| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 176/2019/0257/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/264 |
| Огноо | 2019-09-05 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | Б.Энхболд |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 2019/ШЦТ/264
2019 09 05 2019/ШЦТ/264
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
Улсын яллагч Б.Энхболд,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Намжилмаа,
Шүүгдэгч А.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А.Мт холбогдох эрүүгийн 1834005230265 дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, А.М, 1981 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт 1А-75 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, З регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч А.Мын өгсөн: 2018 оны 7 дугаар сарын 14-ний өдөр би эхнэр Алтанцэцэг болон гурван хүүхдийн хамт Төв аймгийн Баянцогт сум руу хадам ээжийн гэр лүү явсан. Баянцогт суманд очоод эхнэр хүүхдээ үлдээгээд дүү Мэнд-Амарын хамт айл руу явж байсан. Тэгсэн хадмын гэрийн зүүн талд байдаг толгой дээр байх сүүдрэвчид Д.Б, Зоригоо, Намжим нар сууж байсан. Би Зоригоо ахтай очиж уулзчихаад дэлгүүр орж 0.7 литрийн хараа архи аваад буцаад тэд нар дээр очоод дүүдээ машинаа өгч явуулаад өөрөө үлдээд архи хувааж уусан. Намайг очихоос өмнө тэд нар нэг шил архи авч уугаад дуусч байсан. Миний авчирсан архийг уугаад сууж байхад манай эхнэр машинтайгаа бид нарын хажуугаар өнгөрөхөд Д.Б хараад би энэ хүүхнийг олон удаа шааж байсан гэж хэлэхээр нь би буруу сонслоо гэж бодоод нэмж асуусан чинь өмнө хэлсэн үгээ дахиж хэлсэн. Тэгэхээр нь би юу солиороод байгаа юм бэ наадах чинь манай эхнэр байна гэж хэлэхэд миний цээж рүү түлхээд намайг газар унагаасан. Газраас босохдоо би шороо атгаад Д.Бийн нүүр лүү цацаад гараараа нэг удаа цохисон. Тэгсэн цаанаас манай эхнэр ирж таараад намайг аваад явсан. Бид хоёр хадам ээжийн гэрт очоод хүүхдүүдээ аваад шууд Улаанбаатар хот руу явсан. Тэрнээс хойш Д.Бтэй дахиж уулзаагүй. Би урьд өмнө нь харж байгаагүй. Тухайн өдөр Зоригоо ахтай уулзахдаа танилцаж байсан. Бид нар гурвуулаа 0.75 литрийн хараа архи уусан байсан. Өөрийн хийж байгаа үйлдлээ бүрэн ухамсарлаж ойлгож байсан. Зоригоо ах, Намжим нар байсан өөр хүн байгаагүй. Тухайн үед манай эхнэрийг доромжлоод байхаар нь би уурлаад юу солиороод байгаа юм бэ наадах чинь манай эхнэр гэж хэлсэн чинь намайг түлхэж унагаасан. Надтай маргалдаж эхлэхээс өмнө ямар нэгэн ил харагдах шарх гэмтэл байгаагүй. Сүүлд гэмтэл учирсан эсэхийг нь мэдэхгүй байна. Би 4 000 000 төгрөгийн хохирол төлсөн. Д.Бийн зүгээс надад ямар нэгэн гомдол санал байхгүй гэж хэлсэн. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Би өөрийн буруутай үйлдлээ ухамсарлан ойлгож байна. Би Д.Бд учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Дахин ийм алдаа дутагдал гаргахгүй байх болно гэх мэдүүлэг,
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Хохирогч Д.Бийн өгсөн: 2018 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Баянцогт сумын төв дээр хөдөөнөөс сумын төв орж ирээд Намжаа гэх найзтайгаа таараад нэг пиво уух гэж байтал Намжаа пиво уухгүй архи ууна гэсэн. Тэгээд Намжаа бид хоёр нэг шил 0.75 хараа архи хувааж уугаад дуусгасан. Намжааг хүргэж өгөх гээд явж байтал толгой дээр хэдэн хүмүүс байсан. Тэгээд архи уусан байдалтай байж байгаад маргалдсан. Юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна. Тэгтэл нэг хүн миний толгой руу цохиод авсан. Сэрээд хартал сумын эрүүл мэндийн төв дээр ирчихсэн байсан. Маргааш өглөө нь сумын төвөөс Улаанбаатар хотын гэмтлийн эмнэлэг орж толгойдоо хагалгаа хийлгэсэн. Олон хоногоор эмнэлэгт хэвтсэн. Намайг цохисон залууг А.М гэдэг урьд өмнө нь харж байгаагүй. А.М бид хоёрт ямар нэгэн өр авлага, өш хонзонгийн асуудал байхгүй. А.М намайг толгойн тус газар зүүн талд нэг удаа цохисон. Би сууж байгаад бие засах гээд явахад араас ирээд цохисон. Надад учирсан хохирол болох 4 000 000 төгрөгийг бэлнээр төлж барагдуулсан. Хохирол, нэхэмжлэх зүйл байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх 21, 22/,
Гэрч Д.Нарантуяагийн өгсөн: 2018 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Баянцогт сумын төв руу ундны ус авахаар яваад өгсөн. Тэгээд үдээс хойш Төв аймгийн Баянцогт сумын Хүн эмнэлгийн төвөөс хөдөө гэрийн утас руу танай хүүхэд Д.Б тархиа хагалуулсан толгойдоо 3 оёо тавиулсан их хүнд гэмтсэн гэж ярьсан. 13 дугаар маягт аваад 7 дугаар сарын 15-ны өглөө эрт Улаанбаатар хотод Гэмтлийн эмнэлэг орсон. Тархины гавлын яс цөмрөлттэй гэсэн оноштойгоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. 2018 оны 7 дугаар сарын 18-нд хагалгаанд орсон маш хүнд бэртэл авсан гэж гэмтлийн эмч нар мэдэгдсэн. Манай дүү Д.Б нь хөгшин настай ээжтэйгээ хамт хоёулаа хөдөө байдаг гэх мэдүүлэг /хх 23/,
Гэрч Н.Намжилын өгсөн: Би наадмын амралтын өдрүүдээр Төв аймгийн Баянцогт суманд байдаг аав Нямаагийнд ирж амарсан. 2018 оны 7 дугаар сарын 14-ний өдөр 12 цаг өнгөрч байхад аав Нямаагийндаа байж байхад манай найз Батаа гэх залуу архи уусан байдалтай, нэг шил архи барьчихсан, дээрээс нь уусан байдалтай аавын гэрт орж ирсэн. Тэгээд нөгөө архиа Батаатай цуг явсан Шонхоо гэх залуутай гурвуулаа уусан. Бид гурав архиа хувааж уугаад дахиж 0.5 граммын хараа архи аваад колонкийн цаад талын толгой дээр гарсан. Архиа уугаад байж байтал Мандалаа гэх залуу эхнэр хүүхдүүдийн хамт цуг хүрээд ирсэн. Би Мандалын эхнэр Алтанцэцэгтэй юм яриад машинд нь суугаад урагшаа хөдлөөд яваад өгсөн. 5 минут орчим болоод буцаад толгой дээр гараад иртэл Батаагийн толгойноос нь цус гарчихсан зогсож байхаар нь эмнэлэг ороод эмчид үзүүлээд байж байгаад харьсан. Батаагийн толгойг Мандалаа гэх залуу цохисон юугаар цохисон талаар мэдэх юм байхгүй. Алтанцэцэг бид хоёр юм ярьж байгаад ирсэн чинь Мандалаа Батаагийн толгойг цохисон байсан. Батаа, Мандалаа хоёр юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй. Мандалаа ирэхдээ архи уусан байсан талаар мэдэхгүй. Бид нар дээр ирээд нэг хийж өгснийг уугаад л байж байсан гэх мэдүүлэг /хх 24/,
Гэрч Ж.Зоригтийн өгсөн: ...2018 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Баянцогт сумын Даргиат багийн нутаг Петровис шатахуун түгээх станцын баруун талын толгой дээр Д.Б, Намжим нар байхаар нь би очиж хамт суусан. Тэд нар 0.75 литрийн хараа архи авчихсан уугаад архи талдаа орж байсан. Архиа дуусаад байж байтал А.М нэг шил 0.75 литрийн хараа архи гаргаж ирсэн. Тэгсэн А.М, Д.Б хоёр хоорондоо маргалдаад сууж байсан сүүдрэвчээс гарсан удалгүй Д.Бийн толгойноос цус гарчихсан орж ирсэн. Тэгээд шууд Намжим эмнэлэг рүү аваад явсан. А.М, Д.Б нарыг сайн танихгүй зүс мэдэх төдий. Бид нар бүгдээрээ согтсон байсан. Тэгэхдээ нөгөө хүмүүс хэр зэрэг согтсон байсныг мэдэхгүй байна. Би тэр талаар тухайн үедээ мэдээгүй. Сүүлд сонсоход Д.Б нь А.Мын эхнэрийг харчхаад урьд өмнө нь эр эмийн харьцаатай байсан олон удаа унтаж байсан гэх зэргээр ярьсан байсан. Тэгээд А.М уурлаад чулуугаар цохисон гэж байсан гэх мэдүүлэг /хх 31/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 онц 7 дугаар сарын 17-ны өдрийн №8787 дугаартай дүгнэлт: 1.Д.Бийн биед дух ясны баруун хэсгийн цөмөрсөн ил хугарал, хугарлын харалдаах хатуу хальсан дээрх цусан хураа, тархи доргилт, баруун дух, чамархайд зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөгт зулгаралт, баруун зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хх 33/,
шүүгдэгч А.Мын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 41/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх 42/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 43/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх 44/, захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /хх 52-54/ зэрэг болно.
Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл А.М нь хууль зүйн хувьд согтуугаар хохирогч Д.Бтэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хүнд зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.М нь согтуугаар Төв аймгийн Баянцогт сумын Даргиат 3 дугаар багийн нутагт 2018 оны 7 дугаар сарын 14-ний өдөр иргэн Д.Бийг А.Мандалбарыг "эхнэрийг нь энэ хүүхнийг олон удаа шааж байсан." гэж хэлэн хэл амаар доромжилсон шалтгаанаар эрх чөлөөнд нь халдан зодож эрүүл мэндэд нь "дух ясны баруун хэсгийн цөмөрсөн ил хугарал, хугарлын харалдаах хатуу хальсан дээрх цусан хураа, тархи доргилт, баруун дух, чамархайд зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөгт зулгаралт, баруун зовхинд цус хуралт" бүхий хүнд хохирол учруулсан болох нь:
шүүгдэгч А.Мын өгсөн: "...Миний авчирсан архийг уугаад сууж байхад манай эхнэр машинтайгаа бид нарын хажуугаар өнгөрөхөд Д.Б хараад би энэ хүүхнийг олон удаа шааж байсан гэж хэлэхээр нь би буруу сонслоо гэж бодоод нэмж асуусан чинь өмнө хэлсэн үгээ дахиж хэлсэн. Тэгэхээр нь би юу солиороод байгаа юм бэ наадах чинь манай эхнэр байна гэж хэлэхэд миний цээж рүү түлхээд намайг газар унагаасан. Газраас босохдоо би шороо атгаад Д.Бийн нүүр лүү цацаад гараараа нэг удаа цохисон." гэх мэдүүлэг, хохирогч Д.Бийн өгсөн: "...Юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна. Тэгтэл нэг хүн миний толгой руу цохиод авсан. Сэрээд хартал сумын эрүүл мэндийн төв дээр ирчихсэн байсан. Маргааш өглөө нь сумын төвөөс Улаанбаатар хотын гэмтлийн эмнэлэг орж толгойдоо хагалгаа хийлгэсэн. Олон хоногоор эмнэлэгт хэвтсэн. Намайг цохисон залууг А.М гэдэг урьд өмнө нь харж байгаагаүй. А.М бид хоёрт ямар нэгэн өр авлага, өш хонзонгийн асуудал байхгүй. А.М намайг толгойн тус газар зүүн талд нэг удаа цохисон. Би сууж байгаад бие засах гээд явахад араас ирээд цохисон." гэх мэдүүлэг /хх 21, 22/, гэрч Д.Нарантуяагийн өгсөн: "...13 дугаар маягт аваад 7 дугаар сарын 15-ны өглөө эрт Улаанбаатар хотод Гэмтлийн эмнэлэг орсон. Тархины гавлын яс цөмрөлттэй гэсэн оноштойгоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. 2018 оны 7 дугаар сарын 18-нд хагалгаанд орсон маш хүнд бэртэл авсан гэж гэмтлийн эмч нар мэдэгдсэн." гэх мэдүүлэг /хх 23/, гэрч Н.Намжилын өгсөн: "...Би Мандалын эхнэр Алтанцэцэгтэй юм яриад машинд нь суугаад урагшаа хөдлөөд яваад өгсөн. 5 минут орчим болоод буцаад толгой дээр гараад иртэл Батаагийн толгойноос нь цус гарчихсан зогсож байхаар нь эмнэлэг ороод эмчид үзүүлээд байж байгаад харьсан. Батаагийн толгойг Мандалаа гэх залуу цохисон юугаар цохисон талаар мэдэх юм байхгүй." гэх мэдүүлэг /хх 24/, гэрч Ж.Зоригтийн өгсөн: "...2018 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Баянцогт сумын Даргиат багийн нутаг Петровис шатахуун түгээх станцын баруун талын толгой дээр Д.Б, Намжим нар байхаар нь би очиж хамт суусан. Тэд нар 0.75 литрийн хараа архи авчихсан уугаад архи талдаа орж байсан. Архиа дуусаад байж байтал А.М нэг шил 0.75 литрийн хараа архи гаргаж ирсэн. Тэгсэн А.М, Д.Б хоёр хоорондоо маргалдаад сууж байсан сүүдрэвчнээс гарсан. Удалгүй Д.Бийн толгойноос цус гарчихсан орж ирсэн. Тэгээд шууд Намжим эмнэлэг рүү аваад явсан. А.М, Д.Б нарыг сайн танихгүй зүс мэдэх төдий. Бид нар бүгдээрээ согтсон байсан. Тэгэхдээ нөгөө хүмүүс хэр зэрэг согтсон байсныг мэдэхгүй байна. Би тэр талаар тухайн үедээ мэдээгүй. Сүүлд сонсоход Д.Б нь А.Мын эхнэрийг харчхаад урьд өмнө нь эр эмийн харьцаатай байсан олон удаа унтаж байсан гэх зэргээр ярьсан байсан. Тэгээд А.М уурлаад чулуугаар цохисон гэж байсан." гэх мэдүүлэг /хх 31/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 онц 7 дугаар сарын 17-ны өдрийн №8787 дугаартай дүгнэлт: 1.Д.Бийн биед дух ясны баруун хэсгийн цөмөрсөн ил хугарал, хугарлын харалдаах хатуу хальсан дээрх цусан хураа, тархи доргилт, баруун дух, чамархайд зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөгт зулгаралт, баруун зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хх 33/ зэргээр хангалттай нотлогдон тогтоогджээ.
Иймд шүүгдэгч А.Мыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Бийн “Миний бие Д.Б нь А.Маас хохирлын төлбөр болох 4 000 000 төгрөг бэлнээр авлаа. А.Мт гомдол санал, цаашид нэхэмжлэх зүйлгүй. А.Мт хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Намайг байлцуулахгүйгээр шүүх хурлыг шийдэж өгнө үү” /хх 61/ гэх хүсэлтийг ирүүлсэн байх тул энэ шүүгдэгч А.М нь бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч А.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэлд нь 11 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Намжилмаа нь 10 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгнө үү гэх дүгнэлтийг гаргаж тус тус мэтгэлцэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.М нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч А.Мт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэргийн шинж, чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгох ял оногдуулах талаар гаргасан эрүүгийн хариуцлагын хэмжээг багасгаж, Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн шүүгдэгчийн хувийн байдал буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Ийнхүү шүүгдэгч А.Мт оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.
Эрүүгийн 1834005230265 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч А.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т заасан Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч А.Мыг 10 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 000 000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч А.Мт оногдуулсан 10 000 000 төгрөгөөр торгох ялыг гурван жилийн хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 278 000 /хоёр зуун далан найман мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч А.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Эрүүгийн 1834005230265 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ