Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 2019/ШЦТ/261

 

 

 

 

 

 

 

 

   2019           09               04                                                   2019/ШЦТ/261

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхболд,

Хохирогч Э.О,

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа,

Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Г-т холбогдох эрүүгийн 1934006290308 дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б.Г, 1999 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын төрсөн, 20 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт        оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,       регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Б.Гын өгсөн: Би 2019 оны 7 дугаар сарын 30-ны орой 16 цагийн үед найзуудтайгаа уулзаад дэлгүүрээс боргио нэртэй 2.5 литрийн савлагаатай 4 ширхэг пиво аваад голын эрэг дээр гурвуулаа хувааж уусан. Тэгээд авсан пиво ууж дуусчхаад 21 цаг өнгөрөөд ХХХ бар луу орсон. Тэгээд бар луу ороод 1 цаг кароаке аваад, нэг шил эдэн нэртэй 0.5 литрийн архи, 3 нийслэл нэртэй пиво авсан. Тэгээд бид нар  авсан архи, пиво уугаад эхэлж байхад гаднаас Э.О орж ирсэн. Тэгээд бид  нар цагаа дуусахаар нь бөөндөө гарсан. Тэгээд бид нар 5-р хороо руу явсан бөгөөд 5-р хорооны тэнд байдаг Э.Оын эгч араас хүрээд ирсэн. Тэгээд байж байтал Э.Оын эгч манай ээжийг янхан гэхээр нь би Э.Оын эгчийг та ч гэсэн янхан биз дээ гэж хэлсэн. Тэгсэн чинь Э.О чи миний эгчийг янхан гэж хэллээ гээд над руу барьж явсан цүнхээ шидээд, миний шанаа руу 1 удаа цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд нүүр лүү нь хоёр удаа гараараа цохисон. Тэгээд бид хоёрыг ноцолдоод байж байтал Э.Оын аав нь ирээд бид нарыг салгаад бид нар гэр лүүгээ явцгаасан. Би Э.Оын зүүн нүднийх нь доод хэсэгт гараараа цохисон. Бид хоёр маргалдсаны улмаас л би цохисон. Тэрнээс би яг гэмтээчихье гэсэн бодолтой цохиогүй. Би эмчилгээний зардалтай холбогдон гарсан баримтын дагуу 350 000 төгрөг төлсөн. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

 

Хохирогч Э.Оын өгсөн: 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 16 цагаас эхлэн манай найз Ариунболд над руу залгаад хаана байна яваад ир гэсэн. Тэгэхээр нь би завгүй хотод сургалтандаа сууж байна орой очно гэж хэлэхэд Б.Г, Сод-Эрдэнэ нар гол дээр пиво ууж байна гэхээр нь намайг хүлээж байгаарай гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд би сургалтаа 17 цаг өнгөрөөж тараад 21 цаг өнгөрч байхад Төв аймагт ирсэн. Б.Г над руу залгаад бид нар ХХХ бааранд байна яваад ир гэсэн. Тэд нар вип өрөөнд орчихсон дуулж байсан. Намайг орох үед ширээн дээр 0.5 литртэй Соёрхол нэртэй архи задалсан байсан. Намайг бааранд ороход чамайг торгож байна гээд архинаас заавал 3 хундага уу гэж намайг шахсаар байгаад 3 хундага уулгасан. Тэгээд бааранд байхад Ариунболд агсам тавиад ширээ цохиод байхаар нь баарны хүмүүс та нар гар гээд бид нарыг гаргасан. Тэгтэл цаг дутуу байна цагаа гүйцээж дуулна гэж баарны хүнтэй Ариунболд хэрэлдэхэд 30 минутын мөнгө гэж буцааж өгсөн. Тэгээд баарнаас гарсан. ...тэгээд нөгөө хоёрыг хүлээгээд зогсож байтал манай Энхзаяа эгч гарч ирээд Э.Ооо юу хийж зогсож байгаа юм гэртээ харъя гэж хэлсэн. Тэгтэл хойноос ирж байсан Б.Г манай эгчийг хаанаас ирсэн янхан бэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би Б.Гыг чи яагаад манай эгчийг янхан гэж байгаа юм гэж уурлаад би Б.Гын гэдэс рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгтэл Б.Г чи намайг өшиглөдөг ямар том болсон писда вэ гэж хэлээд шууд намайг боогоод газарт унагааж миний нүүр лүү гараараа хоёр удаа цохиж, гутлаараа миний хамар луу хоёр удаа өшиглөсөн. Тэгээд намайг газарт хэвтэж байхад хүмүүс зодож, цохиж байсан хэн цохиж, зодож байгааг харанхуйд хараагүй. Б.Г миний хамар луу өшиглөх үед маш их өвдсөн. Б.Гыг Энхзаяа эгч салгасан. Би газраас босож иртэл Сод-Эрдэнэ намайг шууд ирж баруун талын хацар луу нэг удаа алгадсан. Тэгэхээр нь би найз гэж ийм байдаг юм уу гэж хэлээд миний хамрыг харалдаа гэж хэлээд зогсож байтал манай аав ирж намайг гэртээ харъя гээд аваад явсан. Үүний улмаас баруун талын нүд бүрэлзэж юм харахад муу, толгой тархи дийлдэхгүй өвчтэй, хүзүүгээр хөшиж өвдөж байсан. Миний хамар амьсгалахад өвдөж, баруун хэсэгт амьсгал авч болохгүй байсан. Би эмчилгээний төлбөрт 350 000 төгрөг авсан. Б.Гаас болж би сургалтандаа явж чадаагүй. Сургалтын төлбөрөө нэхэмжилмээр байна гэх мэдүүлэг,

 

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

 

   Гэрч Т.Энхзаяагийн өгсөн: 2019 оны 7 дугаар сарын 31-ний орой 22 цагийн орчим эмийн сан орчхоод буцаад гэр лүүгээ гурван замын уулзварын тэнд явж байхад Сод-Эрдэнэ, Ариунболд, Б.Г, Э.О нар явж байсан. Тэгээд тэд нар хоорондоо чанга чанга юм ярилцаад байсан. Тэгээд би очоод дүү Э.Оыгоо дуудаад явъя гэсэн чинь Б.Г намайг "чи гичий биз дээ, танай эгч янхан" гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр залууд чи намайг хаана янхан байхыг харсан юм би янхан бол танай ээж чинь чамайг тэжээх гэж ТҮК-д ажиллаж байгаа биз дээ гэж хэлсэн. Тэгтэл миний ээжийн амьдрал чамд хамаагүй гэж хэлээд Б.Г гэх залуу миний хөл рүү хоёр удаа өшиглөсөн. Тэгээд тэр залуу Э.Оыг чи ууж чадахгүй байж яах гэж уусан бацаан бэ гэж хэлээд очоод 2-3 удаа толгой руу цохисон. Тэгээд Э.О руу гурвуулаа нийлж дайрсан би салгах гэсэн боловч гар, хөл муутай болохоор дийлэхгүй  Э.Оын төрсөн эцэг Эрдэнэхуяг ахыг дуудсан. Тэгээд Эрдэнэхуяг ах ирээд Э.Оыг зодож байсан залуусыг салгатал тэр залуус Эрдэнэхуяг ахыг доороо хийгээд зодож цохиод байсан. Тэгтэл Э.О эргэж очоод Эрдэнэхуяг ахыг авсан. Тэгээд Э.О цагдаад хандсан. Би Э.Оыг зодож байх үед салгах гэж чадлаараа ноцолдсон боловч дийлдэхгүй залуус байна лээ гэх мэдүүлэг /хх 12, 20/,

 

Гэрч Ч.Ариунболдын өгсөн: 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Сод-Эрдэнэ, Б.Г хоёртой 16 цаг өнгөрч байхад уулзсан. Тэгээд бид нар дэлгүүрээс боргио нэртэй 2.5 литрийн савлагаатай 4 ширхэг пиво аваад голын эрэг дээр очиж гурвуулаа хувааж уугаад, Э.Отой утсаар ярьсан чинь хотоос гарч байна гэсэн. Тэгээд бид гурав ХХХ баар луу орохоор явсан. Тэгээд бааранд ороод 1 цаг караоке аваад 1 шил 0.5 литрийн хэмжээтэй эдэн нэртэй архи авсан. Тэгээд бид нарыг архиа уугаад байж байтал гаднаас Оргил орж ирсэн. Тэгээд бид нар архиа ууж дуусчхаад баарнаас гараад 5-р хороо луу явсан. Тэгээд 3 замын уулзварын тэнд Э.Оын эгчтэй таарахад бид нарыг загнаад Б.Гын ээжийг Э.Оын эгч нь янхан гэсэн чинь Б.Г та ч гэсэн янхан биз дээ гэж хэлсэн чинь Э.О чи миний эгчийг янхан гэж хэллээ гээд барьж явсан цүнхээ шидээд дараа нь нүүр лүү нь нэг удаа цохисон. Тэгээд тэр хоёр зодолдоод байсан Сод-Эрдэнэ эгчийнх нь хажууд зогсож байсан. Би утсаар ярих гээд тэд нараас холдоод явчихсан. Бид хоёр зодоонд оролцоогүй. Тэгээд удалгүй Э.Оын аав ирээд тэр хоёрыг салгаад гэр гэр лүүгээ явцгаасан гэх мэдүүлэг /хх 13/,

 

            Гэрч Б.Сод-Эрдэнийн өгсөн: ...бид нар баарнаас гараад гэртээ харих гэж явсан. 5-р багийн наад талын голын дээр явж байхад Э.Оын эгч таараад бид нарыг архи уулаа гэж загнаж байгаад алгадсан. Тэгснээ Оргилбодын эгч Б.Гын ээжийг танай ээж янхан биз дээ гэж хэлтэл Б.Г зөрүүлээд та бас янхан биз дээ гэсэн. Тэгтэл Э.О чи миний эгчийг янхан гэж доромжлоод байна гээд Б.Гыг өшиглөсөн. Тэгээд Б.Г, Э.О хоёр ноцолдож зодолдоод байсан. Ариунболд бид хоёр салгах гэсэн боловч дийлээгүй. Удалгүй Э.Оын аав ирээд Б.Г, Э.О хоёрыг салгаад намайг нэг багалзуурдаад хүүхэд зодлоо гэж уурлаад Э.Оыг аваад явсан. Э.Оыг Б.Г зодсон. Тэр хоёр хоорондоо зодолдоод байсан. Ариунболд бид хоёр хүрээгүй. Харанхуй шөнө байсан учир Б.Г, Э.Оын хаана нь яаж цохисныг хараагүй гэх мэдүүлэг /хх 18/,

 

                        Гэрч Д.Эрдэнэхуягийн өгсөн: 2019 оны 7 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө яг хэдэн цаг болж байсныг мэдэхгүй байна. Энхзаяа над руу залгаад Э.Оыг хүмүүс гол дээр зодоод байна гэсэн. Тэгээд би гол дээр яваад очтол Э.О, Б.Г, Энхзаяа гурав зууралдчихсан байсан. Би очоод Б.Гыг алгадах гэтэл хий алгадаад цохиж чадаагүй. Тэгтэл миний хойноос нэг хүн татаад газар унагааж Б.Г, Ариунболд, Сод-Эрдэнэ нартай зууралдсан. Тэгтэл миний гутал сугарсан би гутлаа өмсөөд салаад Б.Г намайг Эрдэнэхуяг ахаа гэхээр нь та нар зайл гэж хэлээд хүүгээ аваад гэртээ ирсэн. Тэгээд гэрэлд хартал манай хүүгийн зүүн талын нүд хөхөрч хавдсан, хамар нь мурийсан байсан. Намайг газарт татаж унагаасан. Тэрнээс биш цохиж зодоогүй. Жаахан ноцолдож байгаад салсан. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Надад гомдол санал байхгүй. Би тэр хүүхдүүдийг яв гэж хэлсэн боловч явахгүй дагаад гэрт ирсэн гэх мэдүүлэг /хх 19/,

 

                        Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн №538 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1.Э.Оын биед хамар ясны зөрүүтэй хугарал, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар, дагзны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхи, дух, дагз, хамар, хүзүү, цээж, баруун зүүн мөр, зүүн далны цус хуралт, зүүн нүдний салстын цус хуралт, зүүн нүдний доод зовхи, зүүн далны зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх /хх 23/,

 

шүүгдэгч Б.Гын захиргааны зөрчлийн бүртгэл, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 31/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 34/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 35/ хохирлын баримтууд /хх 43-44/ зэрэг болно.   

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:   

 

            Шүүгдэгч Б.Г нь Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багийн нутагт 2019 оны 7 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө иргэн Э.Оыг үл ялих зүйлээр шалтаглан зодож эрүүл мэндэд "хамар ясны зөрүүтэй хугарал, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар, дагзны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхи, дух, дагз, хамар, хүзүү, цээж, баруун зүүн мөр, зүүн далны цус хуралт, зүүн нүдний салстын цус хуралт, зүүн нүдний доод зовхи, зүүн далны зулгаралт" бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.О, гэрч Т.Энхзаяа, Ч.Ариунболд, Б.Сод-Эрдэнэ, Д.Эрдэнэхуяг өгсөн нарын мэдүүлэг, Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн №538 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогджээ. 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай,  хохирогч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Б.Гыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Хохирогч Э.О нь 380 375 төгрөгийн хохирол нэхэмжилснээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 350 000 төгрөг төлсөн болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож, үлдэх 31 179 төгрөгийн хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар гэм буруугийн шүүх хуралдаанаар гаргуулахаар шийдвэрлэснийг эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх шүүх хуралдаанд төлж барагдуулсан болохыг дурдав.

 

 Хохирогч Э.О нь гэмт хэргийн улмаас сургалтандаа явж чадаагүй сургалтын төлбөр болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэй байгаагаа дурдсан тул дээрх хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа нь шүүгдэгч Б.Гт улсын яллагчийн санал болгосон торгуулийн ялын хэмжээг багасгаж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Гт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгч Б.Гт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэргийн шинж, чанар, түүний хувийн байдал зэрэгт дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 500  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгийн оногдуулах нь зүйтэй гэж үзэв.  

 

Шүүгдэгч Б.Г нь оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй. 

 

Эрүүгийн 1934006290308 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Б.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Гыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Гт оногдуулсан 500 000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 166 667 /нэг зуун жаран зургаан мянга зургаан зуун жаран долоо/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Б.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5.Эрүүгийн 1934006290308 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

6.Хохирогч Э.О нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ