| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Мишигийн Батсуурь |
| Хэргийн индекс | 128/2025/0186/З |
| Дугаар | 001/ХТ2025/0104 |
| Огноо | 2025-12-02 |
| Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2025 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 001/ХТ2025/0104
“К***” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Нийслэлийн Засаг даргад
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Ц.Цогт
Шүүгчид: Танхимын тэргүүн Д.Мөнхтуяа
Д.Батбаатар
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: М.Батсуурь
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхжаргал
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2025/0517 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 221/МА2025/0604 дүгээр магадлал,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 001/ШХТ2025/0484 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Түмэнбаяр нарыг оролцуулан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэлийн шаардлага:
1.“К***” ХХК-аас нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасан хохирол, нөхөн олговортой холбоотой өргөдөлд хариуцагч хариу өгөөгүй буюу захиргааны акт гаргаагүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
2.Нийслэлийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “Газрын хэмжээ, газар эзэмшигчийн эдэлбэрийн хэлбэр өөрчлөх тухай” А/*** дугаар захирамжаар “К***” ХХК-ийн эзэмшлийн 10000 м.кв талбайн хэмжээнээс *** м.кв хасаж *** м.кв болгон өөрчилсөн.
2.1.“К***” ХХК-аас 2024 оны 08 дугаар сарын 22, 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрүүдэд хохирол нөхөн олговрыг шийдвэрлэх хүсэлтийг нийслэлийн Засаг даргад гаргажээ.
2.2.Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн *** дугаар албан бичгээр “... нөхөн олговрыг шийдвэрлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй” гэсэн хариуг хүргүүлсэн байна.
3.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр: Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 16 дугаар зүйлийн 16.1, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, 100 дугаар зүйлийн 100.1, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д заасны тус тус баримтлан нэхэмжлэгч “К***” ХХК-аас хариуцагч нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасан хохирол, нөхөн олговортой холбоотой өргөдөлд хариуцагч тал хариу өгөөгүй буюу захиргааны акт гаргаагүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.
4.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2025/0517 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 16 дугаар зүйлийн 16.1” гэснийг хассан өөрчлөлтийг оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.
5.Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Улсын дээд шүүх хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 001/ШХТ2025/0484 дүгээр тогтоолоор “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” эсэх гэсэн үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:
6.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Э*** шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын гомдлыг (агуулгаар нь тусгав) гаргажээ. Үүнд:
6.2.Давж заалдах шатны шүүхийн магадлалын 5-д заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй.
6.3.Монгол Улсын дээд шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 27 дугаар тогтоолын 21, 22, 23, 24, 26 дахь хэсгүүдэд нөхөн олговортой холбоотой асуудлыг дүгнэж тайлбарласан, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтоосон, уг тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэж дүгнэсэн.
6.4.Бидний эзэмшиж, ашиглаж байсан газрын эрхийг хүчингүй болгохдоо “хууль тогтоомж зөрчсөн” гэж үзэж үндэслэлээ “усны онцгой хамгаалалтын бүс, үерийн далангийн хамгаалалт зөрчигдсөн, хуулиар хориглосон газар эзэмшүүлсэн” гэж тодорхойлж, газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо зөвхөн газар эзэмших эрхийг хүчингүй болгож нөхөн олговрын асуудлыг огт шийдвэрлээгүй, иймд бид хуулийн дагуу нөхөн олговор шаардах эрхтэй бөгөөд захиргааны байгууллагаас тэдний буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирлыг шаардах эрх үүсэхээр байгаа.
6.5.Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2025/0517 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 221/МА2025/0604 дүгээр магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
7.Хяналтын шатны шүүхээс шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангав.
8.Анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн дүгнэсэнчлэн; анх нийслэлийн Засаг даргын 2016 оны А/*** дугаар захирамжаар *** дүүргийн ***-р хорооны нутаг дэвсгэрт 10000 м.кв газрыг орон сууцны зориулалтаар 2 жил 8 сарын хугацаатай “К***” ХХК-д эзэмшүүлсэн, мөн Засаг даргын 2020 оны А/*** дугаар захирамжаар тус газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр өөрчлөн, гэрээ байгуулсан; Улсын ерөнхий прокурорын газраас 2023 онд дээрх 2020 оны А/*** дугаар захирамжаар “К***” ХХК-д газар эзэмшүүлсэн нь Усны тухай хууль, Газрын тухай хуулийг зөрчсөн гэж үзэн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 128/ШШ2024/0303 дугаар шийдвэрээр “К***” ХХК-ийн эзэмшлийн 10000 м.кв газраас “усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүстэй давхацсан *** м.кв талбай, үерийн далангийн хамгаалалтын бүсэд өртсөн *** м.кв талбай”-аар нь давхацсан хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн; үүнийг үндэслэн нийслэлийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “Газрын хэмжээ, газар эзэмшигчийн эдэлбэрийн хэлбэр өөрчлөх тухай” А/*** дугаар захирамжаар тус компанийн 10000 м.кв талбайн хэмжээг *** м.кв болгон өөрчилж, 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан үйл баримтууд тогтоогджээ.
9.Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно”, 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж; Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “... эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн”, 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж тус тус заасан.
10.Тодорхой шийдвэр гаргуулахыг “даалгах” нэхэмжлэл хангагдахад захиргааны байгууллагын хууль бус эсвэл “татгалзсан шийдвэр” байхын зэрэгцээ түүний улмаас нэхэмжлэгчийн (шаардах эрхийн урьдчилсан нөхцөл хангагдсан байх) эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь бодит нөхцөл байдалд тогтоогдсон; мөн нэхэмжлэлээр шаардаж буй захиргааны актыг гаргах үндэслэл байгаа (захиргааны байгууллагын бүрэн эрхэд хамаарах) асуудлыг шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан байх учиртай.
11.Анх Усны тухай хууль, Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн нь (усны онцгой хамгаалалтын бүс, үерийн хамгаалалтын бүстэй давхцалтай хэмжээгээр) шүүхийн шийдвэрээр тогтоогдсон энэ тохиолдолд, хариуцагч 2024 оны “Газрын хэмжээ, газар эзэмшигчийн эдэлбэрийн хэлбэр өөрчлөх тухай” А/*** дугаар захирамжаар нэхэмжлэгчийн эзэмшлийн газрын “10000 м.кв талбайн хэмжээнээс *** м.кв хасаж *** м.кв болгон өөрчлөн” шийдвэрлээд орхих биш, газар эзэмшигчийн газрын хэмжээг багасгасан хүрээнд үүсэх үр дагаврыг зохицуулж, нөхөн олговор, хохирлын асуудлыг Газрын тухай хууль, Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу хамтатган шийдвэрлэх ёстой[1].
12.Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй”, 101 дүгээр зүйлийн 101.1-д “Иргэний хуулийн 498.2-т заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцна”, 101.2-т “Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна” гэж заасан.
13.Тодруулбал, захиргааны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааны улмаас ... тэдгээрт хохирол үүсэж болох хэдий ч ... уг үүссэн хохирол нь материаллаг бөгөөд тухайн захиргааны үйл ажиллагааны улмаас шууд учирсан, шалтгаант холбоотой, бодит хохирол байх шаардлагыг хангасан байх ёстой.[2]
14.Хэрэгт авагдсан баримтаар, нэхэмжлэгчээс нөхөн олговрын асуудлыг шийдвэрлүүлэхээр хэд хэдэн удаа хариуцагчид хандахад, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн *** дугаар албан бичгээр “... нөхөн олговрыг шийдвэрлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй” гэсэн агуулгаар нөхөн олговор, хохирлын асуудлыг шийдвэрлэхээс татгалзсан хариуг хүргүүлсэн байх бөгөөд үүнээс үзэхэд, зарим хохирол, нөхөн олговрыг шийдвэрлэхгүй орхигдуулсан нь хууль бус гэж үзэхээр байна.
15.Хариуцагчаас 2024 оны “Газрын хэмжээ, газар эзэмшигчийн эдэлбэрийн хэлбэр өөрчлөх тухай” А/*** дугаар захирамжаар тус компанийн 10000 м.кв талбайн хэмжээг *** м.кв болгон багасгаж өөрчилснөөс шалтгаалан “газрын дуудлага худалдааны анхны үнэ, газрын төлбөр”-үүд нь нэхэмжлэгчид учирсан “бодитой, шууд хохиролд” хамаарахаар байна. Тодруулбал, нэхэмжлэгчийн уг хохирлууд нь хууль бус захирамжийн улмаас шууд нэхэмжлэгчид төлөх үүрэг үүсэх, газрыг ашиглах явцад зайлшгүй гарсан зардлууд бөгөөд эдгээр зардлууд нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас бус, харин анхнаасаа хууль зөрчиж газар олгосноос шалтгаалан үүссэнтэй холбоотой хохирол юм.
16.Өөрөөр хэлбэл, хариуцагчийн зүгээс анхнаасаа “усны онцгой хамгаалалтын бүс, үерийн хамгаалалтын бүстэй давхцуулан” газар эзэмшүүлсэн буюу хуулиар эзэмшүүлэхийг хориглосон газар нэхэмжлэгчид газар эзэмшүүлж, газрын дуудлага худалдааны үнэ төлүүлсэн, газрын зориулалтыг өөрчилсөн, газар эзэмших эрхийн хугацааг сунгасан, мөн хугацаанд давхцалтай *** м.кв газрын төлбөрийг төлүүлсэн учир захиргааны байгууллага нэхэмжлэгчийн уг “*** м.кв газар давхцалтай” хэсэгт хохирол, нөхөн олговор авах асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй тул нэхэмжлэгчийн өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлээгүй, хуульд нийцээгүй татгалзал гаргасан гэж үзнэ.
17.Энэ талаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 27[3] дугаар тогтоолд “... хууль зөрчиж газар эзэмшүүлсэн нь захиргааны байгууллагын буруу боловч энэ нь ... нэхэмжлэгчид газар эзэмшихийг шаардах эрх үүсгэхгүй, харин захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирлыг шаардах эрх үүсгэхээр байна” гэж нөхөн олговор, хохиролтой холбоотой хууль зүйн агуулгыг тайлбарлаж хэрэглэсэн нь энэхүү маргаанд мөн адил хамаарах бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүхүүд энэхүү тайлбарыг анхаарч, маргааны зүйлд холбогдуулан тайлбарлаж хэрэглээгүй.
18.Гэтэл анхан шатны шүүх “... шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн эзэмшиж байсан гэх газрын эрх хууль бус болох нь дүгнэгдэж хэсэгчлэн цуцлагдсан учраас захиргааны үйл ажиллагаанд оролцогч хуулийн этгээдийн итгэл хамгаалагдахгүй, нөхөн олговор олгох боломжгүй” гэж дүгнэсэн нь буруу, давж заалдах шүүхээс энэхүү дүгнэлтийг залруулалгүйгээр хариуцагчийн нөхөн олговор, хохирлын асуудлыг шийдвэрлэхээс татгалзсан үйлдлийг зөвтгөж, шийдвэрийг хэвээр үлдээсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй.
19.Харин нэхэмжлэгчээс “... 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн эскиз зургийн урьдчилгаа төлбөр, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Хөрөнгө оруулалтын гэрээ, зураг төсөл боловсруулах ажил гүйцэтгэх тухай гэрээ, газрын төлбөр, газрын дуудлага худалдааны анхны үнэ ...” зэргийг газрын хэмжээг багасган өөрчилсөн захиргааны шийдвэрийн улмаас үүссэн хохирол гэж тодорхойлсон бөгөөд газар эзэмших эрхийн хүрээнд газар эзэмшиж, ашиглахтай холбоотой хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, газар дээрээ эскиз зураг хийлгүүлэхэд гарсан зардал нь газрын хэмжээг өөрчлөн багасгасан шийдвэр (нийслэлийн Засаг даргын 2024 оны А/*** дугаар захирамж) хоорондоо шууд шалтгаант холбоогүй.
20.Учир нь, нийслэлийн Засаг даргын 2016 оны А/*** захирамжаар нэхэмжлэгчид анх газар эзэмших эрх үүссэн буюу газар эзэмших эрхийн хэмжээг багасгаж өөрчлөх шийдвэр гаргахаас өмнө газрыг эзэмшиж, ашиглах зориулалтаар хийгдсэн эскиз зураг, хөрөнгө оруулалтын гэрээний зардлууд нь нийслэлийн Засаг даргын 2024 оны А/*** дугаар захирамжаас учирсан “шууд хамааралтай, шалтгаант холбоотой хохирол”-д хамаарахгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.
21.Хяналтын шатны шүүхээс энэхүү маргаанд, хохирлын мөнгөн дүнг шууд тогтоох бус, харин хариуцагч захиргааны байгууллага нь хууль бус газар олгосноос шалтгаалан нэхэмжлэгчийн газрын хэмжээг багасгаж, түүнээс үүссэн шалтгаант холбоотой хохирол, нөхөн олговрын асуудлыг шийдвэрлээгүй татгалзлыг хууль бус болохыг тогтоож, хууль, журамд нийцүүлэн шийдвэрлэхийг даалгаж буйг дурдах нь зүйтэй.
22.Иймд, дээрх агуулгаар шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2025/0517 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 221/МА2025/0604 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “К***” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “К***” ХХК-ийн газрын хэмжээг багасгасан хэмжээнд хохирол, нөхөн олговрын өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагч нийслэлийн Засаг даргын татгалзлыг хууль бус болохыг тогтоож, холбогдох хууль, журамд заасны дагуу шийдвэрлэхийг даалгасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Д.БАТБААТАР
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
М.БАТСУУРЬ
[1]Ч.Э*** ба Баянгол дүүргийн Засаг дарга, тус дүүргийн Газар зохион байгуулалтын алба, 128/2024/0430/з, УДШ, (Захиргааны хэргийн танхим), 001/ХТ2025/0027, х.7,
[2] Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулийн тайлбар, анхны хэвлэл, х.394-395, (2017).
[3] Ч.Э*** ба Баянгол дүүргийн Засаг дарга, тус дүүргийн Газар зохион байгуулалтын алба, 128/2024/0430/з, УДШ, (Захиргааны хэргийн танхим), 001/ХТ2025/0027, х.7,