Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 0014

 

                            Д.Баярсайханы нэхэмжлэлтэй

                         иргэний хэргийн тухай

       Хэргийн индекс 132/2016/00420/И

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчийг түр орлон гүйцэтгэгч шүүгч Б.Баттөр, шүүгч М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 494 дугаартай шийдвэртэй,

Д.Баярсайханы нэхэмжлэлтэй Хаан банкны Булган аймаг дахь салбарт холбогдох хадгаламжийн дансанд үндэслэлгүйгээр барилт хийсэн үйлдлийг зогсоож, захиран зарцуулах эрх сэргээлгэх тухай нэхэмэлжлийн шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжилсэн төлөөлөгч Д.Дарьбазарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

           Нэхэмжлэгч Д.Баярсайхан

Нэхэмжлэгчийн итгэмжилсэн төлөөлөгч Д.Дарьбазар

           Хариуцагчийн төлөөлөгч Д.Болдхүү

Нарийн бичгийн дарга Г.Ангирмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Баярсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Гурванбулаг сумын Хаан банкны эрхлэгч Л.Дүүрэнжаргалд 2015 оны 08 дугаар сард 15000000 төгрөг зээлдүүлээд мөн оны 11 дүгээр сард буцааж авсан. Гэтэл Хаан банк миний мөнгийг хууль бус мөнгөөр Дүүрэнжаргал төлсөн байна дансан дахь 527516929-6 тоот хадгаламжийн данс, харилцах дансыг хаасан. 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 1/62 тоот Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс миний харилцагчийн дансыг битүүмжлэх тухай тогтоол болон хавсралтанд таны нэр байхгүй гэсэн хариу өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлага нь Хаан банкны хууль бус үйлдлийг зогсоож иргэн миний дансыг чөлөөлүүлж өгнө үү. Данс хааснаас болж хэрэглээний мөнгөөр дутаж маш их хохирч байгаа бөгөөд иргэн миний эрх зөрчигдөж байна гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.Болдхүү шүүхэд болон шүүхэд гаргасан тайлбартаа: Манай банкны Гурванбулаг тооцооны төвд ажиллаж байсан Л.Дүүрэнжаргал нь Д.Баярсайханаас зээлдсэн мөнгөө банкны мөнгөөр төлсөн асуудал гарсан. Банк Иргэний хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу өөртөө туслах зорилгоор Д.Баярсайханы дансанд барилт хийсэн. Мөн ХААН банкны Булган аймаг дахь салбар нь хуулийн этгээдийн эрхгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т зааснаар хуулийн этгээдийг оршин суугаа газрын шүүхэд хэргийг шилжүүлж өгнө үү гэсэн тайлбарыг тус тус ирүүлсэн байгаа. ХААН банкны зүгээс Гурванбулаг тооцооны төвд шалгалт хийж зөрчил илэрсэн учраас Д.Баярсайханы дансанд барилт хийсэн. Төв ХААН банкнаас өгсөн үүргийн дагуу дансанд барилт хийсэн байгаа. Иймд төв ХААН банкыг хариуцагчаар татаж хэргийг харъяалалын дагуу шилжүүлж өгнө үү. Банкны салбарын захирал томилогдох бүрт төв ХААН банкны гүйцэтгэх захирлаас итгэмжлэл олгогддог байсан боловч 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс өөрчлөлт орж хэрэг тус бүрт итгэмжлэл олгогддог болсон. Энэ талаар манай байгууллагад санамж бичиг ирсэн байгаа гэжээ.

Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 494 дугаар шийдвэрээр

 

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг баримтлан ХААН банкны Булган аймаг дахь салбарт холбогдуулан дансанд барилт хийсэн үйлдлийг зогсоож, захиран зарцуулах эрх сэргээлгэх тухай нэхэмжлэгч Д.Баярсайханы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжилсэн төлөөлөгч Д.Дарьбазар давж заалдах гомдолдоо: “... 1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасан (өмчлөгч нь ... өмчийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгалах эрхтэй) байна.

2. Мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо банкны зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан (хадгалуулагч мөнгөн хөрөнгөө захиран зарцуулах хэлбэрийг сонгох) тухай үйлчлүүлэгчийн эрхийг Булган аймгийн Хаан банк тус тус зөрчиж, Д.Баярсайханы эзэмшлийн данснаас 20.366.300 төгрөгийг зарлагадаж авахыг хязгаарласан байна. Энэ нь анхан шатны шүүхэд, Булган аймгийн Хаан банкны захиргаа Б.Болд-Эрдэнээс 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ирүүлсэн 857 дугаартай албан бичиг, шүүхэд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байна.

3. Булган аймгийн Хаан банкны захирал Б.Болд-Эрдэнэ 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр зээлийн бодлого хариуцсан мэргэжилтэн Д.Болдхүүг хариуцагчийн төлөөлөгчөөр томилсон тухай албан бичгийг шүүхэд ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.2-т заасныг зөрчөөгүй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллгаанд оролцох эрх бүхий итгэмжлэлийг заавал төв Хаан банкнаас гаргуулах ёстой гэж анхан шатны шүүх үзсэн атлаа өөрт оногдсон эрхийнхээ дагуу албан бичиг үйлдсэн уг асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой байтал нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

Иймд Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 494 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлж өгнө үү” гэжээ.

                                                           ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч Д.Баярсайхан нь ХААН банкны Булган аймаг дахь салбарт холбогдуулан дансны гүйлгээг үндэслэлгүйгээр хаасан үйлдлийг зогсоож, захиран зарцуулах эрх сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд ХААН банкны Булган аймаг дахь салбар нь нэхэмжлэгч Д.Баярсайханы эзэмшлийн 5275169296 тоот дансыг хааж гүйлгээ хийх эрхийг хязгаарласан нь зохигчдийн тайлбараар нотлогдсон байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Булган аймаг дахь ХААН банк нь дээр дурьдсан маргааны зүйлтэй холбогдуулж  салбарыг захирал Б.Болд-Эрдэнэ нь ХААН банкны ЗБХМ Д.Болдхүүд  Иргэний хуулийн 62 дугаар зүйоийн 62.3-т заасныг үндэслэн 2016 оны 7 дугаар сарын 1, 7 дугаар сарын 7-ний өдөр тус тус  итгэмжлэл  олгосон байх  бөгөөд 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдөр маргааны зүйлтэй холбогдуулан шүүхэд тайлбар хүрүүлсэн байна.  /х.х-ийн 8,13,14/

Хариуцагч Булган аймаг дахь ХААН банк нь Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т зааснаар “...хуулийн этгээдийн эрхгүй” Булган аймаг дахь ХААН банкы салбарын хариуцагчаар татсан нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлүүлэх тухай хүсэлт  ирүүлсэн  байна. /х.х-ийн 17/

Хуулийн этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо “... итгэмжлэлээр хуулийн этгээдийг төлөөлж”оролцох бөгөөд Булган аймаг дахь ХААН банк нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т зааснаар шүүхэд итгэмжлэлээ ирүүлсэн байна.

 Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.3-т “ ...төлөөлүүлэгч итгэмжлэлээ хүчингүй болгох, төлөөлөгч итгэмжлэлээсээ татгалзах эрхтэй” гэж зааснаас үзэхэд Булган аймаг дахь ХААН банкны захирал Б.Болд-Эрдэнийн 2016 оны 7 дугаар сарын 1, 7-ний өдрүүдэд олгосон итгэмжлэлээсээ хуульд заасан үндэслэлээр хүчингүй болгох, татгалзаагүй байна.

Анхан шатны шүүх иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх бүхий итгэмжлэлийг шүүхэд ирүүлээгүй байна гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэл муутайгаас гадна 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар шүүгчийн 1786 дугаар  захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулах тухай захирамж гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч төв ХААН банкыг хариуцагчаар татаж хэргийг харъяалал дагуу шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг шийдвэрлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  журам зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна./х.х- 37,38/

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

   

Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 -т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Дарьбазарын давж заалдах гомдлыг хангаж, Булган аймаг дахь сум дундын  Иргэний хэргийн анхан шатны 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 494 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатгы шүүхэд буцаасугай.

2. Нэхэмжлэгч  давж заалдах журмаар гомдол гаргахдаа 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-т  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ё.БЯМБАЦЭРЭН

ШҮҮГЧ                                                            Б.БАТТӨР

                                                                       М.ХҮРЭЛБААТАР