Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 19

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Нэргүй би иргэн Н.Дагвацэрэнгийн нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн Хужирт сумын иргэний бүртгэлийн Улсын бүртгэгчид холбогдох “Миний нэр болон төрсөн оны зөрүүг залруулахыг даалгаж өгөх"-ийг хүссэн шаардлага бүхий захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Дагвацэрэн шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ: "Тухайн үеийн иргэний бүртгэлийн ажилтан нь миний нэр Н.Дагвацэрэнг Даваацэрэн гэж буруу бичсэн ба 1964 онд төрснийг 1965 он гэж алдаатай бичсэн нь одоо тэтгэвэр тогтоолгоход бичиг баримтын зөрчилтэй байгаа тул миний нэрийн Н.Дагвацэрэн, төрсөн оныг 1964 оны 03 дугаар сарын 23-ны өдөр болгон залруулахыг даалгаж өгнө үү......."  гэжээ.

Хариуцагч Өвөрхангай аймгийн Хужирт сумын улсын бүртгэгч Ш.Дэлгэрсайхан нэхэмжлэлийн талаар шүүхэд гаргасан тайлбартаа: Хужирт сумын 3-р багт оршин суугч Нямдорж овогтой Дагвацэрэнгийн нэхэмжлэлтэй танилцаад доорхи тайлбарыг гаргаж байна. Овог нэрийн зөрчлийн талаар надад хүсэлт гаргаад би шийдвэрлэж өгөх боломжтой. Төрсөн он сарын зөрүүг бол төрсний бүртгэлийн лавлагааг үндэслэн 1964 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөр залруулах боломжтой тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.....” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Дагвацэрэн нь Өвөрхангай аймгийн Хужирт сумын Улсын бүртгэгчид холбогдуулан “Миний нэр болон төрсөн оны зөрүүг залруулахыг даалгаж өгөх"-ийг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан боловч хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, 121/2017/0017/З/ дугаарын индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 67 дугаар зүйлийн 67.1-д тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний бүртгэлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг тус тус баримтлан Н.Дагвацэрэн нь Өвөрхангай аймгийн Хужирт сумын Улсын бүртгэгчид холбогдуулан “Миний нэр болон төрсөн оны зөрүүг залруулахыг даалгаж өгөх"-ийг хүссэн нэхэмжлэлийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, тус шүүхийн 121/2017/0017/З/ дугаарын индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч Н.Дагвацэрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх ба хэргийн оролцогчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Ц.НЭРГҮЙ