих гэж хэлсэн чинь цагдаад нэхэмжлэл гаргавал бүгд хуурсан байна гэж хэлэхэд Яах юм бэ. Дүү нь шоронд явчихна. Хүний нялх хүүхэдтэй зууралдаад яах вэ. Нэгэнт бидэнд өгчихсөн юм чинь энэ мөнгийг төлөөд худалдаад авъя гэж хэлсэн. Дахин миний ээжийн тэтгэврийн зээл авхуулсан. н.Одноо гэх хүн биднээс 6,000,000 төгрөг нэхэмжилсэн. Хөгшин настай хүн байна. Мөнгө цаас гээд яах вэ гэж хэлээд 4,000,000 төгрөгийг бэлэн авсан. 500,000 төгрөгийг н.Мөнх-Отгон гэх хүнд өгсөн. Тэр үед Б.З*******гийн өмч гэдгийг мэдсэн. Өмнөөс нь төлөөд авчихсан байдаг гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 316/ШШ2025/00297 дугаартай шийдвэрээр:

Иргэний хуулийн 90 дугаар зүйлийн 90.1, 106 дугаар зүйлийн 106.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Б.З*******, Ц.Г*******, Ц.Г******* нарын өмчлөлийн Сэлэнгэ аймгийн З******* сумын 1 дүгээр баг,6 дугаар хэсэг 44 тоот хаягт байршилтай, 91м.кв талбайтай, хувийн сууцыг хариуцагч Т.Б*******ын хууль бус эзэмшлээс чөлөөлж, ******* дугаартай улсыг бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгч Б.З*******, Ц.Г*******, Ц.Г******* нарт өгөхийг хариуцагчид даалгаж, Т.Б*******ын Сэлэнгэ аймгийн З******* сум 1 дүгээр баг 6 дугаар хэсэг 44 тоотод орших ******* улсын дугаартай, хувийн сууцны зориулалттай 91м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн шударга өмчлөгчөөр Т.Б*******ыг тогтоолгох, эсхүл 14,500,000 төгрөгийг гаргуулж Т.Б*******д олгуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, нэхэмжлэгч Б.З*******, Ц.Г*******, Ц.Г******* нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг тус тус орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргаж нэхэмжлэгчид олгон, ...зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдан шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 318/шш2025/00297 дугаартай шийдвэрийг хариуцагч талаас эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

1.Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Шүүх хуралдаанд гэрчээр нэхэмжлэгчийн төрсөн дүү нар болох Б.Г, Б.Ч нар цахимаар оролцсон ба тэдгээр нь шүүх хуралдаанд тайлбар өгөхдөө маргаан бүхий орон сууцыг З*******гийн өмч биш, өөрөө мөнгөөрөө худалдаж аваагүй гэж мэдүүлсэн байдаг.

Гэтэл энэ талаархи дүгнэлтийг хийхдээ ...дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч Б.З******* нь өвлүүлэгч Б.Тоос 14,500,000 төгрөгийг зээлж авч дүү Б.Гын өр төлбөрт зарцуулсан болон Б.Гын өр төлбөрийг Б.З******* төлөх үүрэг хүлээсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна гэжээ.

Хэргийн нөхцөл байдал болон нэхэмжлэгчийн маргааны үйл баримтаас үзэхэд тухайн үл хөдлөх хөрөнгө нь Б.З*******гийн нэр дээр байх боловч шударга өмчлөгч бол биш байгаа талаархи дүгнэлтийг хийгээгүй байна. Хариуцагч талаас шүүхэд тухайн маргаж байгаа үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгч нь ямар байдлаар хэнээс худалдаж авсан эсэх талаархи баримтыг гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн. Гэтэл нэхэмжлэгч өөрийн хөрөнгө бий болсон эх үүсвэрийг гаргаж өгөөгүй нь тухайн маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн шударга эзэмшигч байх эсэх нь эргэлзээтэй байна.

2. Шударга өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ ...хариуцагч нь хэдийгээр ...хашаа байшинг худалдаж авсан гэх тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргаж байх боловч хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна... гэжээ.

Хариуцагчийн зүгээс сөрөг нэхэмжлэлийг гаргахдаа хэрэгт тухайн үед мөнгө шилжүүлсэн баримтууд, гэрээ хэлцлүүдийг гаргаж өгсөн, мөн нэхэмжлэгчийн төрсөн дүү нарын Цагдаагийн газар болон хоёр удаагийн шүүх хуралдаанд хууль сануулж авсан тайлбар зэргийг шүүх яагаад үнэлээгүй талаар огт дурдаагүй байна.

3.Хариуцагчаас ...14,500, төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлээгүй байна. Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 318/шш2025/00297 дугаартай шийдвэр нь хуульд нийцсэн үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Б.З******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Тухайн үед Т гуайд ах минь байшингаа 6,500,000 төгрөгт өгөхгүй. Та надад 15,000,000 төгрөг зөрүү мөнгөнд нь өгчих, тэгээд би шилжүүлээд өгье гэж хэлсэн. Би чинь өөрөө орох оронгүй ээжийнхээ жижиг байшин буюу 4:4-ийн харьцаатай байшинд амьдарч байсан. Гэтэл Т гуай 15,000,000 төгрөгөө өгөх ч юм яриад, өгөхгүй ч гэж яриад бие нь өвдөөд нас барсан. Тухайн үед хөгшин настай хүн, миний ээжтэй ялгаа юу байхав гэж миний хүн чанар зулгаагаад аль алинд юм хэлээгүй. Миний ээж ч нутгийн хүн хоорондоо учир зүгээ ол гэж хэлж байсан. Би тэнэг ч байж хүнийг бодоод эцэст нь ийм байдалд ороод байна. Би сүүлд нэг хүнтэй сууж хүний байшинд 9-үүлээ амьдарч байгаа. Энэ маргаанаас болж хэцүү байна. Би одоо Ерөнхий боловсролын сургуульд нийгмийн ажилтан хийж байгаа бөгөөд гэр бүлээсээ ажил хийж байгаа нь би ганцаараа юм. Маш их амьдралын зовлон амсаад явж байна. Надад өгөх газар байхгүй, худалдаж л авахгүй бол өгөхгүй. Өмчийн газар дууссан. Өнчин өрөөсөн хүүхдүүд тэжээж байна. Хүн өртэй байж болно. Хүний орох оронг шуналын сэдлээр авсан. 6,500,000 төгрөгийн байшин биш шүү дээ. Саун, тахианы байртай, амбаартай, газар нь 1.5 га газартай, 25 тонны зоорьтой. Гэтэл одоо зоорь нь цөмрөөд ашиглалтгүй болсон байна. Гаас мөнгөө нэхэмжилж болно. Шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй Б.З*******, Ц.Г*******, Ц.Г******* нарын нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

2.Нэхэмжлэгч Б.З******* нь хариуцагч Т.Б*******д холбогдуулан Орон сууцыг чөлөөлүүлэх, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг эх хувиар гаргуулах тухай, нэхэмжлэгч Ц.Г*******, Ц.Г******* нар мөн Т.Б*******д холбогдуулан Бусдын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх, үл хөдлөх хөрөнгөө өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй үйлдлийг таслан зогсоолгох буюу Т.Б*******д байгаа үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг эх хувиар нь гаргуулан авах тухай нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

3. Шүүхээс нэхэмжлэгч нарын нэхэмжлэл тус бүрт хариуцагч Т.Б*******д холбогдуулан иргэний хэрэг үүсгэсэн байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдын хүсэлтээр шүүгч хэргийг нэгтгэн шийдвэрлэх тухай захирамж гарснаар хэргийг нэгтгэжээ.

Хариуцагч Т.Б******* нь үл хөдлөх хөрөнгийг өмчлөгч нартай байгуулсан хэлцлийн дагуу тэдгээрийн зөвшөөрлөөр эзэмшиж байгаа тус хөрөнгийн хууль бус эзэмшигч гэж үзэхгүй гэж маргаж улмаар Сэлэнгэ аймгийн З******* сум 1 дүгээр баг 6 хэсэг 44 тоотод орших ******* улсын дугаартай, хувийн сууцны зориулалттай 91 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгийн шударга өмчлөгчөөр тогтоолгох, эсхүл 14,500,000 төгрөгийг гаргуулж, Т.Б*******д олгуулах тухай сөрөг шаардлага гаргасныг зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

4.Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч нарын үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргажээ.

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нар нь давж заалдах гомдлын үндэслэлээ анхан шатны шүүх хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж тайлбарлажээ.

6.Хэргийн үйл баримт болох хэрэгт авагдсан баримтыг судлан үзвэл:

Сэлэнгэ аймгийн З******* сум 1 дүгээр баг 6 хэсэг 44 тоотод орших ******* улсын дугаартай, хувийн сууцны зориулалттай 91 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч Б.З*******, Ц.Г*******, Ц.Г******* нар нь Иргэний улсын бүртгэлд 2007 оны 10 сарын 16-ны өдөр бүртгэгджээ.

Тус маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө нь нэхэмжлэгч Б.З******* түүний хүүхдүүд болох Ц.Г*******, Ц.Г******* нарын өмчлөлд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэлтэй боловч нэхэмжлэгч Б.З*******гийн төрсөн дүү Б.Чын эзэмшилд байсан, Б.Ч өөрийн төрсөн дүү Б.Г нар 2015 онд хариуцагч Т.Б*******ын төрсөн эцэг Б.Тт түүнд төлөх мөнгөн төлбөрийн үүрэгт хоорондын байгуулсан хэлцлийн дагуу хөрөнгийг эзэмшилд нь шилжүүлсэн, талийгаач Б.Т нь өөрийн төрсөн охин тус хэргийн хариуцагч Т.Б*******ын эзэмшилд үл хөдлөх хөрөнгийг шилжүүлснээр 2015 оноос өнөөдрийг хүртэл эзэмшилдээ байлгаж байгаа үйл баримтууд тогтоогдож байна.

Үүнд:

а.талийгаач Б.Т гэрч Б.Ч нар нь 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Хэлцэл гэх баримтыг бичгээр үйлдсэн байх ба тус баримтад З******* сумын иргэн Балдандорж овогтой Т би Бат-Очир овогтой Гын нэр дээрх 9 сая төгрөгийн зээлийн өрийг хаасан,

-Есөн сая төгрөгийн оронд өвлийн байшин халаалттай, зуны байшин, тахиан байр, зоорь, хашаа, саун, газар 1ширхэг, 250 сотын хашаа ... авахаар хэлэлцэж тохиров.

-Есөн сая төгрөгийг 2015 оны 10 сарын 1-ний дотор Б.Тт буцааж өгвөл барьцааг буцааж өгнө... гэсэн тэмдэглэл үйлдэж Б.Төмөрбаатар, Б.Ч нар нь гарын үсэг зурсан байна. /1-р хх-ийн 24 ху/

б.талийгаач Б.Т нэхэмжлэгчийн дүү тус хэргийн гэрч Б.Г нар нь 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Төрийн банканд баталгаа гэх баримтыг үйлдсэн байх ба уг баримтад ... миний бие Г нь иргэн Б.Тоос хадгаламж барьцаалсан зээл авсан 6,400,000 төгрөгийн зээлийг үндсэн зээл болон хүү төлбөртэй хамт 2015 оны 10 сарын 31-ний өдөр харилцан тохиролцсоны үндсэн дээр төлж барагдуулахаар тохиролцов... гэсэн гар бичмэл,

в.Б.Ч Б.Т нар нь 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Тодорхойлолт гэх баримтыг бичгээр үйлджээ.

Уг баримтад: З******* сумын иргэн Бат-Очир овогтой Ч миний бие тус сумын 1 дүгээр багийн 6 дугаар хэсэгт орших өөрийн байшинг тус сумын иргэн Балдандорж овогтой Тт худалдсан нь үнэн болно гэж Б.Төмөрбаатар, Б.Г нар гарын үсэг зурсан байна. /1-р хх-ийн 23 ху/

г.талийгаач Б.Т, гэрч Б.Ч нар нь 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр тодорхойлолт гэх баримтыг бичгээр үйлджээ.

Уг баримтад: тодорхойлолт: З******* сумын иргэн Бат-Очир овогтой Ч миний бие нь 2016 оны 2 сарын 05-аас хойш цалингийн зээлээ гаргаж 6 сая төгрөгийн өр зээлээ барагдуулна. Байшингийн гэрчилгээг иргэн Тт гаргуулж өгнө гэж Б.Төмөрбаатар, Б.Ч нар нь гарын үсэг зурсан байна. /1-р хх-ийн 25 ху/

д.Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 03 дүгээр сарын 24-ний өдрийн 225 дугаартай хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, шүүгчийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 207 дугаартай гүйцэтгэх хуудас зэрэг эрхийн актыг үндэслэн төлбөр төлөгч Б.Гаас зээлийн төлбөр 5,500,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 51475 төгрөгийн хамт гаргуулах шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж 2017 оны 10 сарын 19-ний өдөр дуусгавар болсон байна. /1-р хх-ийн 93-96 ху/

е.Төлбөрийг Б.Т нь 2017 оны 07 сарын 06-ны өдөр 4,000,000 төгрөгийг Л.Оийн төрийн банкны тоот дансанд, 2017 оны 09 сарын 21-ний өдөр 500,000 төгрөгийг Сэлэнгэ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хаан банкны тоот дансанд тус тус шилжүүлсэн байна. /1-р хх-ийн 26-29 ху/

ё. Гэрч Б.Гын шүүх хуралдааны шатанд өгсөн ...би Төрийн банканд ажиллаж байхдаа Т гуайн хадгаламжийг барьцаалж зээл авсан байсан. Төлж чадаагүй учраас маргаан үүсэж эгч Б.Чтай ярилцаад байшингаа өгөхөөр болсон, гэтэл байшингийн гэрчилгээ Л.Оийн зээлийн барьцаанд тавьчихсан байсан тул Т гуайгаас мөнгө аваад өрөө төлсөн. Зээлсэн мөнгөө буцааж өгч чадахгүй манай Б.Ч эгч баталгаа бичиж өгсөн. Миний хувьд Б.Чын байшин гэж үзэж байгаа. Б.Ч эгч байшинг худалдаж авахдаа Б.З*******гийн нэр дээр гэрчилгээг гаргуулсан байсан. Б.Ч эгч амьдарч байсан. Наад байшин чинь Б.Чын байшин. Гэрчилгээг тухайн үед ямар асуудал үүссэн юм мэдэхгүй, З*******гийн нэр дээр авсан гэсэн. Би Т гуайгаас 10 сая орчим төгрөг авсан. Б.Ч эгч зөвшөөрч баталгаа бичсэний үндсэн дээр байшингаараа төлбөрөө төлсөн гэж ойлгосон. Би Б.Чын байшин гэж ойлгож байгаа гэхдээ дараа нь гэрчилгээ дээрх нэр түр байсан учраас дараа нь ийм асуудал гарна гэж бодоогүй. Б.Ч эгч зөвшөөрөөд байшинг өрөндөө өгсөн...Гэрчилгээ дээрээ Б.З*******гийн өмч болсон учраас шүүхэд өгсөн юм шиг байна лээ. Би Б.З*******г ингэж шүүхэд өгнө гэж ёстой санаанд ороогүй... гэх мэдүүлэг,

ж.Гэрч Б.Чт шүүх хуралдааны шатанд өгсөн мэдүүлэгтээ: ... Б.З******* эгчийн нэр дээр байгаа байшинг би худалдаж авсан. Худалдах худалдан авах гэрээ хийхдээ эгчийн нэр дээр үл хөдлөхөөр оруулаад худалдан авах гэрээ хийсэн. Гэрчилгээг нь би гардаж өгөөгүй л дээ байшинг дүү Б.Гын өрийг дарахын тулд Т гуайд би өөрөө өгсөн... гэх мэдүүлэг баримтууд болно.

7.Нэхэмжлэгч Б.З******* түүний хүүхдүүд болох Ц.Г*******, Ц.Г******* нар нь нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх гэж тодорхойлжээ.

Нэхэмжлэгч нарын шаардлага нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасанд үндэслэсэн тул хариуцагчийн эзэмшил хууль бус эсэхийг шүүхээс дүгнэх шаардлагатай.

Нэхэмжлэгч Б.З******* нь хариуцагчийг үл хөдлөх хөрөнгийг хууль бусаар эзэмшилдээ авч өөрийн нь өмчлөх эрх зөрчигдсөн гэж тайлбарлаж байгаа боловч хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Б.З******* нь өөрийн дүү Б.Ч нарын хооронд тухайн маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн талаар маргаантай, түүний төрсөн дүү Б.Ч маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг дүү Б.Гын төлбөрт шилжүүлэхээр зөвшөөрч улмаар хариуцагчийн эцэг талийгаач Б.Ттой үл хөдлөх хөрөнгийг мөнгөн төлбөрийн үүрэгт шилжүүлэхээр хэлцэл хийсэн, тус хэлцлийн дагуу хариуцагчийн эзэмшилд үл хөдлөх хөрөнгийг шилжүүлсэн, энэхүү хэлцлийн дагуу хөрөнгө шилжсэн талаар нэхэмжлэгч мэдэж байсан болох нь хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон зохигчдын шүүхэд гаргасан тайлбар зэргээр тогтоогдсон.

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1-т эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно гэж заасан бөгөөд дээрхи хэлцлийн хүчин төгөлдөр эсэх болон үл хөдлөх хөрөнгө хариуцагчийн эзэмшилд хэрхэн шилжсэн үйл баримтын талаар зохигчдын хэн аль нь үгүйсгэж маргаагүй байх ба нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн шаардлагаа зөвхөн улсын бүртгэлд бүртгүүлсэн хууль ёсны өмчлөгч гэж маргажээ.

8.Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1. Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ, мөн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1. Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ. гэж тус заасан тул хариуцагч Т.Б*******ыг маргаан бүхий Сэлэнгэ аймгийн З******* сум 1 дүгээр баг 6 хэсэг 44 тоотод орших ******* улсын дугаартай, хувийн сууцны зориулалттай 91 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгийг хэлцлийн дагуу 2015 оны 08 дугаар сараас хойш эзэмшиж байх тул түүнийг хөрөнгийн шударга эзэмшигч гэж үзэхээр байна.

9.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэгч Б.З******* нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй боловч хариуцагч Т.Б******* нь тухайн хөрөнгийг хууль бусаар эзэмшилдээ аваагүй харин эд хөрөнгийг тодорхой хэлцлийн үндсэн дээр эзэмшилдээ авсан болох нь хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, хариуцагчийн эзэмшлийг хууль бус гэх үндэслэл тогтоогдоогүй тул давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, хариуцагчийн эзэмшлийг хууль бус гэж дүгнэх үндэслэлгүй байна гэж үзлээ.

Түүнчлэн нэхэмжлэгч Б.З******* нь хариуцагчийн эзэмшилд үл хөдлөх хөрөнгө хэрхэн шилжсэн талаар мэдэж байсан, 2015 оноос өнөөдрийг хүртэл 10 жилийн хугацаанд хөрөнгийн эзэмшил өмчлөлийн талаар огт маргаан гаргаж байгаагүй талаараа тодорхой тайлбарлаж чадахгүй байгаа зэрэг нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй гэж үзэхээр байна.

10.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож хариуцагчийн үл хөдлөх хөрөнгийн шударга өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

11.Нэхэмжлэгч Б.З******* болон түүний өмгөөлөгч нарт давж заалдах шатны шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч нэхэмжлэгч нь өмгөөлөгчгүй давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасны дагуу өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдааныг явуулсан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн

167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 316/ШШ2025/00297 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг:

1.Иргэний хуулийн 90 дугаар зүйлийн 90.1, 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг баримтлан Б.З*******, Ц.Г*******, Ц.Г******* нарын бусдын хууль бус эзэмшлээс үл хөдлөх хөрөнгө чөлөөлүүлэх тухай хариуцагч Т.Б*******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Т.Б*******ыг Сэлэнгэ аймгийн З******* сум 1 дүгээр баг 6 дугаар хэсэг 44 тоотод орших ******* улсын дугаартай, хувийн сууцны зориулалттай 91м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн эзэмшигчээр тогтоосугай. гэж,

2 дахь заалтыг:

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч Б.З*******, Ц.Г*******, Ц.Г******* нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг тус тус орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн сөрөг шаардлага гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг нэхэмжлэгч нараас гаргуулан хариуцагчид олгосугай. гэж тус тус өөрчлөн шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар хариуцагчийн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ

 

ШҮҮГЧИД Г.МЯГМАРСҮРЭН

Top of Form

Г.ДАВААРЕНЧИН