| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
| Хэргийн индекс | 192/2025/02971/И |
| Дугаар | 210/МА2025/01315 |
| Огноо | 2025-08-11 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 210/МА2025/01315
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 20-ны өдрийн 192/ШШ2025/04276 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******ад холбогдох,
42,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Хариуцагч ******* нь мөнгө зээлдүүлээч гэсний дагуу нэхэмжлэгч нь 2024 оны 03 сарын 13-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж 28,000,000 төгрөгийн үнэ бүхий өөрийн өмчлөлд байсан Kia Pamax маркийн ачааны автомашиныг хариуцагчийн өмчлөлд нь шилжүүлж, дүйцүүлэн өгсөн.
1.2. Уг зээлийн гэрээг 3 сарын хугацаатай байгуулж, гэрээний аль нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд 0.5 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцсон. Нэхэмжлэгч нь хариуцагч руу удаа дараа холбогдон гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй.
1.3. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэг болох 28,000,000 төгрөгөөс 0.5 хувиар алданги тооцож, уг алданги нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 236 дугаар зүйлийн 236.6-т заасан заалтаар нийт үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиар тооцоод 14,000,000 төгрөг, гүйцэтгээгүй үнийн дүн 28,000,000 төгрөг, нийт 42,000,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:
2.1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 42,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байх боловч бидний хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй болно. Учир нь хариуцагч нэхэмжлэгчээс ******* арлын дугаартай Kia Pamax маркийн тээврийн хэрэгслийг 28,000,000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд төлбөрийг дараа нь төлөхөөр тохирсон.
2.2. Тухайн үед төлбөрөө төлөхгүй бол яах вэ гэдэг асуудал гарч ирсэн тул хоорондоо ярилцаад Зээлийн гэрээ байгуулахаар тохиролцоод уг гэрээг байгуулсан. Бодит байдал дээр хариуцагч нь зээл аваагүй нэхэмжлэгч зээл олгоогүй тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл шаардах эрхгүй гэж үзэж байна.
2.3. Харин худалдах-худалдан авах гэрээний дагуу машины үнэ болох 28,000,000 төгрөгийг төлнө. Иймд нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас 42,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 367,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 367,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно. гэжээ. Өөрөөр хэлбэл иргэн хоорондын зээлийн гэрээ бичгээр болон аман хэлбэртэй хийж болох ч нэхэмжлэгч ******* 28,000,000 төгрөгийг хариуцагч *******ад шилжүүлж хүлээлгэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцдог.
4.2. Мөн 2024 оны 03 сарын 13-ны өдөр Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт гэрээний зүйлийн нь мөнгөн төгрөг гэх ба Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасан. Гэтэл бодит нөхцөл болоод хавтаст хэрэгт 28,000,000 төгрөгийг хүлээлгэж өгсөн баримт байхгүй атал шүүх гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж үнэлсэн учир дутагдалтай.
4.3. Тус зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үнэлэлт дүгнэлт өгсөн нь хариуцагчийн хувьд хүлээх ёсгүй зээлийн гэрээний үүрэгт алданги болох 14,000,000 төгрөг нийт, 42,000,000 төгрөгийн хохирол учирч байна. Иймд анхан шатны 192/ШШ2025/04276 тоот шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:
5.1. Хариуцагчийн талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэлгүй. Хариуцагч тал өөрөө зээлийн гэрээ байгуулах болсон шалтгаанаа хүлээн зөвшөөрсөн. Өөрөөр хэлбэл, автомашиныг хүлээн авахдаа зээлийн төлбөрийг 3 сарын хугацаанд төлнө гэсэн тул зээлийн гэрээ байгуулсан нь маргаангүй байна.
5.2. Түүнчлэн хариуцагч нь зээлийн гэрээгээр мөнгө аваагүй гэж маргаж байгаа боловч автомашиныг 28,000,000 төгрөгт тооцон хүлээн авч, өөрийн өмчид шилжүүлсэн. Мөн уг төлбөрийг гурван сарын дараа бүрэн төлөхөө зөвшөөрсөн нь маргаангүй. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус гэх хариуцагчийн байр суурь үндэслэлгүй бөгөөд гэрээ хүчинтөгөлдөр гэж үзэх үндэслэлтэй байх тул гэрээний дагуу үндсэн төлбөр, хүү, алдангийг нэхэмжлэгч шаардах эрхтэй тул анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн.
5.3. Хариуцагчийн өмгөөлөгчийн нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй. Хуульд заасны дагуу гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурах шаардлага хангасан. Анхан шатны шүүх уг нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэж, хариуцагч хариу тайлбар өгсөн бөгөөд талууд маргаагүй. Өөрөөр хэлбэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэвийн явагдаж уг хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Иймд хариуцагчийн гаргасан гомдол нь үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
5.4. Талуудын гэрээний чөлөөт байдал, сайн дурын үндсэн нь дээр гэрээ байгуулж, агуулгыг нь өөрсдөө тодорхойлсон. Нэхэмжлэгч гэрээг чөлөөтэй байгуулах эрхийг зөрчсөн зүйл байхгүй тул хариуцагчийн гаргаж буй тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй байна гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ад холбогдуулж 42,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь үндсэн төлбөр 28,000,000 төгрөгийг зөвшөөрч маргаагүй, харин алдангийг эс зөвшөөрч маргажээ.
3. ******* болон ******* нарын хооронд 2024 оны 03 сарын 13-ны өдөр 1001 дугаар Зээлийн гэрээ нэртэй гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******* нь 28,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, хүүгүй *******ад зээлэхээр тохиролцож гэрээ байгуулсан байна.
4. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан гэрээний харилцааг буруу тодорхойлсон алдаа гаргасныг залруулна.
4.1. Нэхэмжлэгч нь ... зээлийн гэрээ байгуулан 28,000,000 төгрөгийг өөрийн өмчлөлд байсан Kia Pamax /Киа Пемакс/ маркийн ачааны автомашиныг өмчлөлд нь дүйцүүлэн шилжүүлж өгсөн гэж, хариуцагч нь ... нэхэмжлэгчээс Kia Pamax /Киа Пемакс/ маркийн автомашиныг 28,000,000 төгрөгөөр худалдан авсан гэж тус тус тайлбарласан.
4.2. Талуудын тохиролцоо, хүсэл зоригийн илэрхийлэл болон шүүхэд гаргасан тайлбарыг харьцуулан дүгнэхэд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.
4.3. 2024 оны 03 сарын 13-ны өдөр 1001 дугаар Зээлийн гэрээ-гээр 28,000,000 төгрөг бодитоор шилжээгүй бөгөөд нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн автомашиныг худалдах зорилгоор хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн нь худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулж байна.
4.4. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний зохицуулалтыг баримталсан өөрчлөлт оруулна.
5. Хариуцагч нь худалдах-худалдан авах гэрээний үндсэн төлбөр 28,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч маргаагүй тул эрх зүйн дэлгэрэнгүй дүгнэлт өгөхгүй.
6. Хариуцагч талаас ... алдангииг төлөхгүй гэсэн агуулгатай давж заалдах гомдлыг хангахгүй.
6.1. Учир нь зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй боловч талууд бичгийн хэлбэрээр байгуулсан гэрээнд гэрээний үүргийн зөрчил гаргасан тохиолдолд хүлээх хариуцлага буюу алдангийн талаар гэрээний 3.7-д ... хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлнө гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан хуулийн шаардлага хангасан гэж үзнэ.
Тодруулбал, талууд бичгийн хэлбэрээр байгуулсан гэрээ нь зээлийн гэрээний харилцааг зохицуулсан агуулгатай боловч энэ нь үүргийн зөрчил гаргасан тохиолдолд хүлээх хариуцлагыг заасан гэрээний тохиролцоо буюу алданги төлөх үүргийг үгүйсгэх нөхцөл болохгүй.
6.2. Анхан шатны шүүх алдангид 14,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн байна.
6.3. Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ гарын үсэг зураагүй боловч хожим итгэмжлэгдсэн төлөөлөгч *******д 2025 оны 05 сарын 19-ний өдөр нэхэмжлэл гаргах бүрэн эрхийг олгосон итгэмжлэл олгосон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдааг залруулж, улмаар шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан мэтгэлцэж оролцсон байна. Энэ зөрчил нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил хэдий боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтад заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох ноцтой зөрчилд хамаарахгүй.
7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж буруу дүгнэсэн алдаа гаргасныг залруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 20-ны өдрийн 192/ШШ2025/04276 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтад ... 281 дүгээр зүйлийн 281.1 ... гэснийг ... 243 дугаар зүйлийн 243.1 ... гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 367,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
С.ЭНХБАЯР