| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 176/2019/0231/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/252 |
| Огноо | 2019-08-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаяр |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 2019/ШЦТ/252
2019 08 27 2019/ШЦТ/252
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баттөр,
Улсын яллагч Б.Эрхэмбаяр,
Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч П.Эрдэнэ-Оюун,
Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан,
Иргэний хариуцагч Б.Ариунсүх,
Өсвөр насны шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч Б.Ат холбогдох эрүүгийн 1934003940234 дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б.А, 2001 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Завхан аймгийн Тэс суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Өсвөр насны шүүгдэгч Б.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Өсвөр насны шүүгдэгч Б.Аын өгсөн: 2019 оны 5 дугаар сарын 24-ний орой Балдандорж гэх хүний морины чүчээн дээр байж байхад Ариунсүх ах надад мотоцикл унаад засмал зам руу яваад Амаржаргалыг аваад ир гэж хэлсэн. Ингээд би Баянмөнх ахын мотоциклыг унаад засмал зам дээр очиход өөдөөс Амаржаргал, М.М хоёр машинтай ирж яваад надтай уулзаад машинаасаа буугаад би тэр хоёрыг сундлаад эргээд байрладаг гэртээ ирсэн. Ингээд унтаад маргааш нь босоод адуу малдаа яваад тус тусын ажлаа хийгээд орой 18 цагийн үед Ариунсүх сумын төв рүү хүний мотоцикл хүргэж өгчихөөд удахгүй ирнэ гэж хэлээд морьдоо чөдөрлөж тавиараа гэж надад хэлээд явсан. Ингээд байж байхад М.М Баянмөнх ахтай мотоциклтой адуунд явж байгаад ирээд тэнд байсан хүүхдүүд гэртээ цугласан. Тэгтэл Нямбаяр надад хандаж М.М таныг ална гэсэн гэж хэлсэн. Тэр үед нь би тоогоогүй чимээгүй өнгөрсөн. Ингээд байж байтал Амаржаргал надад хандаж бүгдээрээ газ сорох уу гэхээр нь яадаг юм бэ гэж асуухад үнэртээд үз тэгэхээр гоё болно хүний ярьж байгаа юм чихэнд чинь олон дахин давтагдаад гоё байдаг юм гэсэн. Яаж сорох юм гэхэд уутанд хийгээд сордог. Баллоноо нээгээд уутандаа дүүрээд ирэхээр нь амандаа боож байгаад амаараа сор гэж хэлсэн. Ингээд би гэрт байсан хүнсний гялгар уутыг аваад баллоныг нээж газ уутандаа дүүргээд гадаа гарч байгаад уутнаас газыг сороход шүд өвдөөд байхаар нь больчихсон. М.М надад хандан инээ гэж хэлэхэд тэр үг нь чихэнд давтагдаж сонсогдоод байсан. Ингээд уутаа газар хаясан чинь тэнд байсан хүүхдүүд над руу хараад инээлдээд байсан. Тэнд байсан Нямбаяр, Хэрлэн, Амаржаргал, М.М нар бүгд газ сорсон. Газ сорчихоод над руу хараад инээлдээд байсан. Би жоохон гадаа сууж байгаад гэр лүү ороход М.М баруун орон дээр сууж байгаад уутаа над руу шидэхээр нь чи яагаад байгаа юм бэ гэхэд яасан ч яадаг юм бэ гэж хэлээд босож ирээд намайг заамдаад авахаар нь би өөдөөс нь заамдалцаад барихад М.М надад хандаж тавьж бай би ээмгээ авъя гэж хэлэхээр нь би заамыг нь тавьчихаад куртикээ тайлаад халаасанд нь байсан морины уяа таслахад ашиглаж байсан эвхдэг хутгаа гаргаж дэлгээд айлгая гэж бодоод чамайг ална шүү гэхэд М.М хутгатай байна шүү дээ гэж хэлээд миний араас хоёр гарыг хамаад тэврээд авахаар нь би тавилдаа гэж хэлээд баруун тийшээ эргэхэд баруун талын гарт барьж байсан хутгаа үзүүр талыг нь арагш нь харуулж бариад ташаа хэсэгт нь тавиач гээд хатгахад М.М шаачихлаа шүү дээ гэж хэлээд гараад гүйсэн. Би араас нь гараад чамайг ална гэж хэлээд Баянмөнх ахын мотоциклыг асааж унаад араас нь хөөхөд морины чүчээ тойроод араар нь зугтаагаад чүчээн дээр авчирч гарчихсан. Би морины чүчээний хойд талаар тойроод араар нь зугтаагаад чүчээн дээр авирч гараад шархыг нь үзэхэд зүсчихсэн цус гарч байхаар нь чүчээн дээрээс буулгаад гэр лүү түшиж оруулаад Нямбаярыг Баянхмөнх ах руу мотоциклтой явуулсан. Ингээд Баянмөнх ах ирээд Мөнх-Эрдэний ташаа хавиар нь юмаар боогоод аймаг руу аваад машинтай эмнэлэг явсан. М.М газ үнэрлэж байсан уутаа над руу шийдэхээр нь би уурласан. Урьд өмнө М.М Нямбаярт намайг ална гэж хэлж байснаас болж уурлаад муудалцсан. Би Балдандорж гуайн уяач Ариунсүхийн унаач хүүхэд нь байж байгаад 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж Ариунсүх ах Мандал Алтай группын уяачаар очсон. Ариунсүх ахыг дагаад очсон. Би Балдандоржтой ямар нэгэн гэрээ байгуулаагүй. Мөн Ариунсүх ах надад морь уях ажилд тусалж бай, Балдандорж гэх хүнээс сард 350 000 төгрөг авч өгнө гэж хэлсэн. 2 сараас хойш 3 удаа 350 000 төгрөг Ариунсүх ах Балдандоржоос авч өгсөн. 5 сарын мөнгийг аваагүй байгаа гэх мэдүүлэг /хх 50/,
Иргэний хариуцагч П.Эрдэнэ-Оюуны өгсөн: Б.А нь манай хоёр дахь хүүхэд байгаа юм. Б.Аыг 2016 оноос эхэлж Ариунсүх гэх залуу хурдны морио унуулдаг байсан. Ингээд 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж Ариунсүх манай хүү Б.Аыг туслах уяачаар цалинтай ажил хийлгэнэ. Би өөрөө Балдандорж гэх хүний морийг уяж байгаа тэр хүнээсээ цалин мөнгийг нь авч өгнө гээд надтай уулзаж зөвшөөрөл аваад хүүг маань аваад явсан. Тэгтэл 2019 оны 5 дугаар сарын 27-ний өдөр цагдаагаас над руу залгаад танай хүү хүүхэд хутгалж гэмтээсэн байна гэж мэдэгдсэн. Гэрээ байгуулаагүй амаар тохиролцоод би зөвшөөрөөд өгөөд явуулсан. Өмнө нь Ариунсүхээс сард 400 000 төгрөгийн цалин аваад түүнийгээ надад авчирч өгөхөөр нь би өөрийг нь дагуулж хувцаслаад өөрт нь 10 000-20 000 төгрөг өгдөг байсан. Харин өнгөрдөг хавраас эхэлж Балдандорж гэх хүнээс сард 350 000 төгрөгийн цалин бэлнээр аваад түүнийгээ надад өгөөд би түүгээр нь өөрт нь хувцас хунар авч өгдөг байсан. Манай хүү даруухан, хичээл номондоо гайгүй хүүхэд байсан. 2008 онд Завхан аймгийн Тэс сумын дунд сургуульд элсэн орж 2012 онд 4 дүгээр анги төгсөөд, 2012-2014 онд Төв аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуулийг 2015-2017 онд, Төв аймгийн Сэргэлэн сумын Ерөнхий боловсролын сургуульд 9 дүгээр анги төгссөн. 2017 оны намар 9 сард Төв аймгийн Зуунмод сумын Мэргэжил Сургалт үйлдвэрийн төвд сантехникийн засварчны ангид элсэн орж суралцаж байгаад 2018 оны 02 дугаар сараас эхлээд Ариунсүхийг дагаж Балдандорж гэх хүн дээр очоод хичээлдээ явах гэхэд нь Балдандорж гэх хүн хичээл сургуульд санаа зовох хэрэггүй мөнгө өгөөд 12 дугаар анги төгссөн гэрчилгээг чинь худалдаад аваад өгчихнө гэж хэлээд сургуульд нь явуулаагүй байсан. Ингээд Балдандорж гэх хүний морины чүчээн дээр байж байгаад ийм асуудал гарч байгаа юм. Хүү маань 2001 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Завхан аймгийн Тэс суманд төрсөн. Дунд сургууль болон техник мэргэжлийн сургуульд суралцах хугацаандаа дандаа дотуур байранд сууж суралцаж байсан. Зуны амралт болон хичээлийн улирлын амралтаар гэртээ ирдэг байсан гэх мэдүүлэг,
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Насанд хүрээгүй хохирогч М.М.М өгсөн: 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр гэртээ байж байхад манай найз Амаржаргал манайд хүрч ирээд Балдандорж гуай чи бид хоёрыг хамт хүрээд ирээч гэж байна гэхээр нь би ээж, аавдаа хэлж мэдэгдээд Балдандорж гуайн Төв аймгийн Сэргэлэн сумын 3 дугаар багийн нутагт байх Шавартын ам гэх газарт байрладаг морины чүчээнд Амаржаргалын хамт Улаанбаатар хотоос такси бариад хүрч ирсэн. Бид хоёрыг Б.А гэх хүүхэд Шавартын амны урд талын засмал зам дээр мотоциклтой тосож аваад морины чүчээн дээр очсон. Тухайн өдөртөө очоод шууд унтсан. Чүчээн дээр байх гэрт очиход 3 жижиг морины хүүхэд байсан. Ингээд Б.А, туслах уяач, өөр бас нэг хүүхэд байсан. Бид хоёртой нийлээд наймуулаа байсан. Ингээд маргааш өглөө нь унтаж сэрээд адуу малаа барьж услаад уях морьдоо бариад ажлаа хийж байгаад орой Баянаа гэх нутгийн ах мотоциклтой ирээд би тэр хүнтэй адуунд яваад орой 19 цагийн үед ирэхэд уяач ах аймгийн төв рүү явчихсан байсан. Ингээд би гэр лүү ороход хүүхдүүд гартаа уут барьчихсан сороод байсан. Тэгээд би гэрт орж ирчихээд буцаад гарах гэхэд Б.А босож ирээд намайг заамдаад чи намайг ална гэж морины хүүхдүүдэд ярьсан байсан чи намайг алдаг хэн юм гэж хэлээд намайг гэр лүү түлхэж оруулаад гэрт оруулаад цохих гээд байхаар нь би чих гэмтэж магадгүй гэж бодоод ээмгээ авъя гэж хэлээд ээмгээ авах гэж байтал хоёулаа эр хүн шиг зодолдъё гээд байсан. Тэгтэл Б.А халааснаасаа хутга гаргаж ирээд үзье гээд миний өөдөөс дайрхаар нь би хоёр гарыг нь бариад болъё гэж хэлэхэд хутгатай гараараа хэвлий рүү дүрчихсэн ингээд би гэрээс гарч гүйгээд миний өөдөөс гаднаас Амаржаргал орж ирээд хажуу талын айлаас Баянаа гэх хүнийг дуудаж намайг эмнэлэгт хүргэж өгсөн. Намайг гэрээс гарсны дараа Б.А араас гарч ирээд гартаа хутга бариад намайг ална гээд морины чүчээ тойруулаад мотоциклтой хөөхөөр нь би чүчээн дээр гараад Б.Аыг доороос гарч ирэх гээд байхаар нь гарыг нь цохиод гаргуулаагүй. Хүүхдүүд бүгдээрээ байсан. Намайг Б.А хутгалахыг бүгдээрээ харсан гэх мэдүүлэг /хх 15/,
Иргэний хариуцагч Б.Ариунсүхийн өгсөн: Би Б.Аын ээж Эрдэнэ-Оюунтай амаар зөвшилцөж 2018 оны 6 дугаар сараас эхэлж Б.Ааар туслах уяач хийлгүүлж сард 350 000 төгрөгийн цалин өгч ажиллуулж байгаад 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж Б.А хичээлдээ явсан. Ингээд 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс эхэлж би Мандал-Алтай группын захирал Сүхийн Балдандорж гэх хүний уяачаар ажиллах болоод Б.Аыг туслах уяачаар авч Балдандорж гэх хүнээс сард 350 000 төгрөг Б.Ат авч өгч хамтран ажилласан. Ингээд 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Б.А намайг эзгүйд хамт байсан хүүхэдтэйгээ муудалцаад М.М гэх хүүхдийг хутгалсан байсан. Б.А өөрөө хэлэхдээ манай онолын хичээл дуусчихсан дадлагаа хийж байгаа 7 хоногт 1 удаа дадлагад гардаг гэж хэлсэн. Би 7 хоногийн 4 дэх өдөр дадлагдаа яваад ир гээд морьтой явуулдаг байсан. Мөн Балдандорж гуай 12 дугаар анги төгссөн гэрчилгээ авч өгнө гээд байхаар нь Б.А өөрөө хичээлдээ яваагүй. Би энэ талаар тухайн үед ээжид нь мэдэгдсэн ангийн багшид нь бол мэдэгдээгүй гэх мэдүүлэг /хх 21/,
Насанд хүрээгүй гэрч Г.Амаржаргалын өгсөн: 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр гэртээ Шувуун фабрикт ирээд байж байхад Балдандорж гуай над руу залгаад танайд ойролцоо байдаг М.М гэх хүүхдийг авчирмаар байна. Чи аав, ээжтэй нь намайг ингэж хэлж байна гээд дамжуулаад өгөөч гэж гуйсан. Би гэрт нь очиж аав, ээжид нь болон өөрт нь хэлээд бид хоёр тэр өдөртөө Улаанбаатар хотоос такси барьж гараад Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт Балдандорж гуайн морины чүчээнд байх гэрт ирсэн. Бид хоёрыг ирэхэд тэр гэрт унаач хүүхдүүд, мөн уяач Ариунсүх нар байсан. ...М.М гэр лүү юм идэхээр явахад Б.А араас нь гүйгээд орсон. Би араас нь юм идэхээр ороход Б.А, М.М хоёр нэгнийгээ заамдчихсан зогсож байсан. М.М намайг тавь ээмгээ аваадхъя гэж хэлээд нэгнийгээ тавиад энэ үед Б.А халааснаасаа хутга гаргаж ирээд М.М рүү дайрахад М.М ард нь гараад хутгатай гарыг нь тэврээд барьхад Б.А чамайг ална гэж хэлээд хутгатай гараараа арагшаа дүрчихсэн. М.М гэрээс гарч зугтаагаад араас нь Б.А ална гэж гараад мотоциклоо асааж унаад М.М хөөгөөд байсан. М.М морины чүчээн дээр гарахад Б.А доороос нь чулуу шидээд чамайг бууж ирэхгүй бол ална шүү гээд байсан. ...Б.А би чамайг одоо яах ч үгүй шархан дээр чинь хөвөн шатаагаад тавиад өгье гэж хэлэхэд М.М үгүй би чамаас айж байна гэртээ харимаар байна гээд уйлаад байсан. Б.А М.Мд хандаж эмнэлэг явах уу гэхэд мэдэхгүй гээд уйлаад байсан. Ингээд Нямбаяр айлаас хүн дуудаж ирээд эмнэлэг аваад явсан гэх мэдүүлэг /хх 22/,
Насанд хүрээгүй гэрч Н.Хэрлэнгийн өгсөн: Би 2019 оны 3 дугаар сараас эхэлж Балдандорж гэх хүний Төв аймгийн Сэргэлэн сумын 3 дугаар баг Шавартын ам гэх газарт байх морины чүчээн дээр сарын 500 мянган төгрөгийн цалинтай морь унаж байгаа. Мөнгийг маань ээжид маань өгдөг. Би 3 сараас эхэлж Сэргэлэн сумын сургуульд суралцаж байгаа дотуур байранд амьдардаг. Дотуур байранд манай уяач ах Ариунсүх оруулж өгсөн. Ариунсүх ах намайг хагас бүтэн сайны амралт болохоор очиж аваад чүчээн дээр морь унуулж байгаад хичээл цуглахаар байранд хүргэж өгдөг. Тэр өдөр намайг гэрийн гадаа байж байхад Б.А намайг дуудаж гэрт оруулахад М.М, Амаржаргал хоёр газ үнэртээд байсан. Тэгтэл М.М Нямбаярыг үүнд газ хийгээд өг гэж хэлээд гялгар уут өгч Нямбаяр М.Мд газ гялгар уутанд хийж өгсөн. Ингээд байж байхад М.М Б.А хоёр хоорондоо муудалцаад М.М ээмгээ авъя гэж хэлээд ээмэгээ аваад М.М Б.Аыг хутгаа тавих гээд цаашаа явж байхад нь араас нь тэвэрч аваад тэр хоёр ноцолдохоор би айгаад гэрээс гараад явахад араас М.М араас гарч ирээд пизда минь шаачихлаа шүү гэж хэлээд хашаа руу гүйсэн. Араас нь Б.А гарч ирээд мотоцикл асаагаад дайрч ална гээд хашаа тойруулаад туугаад байсан. Ингээд М.М хашаан дээр гарч хэвтсэн гэх мэдүүлэг /хх 25/,
Насанд хүрээгүй гэрч Д.Нямбаярын өгсөн: ...М.М гэрт газ сороод байж байхад Б.А гаднаас орж ирээд хажуугаар нь зөрөөд гарахад М.М Б.Аыг яагаад хажуугаар яваад байгаа юм гэж хэлээд М.М Б.Аыг заамдаж аваад тэр хоёр барилцаад авсан. Тэгтэл М.М Б.Аын нүүр лүү нь гараараа цохисон. Энэ үед би айгаад гэрээс гарчихсан гэх мэдүүлэг /хх 26/,
Гэрч У.Баянмөнхийн өгсөн: Тэр өдөр намайг гэртээ байж байхад Нямбаяр манай гэрт 19 цагийн орчим мотоциклтой ирээд М.М Б.Атай барилдаж байгаад төмөр дээр уначихлаа гэдэснээс нь цус гараад байна гэж хэлсэн. Ингээд би хүрээд очиход гэдсээ дарчихсан нэлээн цус гарчихсан байсан. Ингээд гарыг нь аваад харахад зүсчихсэн юм шиг байхаар нь хөнжлийн даавуугаар гэдсийг нь боогоод эмнэлэгт машинтай хүргэж өгсөн. Наашаа ирж байхдаа М.М өөрөө Б.Аыг хутгаар хатгачихсан гэж хэлсэн. Сүхийн Балдандорж гэх манай захирал дээрхи хүүхдүүдийг авчирсан. Дээрхи хүүхдүүд морь унадаг хүүхдүүд байгаа юм. Хүүхдүүдэд уяач Ариунсүх хяналт тавьдаг гэх мэдүүлэг /хх 28/,
Насанд хүрээгүй гэрч Б.Ганбаярын өгсөн: Би Б.Атай 2015 оноос эхэлж найзалж байгаа Төв аймгийн Сэргэлэн суманд суралцаж байхдаа найзалсан. Бид хоёр Ариунсүх ахын хурдны морийг цуг унадаг байсан. Б.А хүнтэй хурдан найзалж нөхөрлөдөг, найз маань номхон дөлгөөн зантай хүнтэй эвтэй харилцдаг. Б.А архи уудаггүй, хаяа тамхи татдаг, надтай байхдаа газ үнэрлэж байгаагүй гэх мэдүүлэг /хх 29/,
Гэрч Мандахгэрэлийн өгсөн: Тус хүүхэд 2017 онд Мэргэжил сургалт үйлдвэрийн төвийн сантехникийн 1 дүгээр ангид элсэн орж ирсэн би анги даасан багш нь байгаа юм. 2017 оноос 2018 оны хичээлийн жилийн 1 дүгээр улиралд жилийн эцсээр нийт 15 хичээлээс 7 хичээлийн дүн гаргаж хичээл таслалт маш ихтэй анги дэвших шалгалтанд ороогүй боловч 2018-2011 оны хичээлийн жилд дахиад хичээлдээ ирж суралцаж явж байгаад 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш дахин хичээлээ тасалж огт суухаа больчихсон. Ингээд хичээлдээ суухгүй болохоор нь нийгмийн ажилтан Амгаланбаярын хамт Цагдаагийн газрын хүүхдийн байцаагч Нарантуяатай уулзаж Б.А гэх хүүхэд хичээлдээ суухгүй Сэргэлэн суманд айлд мал маллаад байх шиг байна энэ хүүхдийг олж өгөөч гэж хүсэлт тавьсан. Ингээд Нарантуяа байцаагч Сэргэлэн сумын хэсгийн төлөөлөгчийг дуудаж уулзсан байдаг. Эцэг, эхтэй нь утсаар холбогдож хүүхдийг нь асуухад мэдэхгүй Сэргэлэн суманд айлд байгаа сураг байна. Мал маллаад ирэхгүй байгаа гэж хэлсэн. Дахиж надтай холбогдоогүй. Эцэг, эхийн зүгээс хүүхэддээ санаа тавиагүй. Эцэг эхийн хараа хяналт сул байгаа нь харагддаг байсан. Би Б.Атай дахин утсаар холбогдож чи хичээлдээ суугаад төгсөхгүй юм уу гэхэд Б.А өөрөө надад хандаж багшаа намайг сургууль одоо очвол авах болов уу гэж ярьж байсан. Энэ байдлыг нь би сургалтын албанд уламжилхад сургалтын албанаас цаашид сургах боломжгүй гэж хэлсэн. Тухайн хүүхдийг дуудаж өөрөөр нь өргөдөл бичүүлж сургуулиас гаргах тушаал гаргана хүүхдээ дууд гэдэг шаардлага тавьж би хүүхдээ дуудсан боловч ирээгүй. Б.А анги хамт олондоо нэр хүндтэй, сэргэлэн цовоо, сургуулиас зохиогдож байгаа ажилд идэвхитэй оролцдог, тэр тусмаа АХА тэмцээнд амжилттай оролцдог IQ өндөртэй суралцагч. Хамт олонтойгоо нийтэч, дутагдалтай тал нь жоохон хөнгөмсөг түрүүлж дуугарах гээд байдаг, дадлагын ажилд гарахад маш сайн оролцдог хүүхэд гэх мэдүүлэг /хх 30/,
Төв аймаг дахь Шүүх шинжилгээний албаны 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн №337 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.М.М.М биед баруун ташаанд шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4.Дээрх гэмтэл хурц ир үзүүртэй бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ /хх 35/,
Өсвөр насны шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх 51/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 52/, суралцагчийн хувийн хэрэг /хх 54-58/, суралцагчийн хичээлийн бүртгэл /хх 61-63/, хохирлын баримтууд /хх 66-68/ зэрэг болно.
Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл өсвөр насны шүүгдэгч Б.А нь хууль зүйн хувьд үл ялих зүйлээр шалтаглан “танхайн” сэдэлтээр, санаатай үйлдлээр хохирогчийн эрүүл мэндэд Гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл өсвөр насны шүүгдэгч Б.А нь 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг “Шавартын ам” гэх газар насанд хүрээгүй хохирогч М.Мтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний баруун ташаан тус газар хутгалж эрүүл мэндэд нь "баруун ташаанд шарх гэмтэл" бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь өсвөр насны шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч М.М /хх 22/, насанд хүрээгүй гэрч Н.Хэрлэн /хх 25/, гэрч У.Баянмөнх /хх 28/ нарын өгсөн мэдүүлэг, Төв аймаг дахь Шүүх шинжилгээний албаны 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн №337 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 35/ зэргээр нотлогдон тогтоогджээ.
Иймд өсвөр насны шүүгдэгч Б.Аыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Өсвөр насны шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Өсвөр насны шүүгдэгч Б.А нь насанд хүрээгүй хохирогч М.Мд хохирол төлбөрийг барагдуулсан болох нь насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ганзоригийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр прокурорт ирүүлсэн "...хохирлын 400 000 төгрөг хүлээн авлаа. Одоо бидэнд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй." хүсэлт /хх 77/-ээр нотлогдож байх тул өсвөр насны шүүгдэгч Б.Аыг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Улсын яллагчаас Өсвөр насны шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1, 8.3 дугаар зүйлийн 1, 2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 160 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх,
Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан "Гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн, миний үйлчлүүлэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан ял оногдуулахаас чөлөөлж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх." саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүх өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Өсвөр насны шүүгдэгч Б.А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Өсвөр насны шүүгдэгч Б.Аын хувийн байдалтай холбоотой хавтаст хэрэгт авагдсан хувийн хэрэг, /хх 54-58/, суралцагчийн хичээлийн бүртгэл /хх 61-63/, насанд хүрээгүй гэрч Б.Ганбаярын өгсөн: "Би Б.Атай 2015 оноос эхэлж найзалж байгаа. Б.А хүнтэй хурдан найзалж нөхөрлөдөг, найз маань номхон дөлгөөн зантай хүнтэй эвтэй харилцдаг хүүхэд. Б.А архи уудаггүй." гэх мэдүүлэг /хх 29/, гэрч Мандахгэрэлийн өгсөн: "Б.А анги хамт олондоо нэр хүндтэй, сэргэлэн цовоо, сургуулиас зохиогдож байгаа ажилд идэвхитэй оролцдог, тэр тусмаа АХА тэмцээнд амжилттай оролцдог IQ өндөртэй суралцагч, хамт олонтойгоо нийтэч, дутагдалтай тал нь жаахан хөнгөмсөг түрүүлж дуугарах гээд байдаг, дадлагын ажилд гарахад маш сайн оролцдог хүүхэд." гэх мэдүүлэг /хх 30/ зэрэгт дүгнэлт хийж,
Шүүх өсвөр насны шүүгдэгч Б.Ат эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэргийн шинж, чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал, өмгөөлөгчийн хүсэлт зэргийг харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг хүлээн авах боломжгүй гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3, 8.7 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт ял оногдуулахыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-т зааснаар шүүгдэгчид хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан 1 жилийн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрхий бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж,
мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулж,
түүнд авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Төв аймгийн Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Б.Аын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 22 см урттай, 12.5 см хүрэн өнгийн бариултай, 9.5 см ажлын хэсэгтэй эвхдэг хутга /1 ширхэг/-ыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахын Төв аймгийн Шүүхийн Тамгын газарт даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн 1934003940234 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч Б.А нь бусдад төлөх төлб өргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Өсвөр насны шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3, 8.7 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Б.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт ял оногдуулахыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Ат хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан 1 жилийн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрхий бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.А нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Ат 1 жилийн хугацаагаар авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Төв аймгийн Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт даалгасугай.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Б.Аын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 22 см урттай, 12.5 см хүрэн өнгийн бариултай, 9.5 см ажлын хэсэгтэй эвхдэг хутга /1 ширхэг/-ыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7.Эрүүгийн 1934003940234 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Б.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ