| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 151/2024/00020/И |
| Дугаар | 223/МА2025/00031 |
| Огноо | 2025-09-05 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 223/МА2025/00031
2025 9 05 223/МА2025/00031
Ч.У-ийннэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа, шүүгч А.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 151/ШШ2025/00546 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ........................................ /РД:........................./,
Хариуцагч: ........................................ /РД:.................../,
Хариуцагч: ...................................... /РД:................./ нарт холбогдох,
Гэм хорын хохиролд С.Ц-оос5,410,714 төгрөг, С.Э-аас, 10,821,427 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч С.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батцэцэг, хариуцагч С.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Отгонсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу 2025 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Цэрэнхандын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Ч.У,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунгэрэл,
Хариуцагч С.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батцэцэг,
Хариуцагч С.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Отгонсүрэн,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ч.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “2023 оны 8 дугаар сарын 16-ны өдөр малчин Энхбатын хориод үхэр, 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Ц-ийн ямаа, хонь 0,8 га тарьсан байцааны талбайд орж их хэмжээний сүйтгэл хийсэн. Энэ талаар Хөдөө аж ахуйн мэргэжилтэн Н.О-дхэлж газар дээр нь дуудан шалгуулахад сумын орлогч дарга Бямбацогт, газрын даамал Даваасүрэн гэх гурван хүний бүрэлдэхүүнтэй комисс ирж шалгаад хэмжилт хийлгүйгээр амаараа талбайн гуравны хоёроор хохирлыг авлаа гээд өргөдлөө араас аваад очоорой гэж хэлчхээд явсан. 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр өргөдөл хүлээн авах ёстой Н.Оолдохгүй, хажуу ширээний мэргэжилтний хэлснээр ширээн дээр нь орхиод гарсан. Н.О2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл ажлаа хийсэн байтал уг өргөдлүүдэд акт, дүгнэлт бичээгүй, ажлаа өгсөн хүндээ хүлээлгэж өгөөгүй, ажлыг нь хүлээж авсан Оюунтунгалаг ширээг нь уудалж байгаад ширээн дотроос нь олсон гэж яриад байгаа. Бид үнэхээр аргаа бараад 11-11 дугаарт гомдлоо мэдүүлэхэд хөдөө аж ахуйн мэргэжилтэн 99063631 дугаараас холбогдож Сүмбэр сумын орлогч даргад үүрэг өгч, хөдөө аж ахуйн мэргэжилтэн Оюунтунгалаг, байгаль орчны байцаагч Ц, газрын даамал Даваасүрэн нар газар дээр ирж хэмжилт хийгээд 0.58 га газар идэгдсэн байна гэсэн дүгнэлт гаргасан. Иймд сумаас тогтоосон хохирлын 16,232,141 төгрөгийн гурав хуваасны хоёр болох 10,821,427 төгрөгийг С.Э-аас, 5,410,714 төгрөгийг С.Ц-оосгаргуулж өгнө үү” гэжээ.
2.Хариуцагч С.Ц-ийн шүүхэд гаргасан хариу тайлбарын агуулга: “Манайх малаа тариан талбай руу оруулж байгаагүй. Малаа байнгын хариулгатай байлгадаг. Шөнө нь байнга хашиж хонодог...Хашаа нь эвдэрхий, хашаа хороогоо янзалдаггүй, тариан талбайгаа хардаггүй, тарьсан ногоогоо арчилдаггүй. Иймд нэхэмжлэгчийн гаргасан 5,410,714 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3. Хариуцагч С.Э шүүхэд гаргасан хариу тайлбарын агуулга: “2023 оны 8 дугаар сарын 16-ны өдөр манай охин Э.С над руу залгаад “ааваа бригадын ах манай үхрийг хашчихлаа” гэсэн. Үхрээ авъя гээд очтол 17 үхрийн 9 нь манайх байсан. 9 үхрээ гаргаад туугаад гэртээ аваачсан. Манайх энэ ногоо тарьсан бригадын ойролцоо 3, 4 жил орчим нутаглаж байна. Тэгэхэд ганц ч удаа талбайд нь мал оруулж байгаагүй. Энэ Ч.У-ийн хүүхэд болох ногоо тарьсан хүмүүс миний мэдэхийн 3 жил ногоо тарихдаа хашаа, хороогоо янзлахгүй, ногоо нь зэрлэгтээ баригдсан юм л харагдаж байдаг. Намайг очиж үхрээ авахад хашааны хаалга гээд эвдэрхий тор өлгөөд хаасан байсан. Ногооны хашаанд нь үе үе айлын мал орчихсон байгаа харагддаг. Ер нь л бол ногоо тарьж байж хашаа, хороогоо янзлахгүй, эвдэрхий муу торон хашаатай тул айлын хүмүүстэйгээ үе үе хэл ам болоод байгаа дуулддаг. Тарьсан ногоо нь малын ундны зам дээр байдаг. Манаач гээд залуу болох хүүхэд нь хариуцлагагүй, мал харахгүй, утсаараа тоглоод суудаг. Манай 9 үхэр орсон байсныг 20-оод үхэр орсон гэж худал ярьсан бөгөөд 9 үхэр нь 0.8 га газрыг их хэмжээгээр сүйтгэх боломжгүй. Би тус хашаанд нь ороход үүдэнд нь хэдхэн үхрийн мөр байсан бөгөөд оруулаад шууд гаргасан мөр байсан. Иймд нэхэмжлэгчийн гаргасан 10.821.427 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
4. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч С.Э-аас гэм хорын хохирол 10,368,000 төгрөг, хариуцагч С.Ц-оос5,410,714 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ч.Ут олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 453,427 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ч.У-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 239,111 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа дутуу төлсөн улсын тэмдэгтийн хураамж 50,503 төгрөгийг нэхэмжлэгч Ч.У ээр нөхөн төлүүлж, хариуцагч С.Э-аас 180,838 төгрөг, хариуцагч С.Ц-оос101,521 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ч.Ут олгож шийдвэрлэжээ.
5.Хариуцагч С.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасан гэм хорын хохирол нь Иргэний хуульд заасан гэм хор учруулснаас үүсэх үүрэг нь хэлэлцэн тохиролцсон гэрээ, хэлцлийг ямар нэг байдлаар зөрчсөнтэй холбоогүйгээр үүсэх бөгөөд гэм хор учруулагчийн хууль зөрчсөн үйлдэл (эс үйлдэхүй), түүнээс үүсэх гэм хор (хохирол), тэдгээрийн хоорондын шалтгаант холбоо, гэм хор учруулсан этгээдийн гэм буруу тогтоогдсон үед үүсдэг.
Гэтэл иргэн С.Ц-ийн хууль зөрчсөн үйлдэл эс үйлдэхүйг нотлох баримтын үндсэн дээр нотлогдоогүй байхад буюу анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй нотлох баримтыг үндэслэж буюу шийдвэрийн үндэслэх хэсгийн 14 дүгээрт ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж дүгнэжээ. Гэтэл ажлын хэсгийн дүгнэлт шүүхэд маргаан хянан шийдвэрлэгдэж байх хугацаанд буюу ажил үүргээ гүйцэтгэж байгаагүй ажлын хэсэгт байсан хүнийг эргэж дуудан оролцуулж ямар үндэслэлээр анх 16,232,141 төгрөг нэхэмжилж байсныг С.Ц-оос5,410,714 төгрөг, С.Э-аас 10,368,000 төгрөг гэж салгаж тооцсон нь тодорхойгүй байхад уг шийдвэрийг үндэслэж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадаагүй гэж үзэж байна.
Мөн иргэн С.Ц-ийн гэм буруутай үйлдэл эс үйлдэхүй байгаа эсэх нь тогтоогдоогүй байхад Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг удирдлага болгон шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
6. Хариуцагч С.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Отгонсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үндэслэж шийдвэрийн үндэслэх хэсгийн 14 дүгээрт ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж дүгнэжээ. Гэтэл хохирол тооцсон дүгнэлтийг гаргахдаа тухайн ажлыг хийхээ больсон хүнийг дуудаж, оролцуулан ямар үндэслэлээр анх 16,232,141 төгрөг нэхэмжилж байсныг С.Э-аас 10,368,000 төгрөг гэж тооцсон нь тодорхойгүй байхад уг шийдвэрийг үндэслэж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадаагүй гэж үзэж байна.Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1-т "Өөрийн эзэмшлийн талбай, ургацаа бусдын халдлага болон малаас хамгаалах”, хашаажуулах үүргээ биелүүлээгүй нь гэм хор учруулагчийн хууль зөрчсөн үйлдэл эс үйлдэхүй гэж үзэх үндэслэлгүй юм. Иймээс Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 546 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунгэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэвч гэм хор учруулсан болох нь гэрч Хүрэлчулуун, гэрч О нарын тухайн үед өгсөн мэдүүлэг, мөн цагдаад дуудлага өгсөн, сумын захиргаанд өргөдөл гарган ажлын хэсэг ажилласан зэрэг баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон. Шүүх энэ бүх баримтыг тал бүрээс нь нягт нямбай үнэлж дүгнэсэн. Ажлын хэсгийн мэргэжилтэн Оюумаа тухайн үед ажилгүй болсон байсан, дараа нь эргэж дуудаж ирүүлж дүгнэлтэд гарын үсэг зуруулсан нь хууль бус гэж хариуцагчийн зүгээс ярьж байна. Н.Онь ажлын хэсэгт оролцсон, хэргийн газар очиж танилцсан, гэрчээр мэдүүлэг өгсөн баримтууд ч хэрэгт байгаа учраас дүгнэлтэд гарын үсэг зурсан, тэрнээс биш ажлын хэсэгт оролцоогүй мэргэжилтэн дүгнэлтэд гарын үсэг зурсан зүйл байхгүй. Хашаажуулалтын асуудлын хувьд нэхэмжлэгч нийт 5 га газар эзэмшдэг бөгөөд тариалсан хэсгээ хашаажуулсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа. Хариуцагч С.Э-аас 10,368,000 төгрөг, Ц-оос 5.808.757 төгрөг нэхэмжилсэн нь тодорхойгүй байна гэж хариуцагчийн зүгээс ярьж байна. Сумын захиргааны дүгнэлтээр нийт хохирлын хэмжээг 16 сая төгрөгөөр тогтоосон тул анхны нэхэмжлэлд хоёр хариуцагчид холбогдуулан нэгтгэн гаргасан. Харин дараа нь хэргийг хэрэгсэхгүй болсон тул дахин нэхэмжлэл гаргахдаа ажлын хэсгийн шинэчилсэн дүгнэлтийг үндэслэн хоёр хариуцагчийн хохирлыг тус тусад нь тооцож нэхэмжилсэн. Хариуцагч нар өөрсдийгөө гэм буруугүй гэж мэдүүлж байгаа ч баримтаар нотлогдоогүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
8. Нэхэмжлэгч Ч.У давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2 га газар хашаагүй гэж би дөрөв дэх удаагаа тайлбарлаж байгаа. Манай 5 га газар хашаатай. Нүүрэн талын хашаа хоёр давхар. Энэ яригдаад байгаа 2 га газар дотор талдаа байгаа. Тиймээс бид нар давхар хашаа барих шаардлагагүй. О-ийн ажлыг авсан байсан О , О гэх хүмүүс “О тухайн үедээ бүх ажлаа хүлээж авсан учраас би оролцохгүй, Оюумаагаар шийдүүл” гэж байсан тул ажлын хэсэг болон орлогч дарга нь О-г дуудаж дахин тооцоолол хийж, шинээр гаргаж өгсөн...” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу хариуцагч С.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батцэцэг, хариуцагч С.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Отгонсүрэн нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.
1.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.
2. Нэхэмжлэгч Ч.У нь хариуцагч С.Э-аас гэм хорын хохиролд 10,821,427 төгрөг, хариуцагч С.Ц-оос 5,410,714 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...миний байцаа тарьсан талбайг 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдөр малчин С.Э-ийн 20-иод үхэр, 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр С.Ц-ийн хонь, ямаа орж сүйтгэсэн. Би Хөдөө аж ахуйн мэргэжилтэн Н.О-дэнэ талаар хэлж газар дээр нь дуудан шалгуулаад дүгнэлт гаргуулахад 16,232,141 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон тул хохирлыг хариуцагч нараас гаргуулж өгнө үү...” гэж тодорхойлсон.
Хариуцагч С.Ц нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн татгалзлаа “...Манайх малаа байнгын шөнө хашиж хонож өдөр хариулагатай байдаг. Харин Ч.У хашаа хороогоо янзалдаггүй, тариан талбайгаа хардаггүй байсан. Иймд хохиролд шаардсан 5,410,714 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж,
Хариуцагч С.Э нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн татгалзлаа “...Намайг очиж үхрээ авахад хашааны хаалга нь эвдэрхий, тор өлгөөд хаасан байсан. Манай 9 үхэр орсон байсныг 20 гэж худал ярьсан. Мөн үхрийн мөр байсан. 9 үхэр 0,8 га газрыг сүйтгэх боломжгүй тул 10,821,427 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж тус тус тайлбарлан мэтгэлцсэн байна.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар:
3.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-т “анхан шат, хяналтын шатны шүүх хуралдаанд тэмдэглэл хөтөлнө”, мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-т “Шүүх хуралдааны тэмдэглэлд хуралдааныг хэзээ, хаана хийсэн, эхэлсэн, дууссан цаг, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын овог, эцгийн нэр, хэргийн ба шүүх хуралдааны оролцогчдын овог, эцгийн нэр, хаяг, тэдний ирц болон тэдэнд эрх, үүргийг тайлбарласан байдал, хэргийн ба шүүх хуралдааны оролцогчдын тайлбар, тэдгээрийн мэтгэлцээн, шинжээчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, нотлох баримтыг шинжилсэн байдал, шүүх бүрэлдэхүүн, шүүгчээс хэргийн талаар асууж тодруулсан байдал, шүүхийн шийдвэрийн агуулга, түүнд гомдол гаргах хугацаа, журмыг тайлбарласан байдлыг бичнэ” гэж, 96.2-т “Шүүх хуралдаан дууссан өдрөөс хойш 3 хоногийн дотор тэмдэглэлийг бэлэн болгоно. Тэмдэглэлд шүүх хуралдаан даргалагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гарын үсэг зурна” гэж тус тус хуульчлан заасан.
Гэтэл анхан шатны шүүх Ч.У-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Ц , С.Э нарт холбогдох гэм хорын хохиролд С.Ц-оос 5,410,714 төгрөг, С.Э-аас, 10,821,427 төгрөг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, 317/ШШ2025/00546 дугаар шийдвэр гаргасан атлаа шүүх хуралдааны тэмдэглэл бичгийн хэлбэрээр хэрэгт авагдаагүй байгаа нь дээрх хуулийн заалт, журам зөрчигдсөн гэж үзэх үндэслэл болж байна.
Өөрөөр хэлбэл, шүүх хуралдааны тэмдэглэл нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар нотлох баримтын нотолгооны хэрэгсэл тул давж заалдах шатны шүүхээс хэргийг хянахдаа хуульд заасан үндэслэл журмын дагуу тэмдэглэл хөтлөгдсөн эсэх, шүүх хуралдаанаар ямар асуудлыг хэлэлцсэн, талууд ямар үйл баримтын талаар хэрхэн маргаж мэтгэлцсэн, шүүхээс үнэлсэн нотлох баримтыг шинжлэн судалж, хэлэлцүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу үнэлсэн эсэх талаар дүгнэлт өгөх учиртай.
3.2. Мөн хэрэгт авагдсан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид эрх, үүрэг тайлбарлаж өгсөн баримт /1хх-226/, иргэдийн төлөөлөгчид эрх, үүрэг тайлбарласан тухай баримт /1хх-239/ болон шүүхийн мэдэгдэх хуудаст /1хх-217/ шүүгч гарын үсэг зураагүй, хэрэг эмхэтгэлгүйгээр хэргийг давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн нь Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 205 дугаар тогтоолын 7.3 дугаар зүйлийн 7.3.1-т “Шүүхийн шийдвэрийг хэргийн гардуулсан буюу хүргүүлснээс хойш долоо хоногийн дотор шүүгчийн туслах холбогдох баримтыг хэрэгт бүрэн оруулж, баримт бичгийн стандартын дагуу эмхэтгэж, “Хэргийг хөтлөх, эмхэтгэх тухай” баримт №16-ыг үйлдэн шүүгчид хянуулна” гэж заасан журмыг баримтлаагүй байна.
4.Иймд давж заалдах шатны шүүх дээрх зөрчлийг залруулан зөвтгөх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж, хариуцагч С.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батцэцэг, хариуцагч С.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Отгонсүрэн нарын гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.
5.Давж шатны шүүх хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагч С.Ц-ийн 101,521 төгрөгийг, хариуцагч С.Э-ийн 188,093 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 151/ШШ2025/00546 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагч С.Ц-ийн 101,521 /нэг зуун нэг мянга таван зуун хорин нэг/ төгрөгийг, хариуцагч С.Э-ийн төлсөн 188,093 /нэг зуун наян найман мянга ерэн гурав/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТҮВШИНТӨГС
ШҮҮГЧИД М.МӨНХДАВАА
А.ЦЭРЭНХАНД