Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 2019/ШЦТ/258

 

 

 

 

 

 

 

 

   2019            09               02                                                   2019/ШЦТ/258

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Гансувд,

Хохирогч Ө.А,

Хохирогчийн өмгөөлөгч Д.Отгонбат,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баяр,

Шүүгдэгч Д.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржигон Дуламжавын Д.От холбогдох эрүүгийн 1934003230261 дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Д.О, 1977 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Дундговь аймаг Цагаандэлгэр суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 8, хүүхдүүдийн хамт       оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,            регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч Д.Оын өгсөн: 2019 оны 4 дүгээр сарын 26-ны орой 17 цагийн орчим хөдөө гэрээсээ зүүн зүгт байдаг төмөр замын 14-р зөрлөг орохоор явж байтал манай хөрш Жадамба хөгшин хониныхоо хажууд явган явж байсан болохоор настай хүн явган явж байна гэж бодоод өөрийн эзэмшлийн цагаан өнгийн поропокс маркийн авто машиндаа суулгаад гэрт нь хүргэж өгсөн. Гэрт нь ороод цай уугаад сууж байснаа Жадамбын хүү Өнөрбаярын эхнэр Ө.Ад хандан чи яагаад намайг гар утсаар мессэж бичээд дарамтлаад байгаа юм гэж хэлсэн чинь намайг "Чи муу янхан хүүхэн. Юу яриад байгаа юм." гэж хэлээд бид хоёр муудалцсан. Тэгсэн Буяндэлгэр эгч та хоёр гадаа гарч хэрүүлээ хий гэж хэлсэн. Тэгэхээр нь би гадаа гараад зогсож байсан чинь миний араас Ө.А гарч ирээд надтай дахин хэрүүл хийсэн. Тэгж байснаа манай охин Б.Лхагвасүрэнг элдвээр хэлээд араас нь ганц нэг цохисон. Тэгэхээр нь очоод барьцалдаж аваад үснээс нь хүчтэй татаад хэсэг хэрэлдсэн. Ө.А гэртээ орох гэхэд хадам эх нь оруулахгүй байсан. Тэгээд би охин Б.Лхагвасүрэнг машиндаа суулгаад 14-р зөрлөг орохоор явсан. Ө.А намайг өөрийнхөө нөхөр Ж.Өнөрбаяртай хардаж тэрнээсээ болоод намайг элдэв янзаар хэлж дарамталж байсан болохоор тэр асуудлыг асууж маргалдсан гэх мэдүүлэг,

 

Хохирогч Ө.Агийн өгсөн: Би 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өглөө 11 цагийн орчим Төв аймгийн төвөөс хөлсний авто машинаар төмөр замын 4-р зөрлөг хүргүүлж тэнд буугаад замын унаанд гар өргөөд дайгдаад явах гээд зогсож байсан чинь Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын зүс таних хоёр хүн машинтай хүрч ирсэн. Тэгээд би явсаар төмөр замын 14-р зөрлөг дээр хүрч ирээд тэндээс манай нөхөр мотоциклтой ирж тосож авах байсан чинь манай нөхрийн гар утас нь холбогдохгүй байсан. Тэгсэн чинь намайг суулгаж авч ирсэн хоёр хүн намайг гэрт чинь хүргээд өгье бидний явах зам ойролцоо юм чинь гэж хэлээд тэгээд бид нар явсаар  манай гэрийн урд байдаг худаг дээр мал байна тэнд манай нөхөр байж байгаа байх гэж хэлээд худаг дээр очсон чинь манай нөхөр Ж.Өнөрбаяр худгаас адуу услаад зогсож байсан. Тэгээд намайг хүргэж өгсөн хүмүүс Цагаандэлгэр сум руугаа явсан нөхөр бид хоёр адуу малаа услаж дуусаад мотоциклтой сундалдаад гэртээ очсон. Гэртээ ороод 88243327 дугаар луу залгаж ярьсан байна гэж хэлсэн. Тэгсэн чинь манай нөхөр би мэдэхгүй чи залгасан юм биш үү гэж хэлсэн. Тэгэхэд нь би урьд чинь чи залгаж ярьсан байсан би харсан гэж хэлсэн чинь манай нөхөр тиймээ урд нь залгасан гэж хэлсэн. Тэгээд би одоо энэ дугаар луу залгалаа гэж хэлээд залгасан чинь согтуу эрэгтэй хүн авсан. Тэгээд яриаг нь ойлгохгүй тасалсан. Тэгээд дахиж залгаад ярьсан чинь Д.О өөдөөс утсаа авсан. Тэгэхээр нь би чи битгий гэр бүл үймүүлээд байгаарай би чамайг мэднэ шүү гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд нөхөр бид хоёр бэлчээрт байгаа хонио хураагаад мотоциклтой яваад гэрийнхээ баруун талд хонио хураагаад орой 17 цагийн орчим манай гэрийн ойролцоо байдаг хадам аав Жадамбаагийнхаас хоёр бага хүүхдээ авахаар очсон. Хадам аавын гэрт очиход хадам ээж Буяндэлгэр, туслах малчин Тэрбиштогтох хоёр гадуур малын ажил хийгээд явж байсан. Хадам аав Жадамба байхгүй байсан. Тэгээд хоол идээд сууж байсан чинь хадам аавын гэрийн гадаа машин ирж зогсох шиг болсон. Гэрийн хаалга бага зэрэг онгорхой байсан тэр завсараар нь манай нөхөр хараад Д.О байна гэж хэлсэн. Тэгээд удалгүй гаднаас хадам аав Жадамба орж ирсэн араас нь Д.О орж ирсэн. Тэгээд орж ирээд цай, унд уугаад хоол идээд сууж байснаа гэнэт Д.О над руу Ө.А чи аятайхан байгаарай гэж хэлээд над руу дайрсан тэгэхэд нь би өөдөөс нь босоод чи миний гурван хүүхдийг доромжлоод байгаарай гэж хэлээд бид хоёр хэрэлдсэн. Тэгсэн манай нөхөр босож ирээд Д.Оын урдуур гараа алдалж зогсоод миний буруу гэж хэлээд намайг манай туслах малчин хийдэг Тэрбиштогтох миний араас тэврээд авсан. Тэгээд намайг тэвэрсэн чигээрээ орон дээр унасан. Тэр хугацаанд Д.О хадам ээж Буяндэлгэр хоёр намайг элдвээр хэлж байсан. Тэгсэн чинь гаднаас Д.Оын охин Лхагвасүрэн хуванцар сандал гартаа бариад зогсож байсан. Тэгээд хадам ээж Буяндэлгэр биднийг гадаа гарч учраа ол гээд гэрээсээ түлхээд гаргасан. Гадаа гарч ирээд би буцаад гэртээ орох гэсэн чинь хадам ээж гэрийнхээ хаалга таглаж зогсоод оруулахгүй байсан. Тэгээд намайг Б.Лхагвасүрэн алчина шүү гээд байсан. Тэгэхэд би өөдөөс нь хэрэлдээд зогсож байсан чинь миний араас миний үснээс барьж аваад намайг доош нь хүчтэй газар дараад миний хүзүү аймар дуугараад өвдөөд байсан. Тэгээд намайг үсдээд дарчихсан байсан болохоор хажуунаас Д.Оын охин Б.Лхагвасүрэн миний нүүр, хүзүү хэсгээс хувцас хунараас маажаад базаад байсан. Тэгээд намайг үсдэж байгаад миний ар нуруу луу цохиод байсан. Юугаар цохиод байгааг мэдээгүй. Тэгээд би та нар намайг алах юм байна, хүн алах юм бол шоронд орно шүү дээ гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр хадам аавын гэрээс гарч ирсэн. Манай нөхрийг гэрээс гаргахгүй хаалгыг нь дарчихсан болохоор намайг салгаж авч чадаагүй юм шиг байсан. Манай нөхөр гэрээс гарч ирсний дараа Д.О, түүний охин Б.Лхагвасүрэн нар машинаа асаагаад яваад өгсөн байсан. Миний биед гэмтэл учирсан. Миний нуруу одоо болтол өвчтэй байна. Шүүгдэгчээс эмчилгээний зардал 1 671 900 төгрөг, хоол, унааны 285 620 төгрөг, сорви арилгах эмчилгээ хийлгэх 2 090 000 төгрөг, малчин хөлсөлж ажиллуулсан хөлс 500 000 төгрөг, бусад зардалд 395 000 төгрөг, нийт 4 942 000 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг,

 

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

 

Гэрч Б.Лхагвасүрэнгийн өгсөн: 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 17 цагийн орчим ээж Д.Оын хамт бид хоёр машинтай төмөр замын 14 дүгээр зөрлөг орох гээд хөдөө гэрээсээ гараад явж байтал манай саахалт Жадамба гэдэг өвөө явган хонио хариулаад явж байсан. Тэгээд манай ээж тэр өвөөг машиндаа суулгаад гэрт нь хүргэж өгсөн. Ээж өвөөг дагаад гэрт нь орсон. Удалгүй хүмүүс чанга дуугаралдаад хүүхдүүд уйлалдаад эхэлсэн. Тэгэхээр нь би машинаас буугаад нөгөө өвөөгийн гэрт нь орсон чинь манай ээж Д.О Ө.А гэдэг эгчтэй маргалдаад зогсож байсан. Тэгэхээр нь би ээжийг одоо явъя гэж хэлээд гэрээс дагуулаад гарсан. Гадаа гараад би машиндаа суух гэж байтал миний араас миний гарыг хүчтэй татсан эргээд харсан чинь Ө.А эгч байсан. Тэгээд намайг гараараа маажсан. Тэгсэн чинь манай ээж Д.О хүүхэд зүгээр байлга гэж хэлээд Ө.Атэй барилцаж аваад надаас холдуулсан. Тэгэхэд нь би хамт татагдсан. Учир нь миний гараас Ө.А эгч барьчихсан байсан болохоор би ээжийгээ салгах гэж оролдсон. Тэр үед манай ээж Д.О, Ө.А эгч хоёр толгойныхоо үснээс барилцаад авчихсан байсан. Тэгээд тэр хоёрыг тавиулаад ээжийгээ салгаж аваад машиндаа суулгаад 14-р зөрлөг рүү явсан. Ээж бид хоёрыг явсны дараа ээжийн утас руу элдэв янзын үгтэй мессэж бичээд байсан. Би сайн танихгүй нэрийг нь мэднэ. Манай хөдөө гэрт айл хөрш байдаг Ж.Өнөрбаяр гэдэг ахын эхнэр гэдгийг нь мэднэ. Манай ээж Д.О, Ө.А нар нь хоёр биенийхээ үснээс зулгаацалдаад байсан. Намайг Ө.А гэдэг хүн гараас минь татаад миний хүзүүг маажсан өөр зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх 18/,

 

Гэрч Ж.Өнөрбаярын өгсөн: Би Ө.Атэй 2007 онд гэр бүл болсон бөгөөд бид хоёр дундаасаа гурван хүүхэдтэй. Д.О, Лхагвасүрэн хоёртой нэг нутаг усны хүмүүс байгаа юм. Д.Оын талийгаач нөхөр нь манай хамаатан байсан. Тухайн өдөр манай эхнэр Ө.А Төв аймгаас ирсэн. Ирэх үед нь би адуугаа услаад байж байсан. Тэгээд хамтдаа адуугаа усалчхаад гэртээ харьсан. Гэрт ирээд надад манай эхнэр чи Д.О луу залгасан байна. Залгасан дугаар чинь энэ  байна гэж хэлээд манай эхнэр Д.О луу залгаад чи айл гэр үймүүллээ, манай нөхрөөс хол байгаарай гэж ууртай хэлж байх шиг байсан. Тэгээд бид хоёр хониндоо яваад хонио бөөгнүүлээд гэрийн гадаа ирж худаг ороод аавынхаас хоёр хүүхдээ авах гээд очсон. Аавынд ороод хоол, цай уучхаад байж байтал гадаа машин дуугараад гаднаас аавыг Д.О, охин Лхагвасүрэнгийн хамт авчирсан бөгөөд аав гэрт орж ирээд араас нь Д.О орж ирсэн. Д.О орж ирээд хоол, цай идэж уучхаад босохдоо Өлзий гуай аятайхан байгаарай хэл амаар доромжлохгүй шүү гэж хэлсэн. Манай эхнэр Ө.А босож ирээд чи харин намайг доромжлохгүй шүү гэж хэлээд гэр дотор зүүн урд хэсэгт барилцаад авсан. Тэгтэл гэрийн зүүн хойд талд байсан аавын малыг хардаг Тэрбиштогтох голоор нь ороод манай эхнэрийг барьж аваад хойш нь хорьсон. Тэгээд орон дээр давхралдаад ойчсон. Тэгээд дахиад Д.О дайраад эхэлсэн. Тэгээд манай эхнэрт хүрэхээс нь өмнө би дундуур нь ороод болиулсан. Тэгтэл дахиад гэрийн зүүн хойд талд зууралдаад эхэлсэн тэр үед охин Лхагвасүрэн гэрт ороод ирчихсэн манай эхнэр лүү дайраад сандал барьчихсан чамайг алчихна шүү гэж байсан. Тэгээд хоёр хүүхэд уйлаад манай ээж Буяндэлгэр та нар гэр нураалаа гэж хэлээд гаргасан. Дараа нь манай эхнэрийг манай ээж Буяндэлгэр баруун гараас нь чирсээр байгаад та нар наад бөгснийхээ хэрүүлийг гадаа гарч хийцгээ гэж хэлээд гаргасан. Тэгээд би хоёр хүүхдээ аваад хувцаснуудыг нь аваад гарах гэтэл гадна манай ээж хаалга дараад гаргахгүй байсан. Тэгээд би эргэж хоёр хүүхдийнхээ үлдэгдэл хувцас, эхнэрийн бээлий малгайг аваад гарах гэтэл өөдөөс ээж ороод ирсэн. Тэгээд гэрээс гараад иртэл манай эхнэр аллаа Өнөрөө гэж дуудсан. Намайг гарахад Д.О болон манай эхнэр бие биенийхээ үснээсээ зуурчихсан. Манай эхнэр гэр лүү орох гээд ухарчихсан. Тэрбиштогтох хорьсон тэвэрчихсэн байдалтай байсан. Тэгээд би тавиулах гэтэл тавихгүй байсан. Тэгээд би үснээс нь салгаад гэрт оруулсан. Гэрт ороход манай хүний зүүн талын хацар нь хумсны сорвитой байсан бөгөөд энэ нь гэрт байхад л үүсчихсэн байсан. Хэн учруулсныг нь мэдэхгүй байна. Бусад гэмтлийг нь хэн учруулсныг мэдэхгүй байна. Гадаа юу болсныг мэдэхгүй байна. Манай эхнэрийг Д.О үснээс нь зуурчихсан харин манай эхнэр Д.Оын баруун гараараа мөр лүү нь тулчихсан зүүн гар нь унжчихсан байсан. 2015 оны 9 дүгээр сарын сүүлээр байсан байх айлын унага тамганаас тараад би гэрт нь мотоциклтой хүргэж өгсөн бөгөөд тэндээ бид хоёр хамт  хоносон. Тэгэхэд бэлгийн харилцаанд орсон. Тэрнээс хойш ямар нэгэн байдлаар бэлгийн харилцаанд ороогүй. Ө.А намайг дахиж Д.Отай  холбоотой  байгаа гэж хардаад л ийм юм болсон байгаа гэх мэдүүлэг /хх 19-20/,

 

Гэрч Г.Буяндэлгэрийн өгсөн: Тухайн орой би гэртээ байж байхад Өнөрбаяр, Ө.А нар гэрт ирсэн. Тэгээд мах идэж байхад манай хүнийг бэлчээр дээрээс Д.О машинтайгаа хүргэж ирсэн. Д.О мах идээд, цай уугаад Ө.А гэрийн зүүн хойд талд суугаад би урд талд нь миний доод талд Д.О суугаад миний доод талд Д.О суугаад байтал гэнэт Ө.А Д.Оыг муу янхан гэж хэлээд үсдэж аваад орон дээр дарсан. Тэгэхээр нь би Өнөрбаяр Тэрбиштогтох хоёрт салга гэж хэлсэн чинь Ө.Аг Тэрбиштогтох аваад Д.Оыг Өнөрбаяр авсан. Тэгээд би уурлаад гарцгаа та нар гэж хэлсэн. Тэгээд Д.О болон охин Лхагвасүрэн хоёр гараад явсан. Араас нь Ө.А гарсан. Би араас нь гараад үүдэн дээр зогсож байхад Ө.А Лхагвасүрэнгийн үснээс нь зулгаасан, Д.О буцаж ирээд Ө.А үсдэж авсан. Тэгээд Лхагвасүрэн бас Ө.Аг үсдээд авсан. Хөл гараараа зодолдсон эсэхийг мэдэхгүй байна. Тэгээд Ө.А үснээсээ тавиулаад гэр лүү орох гэхээр нь би гэр лүү оруулахгүй гэсэн чинь намайг янхан гэж хэлээд түлхэж байсан. Ө.А Өнөрбаярыг хардаад л ийм зүйл болсон гэх мэдүүлэг /хх 21-22/,

 

Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн №278 дугаартай дүгнэлт: 1.Ө.Агийн биед хүзүү, сээр нуруу, бүсэлхий тархмал цүлхийлт, зүүн чамархай эрүүнд зулгаралт, зүүн бугалга, зүүн өгзөг, баруун өвдөгөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 5.Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүнгээс хамаарна гэх дүгнэлт /хх 30/,

 

Шинжээч эмч И.Ганболорын өгсөн: Дээрхи гэмтлүүдээс хүзүү, сээр, нуруу бүсэлхийд тархмал цүлхийлт гэх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа бөгөөд бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр болон эсвэл хэт их даралтын улмаас үүссэн гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эдгэрэлтийн явц удааширсан тохиолдолд гэмтлийн зэрэг өөрчлөгдөхгүй. Дээрхи гэмтэл нь үсдэж дарах үед үүсэх боломжтой гэмтэл гэх мэдүүлэг /хх 47/,

 

Хохирогч Ө.Агийн өвчний түүх, эмчийн магадалгаа /хх 32-38, 64-80/, шүүгдэгч Д.Оын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 54/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх 56/ зэрэг болно.   

 

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:   

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Д.О нь хууль зүйн хувьд хохирогч Ө.Аг хэл амаар доромжилсон гэх шалтгаанаар маргалдан улмаар эрх чөлөөнд нь халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.О нь 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Төв аймгийн Баянцагаан сумын Гурвантүрүү 3-р багийн “Цавчирын гол” гэх газар хувийн таарамжгүй харьцааны улмаас Ө.Атэй маргалдан эрх чөлөөнд нь халдан зодож, эрүүл мэндэд нь "хүзүү, сээр, нуруу, бүсэлхийнд тархмал цүлхийлт, зүүн чамархай, эрүүнд зулгаралт, зүүн бугалга, зүүн өгзөг, баруун өвдгөнд цус хуралт" бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанд хохирогч Ө.Агийн өгсөн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Лхагвасүрэн /хх 18/, Ж.Өнөрбаяр /хх 19-20/, Г.Буяндэлгэр /хх 21-22/, Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн №278 дугаартай дүгнэлт /хх 30/, шинжээч эмч И.Ганболорын өгсөн мэдүүлэг /хх 47/ зэргээр нотлогдон тогтоогджээ. 

            Шүүгдэгч Д.О надад үйлдсэн хэрэг байхгүй гэж мэдүүлж байгаа боловч  түүнийг гэм буруугүй, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтэл шүүгдэгчийн үйлдэлтэй шалтгаант холбоогүй байна гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв. Шүүгдэгч Д.Оын дээрх үйлдэл гэмт хэргийн санаатай хэлбэртэй, түүнийг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдээгүй, хор уршигт зориуд хүргээгүй байна гэж үзэх үндэслэлгүй юм.

 

            Иймд шүүгдэгч Д.Оыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Ө.А гэмт хэргийн улмаас гэм хорын хохиролд эм тарианы зардал 1 671 900 төгрөг, хоол унааны зардал 285 620 төгрөг, сорив арилгах эмчилгээ хийлгэх 2 090 000 төгрөг, малчны хөлс 500 000 төгрөг, бусад зардал 395 000 төгрөг, нийт 4 942 520 төгрөг нэхэмжилснээс,  

Хавтаст хэрэгт нотлох баримтаар 2 363 409 төгрөгийн баримт ирүүлсэн /хх 131-142/ бөгөөд шүүх 1 085 803 төгрөгийн нотлох баримтыг нотлох баримтыг шаардлага хангасан гэж үзэн хангаж, үлдэх малчны хөлс гэх 500 000 төгрөг, сорив арилгах эмчилгээ хийлгэх гэх 2 090 000 төгрөг, бусад зардал гэх 1 277 606  төгрөгийн хохирлын баримт хэрэгт авагдаагүй буюу давхардсан байх тул хангах боломжгүй гэж үзэн хэлэлцэхгүй орхиж, дээрх нэхэмжлэлээ нотлох баримтын шаардлага хангаж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзлээ.  

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Д.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баяр нь ял шийтгэл оногдуулахдаа хувийн байдлыг харгалзан үзэх нь зүйтэй. Ял шийтгэл нийгэмшүүлэх зорилготой учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Д.О нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгч Д.От эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэргийн шинж, чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгох ял оногдуулах талаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан, улсын яллагчийн дүгнэлтээр гаргасан эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иймд шүүгдэгч Д.От оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй. 

 

Эрүүгийн 1934003230261 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч  Д.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.От 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.От оногдуулсан 500 000 төгрөгөөр торгох ялыг дөрвөн сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 125 000 /нэг зуун хорин таван мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Д.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5.Эрүүгийн 1934003230261 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оаас 1 085 803 /нэг сая наян таван мянга найман зуун гурав/ төгрөг гаргуулж Төв аймгийн Зуунмод сум, 1 дүгээр баг, Манзушир-Өргөө хорооллын 2-8-112 тоотод оршин суух хохирогч Ө.А д олгосугай.

 

7.Хохирогч Ө.А нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол болон цаашид нөхөн сэргээхтэй холбоотой эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ